Дэлхийн II дайн дууссаны 70 жилийн ойд зориулсан баяр ёслолын арга хэмжээ энэ оны есдүгээр сарын эхээр Бээжин хотод болов. Гадаадын 30 орны төрийн тэргүүн, түүний дотор Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ялалтын энэ баярын хүндэт зочин байлаа. Цэргийн томоохон парадад 12.000 алба хаагч, 500 нэгж техник, 200 гаруй нисэх онгоц, нисдэг тэрэг оролцлоо. Мөн энэ үеэр Дорнод аймгийн Халх гол орчимд Монгол, Оросын хамтарсан эрлийн баг ажилласан юм. Оросын талаас Буриадын Улаан-Үд хотын эрлийн “Шилүүс” (“Рысь”) отряд оролцов. Ач холбогдол, цар хүрээ, оролцогчдынх нь тоогоор энэ хоёр үйл явдлыг харьцуулахад мэдээж хэцүү. Гэвч хоёр үйл явдлыг нэгтгэж байгаа нэг зүйл бий нь ямар ч эргэлзээгүй юм. Хятадын нийслэлд болсон баяр ёслолын арга хэмжээ болон Монгол Улсын Дорнод нутагт Халх голын баатруудын шарилыг эрж хайх ажил нь Монгол, Орос, Хятадын цэргийн түүхийн яруу алдарт хуудсыг хадгалж үлдэхэд чиглэсэн юм.
Эрх баригчид 1941-1945 оны Аугаа их эх орны дайны тулалдааны талбарт амь үрэгдсэн Зөвлөлтийн дайчдын шарилыг бие даан эрж хайхыг олон нийтийн байгууллагуудад зөвшөөрсөн 1980-иад оны сүүлчээс өнөөгийн Орос оронд эрэл хайгуул идэвхитэй өрнөх болсон билээ. Амь үрэгдсэн дайчдын шарилыг эрж хайж, шилжүүлэн нутаглуулж, дурсгалыг нь мөнхжүүлж, Оросын залуу иргэдийг эх оронч үзлээр хүмүүжүүлэх ажил эрхэлдэг бүс нутгийн 80 орчим отряд, салбар одоо Орос орны хэмжээнд ажиллаж байгаа юм. Манай хөрш Буриадад ч ийм отряд байдаг. Буриад нь Дэлхийн II дайны тулалдаан болсон газруудаас харьцангуй алс хол байдаг хэдий ч амь үрэгдсэн олон мянган хүнийх нь хувь заяа өнөө хүртэл тодорхойгүй байгаа юм. Албан ёсны тоо баримтаас үзэхэд Буриадаас цэрэгт татагдсан 12.000 дайчин Аугаа их эх орны дайны фронтод сураггүй болжээ. Халх голд Зөвлөлт, Японы дайны үеэр сураггүй болсон 2024 цэрэг, офицерын амь үрэгдсэн газар, нөхцөл байдал ч тодорхойгүй байгаа юм. Буриадын олон оршин суугч амь үрэгдсэн төрөл төрөгсөд, ойр дотно хүмүүсийнхээ тухай мэдээллийг одоо болтол олж чадахгүй байгаа ажээ.
Өвөг, дээдсийнхээ мөрөөр “Шилүүс” отрядынхонтой хамт
Буриадын эрлийн “Шилүүс” отряд 2006 онд Улаан-Үд хотод байгуулагдсан юм. Түүнээс хойш тус отряд Улаан армийн 201 дайчны шарилыг илрүүлж, шилжүүлэн нутаглуулснаас гадна Буриад нутгийн уугуул 16 цэргийн медальоныг олж, хэнийх болохыг нь тогтоожээ. “Амь үрэгдсэн юм уу сураггүй болсон дайчид, захирагч нар маань байлдааны ажиллагаанд оролцсоныг нотолж өгнө үү” гэсэн төрөл төрөгсдийнх нь хүсэлтээр уг отрядын гишүүд Москва хот, Москва мужийн Цэргийн архивт ажиллаж байна. Отрядын үйл ажиллагаа Монгол Улсын Дорнод аймгийн Халх гол болон Москва мужийн Подольскийн район дахь Дорнод Сибирийн буудлагын 93 дугаар дивизийн тулалдаанд оролцогчдыг эрж хайх гэсэн хоёр чиглэлд төвлөрч байгаа юм.
Энэ оны наймдугаар сарын 30-наас есдүгээр сарын 6-нд ажилласан эрлийн анги арав дахь нь юм. Энэ хугацаанд отрядын гишүүд Ремизовын өндөрлөгт малталт хийж, Дэлхийн II дайн дууссаны ойд зориулж, Сүмбэр суманд зохиосон баярын арга хэмжээнд оролцож, Халх голд амь үрэгдсэн монгол дайчдын үр хүүхэд, төрөл төрөгсдөд бэлэг дурсгалын зүйл гардуулсан байна. Тус отрядын гишүүд Монголд 10 жил ажилласан хугацаандаа Улаан армийн 53 дайчин, захирагчийн шарилыг илрүүлж, Буйр нуураас БА-3, БА-1 хуягт машин, нэг нисэх онгоц олжээ. Буриадад аж төрж байгаа, Халх голд тулалдаж явсан ахмад дайчидтай холбоо тогтоож, Буриад, Монголын залуучуудыг эх оронч үзлээр хүмүүжүүлэх ажил зохиож байна. Баян цагаан ууланд Яковлевын танкчдад зориулж босгосон Тавин баатрын хөшөөний дэргэдэх цэргийн оршуулгын газрыг засан, эмх цэгцтэй болгожээ.
Ингэж ажилласан хугацаандаа Буриадын сургууль, үйлдвэр болон төрийн байгууллагуудад музейн 30 үзмэр шилжүүлэн өгсөн байна. Дорнод аймгийн Сүмбэр сумын музейтэй ажил хэргийн харилцаа тогтоон, ажиллаж байгаа юм. Отрядын гишүүдийн олсон олон олдвор тус музейн сан хөмрөгийг баяжуулж байна. Эрлийн “Шилүүс” отряд нь өвөг дээдэс, тэдний байгуулсан гавьяагаар бахархахаас гадна бодитой бөгөөд маш хэрэгтэй ажил төрөл эрхэлж байгаа хүмүүсийг нэгтгэдэг юм. Отрядын эрлийн ажлын дүнд 150 орчим залуус тулалдаан болж байсан газруудад очиж, нутаг нэгтнийхээ дурсгалыг мөнхжүүлэхэд хувь нэмрээ оруулсан байна. Монгол Улсын Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн дэргэдэх бригадын генерал Долгорын Ганбатын тэргүүлдэг Спортын цэрэг-техникийн төрлүүдийн төвийн дэмжлэгтэйгээр Буриадын отрядынхон Монгол Улсад эрлийн ангиа ажиллуулж байгаа билээ. Отрядын захирагч, чөлөөнд гарсан дэд хурандаа Владимир Ефремовын хэлснээр эрлийн ангийнхны ажлын дүнгээр хэвлэлд өгүүлэл нийтлүүлж, интернэтэд мэдээ материал байршуулж, хэд хэдэн баримтат кино бүтээж, Буриадын телевизээр удаа дараа үзүүлсэн байна. “Энэ бол зайлшгүй хийх ажил. Учир нь бид түүхээ мэдэж байх учиртай. Өнөөгийн түүхийн сурах бичигт Халх голын дайны тухай цөөхөн мөр байдаг. Гэтэл энэ дайн бол манай нутаг нэгтнүүд, бидний өвөг дээдсийн маань хувь заяатай холбоотой асуудал. Өнөө үеийнхэн зөвхөн Халх голын дайн төдийгүй, бас Аугаа их эх орны дайны жилүүдэд ЗСБНХУ-д Монгол орны үзүүлж байсан тусламжийг мэдэж байх учиртай” гэж Владимир Ефремов онцлон тэмдэглэсэн юм.
Үүний зэрэгцээ Буриад болон Улаан-Үд хотын байгууллагууд олон нийтийн байгууллагуудын дэмжлэгтэйгээр сурагчдын дунд янз бүрийн бүтээлч уралдаан, дунд болон дээд сургуулиудад Халх голын дайны тухай музейн үзмэрүүдийг дэлгэн үзүүлж байна. Насанд хүрэгсэд ч энэ ажилд оролцдог. “Уран зохиолын шилдэг бүтээл” төрөлд ийм нэг тэмцээний шагналтан болсон, хууль сахиулах байгууллагын ажилтан Иван Дьячковын элэнц өвөө Улаан армийн жагсаалын цэрэг Михаил Иванович Мурашев 52 дугаар корпусын бүрэлдэхүүнд багтан, Халх голд байлдаж явжээ. “Түүний дайчин замаар явахдаа, тэр он жилүүдэд тэд энэ замыг хэрхэн явган туулсныг төсөөлөхөд хэцүү байна” гэж Иван Дьячков ярьж байна. Монголын иргэд, ялангуяа ахмад үеийнхэн Буриадын отрядын гишүүдийг халуун дотноор хүлээж авсан нь Иван Дьячковын хувьд өөр нэг содон дурсамж үлдээжээ. “Биднийг байнга л урьж, хонж өнжөөд яв гэж байсан. Бас бидэнтэй зургаа дуртай нь аргагүй татуулдаг. Манай хамаатан Доржи Гомбоевич Гомбоев болон манай нутгийн зарим хүн Халх голын дайнд оролцсон нь миний хувьд баяртай явдал байлаа” гэж “Шилдэг танилцуулга” төрөлд “Эх орон түүнийг дурсах болно” гэсэн бүтээлээрээ түрүүлсэн Соёлмаа Загдаева хэлсэн юм. Монголын төдийгүй, Хятадын түншүүдтэйгээ хамтарч, эрлийн ажил явуулахаар тус отряд төлөвлөгөөндөө оруулжээ. Монгол, Хятад, Оросын нутгаар сонирхолтой аялал хийх, янз бүрийн арга хэмжээ, уулзалт зохион байгуулахаар төлөвлөжээ. Эх оронч үзлийн ийм ажил зохион байгуулахыг сайшаан дэмжихээс аргагүй юм.
Түүхэн үнэнийг өөрчлөх аргагүй
Дэлхийн II дайны тухай түүхэн үнэнийг хадгалж үлдэх асуудал өнөөдөр маш их тулгамдсан шинжтэй болж байна. Энэ дайн дууссанаас хойш 70 жил өнгөрсний дараа уг дайны утга учирыг бүдгэрүүлж, үйл явдлыг харлуулах гэсэн санаархал өнөөгийн ертөнцөд гарч байгаа билээ. БНХАУ-ын дарга Си Зиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар Бээжинд болсон баярын арга хэмжээний үеэр энэ тухай туйлын тодорхой ярьсан юм. Түүхээ мэдэж, аль нэгэн түүхэн үйл явдлын бодит шалтгааныг ойлгож, нийгмийн үйл явцын хөдөлгөгч хүчийг олж харах нь өнөөгийн улс төрийн нөхцөл байдлыг илүү сайн баримжаалж, улс төрийн алдаа гаргахаас аль болохоор зайлсхийхэд бидэнд тусалж байна. Өнгөрсөн үеэ эргэн санадаггүй ард түмэн өөрийн ирээдүйгүй байх болно гэж ярьцгаадаг билээ. Тухайлбал, Японы болон Өрнөдийн зарим улс төр судлаач, түүхчид Халх голын хэрэг явдлыг милитарист Японы эрх баригчдад ч мэдэгдэлгүйгээр Квантуны армийн цэргийн удирдлагын сэдсэн хил орчмын шалихгүй будлиан мэтээр харуулахаар санаархаж байдаг юм.
Харин Халх голын хэрэг явдал нь улмаар Дэлхийн II дайны эхлэлийг тавьж, Япон, Манж-Го улс, ЗСБНХУ болон Монгол Улсын цэргийн анги салбарууд оролцсон жинхэнэ өргөн цараатай дайн байсныг дайнаас хойш хийсэн түүхийн судалгаа, хэрэг явдлыг нүдээр харсан хүмүүсийн хэлсэн үг болон ард түмний дурсамж дурдатгал үнэмшилтэйгээр гэрчилж байгаа юм. Японы цэргийнхний үйлдлийг урьдаас бодож төлөвлөж, хамгийн дээд хэмжээнд сайшаасан билээ. Зарим хэсэг нь эзлэгдсэн Хятадад дайн удаан хугацаагаар үргэлжилснээс болоод унасан армийн нэр хүндийг сэргээхэд Японы генералуудад Халх голд амжилт олох нь хэрэгтэй байсан нь ойлгомжтой. Гэвч хилийг 10, 20-хон километрээр хөдөлгөхийн тулд энэ бүхнийг сэдээгүй нь мэдээж хэрэг. 1930-аад оны эхээр Японы жанжин штабын боловсруулсан “Оцу” төлөвлөгөөний дагуу, хэрэг явдал таатай өрнөсөн нөхцөлд япончууд Монгол Улсыг эзэгнэж, дараа нь Байгал нуур луу гарч, Сибирийг дамнасан төмөр замыг тасалснаар Эрхүүгээс Владивосток хүртэлх нутаг дэвсгэрийг эзлэхээр төлөвлөж байжээ. Үүний зэрэгцээ, Монголын Дорнод нутагт ялалт байгуулвал Герман, Италитай гурвалсан гэрээ байгуулах тухай хэлэлцээн дээр байр сууриа бэхжүүлэх боломжийг япончуудад олгох байжээ. Энэхүү гэрээнд 1940 онд гарын үсэг зурж, Европ, Азид дэлхийн шинэ журам тогтоохоор төлөвлөж байсан юм. Гэвч Зөвлөлт, Монголын цэрэгт ялагдсанаас болоод уг гэрээнд ЗСБНХУ-ын талаар төвийг сахихаар заасан зүйл заалт орж байжээ. Тиймээс Халх голын дайныг тэр үеийн дэлхийн улс төрийн үйл явцын өрнөлийн нийтлэг чиг хандлагаас тусад нь авч үзэх аргагүй юм. Энэ шалтгаанаар улам олон түүхч 1939 оны есдүгээр сард Польшид Герман халдсаныг биш, харин мөн оны тавдугаар сард япончууд Монгол Улсын нутагт цөмрөн орж эхэлснийг Дэлхийн II дайны эхлэл хэмээн үзэх хандлагатай болж байна.
Дэлхийн II дайны төгсгөл Халх голд урьдчилан тодорхойлогджээ
1939 онд Халх голд Зөвлөлт, Монголын цэргийн хамтран байгуулсан ялалт нь цэргийн стратегийн талаар ЗСБНХУ-ын хувьд чухал ач холбогдолтой болж, Дэлхийн II дайны төгсгөлийг олон талаар урьдчилан тодорхойлсон билээ. Сүйрлийн ялагдал хүлээснээр Япон улс Европт Гитлерийн эхлүүлсэн дайнд орж зүрхлээгүй юм. Улмаар ЗХУ хоёр фронтод зэрэг байлдахаас зайлсхийж, Германы фашист цэргийг бут цохиход хүчээ төвлөрүүлсэн юм.
Байлдааны ажиллагаа амжилттай болсноор Монгол Улс өөрийн геополитикийн үр дүнтэй болсон билээ. Нэгдүгээрт, Халх голын дайнд Монгол Улс бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа хамгаалж чадсан юм. Хоёрдугаарт, Монгол Улс Гитлерийн эсрэг эвсэлд оролцсоноор бие даасан улсын хувиар цаашид олон улсын тавцанд тусгаар тогтнолоо өмгөөлөн хамгаалж чадсан билээ. 1945 оны хоёрдугаар сард Ялтагийн бага хурал дээр дайны дараах дэлхийн байгуулалтын асуудал хэлэлцэхдээ Сталин Гадаад Монголын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хүлээн зөвшөөрөхийг АНУ-ын Ерөнхийлөгч Рузвельт, Их Британийн Ерөнхий сайд Черчилль нараас шаардсан юм. Мөн Сталин Хятадын удирдагчидтай олон сар хэлэлцээ хийх явцдаа нийт ард түмний санал хураалтаар Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхийг зөвшөөрүүлж чадсан билээ. 1941-1945 онд ЗСБНХУ-д БНМАУ-ын Элчин сайдын яаманд ажиллаж байсан Монголын нэрт дипломатч Б.Жаргалсайхан “Хувь заяаны эрхээр” гэдэг дурдатгал номондоо “…Японы эсрэг дайнд ЗСБНХУ оролцох, Зүүн хойд Хятадыг чөлөөлөх асуудлыг холбон тавьснаар Монгол Улсын тусгаар тогтнолыг Хятадаар зөвшөөрүүлэхэд Сталины гаргасан хүчин чармайлтын тухай түүхэн үнэнийг бид үнэлэх хэрэгтэй” гэж бичсэн байдаг.
Дэлхийн II дайн дуусаад олон жил өнгөрчээ. Дэлхий, улс орнууд өөрчлөгдөж байна. ЗСБНХУ-ын эрин үе дууслаа. Монгол, Япон хоёр эдийн засгийн хамтарсан төслүүд хэрэгжүүлж байна. Гэвч шинэ шинэ асуудал, шинэ шинэ сорилт хүн төрөлхтний өмнө тулгарч байна. Энх тайван, үнэнийг тогтоох гэсэн хүн ардын эрмэлзэл өөрчлөгдөөгүй хэвээр байна. Буриадын “Шилүүс” гэдэг эрлийн отряд чухамхүү ийм зорилтыг шийдвэрлэж байгаа юм.
И.БОРХОНДОЙ, сэтгүүлч
Халх гол-Улаан-Үд-Улаанбаатар