УИХ-ын гишүүн, Байгаль Орчин, Ногоон Хөгжил, Аялал Жуулчлалын сайд Н.Батцэрэг цаг үеийн асуудлаар сэтгүүлчидтэй ярилцлаа.
Саяхан Өвөрхангайчууд Орхон голын бохирдол аюултай хэмжээнд ирлээ гэж голынхоо усны дээжээс танд гардуулсан. Уул уурхай тойрсон гол, усны асуудал жилийн жилд яригддаг. Таны хувьд ямар арга хэмжээ авч ажиллах вэ?
Өвөрхангай аймгийн Орхон голын асуудлаар зөвхөн иргэдээс ч биш мэргэжлийн байгууллагууд ч гэсэн хандаж байгаа. Уул уурхайн сайд Р.Жигжид бид хоёрын тушаалаар Орхон голын асуудал дээр хамтарсан ажлын хэсэг гараад ажиллаж байна. Орхон гол, “урт нэртэй” гэж яригддаг хуулийн хүрээний үйлчлэлд хамаарах хүрээнд орон нутаг, хувийн компаниудын хооронд ч гэсэн маргаантай асуудал байгаа. Зарим газар яах аргагүй усны ундарга, голын эх бүрэлдэх хэсэгт олборлолт явуулж байгаагаас болоод ундны ус ихээр бохирдож байна гэсэн мэдээлэл байна. Дээрх асуудлуудаар газар дээр нь очиж шалгах ажил зохион байгуулж байна. Орхон голын тухайд Өвөрхангай аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн, аймгийн Байгаль орчны газрын хүмүүстэй энэ асуудал дээр анхаарч ажиллах чиглэл өгсөн. Түүнчлэн Архангай аймгийн мэргэжлийн байгууллагуудад ч гэсэн чиглэл өгсөн. Орхон голын асуудалтай ижил асуудал Ховд, Увс аймгуудад гарсан. Ховд аймгийн Цэцэг суманд гэхэд “Ашид Алтай майнинг” компани нөхөн сэргээлт хийнэ гэдэг нэрэн дор уул уурхайн олборлолт хийж байна гэсэн асуудал яригдаж байгаа. БОНХАЖ-ын сайдын хувьд ажил авсныхаа дараа энэ асуудал дээр онцгойлон анхаарч орон нутгийн Байгаль орчны газар, Иргэдийн Хурлын зарим төлөөлөгчидтэй ярилцаад “Ашид Алтай майнинг” компанийн орон нутагт явуулж байгаа үйл ажиллагааг хуулийн хүрээнд ажиллах үүрэг даалгаварыг яамнаас өгч шийдвэрлэсэн.
-Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Ганга нуурын усны түвшин буурч байгаа нь биологийн бохирдол ихэсч байгаа гол хүчин зүйл нөлөөлж байгаа гэдэг. Энэ асуудалд ямар арга хэмжээ авч байна вэ?
-Манай нийгмийн нэрт зүтгэлтэн, яруу найрагч Г.Мэнд-Ооёо тэргүүтэй Сүхбаатар аймгийн нэлээд олон хүмүүс над руу нэг биш удаа хандсан. Ганга нуурын асуудлаар мэргэжлийн албадтай тухайлан хуралдахаар товлоод байна. Ганга нуурын хувьд дээр хэлсэнчлэн усны асуудлаас болж л нуурын бохирдол үүсээд байгаа. Малчид ард иргэд малаа усалж байгаа нь нуурын бохирдол их хэмжээгээр нэмэгддэг. Малчдын бэлчээрийн усны хангамжийг яаралтай шийдвэрлэхгүй бол энэ асуудал байсаар л байна.
Мөн байгаль цаг уурын нөлөөлөл болох дулаарал элсний нүүдэл ихэссэн. Хур тунадас жилээс жилд багасаж байгаа нь нуурын хуурайшилт эрчимжиж эко системийн өөрчлөлтөнд гол хүчин зүйл үзүүлж байна. Ер нь цаашдаа улсын болон орон нутгийн төсөвт дээрх арга хэмжээнд зориулсан зохих зардлыг тусгуулах, төсөл хөтөлбөрүүдийн хөрөнгө оруулалтыг татах шаардлагатай байгаа.
-Зуны аялал жуулчлал дуусаж, өвлийн жуулчлалын улирал эхэлж байна. Өвлийн аялал жуулчлалын тухайд яамны зүгээс бодлого барьж ажиллах вэ?
-Аялал жуулчлалын салбар өргөн цар хүрээтэй, том бодлогоор явах салбар. Тэр ч үүднээс энэ салбарын хувьд бидэнд тодорхой болгож хийгдэх зүйл маш их байна. Утаагүй үйлдвэрлэл, Үл үзэгдэгч экспорт, Ард түмнүүдийн найрамдал, хамтын ажиллагааг идэвхжүүлэгч гэдэг сонгодог утгаараа дэлхий дахинд эрчимтэй хөгжиж буй энэ салбарыг Монгол Улсын Засгийн газраас эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг болгон хөгжүүлэхээр ажиллаж байгаа. Өвлийн аялал жуулчлалаа ярихын тулд зуны аялал жуулчлалаа ярих хэрэгтэй. Хамгийн том жуулчны урсгал ирдэг улирал бол зун, намар. Жуулчид манай сайхан орны байгаль, нүүдэлчдийн аж төрөх ёс, агуу өв соёлыг үзэж танилцах гэж ирдэг. Өнгөрсөн зуны аялал жуулчлалын улирал ямар байдалтай өнгөрөв гэдэг нарийн тоо, статистик тун удахгүй гарна.
Аялал жуулчлал гэдгийг гадаадын аялал жуулчлалыг татна гэдэг ойлголттой, тэрийгээ дагасан зочид буудал, такси унаа, замын маршрут, очиж үзэх газар, сайн тайлбарлагч гэх мэт хүрээнд ойлгоод явж байсан. Үүнийгээ ч манай ачлал жуулчлалын компаниуд хийгээд явж байна. Яг нарийндаа аялал жуулчлалын салбарыг хувийн компаниуд л нуруун дээрээ үүрч явдаг. Энэ зуны нэг онцлог бол дотоодын аялал жуулчлал эрс идэвхижсэн. Өнгөрсөн жилүүдийнхтэй харьцуулашгүй. Дотоодын аялал жуулчлал хөгжиж байгаа байдлаа бодит байдалтайгаа харьцуулахад дотоодын аялал жуулчлал төлөвлөгөөгүй, захиалгагүй, мэдээлэлгүй, урсгалаараа маягтай явж байгаа учир үүнээс болж эдийн засаг идэвхижиж, аялал жуулчлалын компаниудын орлого сайжирч байгаа гэхээсээ илүү зарим талын эрсдэл учруулж байгаа. Энэ жилийн наадмын үеэр бид нар нэлээд олон хоног амарсан. Бид Хөвсгөлийн Мөрөн хот ортол шинэ сайхан засмал замтай болсон. Энэ зам засаг захиргааны нэгжийг холбосон гэхээсээ илүүтэй аялал жуулчлалын зам болон хувирсан нь сайн хэрэг. Гэхдээ хэдхэн хоногийн хооронд хөдөөд түгжрэл үүссэн. Надад ирж байгаа мэдээгээр 40 орчим мянган хүн наадмын амралтын хоногуудад Хөвсгөл нууранд очиж амрахаар явсан. Тийм хэмжээний жуулчдын урсгал тийшээ зүглэнэ гэж жуулчны компани ч, энэ чиглэлийн бодлого төлөвлөлт гаргадаг байгууллага ч төлөвлөөгүй байсан учраас орон нутгийн баазууд ачааллаа даахаа болиод, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн борлуулдаг дэлгүүрүүд бараа бүтээгдэхүүний хомсдолд орж, АТМ, бензин түгээх станцуудын даац хэтэрсэн. Энэ нь юуг хэлж байна вэ гэхээр гадаад, дотоодын аялал жуулчлалаа иж бүрнээр нь хараад статистик тоон мэдээллийг сайн авдаг байх, дээрээс нь захиалга төлбөр хийдэг нэгдсэн сүлжээтэй байх асуудлыг шинээр тавих цаг болсон. Яг энэ чиглэлээр манай аялал жуулчлалын газрынхан, мэргэжлийн хүмүүс Засгийн газар, УИХ-ын түвшинд асуудал тавихаар ажиллаж байна.
-Эдийн засгийн хямралтай энэ цаг үед бүгд л бүсээ чангалах шаардлагатай болж байна. Яамны төсөв ямархуу хэмжээнд байгаа вэ?
-2014 онд БОНХАЖ-ын сайдын багц 80 тэрбум төгрөг байсан. 2015 онд 72 тэрбум төгрөг болж буурсан. Энэ жилийн төсөв өртэй гарахаар байгаа. 2016 оны төсөв өргөн баригдсан. Урьдчилсан байдлаар 67 тэрбум төгрөг суухаар харагдаж байгаа.
Байгаль орчин, экосистемийн асуудлууд нь манай улсын төдийгүй дэлхий дахины чухал асуудал болоод байна. Манай улсад уул уурхай, байгаль орчинтой холбоотой үүссэн хөрсний доройтол, зарим булаг шанд ширгэж, гол мөрөн бохирдож байна. Нөгөө талаараа ногоон хөгжил экологийн тэнцвэртэй байдал нь өөрөө хүн амын аятай тухтай амьдрах нөхцөл болж байдаг. Хамгийн гол нь энэ чиглэл рүү бодлого хийхэд дээр дурдсан мөнгөөр тийм их ажил зохион байгуулж чадахааргүй байгаа. Ирэх оны төсөв нь манай салбарын 1800 орчим хүний цалин, тэдний ажилладаг байрны дулаан, цахилгаан гэх мэт урсгал зардалд зарцуулагдаад дуусч байгаа. Зарим тохиолдолд манай ой хамгаалагчид тусгай хувцас хэрэглэлээ ч авч хангаж чадахгүй, орон нутгийн цаг уурын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд засвараа ч хийж чадахгүйд хүрч байна. Манай салбарын гадаад хамтын ажиллагаа маш өргөн. Ер нь байгаль орчны асуудал гэдэг олон талтай харилцаагаар, гадна талаас мөнгө босгож, сайн төсөл хөтөлбөрүүд олох боломжтой. Хүрээлэн байгаа орчны аюулгүй байдал, экосистемийн тэнцвэртэй байдал гэдэг энэ асуудал нь өөрөө их глобаль шинжтэй. Тиймээс байгаль орчны салбарт хамтран ажилладаг гадны байгууллага, бусад орны Засгийн газруудтай ойр ажиллаж, санхүүгийн буцалтгүй тусламж зэргийг олох, мөнгө босгох энэ чиглэл рүү үйл ажиллагааныхаа нэлээд хэсгийг анхаарлаа хандуулж ажиллахаар бэлтгэж байна. Яамны хүрээнд нэлээд олон төсөл хөтөлбөрүүд ажилладаг. Шинээр төсөл хөтөлбөрүүд бас эхэлж байна. Саяхан НҮБ-ын хөгжлийн хөтөлбөртэй 4 сая ам.долларын гэрээнд гарын үсэг зурсан. Үүгээр бид ойн хомсдлыг багасгах, ойн доройтлыг бууруулах, мод тарих, ой бүхий талбайг нэмэгдүүлэх, ойн нөхөрлөлүүдийг дэмжих үйл ажиллагаа явуулахад зориулна.
-Танай яамтай холбоотой казино, бооцоот морин уралдааны тухай хуулийн төслүүд олны анхаарлын төвд байгаа. Салбарын сайдын хувьд ямар байр суурьтай байгаа вэ. Казино Монголд байгуулах нь зөв үү, буруу юу?
-Казино Монголд байгуулах нь зүйтэй. Манай эдийн засаг ганцхан хөлтэй гэдэг ч юм уу, өрөөсгөл бүтэцтэй байгаа. Зөвхөн уул уурхай дээр түшиглэсэн эдийн засгийн бүтэцтэй. Тэр дотроо уул уурхайн цөөхөн нэр төрлийн бараа бүтээгдэхүүний гадаад зах зээлийн үнээс Монгол улсын эдийн засгийн өсөлт, төсвийн орлого шууд хамаардаг. Сүүлийн хэдэн жил эдийн засгаа төрөлжүүлье, солонгоруулъя, эдийн засагтаа бүтцийн өөрчлөлт хийе, бусад салбараа хөгжүүлье, нэг салбарт хямрал, эрсдэл учрахад нөгөө салбарууд нь нийт эдийн засгаа аваад гардаг, харилцан бие биенээ нөхөх чадвартай эдийн засгийн бүтэцтэй больё гэж олон жил ярьсан. Харамсалтай нь одоог хүртэл бодитой, дорвитой ажил хийгдээгүй байна. Яг энэ эдийн засгаа солонгоруулья гэдэг дотор нэг том бие даасан эдийн засгийн салбар болон гарч босч ирэх тэр салбар бол аялал жуулчлалын салбар. Аялал жуулчлалын салбар дотроо казиног зохих хууль дүрмийнх нь дагуу байгуулах, хөгжүүлэх, зөвшөөрөл олгох нь яах аргагүй шийдэх ёстой асуудал болон тавигдаж байгаа. УИХ дээр хуулийн төсөл өргөн баригдсан байгаа. Энэ асуудлыг хариуцаж байгаа сайдын хувьд уг хуулийн төслийг батлуулахын төлөө ажиллах болно.
Бооцоот морин уралдаан мөн хүмүүсийн сонирхлыг татдаг спорт, маш олон улс оронд байдаг. Энэ хуулийн төсөл дээр ажиллаж хэд хэдэн талаас оролцож төсөл боловсруулсан. Бооцоот морин уралдааны тухай хуулийн төслийг энэ 10 сардаа багтаагаад Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх, УИХ-д өргөн барихаар бэлтгэж байна.
Эх сурвалж: БОНХАЖЯ