Д.Баярсайхан Төрийн банкны ерөнхий захирлаар ажиллах үедээ Хятадын “Шинжан шинфа” компанид 20 тэрбум төгрөгийн зээлийг хууль зөрчиж олгосон гэх шуугианд нэр холбогдож, мань эрийг шүүхээс буруутай гэж тогтоогоод байгаа. Хууль зөрчиж зээл авсан компани нь мөнгөө төлөөгүй гэсэн фактыг хэвлэлүүд онцлоод эхэлчихлээ. Хорин тэрбум гэдэг бол бага мөнгө биш. Тэр утгаараа шуугихаас аргагүй сэдэв.
Төрд данстай ганц банкинд үнэхээр ийм асуудал бугшчихсан юм биш байгаа гэх болгоомжлол олон хүнд төрчихсөн яваа нь тодорхой. Бид энэ асуултад хариу хайсан юм. Учир нь банк бол цэвэр итгэлцэл дээр тогтдог байгууллага. Энэ банкны тухайн үеийн удирдлага тухайн үед алдаа гаргасан уу гэдэг нь шүүхийн шийдэх асуудал. Гол нь одоо үйл ажиллагаа явуулж байгаа Төрийн банк найдвартай хэвээрээ байна уу гэдэг л бидний анхаарал хандуулах сэдэв. Төрийн банк аль хэдийнэ шинэ удирдлага, шинэ бүтцээр ажиллаад чамгүй хугацаа өнгөрсөн.
Төрийн банкны захирлуудын тоо 2017 оныхоор 73-аар тоологдож байж. Харин 2018 оны бүтцээр өнөө олон захирлынхаа тоог хоёр дахин цөөлж, 40 захиралтайгаар ажиллаж байгаа юм байна. Захирал нь Хятадын компанид хууль зөрчиж, 20 тэрбум төгрөг олгосон үеэс хойш энэ банкны удирдлага солигдоод хоёр жил өнгөрч буй. Шинэ захирлын буюу өнөөдөр Төрийн банкийг удирдаж буй Г.Дөлгөөнийг ажлаа авах үед Төрийн банк хорин тэрбум төгрөгийн алдагдалтай байсан бол өдгөө ашиг нь хорин тэрбумаар хэмжигдээд эхэлчихэж.
Хасах 20 тэрбумаас нэмэх 20 тэрбумд хүрсэн гэсэн үг. Хоёрхон жилийн дотор энэ бол чамлахааргүй амжилт юм. Үүнээс гадна өнгөрсөн жил санхүүгийн тайланд нь “Кэй Пи Эм Жи" аудит хийсэн байна лээ. Олон улсын аудитын энэ байгууллага тус банкинд өндөр үнэлгээ өгчээ. Аудит хийсэн энэ байгууллага дэлхийд зөвшөөрөгдсөн дөрвөн том байгууллагын нэг учраас тэдний энэ үнэлгээ хэрэглэгч бидний санааг амраах нэг шалтгаан юм.
Бас болоогүй ээ. Зээлжих зэрэглэлийг нь дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн “Мүүдис” агентлаг “тогтвортой” гэж сайн дүн тавьж. Хараат бус, олон улсын байгууллагад ингэж үнэлэгдсэн банкинд гадаад ертөнцтэй харилцахад олон том боломж нээгддэг. Тэд энэ боломжоо ч ашигласан биз. Монголын банкуудаас анх удаа Репо хэлцэл хийж, дэлхийн санхүүгийн зах зээлээс доллар оруулаад ирснийг бодоход ойлгомжтой. Төв банкинд тушаах алтны хэмжээ багассан, Оюутолгойгоос өөр гадны том хөрөнгө оруулалтгүй шахам байгаа, ОУВС-гийн хөтөлбөрийн санхүүжилт үргэлжлэх эсэх нь тодорхойгүй ийм үед доллар олж ирнэ гэдэг яалт ч үгүй олзуурхахаар ажил. Банкууд энэ мэт ашигтай хэлцэл хийж, доллар татах тусам валютын нөөц зузаарах эерэг талтай.
Репо хэлцлийг энгийнээр тайлбарлавал, Төрийн банк эзэмшлийнхээ төгрөгөөр илэрхийлэгдсэн Монгол Улсын Засгийн газрын үнэт цаасыг АНУ-ын Засгийн газрын бондоор сольсон гэсэн үг. Хүчирхэг эдийн засагтай их гүрний бондтой болно гэдэг алга ташихаар шийдэл. АНУ-ын Засгийн газрын бонд бол олон улсад хөрвөх чадвараараа шагшигддаг. Ийм хөрөнгийг барьцаалж дэлхийн хаанаас ч зээл авахад асуудал байхгүй. Төрийн банкны гүйцэтгэх захирлын албыг хашиж яваа Г.Дөлгөөн саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Барьцаа хөрөнгийн чанар сайжрах тусам авах зээлийн хүү ч дагаад буурах давуу талтай” гэж онцолсон байна лээ. Тийм л дээ, тэдний хийсэн Репо хэлцлийн иргэдэд наалдах өгөөж нь энэ.
Дэлхий рүү харсан энэ мэт ухаалаг шийдлүүд нь Төрийн банкны харилцагчдадаа бага хүүтэй зээлээр үйлчлээд яваагийн бас нэг нууц. Г.Дөлгөөний хувьд салбартаа танигдчихсан, хийсэн ажил, хэлэх үгтэй удирдагч гэдгийг эдийн засаг, санхүүгийн салбарынхан хүлээн зөвшөөрдөг. Монголбанкинд олон жил ажилласан туршлагатайгаас гадна Люксембургийн “Шродерс” хөрөнгө оруулалтын санд ажилласан түүх түүний намтарт бий. Олон улсын зах зээлийг мэдэрч, тоглоомын дүрмийг нь ойлгодог түүн шиг банкир манай улсад цөөнгүй.
Сүүлд өрнөсөн шуугианы мөрөөр ухаад үзэхээр “төрд данстай банк хэрэггүй” гэх шүүмжлэл худлаа болохыг нотолсон энэ мэт олон шинэчлэл Төрийн банкинд өрнөжээ. Зүгээр л нэг энгийн жишээ хэлэхэд төрөөс олгодог халамж, тэтгэврийн 80 хувийг Төрийн банк дангаараа олгодог. Төрийн банк гэж байгаагүй бол Засгийн газар хүүхдийн 20 мянгыг олгохдоо банкны шимтгэл гэж төсвөөс мянган төгрөг нэмж гаргахаас аргагүйд хүрнэ. Гэтэл төсвийн мөнгө төрийнх биш, иргэд, компаниудын буюу бидний төлсөн татвар. Бүр энгийнээр хэлбэл төрөөс иргэдэд өгдөг тэтгэвэр, халамж, тэтгэмжүүдийн шимтгэл гэж арилжааны банкуудад очдог мөнгө бидний халааснаас гардаг юм.
Төрд данстай банк байхын зайлшгүй шалтгаануудыг нэг нь энэ. За тэгээд ипотек, жижиг, дунд үйлдвэрийн гэх мэт төрөөс бодлогоор хэрэгжүүлэх ёстой зээлийн төрлүүд гэж бий. Төрөөс хямд хүүтэй ийм зээлийн хөтөлбөр хэрэгжүүлэхийн тулд арилжааны банкуудаар дамжуулбал илүү мөнгө төлдөг. Засгаас мөнгө хураамжийг нь төлөөд иргэд, компаниудад хэрэгтэй иймэрхүү хөтөлбөр хэрэгжүүллээ гэхэд арилжааны банкууд байрны зээл хүссэн иргэн, жижиг, дунд үйлдвэрлэлийн зээл горилсон компаниудад барьцаа хөрөнгө гэх мэт өндөр босго тавьчихдаг. Ийм асуудлуудыг шийдэх зөв бүтэц нь төрд данстай банк гэдгийг дэлхийн олон орны жишээнээс харж болно.
Төрд данстай банкны тухайд иргэд, үйлдвэрлэгчдэд өндөр босго тавихгүй, халамж тэтгэврээс нэмэлт хураамж авахгүй гэх мэт давуу талууд үүсдэг гэж эдийн засагчид онцолдог. Төрийн юм болгон уруудуулаад доройтуулаад байдаг юм биш. Нарийн яривал Төрийн банк гэдэг чинь хэн нэгэн хувь эзэнтэй, тэр хүнийг баяжуулж байдаг юм биш, ард түмэн бидний л юм шүү дээ. Энийгээ яажшуухан явж байгаа, үйл ажиллагаа нь ямар байна гэж санаа тавих эрх нь бидэнд бий бий. Тиймдээ ч нөхцөл байдал ямар байна, өмнөхөөсөө ямар болж байна, удирдлага нь ямар хүн байдгийг анзаарч, бодитоор харах гэж нэхэж хайсан маань энэ.
Энэ дашрамд, Төрийн банкны гүйцэтгэх захирал Г.Дөлгөөн энэ жилийн “Bloomberg TV Mongolia awards”-ын “Шилдэг өсөлт” шагналын эзэн болсон нь дээр дурдсан амжилтуудтай холбоотой юм билээ. Тэд өнгөрсөн жил нийт активаа 27.9 хувиар өсгөсөн бол татан төвлөрүүлсэн хөрөнгөө 30.5 хувиар нэмчихэж. Нийт зээлийн багцынх нь өсөлт 28.3 хувиар өссөн нь ТОП-5 банк дотроо тэргүүлэх үзүүлэлт болж. Энэ оны аравдугаар сарын 31-ний өдрийн байдлаар гурван их наяд 93 тэрбум төгрөгийн актив хөрөнгө, хоёр их наяд 848 тэрбум төгрөгийн татан төвлөрүүлсэн хөрөнгөтэй, нэг их наяд 831 төгрөгийн зээлийн багцыг амжилттай удирдаж, харин арванхоёрдугаар сарын 1-ний байдлаар19.4 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж байгаа юм байна.
Төв банкнаас тодорхой шалгуур үзүүлэлтээр банкуудыг шалгадаг. Жил гаруйн өмнөхөн Төв банкнаас зарим арилжааны банкуудын нэрсийг зарласныг тодхон санаж байна. Асуудалтай, өөрийн хөрөнгөө нэмэх шаардлагатай гээд л. Тэдгээрийн дотор лав Төрийн банкны нэр зарлагдаагүй явсан. Асуудалгүй байсан гэдэг утгаараа шүү дээ. Ер нь бол Монголбанкнаас хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор байнгын шалгалт хийдэг. Энэ шалгалтад үзүүлсэн амжилтаараа толгой цохиж яваа банкуудын нэгд Төрийн банк багтжээ. Тухайлбал төлбөр түргэн гүйцэтгэх чадварын үзүүлэлт 25 хувиас дээш байх ёстой гэсэн шаардлагыг Монгол банкны зүгээс тавьдаг.
Төрийн банк энэ үзүүлэлтээр гэхэд л 41.23 хувь байх жишээний. Банкны үйлчилгээг харилцагчдадаа эрсдэлгүйгээр хүргэж явааг нотолсон ийм тоонуудыг тус банкны ажлын үзүүлэлтээс харчихаж болж байна лээ. Хэдий нас залуу ч ажил мэргэжлийн туршлагатай хүн удирдаж байгаагийнх бидний төсөөлснөөс энэ банк хавьгүй илүү амжилттай, сайн үзүүлэлттэй юм байна. Төрд итгэл алдарч, улстөржих нь их ард түмэн шүү дээ, бид. Төр нь ч биднээрээ даажигнаж дуусахгүй л юм. Харин Төрийн банк бидний итгэлийг алдчихаагүй л байгаа юм байна гэсэн итгэл үнэмшил төрж байна.
Д.МӨНГӨНДАЛАЙ
Эх сурвалж: ӨДРИЙН СОНИН
Холбоотой мэдээ