Улирах тусам улам хайрлагдах “молиго” Очир

Хуучирсан мэдээ: 2019.12.13-нд нийтлэгдсэн

Улирах тусам улам хайрлагдах “молиго” Очир

Улирах тусам улам хайрлагдах “молиго” Очир

Жижигхэн гөлгийг хөвгүүд зодож, нэг ёсондоо тамлаж наадна. Хөвгүүдийн хийж буй энэ үйлдэл зөрж өнгөрсөн жаалд таалагдсангүй. Өөрөөс нь хавьгүй том биетэй хөвгүүдээс яаж гөлгийг салгах талаар бодох төдийд нэгэн мэргэн санаа зурсхийв. Ингээд тэр хамаг хурдаараа гүйж очоод гөлгийг шүүрээд зугтлаа. Хөвгүүд тэрхүү жаалын араас гүйж, бас том том чулуу шидэлнэ. Яг гүйцэгдэхийн даваан дээр жаал гэрийн босгыг даван унав. Хүү амьсгаагаа дарж ядахын зэрэгцээ гөлгөө эргүүлж, тойруулж, амьд, эсэн мэнд байгаа эсэхийг шалгана. Жаал шидсэн чулуунд оногдож, багагүй “шархадсан” ч түүнийгээ  тоосон шинжгүй “Ашгүй гөлөг амьд байна” хэмээн бяцхан царайндаа мишээл тодруулна….

Архангай аймгийн төвийн нэгэн эгэл айлын дунд хүү болон өргөгдөж очсон энэ хүү жүжгийн зохиолуудтай багаасаа танилцаж, аавынхаа авчирсан пянзыг сонсож, урлагаар хөглөгдөн өсчээ. Тэр ч утгаараа хүүгийн чин хүсэл урлагийн хүн болох байв. Урлагт хөтлөгдөж, хөглөгдсөн хүү байсхийгээд л аймгийн Соёлын ордон руу гүйж хичээлээ цалгардуулах аястай болжээ. Тиймээс ээж нь ангийнх нь үүдэнд сахиж суусаар долдугаар ангийг нь төгсгөсөн байна. Тухайн үед Архангай аймгийн ерөнхий боловсролын сургууль долоон жилээр л төгсгөдөг байсан тул ангийнх нь хүүхдүүд сургуулиа дүүргээд үргэлжлүүлэн сурах нь сурч дор бүрнээ амьдралын зам мөрөө хөөсөн бол хүү аймгийн Соёлын ордонд дуучнаар ажилд оржээ. Тэнд уран бүтээлчийг дуулдаг, бүжиглэдэг, жүжиглэдэг, хөгжим тоглодог зэрэг олон авьяастай болгон хөгжүүлдэг байснаараа онцлогтой. Хүү өөрийгөө бүх талаараа хөгжүүлж, бригадаар тоглолтоор явахад нь бусдадаа тусалж, жолоочдоо ч дэм болж, машин нь эвдэрвэл засалцаж, ядарсан үед нь жолоог нь ээлжлэн барьж явдаг байжээ. Түүнийг Д.Алтангэрэл гэдэг, ард түмэн “молиго” Очир дүрээр нь андахгүй.

Улсын драмын эрдмийн театрын (УДЭТ) хамт олон  жинхэнэ Монгол төрхтэй жүжигчний эрэлд гарч орон нутгаар явахдаа Баянхонгор аймгаас Ж.Дорлигжав, Архангай аймгаас Д.Алтангэрэлийг авчирчээ. Ж.Дорлигжав жүжигчин  УДЭТ-т 18 жил ажиллаж, ард түмний дунд аргагүй авьяастан Доолио хэмээн алдаршсан бол дээрх хүүрнэлийн эзэн Д.Алтангэрэл жүжигчин Доолиогоос дутахгүй ард түмэнд танигдсан юм.

Улсын драмын эрдмийн театрын  тайзнаа “Учиртай гурван толгой”-н Балган, “Оролмаа эх”-ийн  гол дүр зэрэг дүрийг чадамгай бүтээж, ямар чадварлаг, ирээдүйтэй жүжигчин болохоо харуулсан ч олон нялх хүүхэд, гэр бүлээ театрын цалингаар тэжээх боломжгүй байсан тул Д.Алтангэрэл жүжигчин хоёр жил орчим театрт ажиллаад л УДЭТ-аас гарч,  хангамжийн баазад жолоочоор ажиллажээ.

Хангамжийн баазад жолоочоор ажиллах хугацаандаа тэрээр ард түмний хайрыг татсан цөөнгүй дүрийг дэлгэцнээ мөнхөлсөн юм. Үүний нэг нь үзэгчид хэд үзсэн ч уйддаггүй “Гарьд магнай” киноны “молиго” Очирын дүр. Мэргэжлийн жүжигчин биш ч дэлгэцэд мөнхөлсөн дүр бүр нь хүний сэтгэлд хүрч, хайрлагддагийн учир нь жүжигчний төрөлх чанар, дүртэйгээ адил гүдэсхэн, гүндүүгүй, жинхэнэ монгол эр хүний чанарыг утгаар нь агуулдагт байдаг гэдгийг кинонд хамт тоглосон жүжигчид, ойр дотнын хүмүүс нь нотолдог билээ.

БОЛНО ДОО

Өргөж авсан ээж, аав нь түүнийг дутагдаж, гачигдах зүйлгүй өсгөсөн гэдэг. Гэвч тэр өөрт нь авч өгсөн өмд, гутлаас эхлээд өнгөтэй өөдтэй юмаа хэн нэгэнд өгчихдөг, ээж нь авч өгсөн зүйл хаана байгааг нь асуухаар “Болно доо, ээж” гээд инээдэг байсан гэдэг.

Кино зураг авалт дуусч жүжигчдийг гэрт нь хүргэж өгсөөр туслах найруулагч, Д.Алтангэрэл жүжигчин хоёр л үлдээд байж. Замд бензин нь дууссан түргэний машин таартал Д.Алтангэрэл жүжигчин бензинээ түргэний машинд хийгээд явуулжээ. Тухайн газраас нэг их холдолгүй машиных нь бензин дуусахад “Эрүүл саруул байгаа бид ч яах вэ. Алхах эрүүл мэндэд сайн шүү. Хоёулаа бензин олж ирье” гээд зуны халуунд тав орчим километр алхаж байсан гэдэг.

ЦАС БОРОО ТҮҮНИЙ УЙТГАР, БАС БАЯСАЛ

Тухайн үед кино зураг авалт урт хугацаанд үргэлжилдэг, заримдаа хоёр жил гаруй хугацаа ч зарцуулдаг байжээ. Ийм үед нэгнийхээ сайн, мууг ялгахаар олон зүйл тохиолддог ч Д.Алтангэрэлийн талаар нэг ч шүүмж ирж байгаагүй гэдгийг найруулагч нь дурссан юм.

Цас орохоор хачин их баярлаж, кино зураг авалтаар явсан хүмүүсээ гарч ирэхийг уриалан, бусдыг цасаар булж хүүхэд шиг л тоглодог байсан гэнэ. Харин бороо орохоор нэг л бодлогошронгуй болчихсон, гараа ташаандаа тулан зогсоод алсыг ширтдэг байжээ. Энэ үед түүн рүү харахаар нүдэнд торсон нулимсаа арчингаа “Манай нутаг ч их сайхан шүү. Нутгаа саначихлаа” гээд зогсдог байсныг хамт явсан хүмүүс нь дурсдаг юм. Бас зураг авалтад ашиглах морины занг нь танихаар өдөржин ноолж, эмээл хазаар нь бүрэн бүтэн байгаа эсэхийг шалгана. Хэрэв найруулагч дуудвал хүүхэд шиг гүйж очдог, хөлс нь бурзайгаад л ямар нэгэн ажил хийж явдаг байсан гэдгийг хамт зураг авалтад явсан хүмүүс нь ярьсан юм.

Булиа том биед баймгүй эвсэлтэй бүжиглэх энэ хүн бүжиг таанц эргэх дуртай. Бүсгүйчүүд түүнтэй бүжиглэхээр өрсөлдөөд л очдог байж. Гадна төрх, төрөлх араншин, дуу хоолой гээд бүх зүйлээрээ бусдын хайрыг татдаг, юу ч болсон мишээгээд л явдаг хачин уужуу, энэ хүнийг жүжигчид “Их Монгол” гэж хочилдог байжээ.  Дэлгэцэд мөнхөлсөн дүрүүд нь Монгол эр хүний мөн чанарыг илтгэсэн байдаг нь онцлог. Тухайлбал,  "Хүний амь" киноны цагдаагийн ажилтан, "Суварган цэнхэр уулс"-ын бага түрүүч Дорлиг,  "Үүрийн цолмон"-ы Самдан,"Хоньчин Найдан"-гийн Зоригт,  "Гэрлэж амжаагүй явна" киноны Очир, "Хатанбаатар"-ын Боогоо буюу Тогоо.
Түүний дэлгэцэнд бүтээсэн хамгийн сүүлийн, бас олны хайртай жүжигчин болгосон дүр нь “Гарь магнай” киноны “молиго” Очир. Тэрээр кино зураг авалтаа дуусгаад “Киноны нээлт дээр уулзацгаая. Би та нартаа нутгийнхаа чимчигнэсэн сайхан айрагнаас авчирна аа” гэж хэлээд явжээ. Гэвч тэр хангамжийн баазад жолооч хийж яваад замдаа осолдож тун харамсалтайгаар таалал төгссөн юм.

Түүнийг нас барах үед арван настайгаас ой гаруй насны зургаан хүүхэд нь өнчрөн хоцорчээ. Хагацал үүгээр зогссонгүй, удалгүй эхнэр нь нас барж хүүхдүүд бүтэн өнчирсөн байна. Түүнийг нас барсны дараа улсаас хүүхдүүдэд нь байр өгсөн ч аав, ээжийг нь яаж орлох билээ. Хүүхдүүд сайн ах дүүс, байгаа байдлаараа бусдын хайрыг татдаг байсан аавынхаа нэр хүндийн дэмээр өсөж торнижээ. Харамсалтай нь, дунд хүү нь мөн л ослоор нас барж, үлдсэн таван хүүхэд нь одоо бүгд гадаадад амьдардаг аж.

“Молиго” Очирын “Аагирхаж омгорхож явна аа гэдэг чинь бяр тэнхээгээ харуулж байна гэсэн үг биш дээ. Дамаа нь шинэ соргог гарч ирж буй залуу бөхчүүдийнхээ зоригийг мохоочихвол бид залгамжлах бөхгүй болно. Бөх хүнд чинь нэр төр зөөлөн сэтгэл гэж байдаг юм. Зодог сэнждэв үү үгүй юу атаа хонзон өвөрлөж явах учиргүй. Хүчтэний өлгий өлзий торгон дэвжээгээ өс хонзонгийн чулуун дэвсгэр болохгүй” хэмээн хэлсэн үг нь ч бөхийн ёс жудаг алдагдсан энэ үед голыг нь олж хэлсэн, үнэ цэнээ хэзээ ч алдахгүй үг билээ.

Төрмөл авьяастай жүжигчин гэдгээ бүтээсэн дүрээрээ үүрд мөнхөлсөн Д.Алтангэрэлийн амьдрал дардан байсангүй. Хүсэл зорилго, мөрөөдлийнх нь өөдөөс хувь тавилан түүн рүү чулуу шидэлсээр ид хийж бүтээх насанд нь буюу 35 насанд нь хорвоогоос булаажээ. Гэвч түүний бүтээсэн  “молиго” Очир нь улирах тусам ард түмэнд хайрлагдсаар, жинхэнэ монгол эр хүн, бөх хүний ёс жудгийн бодит хэмжүүр болсоор байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
107
ЗөвЗөв
27
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж