Монгол Улсаа төлөөлж гадаадын оронд суух Элчин сайд нарын томилгоо дор хаяж хагас жил дамжиж шийдэгддэг гэж хэлж болно. Улс төрийн болон бусад олон шалтгаанаас хамаарч Монгол Улс Элчин сайд нараа томилж чадахгүй сунжирч буй. Элчин сайдын томилгоо үндсэндээ гурван субъектийг дамжиж байж шийдвэрлэгддэг. Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ -ын таалалд нийцэж байж, Элчин сайдаар томилогдох "виз" даруулдаг. Гэтэл Ерөнхийлөгч Х.Баттулга Элчин сайд нарын томилгоонд “луу унжих” нь олонтой.
Удтал дуншсаны эцэст өнгөрөгч арваннэгдүгээр сард Ерөнхийлөгчийн таалалд нийцсэн эрхмүүдийг таван улсад суух Элчин сайд болон НҮБ-ын дэргэдэх байнгын төлөөлөгчийг томилохыг УИХ-аар дэмжсэн. Тодруулбал, ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад Дуламсүрэнгийн Даваа, Куба улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад Шагдарын Батцэцэг, Тайландын Хаант улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад Амарсанаагийн Төмөр, Шведийн Хаант улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад Түвдэндоржийн Жанабазар, Бүгд Найрамдах Польш улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад Бархасын Дорж, Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суух Байнгын төлөөлөгч, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад Воршиловын Энхболд нарыг томилохыг дэмжсэн.
Одоогоор тэднээс Монгол Улсаас ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дуламсүрэнгийн Даваа Итгэмжлэх жуух бичгээ авч томилогдсон нь. Бусад нь Ерөнхийлөгчөөс Итгэмжлэх жуух бичиг аваагүй сар гаруйн хугацаа өнгөрч байгаа нь агреманы хариу нь ирээгүйтэй холбоотой аж.
Учир нь, айлын талд тухайн Элчин сайдын мэдээллийг явуулж агреманы хариуг өгнө үү гэсэн хүсэлт тавьдаг. Тухайн улс хэрэв хүлээж авахгүй гэвэл агреманы хариу өгөхгүй ч байж болно. Агреманы хариуд үндэслээд Ерөнхийлөгч Итгэмжлэх жуух бичгийг Элчин сайдад гардуулдаг.
Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас тодруулахад, Элчин сайд нарын агреманы хариу нь ирээгүй байгаа. Айлчлалтай холбоотойгоор ОХУ-ын талаас Д.Даваа генералын агреманы хариуг богино хугацаанд ирүүлсэн. Нэгээс гурван сарын хугацаанд айлын тал агреманы хариугаа өгдөг” гэв.
Ямартай ч томилогдсон Элчин сайд нар шинэ он гарахаас өмнө жуух бичгээ авахгүй бололтой.
Үүнээс гадна дахин 10 орчим улсын Элчин сайдыг шинээр томилно. Мөн л Ерөнхийлөгчийн таалалд нийцэж байж томилогдоно гэсэн үг. Засгийн газраас зарим Элчин сайдын нэрийг өргөн бариад багагүй хугацаа өнгөрч байгаа ч Ерөнхийлөгч дээр гацчихсан. Өнгөрсөн хавар л гэхэд БНСУ болон Австралид суух Элчин сайдад Засгийн газраас нэр дэвшүүлсэн Д.Даваасүрэн, Н.Анхбаяр нарыг судалж байгаа гэдэг тайлбарыг Ерөнхийлөгчийн Тамгын газраас өгдөг.
Холбоотой мэдээ