60, 70 оныхон хангалттай тэтгэвэр авч чадах уу?

Хуучирсан мэдээ: 2019.12.12-нд нийтлэгдсэн

60, 70 оныхон хангалттай тэтгэвэр авч чадах уу?

60, 70 оныхон хангалттай тэтгэвэр авч чадах уу?

Монголд нийгмийн даатгалын тогтолцоо зөв голдрилдоо орж чадаагүй хэвээр байна. Тэтгэврийн даатгалын сан орлогоороо зардлаа нөхөж чаддаггүй, тэтгэврийн насны иргэдийн амьдралын баталгаа хангагдаагүй, тэтгэврийн зардал улсын төсөвт дарамт учруулсан хэвээр.

Тэртээ 1218 онд Чингис хаан өөрийн хөрөнгөөр сан хөмрөг бүрдүүлэн харьяат 60 нас хүрсэн иргэдийг насны ангиллаар таван шатлалд хуваан, ялгаатай тэтгэмж олгож эхэлсэн нь анхны халамжийн тэтгэврийн үндэс суурь гэж үздэг. Түүнээс хойш Өгөөдэй хаан өндөр настнуудаас татвар авахаас татгалзаж, Богд хаант засгийн үед анхны Тэтгэврийн газар байгуулагдан, тэжээгчгүй өнчин ядуус, хөгшчүүдийг төрийн халамжид оруулах ажлууд хийгдэж эхэлж.

1999 онд УИХ-аас  баталсан “Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар 2021 он хүртэл баримтлах бодлого”, “Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай” хуулийг хэрэгжүүлснээр хуваарилалтын тогтолцооноос хуримтлалын тогтолцоонд шилжих эх суурийг тавьсан.

Эдийн засагчдын долоон жилийн өмнө хийсэн судалгаанаас харахад “Нэрийн дансны тухай” хуулиар иргэд ирэх 2020 оноос тэтгэвэр тогтоолгож эхлэхэд тэтгэврийн хэмжээ нь өнөөгийн тогтолцоогоор тэтгэвэр тогтоолгох иргэдийн тэтгэвэртэй харьцуулахад үлэмж доогуур гарч байжээ.

2012 оны байдлаар манай улсад амьжиргааны баталгаажих төвшин 118.1 мянган төгрөг, дундаж тэтгэвэр 224.2 мянган төгрөг, хөдөлмөрийн хөлсний дундаж 424.2 мянган төгрөг байснаас дундаж тэтгэвэр хөдөлмөрийн хөлсний 53%-ийг хангаж байж.

Гэтэл 1960 ба 1970 онд төрсөн 2020 ба 2030 онд тэтгэврийн эрх үүсэх нэг тэтгэвэр авагчийн тэтгэврийн дундаж хэмжээг “Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай” хуулийн 6-р зүйлийн дагуу тооцоолоход дараах үр дүн гарсан байна.

Дээрх тооцооноос даатгуулагчийн тэтгэврийн нэрийн дансны үлдэгдэлд хуулийн дагуу хүү тооцвол 1960 онд төрсөн 2020 онд тэтгэврийн эрх үүсэх иргэд амьжиргааны баталгаажих түвшинг ч хангахгүй байх хэмжээнд тэтгэвэр тогтоолгох дүр зурагтай. Харин 1970 онд төрсөн 2030 онд тэтгэврийн эрх үүсч байгаа иргэн дөнгөж амьжиргааны баталгаажих доод түвшинг хангах хэмжээний тэтгэвэр тогтоолгох боломжтой гэж гарсан байна.

Судлаачдын үзэж буйгаар, 2050 он гэхэд эрэгтэйчүүдийн наслалт 3.6, эмэгтэйчүүдийнх 4.5 насаар нэмэгдэж, тэтгэвэр нь улам буурах магадлалтай байгаа ажээ.

УЛС ОРНУУД ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САНД ШИМТГЭЛЭЭ ТӨЛӨӨД ЯВАХ СОНГОЛТ ДАВХАР ОЛГОДОГ

Дэлхийн улс орнууд өндөр насны тэтгэврийг санхүүжүүлэх янз бүрийн тогтолцоотой байдаг. Тухайлбал, тэтгэврийг дан ганц даатгалын орлогоор санхүүжүүлдэг Франц, Швед, Индонез, Америк, Алжир зэрэг орнууд байхад төрийн дэмжлэгтэйгээр санхүүжүүлдэг Англи, Солонгос, Хятад, Япон зэрэг орнууд, дан ганц төрөөс санхүүжүүлдэг Австрали зэрэг улс орон ч байна.

Манай улсын тэтгэврийн тогтолцооны хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэхийн тулд улсын төсөвт ачаалал өгөхгүй байх зорилгоор цаашид бүрэн хуримтлалын хэлбэртэй, иргэдийн хувийн хариуцлагыг нэмэгдүүлэх үүднээс шимтгэлээс тооцох тогтолцоотой болох шаардлагатайг эдийн засагчид хэлж буй юм.

Насаараа ажиллаж, тэтгэвэрт гарсан хойноо хүссэнээ худалдан авч, дэлхийгээр аялж, дуртай зүйлдээ цаг зарцуулахыг бид хүсдэг. Энэ хүслийг гүйцэлдүүлсэн улс орнуудын жишээ ч элбэг. Харин Монголд насаараа нийгмийн даатгал төлсөн атлаа тэтгэвэрт гарангуутаа нийгмийн эмзэг давхарга руу шилжих нь түгээмэл. Биднээс ялгаатай нь олон улсад зөвхөн улсын нийгмийн даатгалд хувь заяагаа даатгадаггүй бөгөөд хүсвэл хувийн тэтгэврийн санд шимтгэлээ төлөөд явах сонголтыг давхар олгодог байна.

Нийгмийн даатгалын шимтгэл бол татвар биш, тухайн хүнд эргээд өгөөжөө өгч, ирээдүйн баталгаа болох ёстой. Манай улс 1990 онд ардчилсан тогтолцоо руу шилжсэн боловч нийгмийн халамж, даатгалын систем хуучнаараа үлдсэн. Сүүлийн жилүүдэд эдийн засаг тэлж, үүнийг өөрчлөх нөхцөл нь бүрдсэн ч бид шинэчлэл хийж чадаагүй учраас Нийгмийн даатгалын сан алдагдалтай, улсаас татаас авдаг болсон. Иймд барууны улсуудад хэрэгжиж баталгаажсан тэтгэврийн сангийн олон шатлалт системийг нэвтрүүлэх цаг болсон гэж эдийн засагчид үзэж байна.

“Ард Лайф” компанийн гүйцэтгэх захирал Б.Гантулга хэлэхдээ, Та сар бүр 60 мянган төгрөгийг тэтгэврийн дансандаа хуримтлуулаад явбал 30 жилийн дараа 400 сая төгрөгтэй болно. Өөрөөр хэлбэл, дараагийн 20 жилд нь та сар бүр 4’678’000 төгрөгийн тэтгэвэр авна гэсэн үг гэж тайлбарласан юм. Үүнээс гадна давхар эрүүл мэнд, гэнэтийн ослын даатгалд хамрагдах бөгөөд эрсдэл учирсан тохиолдолд жилийн 10 сая төгрөг хүртэлх нөхөн төлбөр авах боломжтой. Мөн энэ бүх хуримтлал таны үр хүүхдэд өвлөгдөж үлдэхээрээ давууг хэллээ.

Даатгал бол эрсдэлийг хаах зорилготой бүтээгдэхүүн. Олон улсад улсын болон хувийн тэтгэврийн сангийн аль нэгийг сонгох эрх нь ихэнхдээ нээлттэй байдаг. Жишээ нь, Норвегийн тэтгэврийн сан 1 их наяд долларын хөрөнгөтэй, дэлхийн 57 улсад 10,000 хувьцаат компанид хөрөнгө оруулалт хийчихсэн байна. Үүнээс 330 тэрбум доллар нь санд хуримтлуулсан хөрөнгө бөгөөд үлдсэн 770 тэрбум нь сангийн өөрийн хөрөнгө оруулалтаасаа олсон ашиг ажээ.

Д.Гантулга хэлэхдээ “Юм бүхэн дээр төр хамгийн баталгаатай гэж үзэх нь өрөөсгөл ойлголт. Үнэндээ, манайд УИХ, Засгийн газар дөрвөн жилийн давтамжтай тогтмол солигддог учраас эрх мэдэл хэний гарт байгаагаас шалтгаалж нөхцөл байдал өөрчлөгдөж байна. Харин хувийн тэтгэврийн сан нь компанийн засаглал, хяналтаараа дамжуулж урт хугацааны, тогтвортой байдлыг бий болгож чаддаг. Хэрэв тухайн тэтгэврийн сан алдагдалтай хөрөнгө оруулалт хийж эхэлбэл ТУЗ, Хяналтын зөвлөл нь тэр даруй арга хэмжээ авч, өөрчилж чадна. Мөн хувийн тэтгэврийн сан хүмүүсийн хуримтлуулсан мөнгийг юунд хөрөнгө оруулж, ямархуу өсөлттэй байна вэ гэдгийг сар, жилээр нь тогтмол тайлагнадаг” гэлээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж