-Нийслэл хотын албан татварын хуулийг энэ долоо хоногоос хэрэгжүүлж байгаа билээ. Үүнтэй холбогдуулан NEWS агентлаг "ХОТЫН ТАТВАР"-ын асуудлыг онцлон, цуврал сурвалжлага хүргэж байна.
Өнөөдрөөс эхлэн Нийслэлийн албан татварын тухай хууль Улаанбаатар хотод албан ёсоор хэрэгжиж эхэлж байна.
Хуулийн хүрээнд нийслэлийн есөн дүүрэгт зочид буудал, баар, ресторан, амралтын газар болон архи тамхины жижиглэн худалдаа тус бүрт 1 хувийн татвар ногдуулах юм. Тодруулбал тухайн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ тус бүрээс нэг хувийг нь хотын албан татварт суутгана. Улмаар энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулж буй 5245 орчим аж ахуйн нэгжүүд иргэдийн төлсөн татварыг сар бүрийн 10-ны дотор нийслэлд дамжуулан өгч байхаар хуулийн хүрээнд зохицуулалт хийсэн байгаа. Урьдчилсан байдлаар хотын албан татвараас нийслэлийн төсөвт 13-14 тэрбум гаруй төгрөг төвлөрнө гэсэн тооцоог нийслэлийн Татварын газраас гаргажээ.
Үндсэндээ хуулинд заасан хоёр төрлийн бараа, дөрвөн төрлийн үйлчилгээ явуулдаг иргэн, аж ахуйн нэгжүүд иргэдийн худалдан авалт бүрийг баталгаажуулсан баримт хэвлэдэг тооцооны буюу кассын машинтай болох шаардлагатай.
Ингэснээр ирэх нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын системтэй хотын татварыг хамтатгаж, хотын албан татвар 1 хувь гэсэн баримтыг иргэдэд өгөх зохицуулалтыг нийслэлийн Засаг даргын тамгын газар, нийслэлийн Татварын газар, Сангийн яам болон Нэмэгдсэн өртөгийн албан татварын урамшууллыг хэрэгжүүлэгч төслийн багийнхан хамтран хийсэн юм.
Хууль хэрэгжиж байгаа эхний өдөр буюу өнөөдрийн тухайд татвар суутгагчид дээрх хуулийн хэрэгжилтийг хэрхэн яаж, ханган ажиллаж буй нь тодорхойгүй байна. Зарим татвар суутгагчдын тухайд 1.5 сая төгрөгийн өртөгтэй кассын машиныг хэзээ авахаа шийдээгүй байгаа. Нийслэлийн Татварын газраас дуудаж, дээрх хуулийн талаар мэдээлэл өгсөн ч, хэзээнээс хэрхэн яаж, хэрэгжих талаар тодорхой ойлголтгүй байна гэсэн тайлбарыг өгч байна.
Харин "Улаанбаатар" зочид буудлын тухайд Нийслэл хотын албан татварын хууль албан ёсоор хэрэгжиж эхэлсэнтэй уялдуулж, өөрсдийн салбар ресторан, баар, зочид буудлынхаа үйлчилгээний төлбөр, тооцоог шинэчилсэн программаар хийх туршилтыг хийж буй талаараа тус буудлын эдийн засагч н.Бөхболд бидэнд утсаар мэдээлэв.
Мөн хотын албан татвар иргэдээс авах болсонтой холбогдуулан үйлчилгээний үнээ шинэчлээгүй, цаашид энэ үнээ хэвээр хадгална гэдгээ мэдэгдлээ. Товчхондоо хотын албан татварын 1 хувийг одоогийн үйлчилгээний хөлсөндөө суутган, төлөх юм байна.
Дахин сануулахад, өнөөдрөөс эхлэн нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа дараах үйлчилгээ, худалдан авалтаас 1 хувийн татвар авна. Тодруулбал, иргэн та 3000 төгрөгөөр тамхи худалдан авбал 30 төгрөгийг хотын албан татварт суутгуулна. Хотын албан татвараас бүрдсэн орлогыг хотын дэд бүтэц болон аялал жуулчлалыг хөгжүүлэхэд зарцуулахаар хуульчилсан байгаа билээ.
ДАРААХ 4 ТӨРЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНД ТА ТАТВАР ТӨЛНӨ:
- Зочид буудал
- Амралтын газар
- Ресторан
- Баар
ДАРААХ ХУДАЛДАН АВАЛТАД ТА ТАТВӨР ТӨЛНӨ:
- Бүх төрлийн согтууруулах ундаа
- Бүх төрлийн тамхины худалдан авалт
Д.УЛАМБАЯР
Зураглаач Ц.АРИУНБОЛД