Мишель Эля: Би төгс залуу биш

Хуучирсан мэдээ: 2015.10.01-нд нийтлэгдсэн

Мишель Эля: Би төгс залуу биш

Америкийн кино чатуудыг тэргүүлж, олон сая доллар олоод буй “The Perfect Guy” буюу “Төгс залуу” киноны гол дүрийн жүжигчин Мишель Эля “ELLE” сэтгүүлд ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.

-Таныг харах гэж, таны жүжиглэлтийг үзэх гэж олон зуун хүн “Төгс залуу” киноны тасалбарыг худалдан авч байна. Энэ кино одоогийн байдлаар 140 сая ам.долларыг зөвхөн Америкийн зах зээлээс олоод байгаа. Киноныхоо тухай сонирхуулаач?

-Тоглосон уран бүтээл минь амжилт олж буйд баяртай байна. Тиймээ, энэхүү уран бүтээл хүмүүсийн анхаарлыг татахуйц гэж хэлэхэд болно. Адал явдалт, ерөнхийдөө нэг үгээр төгс бүтээл болсон.

-Кино үзсэн үзэгчдийн бараг 60 хувь нь эмэгтэйчүүд гэсэн. Та бол холливуудын хамгийн халуухан залуусын нэг?

-Мэдээж эдгээр бүсгүйчүүд намайг үзэх гэж ирсэн гэж хэлэх нь утгагүй хэрэг. Тэдний дунд надад дуртай эмэгтэй байхыг үгүйсгэхгүй. Өнөөдрийн амжилтыг ганцаараа бус олуулаа бүтээсэн. Кино бол хамтын бүтээл.

-“Төгс залуу” кинонд тоглох ямар байв. Та эсрэг талын дүр бүтээсэн шүү дээ?

-Кино эхлэхэд би төгс залуугаар гардаг. Кино үргэлжлэх буюу дуусахад би жинхэнэ араатан буюу хүн чоно шиг ааш гаргадаг. Тэсрэлттэй дүр бүтээх гайхалтай байсан. Зохиолоо уншаад л энэ кино муугүй амжилт олно гэдгийг мэдсэн.

-Би энэ киног хараахан үзэж амжаагүй л явна. Гэхдээ гурван трейлерийг нь үзсэн. Эхний трейлерт та үнэхээр төгс харагдаж байсан. Харин хоёр, гурав дахиас жинхэнэ төрх чинь гарч буй харагдсан?

-Төгс гэх үгний ард нуугдсан жинхэнэ үнэн. Дэлхийд иймэрхий төрлийн дүр эсгэсэн олон залуус бий.

-Дүр эсгэсэн нэгэнтэй уулзаж үзсэн үү?

-Дүр эсгэсэн хүмүүсийг харахад л андашгүй. Худлаа, үнэн инээмсэглэлийг ялгахад амархан байдаг шиг.

-Та өөрийгөө төгс залуу гэж боддог уу?

-Сайн мэдэхгүй л юм. Энэ асуултыг эхнэрээс минь асуух хэрэгтэй байх. Тэр бүсгүй үнэнийг өгүүлэх байх. Би өөрийнхөө дутгагдлыг мэддэг. Алдаа гаргахаас айдаг. Эмэгтэй хүнийг гомдоохоосоо айдаг. Ер нь төгс эр хүн гэж ямар хүнийг хэлэхийг хэн ч мэдэхгүй.

Ухаантай эсвэл баян байлаа гээд төгс болохгүй. Төгс хүн гэж байхгүй. Харин хичээл зүтгэлийн хүчээр төгс болох боломжтой.

-Таны эхнэр Катира өнгөрсөн онд амаржиж хүүтэй болсон. Хүүхэдтэй болох ямар байна даа?

-Гайхалтай. Хүүхэд бол үгээр илэрхийлэшгүй үзэсгэлэнтэй. Хүү минь хараахан ярьж сураагүй ч түүний харцнаас хайрыг олж хардаг. Аавыгаа харж буй тэр харц үнэхээр хөөрхөн.

-Хүүгийн тань нэр их өвөрмөц. Элижа. Яагаад ийм нэр өгсөн юм бэ?

-Зохиолын баатар. Хүүхэд байхдаа мэргэн баатрын тухай өгүүлдэг номонд Элижа гэдэг баатар гардаг юм. Элижа гэр бүлийнхээ төлөө өөрийгөө золиослодог.

-“Төгс залуу” кинонд жүжигчин Сана Латнам, Морфес Честун нартай тоглосон. Хамтран ажиллах ямар байв?

-Төгс байсан. /инээв/ Бид өмнө нь ямар нэг уран бүтээлд хамтран ажиллаж байгаагүй ч үнэхээр гар нийлж ажилласан. Ер нь сайн бүтээл гаргамаар байвал сайн баг буюу сайн гар нийлдэг хүмүүсийг бүрдүүлэх ёстой байдаг. Бид үнэхээр сайн хамтрагчид байж чадсан.

-Та гурвын тоглосон киног багачууд үзэх мэдээж хориотой. Жүжигчин Сана бол маш үзэсгэлэнтэй. Энэ бүсгүйг тэвэрч, үнсэх ямар байв?

-Бурхан минь. Бид нэг нэгнээ 10 гаруй жилийн өмнөөс таних болсон. Гэхдээ хэзээ ч тэр бүсгүйтэй хамт байж үзээгүй. Танихгүй бүсгүйгээс таньдаг бүсгүйгээ үнсэх хэцүү байдаг юм байна лээ.

-Харин танихгүй нь хэцүү бус уу?

-Мэдэхгүй ээ, надад л тэгэж санагдсан.

-Жүжигчин хүн олны өмнө ч нүцгэн гарах тохиолдол бий. Жүжигчин болоод хамгийн их ичиж байсан үе хэзээ тохиов?

-Хараахан нүцгэлж олны өмнө гараагүй л байна. Тиймээс нэг их эвгүй байдалд орж байгаагүй. Гэхдээ найруулагчийн хүссэн жүжиглэлтийг гаргаж чадахгүй загнуулж байхдаа өөрийгөө их зэмлэдэг.

-Та ихэвчлэн адал явдалт кинонд тоглодог. Ирээдүйд ямархуу дүр бүтээхийг хүсч байна.

-Надад тохирсон, хамгийн гол нь ур чадварыг минь эцсээ хүртэл шавхсан дүр байвал болох нь тэр. Гэхдээ “Титаник” шиг төрлийн кинонд тоглохыг мөрөөддөг.

Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Эх сурвалж: www.shuud.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж