НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч, нийслэл дэх Жендэрийн салбар хорооны дарга Ш.Анхмаатай ярилцлаа. “Жендэр ба хөгжил” нийслэлийн анхдугаар чуулганы талаар болон нийслэлийн жендэрийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөр батлагдах гэж байгаатай холбогдуулан бид ярилцсан юм.
-Их хотын нийгмийн салбар, тэр дундаа жендэрийн асуудлыг хариуцан ажиллаж байгаагийн хувьд ярилцлагынхаа эхэнд таниас нэг зүйл тодруулах гэсэн юм. Жендэрийн талаар ихэнх хүмүүс явцуу ойлголттой байдаг. Тухайлбал та жендэрийг юу гэж ойлгодог вэ?
-Жендэр бол дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн хөгжлийн чухал шалгуур үзүүлэлт төдийгүй хөгжилд хүрэх хүмүүнлэг арга зам гэж би ойлгодог. Тийм ч учраас жендэрийн асуудалд нухацтай хандах учиртай. Нийгэм, эдийн засгийн бодлогыг оновчтой тодорхойлж, тууштай баримталж, үр дүнтэй хэрэгжүүлэхэд жендэрийн мэдрэмжтэй шийдэл маш чухал. Тухайн орон нутагт амьдарч байгаа иргэд эрэгтэй, эмэгтэй хүмүүс, охид, хөвгүүдээс л бүрддэг. Харин тэрхүү хүмүүсийн хүйсийн ялгаатай байдлаас үл хамааран эрх, тэгш амьдрах орчныг нь бүрдүүлэх, нийгмийн баялгийг зүй зохистой хуваарилхад жендэрийн мөн чанар оршдог. Жендэрийн тухай ярихаар бид заавал жендэрийн мэдрэмжтэй төлөвлөлтийн тухай ярих хэрэгтэй болно. Учир нь хотын хэмжээнд жендэрийн асуудлыг шийдвэрлэхэд жендэрийн мэдрэмжтэй төлөвлөлт, түүнийг дагаад төсөвлөлт, хяналт-шинжилгээ, үнэлгээний асуудал давхар яригдах ёстой. Жендэрийн мэдрэмжтэй гэхээр л хэдэн хүүхнүүд эмэгтэйчүүдийнхээ л асуудлыг яриад байна гэж зарим хүмүүс ойлгодог. Гэтэл энэ бол эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан гээд бүгдэнд нь хүртээмжтэй, эрх тэгш байдлыг бий болгохыг хэлнэ. Жендэрийн эрх тэгш байдлыг хангахын тулд жендерийн мэдрэмжтэй хот төлөвлөлтийг бүрдүүлэх шаардлагатай. Энэ нь ерөөсөө хүн амьдрахад таатай, бүх талаасаа иргэдэд ээлтэй орчинг л хэлээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, хот бол машин, байшинд биш хүнд л зориулагдах учиртай. Хот бол эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхэд багачууд, өндөр настнуудад зориулагдсан байх ёстой.
-“Жендэр ба хөгжил” нийслэлийн анхдугаар чуулган өргөн бүрэлдэхүүнтэй, олон чухал асуудлуудыг хөндөж чадлаа. Та энэхүү чуулганаас юуг онцлох вэ?
-Улаанбаатар хотын захирагч бөгөөд Засаг даргын ивээл дор “Жендэр ба хөгжил” нийслэлийн анхдугаар чуулган болж өнгөрлөө. Чуулганд нийслэлийн удирдлагууд эмэгтэйчүүдийн байгууллагын удирдлагууд болон холбогдох албаны хүмүүс, хамгийн чухал нь жендэрийн тэгш байдлыг хангахад голлох нөлөө үзүүлэх иргэдтэй шууд харилцаж буй нийслэлийн төрийн өмчийн 140 сургуулийн захирал, 240 цэцэрлэгийн эрхлэгч, 160 гаруй хороон Засаг дарга, нийгмийн ажилтнууд, нийслэлийн хэрэгжүүлэгч агентлагуудын удирдлага, холбогдох мэргэжилтнүүд оролцсон. Энэ нь жендэрийн мэдрэмжтэй байдлыг төрийн албанд төлөвшүүлэхэд чухал нөлөөтэй болох нь бидний хэрэгжүүлсэн “Нийслэлийн жендэрийн эрх тэгш байдлын дүн шинжилгээ” судалгааны дүгнэлтээс харагдаж байгаа юм. Мөн “Нийслэлийн жендэрийн тэгш байдлыг хангах дэд хөтөлбөр”-т чуулганы төлөөлөгчдөөс санал авч, эцсийн байдлаар батлагдахад бэлэн болж буй нь энэхүү чуулганы хамгийн чухал ач холбогдолтой үйл ажиллагаа байлаа. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралд нэр дэвшиж байхдаа би тойргийнхоо иргэдийн амьдралтай танилцаж, санал бодлыг нь сонсохоор олон айлуудаар орсон. Тэдгээр өрхүүдийн 50 орчим хувийг эмэгтэйчүүд тэргүүлж байсан.
Энэ тоо хэтэрхий их санагдаж болох ч бодит байдал дээр нөхөр нь нас барсан, гэр бүл цуцалсан шалтгаанаас гадна хилийн чанадад эсвэл өөр орон нутагт хөдөлмөр эрхэлж байгаа, цэрэгт явсан, ял эдэлж байгаа зэрэг шалтгааны улмаас эмэгтэй тэргүүлэгчидтэй өрхийн тоо ихсэж байгаа нь харагдаж байсан. Тийм ч учраас ажлаа авсан даруйдаа жендэрийн нөхцөл байдлын судалгааг нийслэлийн хэмжээнд нарийвчлан гаргуулах талаар анхаарал хандуулсан. Гэхдээ тухайн үед жендэрт зориулсан төсөв байгаагүй. Тиймээс гадны донор байгууллагуудад хүсэлтээ хүргүүлсэн юм. Швейцарийн хөгжлийн агентлаг, Германы хамтын ажиллагааны нийгэмлэгийн зүгээс саналыг маань хүлээн авч, “Нийслэлийн жендэрийн эрх тэгш байдлын дүн шинжилгээ” болон есөн дүүргийн жендэрийн нөхцөл байдлын судалгааг хийхэд дэмжлэг үзүүлсэн. Бид энэхүү дүн шинжилгээнд үндэслэн “Нийслэлийн Жендэрийн эрх тэгш байдлыг хангах” дэд хөтөлбөрийг боловсруулж, батлуулан хэрэгжүүлэхээр ажиллаж байна.Түүнчлэн чуулганы үеэр Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллага, олон улсын байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллага болон нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын жендэрийн чиглэлээр хэрэгжүүлсэн үйл ажиллагааг нь үнэлэн, жендэрийн мэдрэмжтэй шийдэл бүхий сайн туршлагыг олон нийтэд сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор шилдэг байгууллагуудыг шалгаруулсан юм.
Тухайлбал, Жендэрийн мэдрэмжтэй төрийн байгууллагаар Монгол Улсын Үндэсний статистикийн хороо шалгарсан. Тус байгууллагын бүх түвшний удирдлагуудын хүйсийн харьцаа 50/50 бөгөөд, Байгууллагын эцэг эхийн зөвлөл, Соёл, спорт, эрүүл мэндийн зөвлөлүүдийг болон Байгууллагын ёс зүйн хороог тус тус байгуулан ажиллаж байгаа. Бодлогын хэрэгжилтээс гадна бодитоор ажилчдынхаа нийгмийн асуудлыг бүрэн шийдвэрлэсэн гэж ойлгож болно. Монгол Улсын Үндэсний статистикийн хороо нь нийт албан хаагчдаа эмчийн үзлэгт тогтмол хамруулж, спортоор хичээллэхийг дэмжин ажиллаж байгаа төдийгүй ээж аавынхаа ажил дээр ирсэн хүүхдүүдийг саатуулах, тоглох, амрах, гэрийн даалгавраа хийх орчин нөхцлийг бүрдүүлсэн хүүхдийн өрөөг тохижуулсан. Түүнчлэн ахмадын зөвлөх үйлчилгээг нэвтрүүлж албан өрөөг тохижуулан, туршлага хуваалцах боломжоор албан хаагчдаа хангасан байна. Мөн Жендэрийн мэдрэмжтэй хэвлэл мэдээллийн байгууллагаар Монголын Үндэсний олон нийтийн радио телевиз шалгарсан бөгөөд тус телевиз нь жендэрийн мэдрэмжтэй олон контентыг нэвтрүүлж байгаагаас гадна байгууллагын дэргэдэх цэцэрлэг нээн ажиллуулж, нийт ажилчдынхаа хүүхдүүдийг бүрэн хамруулаад байна.
-Нийслэлийн жендэрийн нөхцөл байдал ямар түвшинд байна вэ. Маргааш ямар түвшинд хүргэнэ гэж төлөвлөж байгаа бол?
-Бидний хийсэн судалгааны дүнгээс харахад 2019 оны байдлаар дэлхий дахинаа эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн наслалтын зөрүү дунджаар дөрвөн жил байдаг бол Монгол Улсад есөн жил. Үүнээс нийслэлд сүүлийн хоёр жилийн байдлаар 8.2 жил байгаа нь хэт зөрөөтэй тоо юм. Эрэгтэйчүүдийн нас баралтын шалтгааныг өвчлөлийн болон өвчлөлийн бус гэж ангилж байна. Өвчлөлийн бус шалтгааны нэгдүгээрт амиа хорлолт, хоёрдугаарт спиртэд санамсаргүй хордох хоёр шалтгаан дийлэнх хувийг эзэлж байгаа нь харамсалтай. Энэ нь эр хүн уйлдаггүй, эр хүн цөөн үгтэй, эр хүн амьдралын хүндийг үүрэгч зэрэг жендэрийн хэвшмэл буруу ойлголттой холбоотойгоор сэтгэлзүйн тогтворгүй байдалд ордогтой нь холбон тайлбарладаг. Иймээс жендэрийн бодлого эрэгтэйчүүд рүү илүү их чиглэх хэрэгцээ, шаардлага үүсээд байгааг илтгэн харуулж байна.
Учир нь гэр бүлийн аз жаргал, эхнэрийн аз жаргалаар тодорхойлогддог гэж бид ярьдаг шүү дээ. Тэгвэл эхнэрийн аз жаргалтай, сэтгэл тайван байдал нөхрөөс шууд хамааралтай гэхэд хэлсдэхгүй биз ээ. Тийм ч учраас яг өнөөдрөөс эхлэн жендэрийн асуудалд анхаарлаа илүү их хандуулах хэрэгтэй гэдгийг “Нийслэлийн жендэрийн эрх тэгш байдлын дүн шинжилгээ”-нээс харж болно. Түүнчлэн 2017 оны байдлаар гэр бүлийн хүчирхийлэлд 642 иргэн өртсөнөөс 54 хувь нь эхнэр, 5 хувь нь нөхөр, 21 хувь нь хамтран амьдрагч, үлдсэн нь эмэгтэйчүүд, хүүхдүүд байна. Хараа хяналтгүй хүүхдийн тоог бууруулах, охид эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалах, урьдчилан сэргийлэх шаардлагатай байна. Хамгийн эхлээд судалгаа, нотолгоо баримт хэрэгтэй. Харин дараа нь түүнд тохирсон зөв шийдвэрээ гаргаад, хэрэгжүүлэх л чулах юм. “Нийслэлийн жендэрийн тэгш байдлыг хангах дэд хөтөлбөр” батлагдаж, албан ёсоор хэрэгжиж эхэлснээр хүн төвтэй буюу хөгшид, эмэгтэйчүүд, хүүхэд, эрэгтэйчүүд гээд бүгдэнд нь адил хүртээмжтэй, жендерийн мэдрэмжтэй төлөвлөлт,төсөвлөлттэй хот болно гэж харж байна.
-Тус дэд хөтөлбөрийн талаар тодруулбал?
-“Нийслэлийн Жендэрийн эрх тэгш байдлыг хангах” дэд хөтөлбөр нь хоёр үе шаттайгаар 2020-2025 онд хэрэгжих бөгөөд НҮБ-аас батлагдсан дэлхийн тогвтортой хөгжлийн бодлогын баримт бичгийн тавдугаар зорилт, Монгол Улсын Тогтвортой хөгжил-2030, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль болон бусад салбарын бодлогоын баримт бичгүүдтэй уялдаа холбоотой боловсруулагдсан. Энэхүү дэд хөтөлбөрийн зорилго нь нийслэлийн хөгжлийн бодлого, хөтөлбөр, эрх зүйн орчинд жендэрийн үзэл баримтлал тусгах, жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт, төсөвлөлт, хяналт-шинжилгээ, үнэлгээний арга зүйг нэвтрүүлэн хэрэгжүүлэх, бүх түвшинд жендэрийн хэвшмэл үзэл буюу сөрөг хандлагыг өөрчлөх замаар Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд оршиж байгаа юм.
-Улаанбаатар хот жендэрийн асуудлаар баримтлах бодлогын баримт бичигтэй болох гэж буй нь сайхан мэдээ байна. Гэхдээ хэрэгжилтэд нь нийслэлийн иргэний хувьд санаа зовниж байгаа гэдгээ нуулгүй хэлье. Асуудлыг шийдвэрлэх гарцыг хэр зэрэг тодорхой тусгасан бол?
-Тус дэд хөтөлбөрийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд дөрвөн зорилтын хүрээнд 50 гаруй үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөсөн. Тухайлбал, Нийслэл, дүүрэгт жендэрийн чиглэлээр мэргэшсэн, жендэрийн асуудлыг дангаар хариуцсан орон тооны мэргэжилтэнтэй болох, есөн дүүргийн Эрүүл мэндийн төвд “Эрэгтэйчүүдийн кабинет” байгуулж, эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, мөн тэдний сэтгэц, сэтгэл зүйн эрүүл мэндийн үйлчилгээг нэмэгдүүлэх чиглэлээр төв байгуулан, мэргэшсэн эмч, сэтгэл зүйчдийг бэлтгэх, зорилтот бүлгийн иргэдэд хүрсэн үйлчилгээг нэвтрүүлэх зэрэг олон талт ажлуудыг тусгасан байгаа. Төлөвлөгдсөн үйл ажиллагаануудыг зохих шалгуур үзүүлэлтийг хангасан байдлаар зохион байгуулсны дараа нийслэлийн төрийн байгууллагын нийт албан хаагчдын жендэрийн талаарх ойлголт нэмэгдэж, хандлага сайжирч, улмаар жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлт, төлөвлөлт, хяналт-шинжилгээ, үнэлгээг төрийн байгууллагын түвшинд нэвтрүүлж, төр хувийн хэвшлийн түншлэлийг сайжрууах юм. Түүнчлэн иргэд, олон нийтийн жендэрийн талаар хэвшмэл буруу ойлголтыг засаж, иргэдэд ээлтэй хотыг бий болгоход томоохон нөлөө үзүүлнэ гэж харж байна.
-Нийслэл хот жендэрийн асуудалд анхаарч ажиллаж байгаа нь сайшаалтай. Хотын зүгээс жендэрийн мэдрэмжтэй шийдэл бүхий иргэдийн аж амьдралд шууд нөлөөлөхүйц ямар үйл ажиллагаа хэрэгжүүлж байна вэ? -Улс, нийслэлийн удирдлагуудын зүгээс нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн төлөө богино хугацаанд хийсэн зоримог алхмууд жендэрийн мэдрэмжтэй сайн жишээ болж байгаа. Тухайлбал, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлсэн явдал. Энэ нь зөвхөн хүүхдүүдэд ээлтэй шийдвэр төдийгүй эцэг, эхчүүдийг ажлаа тайван хийх нөхцлийг бүрдүүлж, ирээдүйн иргэдэд томоохон хөрөнгө оруулалт болсон үр дүнтэй ажил юм. СӨБ-д хамрагдалт 2016 онд 70.2 хувь байсныг олон улсын стандартад нийцүүлэн 2020-2021 оны хичээлийн жилд 85 хувьд хүргэхээр зорьсон бөгөөд өнөөдөр 84 хувьд хүрээд байна. Мөн гурван ээлжээр хичээллэдэг сургууль 2016 онд 31 байсан бол өнөөдөр нэг болтлоо буурч, нийслэлийн бүх ЕБС-иуд хоёр ээлжид бараг бүрэн шилжээд байна. Өнгөрсөн сараас “Сургуулийн автобус” төслийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд тус үйл ажиллагааны хүрээнд 5000 гаруй хүүхдийг аюулгүй тээвэрлэснээр эцэг, эхчүүдийн цагийг хэмнэх, тэднийг хөдөлмөр эрхлэх боломжоор хангах, ингэснээр өрхийн орлого нэмэгдэх, түүнчлэн хотын түгжрэл буурах чухал ач холбогдолтой юм. Мөн нийслэлийн агаарын бохирдлын хэмжээ өмнөх жилүүдийнхээс буурсан үзүүлэлттэй байгаа нь жендэрийн мэдрэмжтэй хамгийн өндөр үр нөлөөтэй шийдэл болсон гэж харж байна.
ЭХ СУРГАЛЖ: ULAANBAATAR.MN
Холбоотой мэдээ