&#34Шударга ёс&#34 эвсэл цэцийн дүгнэлтийг хүлээнэ гэв

Хуучирсан мэдээ: 2015.10.01-нд нийтлэгдсэн

&#34Шударга ёс&#34 эвсэл цэцийн дүгнэлтийг хүлээнэ гэв

УИХ дахь МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлэг өнөөдрийн хуралдаанаараа Сайд огцруулах эсэх тухай асуудлыг хэлэлцсэн ч Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг УИХ-аар хэлэлцэн шийдвэрлэсний дараа энэ асуудлыг хэлэлцэн байр сууриа нэгтгэх ёстой гэж үзсэн байна. Энэ талаар УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг мэдээлэл хийлээ.


Мөн бүлэг Өршөөлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн байна. Энэ талаарх байр сууриа Хууль зүйн байнгын хорооны хуралдааны үеэр илэрхийлнэ. Бүлгийн зарим гишүүд Засгийн газрын гишүүнээр томилогдсон тул ойрын хугацаанд Шударга ёс эвслийн бүлгийг удирдах даргыг сонгох аж. Өнөөдөр энэ асуудлыг хэлэлцэх байсан ч хоёр гишүүн гадаадад томилолттой, нэг гишүүн өвчтэй байсан тул ирц тааруу байжээ.


Сэтгүүлчдийн асуултад дараах хариулт өглөө.

-Танай бүлгийн гишүүн С.Баярцогт сайдыг огцруулах саналыг өргөн барьж, мөн нэг гишүүн Ерөнхий сайдыг огцруулах гарын үсэг цуглуулж байгаа. Энэ нь бүлэг дээрээ ярилцаж өргөн барьсан шийдвэр үү?

-Бүлгийн шийдвэр, байр суурь биш. Гишүүд хуулийн хүрээнд санаачлан өргөн барьж байгаа асуудал. Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах асуудлыг хөндөж байгаагаа Г.Уянга гишүүн тайлбарласан. Одоогоор Ерөнхий сайдыг огцруулах санал гаргаж, гарын үсэг цуглуулаад явж байгаа. Оюутолгойн гэрээний асуудал манай бүлэг дээр яригдсан. Дубайн гэрээтэй холбоотой асуудалд асуулга тавьж, сонсох сэдэв мөн. Харин УИХ дээр Ерөнхий сайдыг огцруулах асуудал өргөн баригдаагүй. Тийм учраас асуудал тодорхойгүй байхад бүлэг байр сууриа илэрхийлэхгүй.  Нэг том орд дээр болж байгаа үйл явдлаас  болоод Ерөнхий сайдыг огцруулаад байвал тогтож үлдэх Засгийн газрын тэргүүн байх уу. Энэ ордыг 100 жилээр ашиглахаар байгаа. Энэ талаар гишүүд мэдээлэл солилцож, саналаа хэлсэн.

-Энэ оны төсвийн тодотгол болон ирэх оны төсвийн төсөлд ямар байр суурьтай байна вэ?

-Төсөвт нэлээд хэмнэлт хийхээр тусгасан. Төсвийн тодотголд үлдсэн гурван сарын хугацаанд Төрийн нарийн бичгийн даргаас дээш албан тушаалтан болон  УИХ-ын гишүүдийн цалингийн 30 хувийг хасч цалинг олгохоор болсон мэдээллийг хэлсэн. Мөн наймдугаар сарын 31-нээс хойш гэрээ хийгдсэн,  ажил нь эхлээгүй байгаа ажлуудыг  цуцлахаар болсон. Хөрөнгө оруулалт, урсгал зардал мөн нэлээн хэмнэгдсэн байгаа.  Төсөв дөрвөн удаагийн хэлэлцүүлэг дамжиж хэлэлцүүлэгддэг тусгай дэгтэй.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж