СИЗМ буюу Дэлхийн цэргийн спортын байгууллагаас зохион байгуулдаг Дэлхийн армийн спортын наадам /World military games/ БНСУ-д зохион байгуулагдах гэж байна.
Армийн спортын наадамд Монгол Улсын Зэвсэгт хүчнийг төлөөлөн Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчид оролцохоор бэлтгэлээ хангаж дуусчээ. "Алдар" спорт хорооны 70 гаруй тамирчид тус наадамд спортын найман төрлөөр буюу байт харваа, бокс, буудлага, чөлөөт бөх, жүдо бөх, хөнгөн атлетик, таэквондо, дугуйн төрөлд хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөнө.
Монголын тамирчид маргааш эх орноосоо мордох тул Батлан хамгаалахын яам, "Алдар" спортын хорооны удирдлагууд баг тамирчдадаа амжилт хүсч, өчигдөр хүлээн авч уулзлаа.
Арга хэмжээнд Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр, БХЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Г.Сайханбаяр, Гадаад хамтын ажиллагааны газрын даргын үүрэг гүйцэтгэгч, бригадын генерал Ч.Сосорбарам, ЗХЖШ-ын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай, ЗХЖШ-ын газрын дарга нар болох бригадын генерал Ж.Бадамбазар, бригадын генерал Д.Ганзориг, "Алдар" спорт хорооны дарга, хурандаа Г.Өсөхбаяр нарын удирдлагууд оролцов.
Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр тамирчдад хандаж хэлсэн үгэндээ "Дэлхийн 140 орчим орныг эгнээндээ нэгтгэн үйл ажиллагаа явуулдаг Дэлхийн цэргийн спортын холбооноос 4 жил тутамд зохион байгуулдаг энэхүү тоглолт нь 1992 оноос эхлэн явагдаж ирсэн түүхтэй. Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо нь 60 гаруй жилийнхээ түүхэнд олон зуун шилдэг тамирчдыг бэлтгэснээс Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавъяат Дасгалжуулагч, гавьяат Тамирчин, олон улсын хэмжээний мастер, үндэсний бөхийн аварга, арслан гэх мэт 800 гаруй спортын алдартнуудыг төрүүлэн гаргасан Монгол Улсын биеийн тамир, спортын тэргүүлэх байгууллага юм. Энэхүү нэр хүндтэй тэмцээнд оролцох “Алдар” спорт хорооны баг тамирчиддаа спортын өндөр амжилт гаргаж, Монгол улс, Зэвсэгт хүчнийхээ нэр хүндийг дэлхийн тавцанд цуурайтуулахыг хүсэн ерөөе" гэсэн. Харин тамирчдыг төлөөлж Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын гавьяат тамирчин, хошууч О.Гүндэгмаа "Бид бүхэн энэ нэр хүндтэй тэмцээнд эх орныхоо нэрийг өндөр өргөхийн төлөө хичээн зүтгэнэ. Эх орноо батлан хамгаалах үйлсэд гар бие оролцож чаддаггүй ч, эх орныхоо нэрийг дэлхийн давцанаа цуурайтуулах бидний хүсэл зорилго юм" гэсэн юм.
Дашрамд сонирхуулахад, Монголын Зэвсэгт хүчний спортын байгууллага 1992 онд Бээжинд болсон СИЗМ-ийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээнд оролцож СИЗМ-д жинхэнэ гишүүнээр элссэн байдаг. Зах зээлийн эхэн үеийн хүндрэл бэрхшээлийн явцад татвараа төлөөгүй учир 1999 оноос сул гишүүнээр бүртгэгдэж явсныг 2012 онд дахин жинхэлж чадсан юм. Төлөөгүй татварыг тэглэх, цэргийн тамирчдыг энэ тэмцээнд оролцуулах алхмыг Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр тухайн үедээ ажил хэрэг болгож чадсан байдаг юм.
Монгол Улсын Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо нь Дэлхийн цэргийн спортын холбооны гишүүний хувьд тэмцээн уралдаан бусад арга хэмжээнд амжилттай оролцож дараах амжилтуудыг гаргаад байна.
1995 онд чөлөөт бөхийн төрлөөр Монголын Улсын Гавъяат Тамирчин, Монгол Улсын үндэсний бөхийн дархан аварга хурандаа Г.Өсөхбаяр мөнгөн медаль, 1999 онд жүдо бөхийн төрлөөр хошууч П.Нямлхагва алтан медаль, 2012 онд буудлагын төрлөөр багийн төрөлд алт, мөнгөн медаль хүртэж байсан бол 2014 онд боксын төрлөөр олон улсын хэмжээний мастер дэд ахлагч Б.Чинзориг алтан медаль, Монгол Улсын Гавьяат Тамирчин Н.Төгсцогт хүрэл медаль, чөлөөт бөхийн тэмцээнээс Монгол Улсын Гавъяат Тамирчин, ахмад Г.Мандахнаран, Монгол Улсын Гавъяат тамирчин ахлагч С.Цэрэнчимэд, ОУХМ Н.Лхамгармаа, ОУХМ О.Үйтүмэн нар алтан медаль, ОУХМ, ахлах ахлагч Д.Цогтбаатар, ОУХМ П.Орхон, С/М Ц.Бямбазаяа нар мөнгөн медаль, С/М Б.Батмагнай хүрэл медаль хүртэж, эрэгтэйчүүд багаараа алтан медаль, эмэгтэй тамирчид 2 дугаар байрт шалгаран түүхэн амжилтын эзэд болсоныг та бүхэн мэдэж байгаа билээ.
Энэ удаагийн тэмцээнд Монгол Улсын Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооноос Бээжин-2008 зуны олимпийн их наадмын мөнгөн медальт, Дэлхийн цэргийн аварга шалгаруулах тэмцээний багийн алт, мөнгөн медальт Монголын Улсын Хөдөлмөрийн Баатар, гавъяат тамирчин хошууч О.Гүндэгмаа, чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгөн медальт цэргийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний аварга Монгол Улсын Гавъяат тамирчин ахлагч С.Цэрэнчимэд нарын тэргүүтэй тамирчид оролцоно.
Эх сурвалж: БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМ