Улаанбаатар хамгийн аз жаргалгүй, явган зорчигчдод ээлгүй хот. Иргэд, компаниудын ухамсаргүй үйлдлээс болж, явган зорчигч гишгэх газаргүй болоход хүрсэн. Жил бүр зам өргөтгөх, шинэчлэх бүтээн байгуулалтын ажил өрнүүлдэг ч явган хүний зам Улаанбаатарт улам багассаар.
Аз жаргалтай, ухаалаг Улаанбатар явган хүний замыг нь хуулж хаяад, авто замтай тулган барилга, хашаа барьсан газар энд тэндгүй тааралддаг. Эсвэл явган хүний зам дээр томоос том нүх ухчихсан байх жишээтэй. Алхаж явах үед өөдөөс машин гараад ирэх нь энүүхэнд. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай яриад бүр хэрэггүй.
Тээврийн цагдаагийн албаны “Цахим замын цагдаа” фэйсбүүк хуудаст иргэдээс явган хүний замыг зогсоол болгож ашигласан, жолоочийн буруутай үйлдлээс болж хүүхэд бэртсэн гомдол мэдээлэл дийлэнх хувийг эзэлдэг байна. Энэ оны эхний 11 сарын байдлаар явган хүний зам дээр автомашинаа байрлуулсан 181 тохиолдол Тээврийн цагдаагийн албанд бүртгэгджээ. Эдгээр гомдлыг шийдвэрлэж, Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авчээ. Тодруулбал, явган хүний замд саад учруулсан жолооч нарт Зөрчлийн тухай хуулийн 14.7-гийн 35.2-т зааснаар 20 нэгжтэй тэмцэх хэмжээний төгрөгөөр торгууль ногдуулсан байна.
ЖОЛООЧИЙН БУРУУТАЙ ҮЙЛДЛЭЭС БОЛЖ 370 ХҮҮХЭД БЭРТЖЭЭ
Нийслэлийн хэмжээнд эхний 11 сарын байдлаар 558 хүүхэд бэртжээ. Үүнээс 388 нь явганаар замын хөдөлгөөнд оролцож байхдаа осолд орсон байна. Тэдний 370 нь жолоочийн буруутай үйлдлээс болж бэртсэн гэж Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн Б.Зоригоо хэлэв.
Тэрбээр “Жолооч нар замын хөдөлгөөнд оролцохдоо хурд хэтрүүлдэг. Үүний улмаас хүүхэд авто осолд өртөх нь их байна. Арав хүртэлх насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос үүдэн хүүхэд явган хүний зам дээр тавьсан машиныг тойрч гарахдаа автомашинд мөргүүлэх нь цөөнгүй. Мөн явган хүний зам дээр автомашинд мөргүүлсэн, бэртсэн тохиолдол ч ослын тодорхой хувийг эзэлдэг. Орон сууцны зам дээр явган хүний зам хааж эгнүүлэн тавьсан машины голоор хүүхдүүд гарч явахдаа осолд өртөх тохиолдол ихэссэн. Тиймээс эцэг эхчүүд бага насны хүүхдэдээ анхаарал хандуулах, жолооч нар орон сууцны хороолол дунд зогсоход бэлэн байдлаар удаан оролцож, сонор сэрэмжтэй замын хөдөлгөөнд оролцохыг уриалж байна” гэлээ.
Нийслэлд буй гудамж талбайн явган хүний зам ихэвчлэн автозам дагасан байдаг. Ийм замаар алхахад автомашинаас ялгарч буй утаанд хордохоос бус эрүүл мэндэд тустай зүйл огт байхгүй. Өнөөдрийн байдлаар нийслэлийн есөн дүүрэгт 251 байршилд шинээр явган зам шинээр барих засварлахаар болжээ. Замын бүтээн байгуулалтын ажилд Нийслэлийн засаг даргын 2019 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн A/374-А/382 дугаар захирамжаар нийт 3.131.4 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Өнгөрсөн жил 200 сая төгрөг төсөвлөсөн бол энэ жил 15 тэрбумыг төсөвлөжээ.
ЭНЭ ЖИЛ АНХ УДАА ЗАМ ЗАСВАРЫН АЖИЛД 15 ТЭРБУМЫГ ТӨСӨВЛӨСӨН
Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны Хотын тохижилт цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн мэргэжилтэн Г.БИЛГҮҮН:
-Төвийн гудамжуудаар явган зам хангалттай байгаа ч эвдрэл ихтэй байна. Өмнө нь Нийслэлийн Захирагчийн ажлын албанд явган хүний зам засварлалтын төсөв суугдаж, мөнгийг дүүргүүд рүү шилжүүлж, Засаг дарга нар явган хүний зам засварлалтын ажлыг хариуцдаг, засвараа хийдэг байсан. Өнгөрсөн жилээс явган хүний зам засвар, бүтээн байгуулалт хариуцсан ажлын хэсэг байгуулагдаж, хотын хэмжээнд засварлах шаардлагатай 40 мянган м/кб байна гэж үзсэн.
Энэ хүрээнд 110 орц гарц чөлөөлж, 12 мянган м/кб явган хүний зам шинээр тавих шаардлагатай. Харин шинээр тавих шаардлагатай нь 300 мянган м/кб явган зам хэрэгтэй гэсэн судалгааг гаргасан. Энэ судалгааг дүүргүүд хийхдээ гэр хорооллын гудамж талбайг ч бас хамруулсан учраас ийм том тоо гарч байгаа юм. Үүнд нийт 15 тэрбум хэрэгтэй гэсэн тооцоо гарч, энэ жил дөрвөн тэрбум нь батлагдсан. Энэ мөнгийг дүүргүүдэд хуваарилж, явган хүний зам хэрэгтэй байгаа гудамж талбай болон зам засварын ажилд зарцуулна.
Явган хүний замыг шинээр тавих, засвар бүтээн байгуулалтын ажилд энэ жил анх удаа ийм их хөрөнгийг төсөвлөж, ажлын хэсэг хүртэл байгуул байгаа юм. Өмнө нь дээрх дурдсанаар дүүргүүд зам засварын ажлаа төлөвлөдөг байсан. Цаашид явган хүний зам автозам дагуу байхаас илүү орон сууц, гэр хороолол дундуур холбохоор төлөвлөөд байна. Жишээ нь, Таван шараас нэгдүгээр хороолол хүртэл зам дагуу алхахгүйгээр орон сууц, гэр хороолол дундуур алхаж болохоор төлөвлөж байгаа юм.
Б.ЦЭЦЭГ
ГЭРЭЛ ЗУРГИЙГ Д.БҮЖИН
Холбоотой мэдээ