“Ньюс агентлаг” энэ долоо хоногийн “ХҮМҮҮС” буландаа дэлхийн хамгийн залуу Ерөнхий сайдаар тодроод буй Финландын Ерөнхий сайд Санна Мирелла Мариныг онцолж байна. Өдгөө 34 настай Санна Марин мягмар гариг /2019.12.10/-т албан ёсоор ажлаа хүлээн авсан юм.
“Солонгон гэр бүл”-ийн охин Санна Марин
“Солонгон гэр бүл”-ийн охин Санна Марин 1985 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдөр Финландын Хельсинк хотноо мэндэлжээ. Тэрбээр айлын ганц хүүхэд бөгөөд түүнийг багад нь “солонгон хүүхэд” ч гэж хочилдог байж. Учир нь тэр их сургуульд ортлоо ээж болон ээжийнхээ эмэгтэй хамтрагчтай хамт амьдардаг байжээ.
Марин 2004 онд 19 настайдаа Пирккала ахлах сургуулийг төгсөж, 2017 онд Тампере их сургуульд удирдлагын шинжлэх ухаанаар магистрын зэрэг хамгаалжээ. Ийнхүү тэрбээр гэр бүлийнхнээсээ их сургуульд сурсан анхны хүн болсон байна.
Энэ хооронд 2006 онд тэр Социал Демократ намын Залуучуудын холбоонд элсэж, 2010-2012 онд тус байгууллагынхаа дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байжээ. 2012 онд 27 насандаа Тампере хотын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд сонгогдож, 2013-2017 онд ИТХ-ын даргын алба хашсан байна.
Дунд сургуульд байхаасаа л гэр бүлдээ нэмэр болохоор нарийн боовны цехэд ажилладаг байсан тэр ээжийнхээ талаар “Ээж минь намайг хэзээ ч хайр халамжаар дутааж байгаагүй, миний охин зорьсондоо хүрч чадна хэмээн цаг үргэлж дэмжиж ирсэн. Багадаа гэр бүлийнхээ ялгаатай байдлаас болоод тэр бүр ойр тойрныхоо хүмүүстэй ярилцдаггүй байсан болоод ч тэр үү би өөрийгөө үл үзэгдэгч шиг мэдэрдэг байсан” хэмээн ярьжээ.
Ерөнхийдөө түүний улс төрийн карьер маш хурдан дээшилсэн. 2014 онд өөрийн намынхаа хоёрдугаар орлогчоор сонгогдож, жилийн дараа 30 насандаа Финландын Парламентын гишүүнээр сонгогджээ. Үүнээс дөрвөн жилийн дараа буюу өнгөрсөн зургадугаар сард тэрбээр Зам тээвэр, харилцаа холбооны сайдын албан тушаалд томилогдсон байна.
Инстаграмчин ээж
Финландын шинэхэн Ерөнхий сайдыг дэлхий дахинд “Инстаграмын эрин үеийн улстөрч” хэмээн тодотгож байна. Дөнгөж 34 насандаа Ерөнхий сайд болж байгаа тэр бол яах аргагүй шинэ үеийн төлөөлөл.
Түүний нөхрийг Маркус Райкконен гэдэг. Тэд хараахан гэрлэж амжаагүй байгаа ч удаан хугацаанд хамтран амьдарч байгаа аж. Залуу хос Эмма Амалиа Марин гэх охины ээж, аав болоод 22 сар болж байгаа.
Цахим сүлжээнд маш идэвхтэй байдаг Санна парламентын гишүүн болсон ч бие давхар байх үеийнхээ дурсамжтай зургуудаа, далайн эрэг дээр амарч байгаа, тэр ч бүү хэл охиноо хөхүүлж байгаа зургаа хүртэл дагагчидтайгаа хуваалцаж байжээ. Мөн тэр ЛГБТ хүмүүсийн тал дээр ч нээлттэй ханддаг гэдгээ нуудаггүй, тэдний үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байгаагаа цахим хуудсандаа нийтэлсэн байдаг. Түүний инстаграмыг 81 мянган хүн дагадаг.
Түүний танхимын 47 хувь нь эмэгтэйчүүд
Ерөнхий сайдын ажлаа хүлээн авч тангаргаа өргөхдөө Санна “Би өдийг хүртэл өөрийн нас, хүйснийхээ талаар огт бодож байгаагүй. Улс төрд орсон гол шалтгаан болох ард түмний итгэл найдварыг алдахгүй юмсан гэж хичээж ирсэн” хэмээн ярьжээ.
Дэлхийн хамгийн аз жаргалтай улсаар тооцогддог Финланд улсын Эвслийн Засгийн газрын бусад дөрвөн намыг мөн л эмэгтэйчүүд удирддаг. Зүүн эвслийг 32 настай Ли Андерсон, Ногоон намыг 34 настай Мария Охисало, Төв намыг 32 настай Катри Кулмани нар удирддаг бол 55 настай Анна-Мажа Хенрикссон нь Шведийн Ардын намын дарга аж.
Финланд нь 1906 онд эмэгтэйчүүдэд улс төрийн бүрэн эрхийг олгосон анхны улс болсон бөгөөд анхны эмэгтэй Ерөнхийлөгч Тарья Халоненийг 2000 онд сонгож, тэрбээр 2012 он хүртэл албан тушаалаа хашсан юм. Мөн 2003 онд анхны эмэгтэй Ерөнхий сайд Аннели Жаэттенмакиг сонгосон байна.
Холбоотой мэдээ