Баянчандманьд гарсан хэргийн мөрөөр

Хуучирсан мэдээ: 2015.10.01-нд нийтлэгдсэн

Баянчандманьд гарсан хэргийн мөрөөр

-БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА, СЭЖИГТЭН Г.АРИУНБОЛД БАТЛАН ДААЛТАД ГАРЧЭЭ-

Төв аймгийн Баянчандмань суманд өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт төрийн албан хаагчид холбогдсон, онц ноцтой хэрэг гарсан талаар бид мэдээлсэн. Болсон явдлын талаар мэдээлэл авахаар Төв аймгийн Баянчандмань сумаас дараах сурвалжлагыг бэлтгэн, хүргэж байна.


ХЭРГИЙГ САНУУЛАХАД

Баянчандмань сумын Засаг даргын тамгын газарт малын эмч хийдэг Б гэх 26 настай бүсгүйг хуралд сууж байх үед нь Засаг даргын орлогч Б.Ханбаатар, Тамгын газрын дарга Г.Ариунболд нар дуудсан байдаг. Тухайн үед малын гоц халдварт өвчин гарсан гэх нэрийдлээр бүсгүйг хуурч, айлын унага тамганы найранд аваачсан хэмээн эх сурвалжууд мэдээлсэн. Улмаар архидан согтуурч, Засаг даргын орлогч Б.Ханбаатар бүсгүйг машинаар авч явснаар энэ хэрэг манджээ. Хэргийн газарт албаныхныг очиход Б.Ханбаатар согтууруулах ундаа их хэмжээгээр хэрэглэсэн байдалтай машин дотроо байсан бол хохирогч бүсгүй их хэмжээний цус алдаж, зодуулсан байдалтай машины гадна ухаан алдсан байжээ.

ОДОО

Хохирогч болох 26 настай Б бүсгүйг өнгөрөгч баасан гаригт нийслэлд авчран, Улсын нэгдүгээр төв эмнэлэгт хэвтүүлсэн. Одоогоор Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Сэхээн амьдруулах тасагт эмчилж байгаа юм. Харин Баянчандмань сумын Засаг даргын орлогч Б.Ханбаатарыг Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Цагдан хорих төвд саатуулсан.

ГАЗАР ДЭЭР НЬ

Хохирогч бүсгүйн хувьд Баянчандмань сумын Засаг даргын тамгын газарт малын эмчээр ажиллаад жил орчим л болж байжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар хохирогч Б-гийн хувьд Борнуур сумынх аж. Баянчандмань суманд гурав орчим насны хүүхэдтэйгээ дотуур байранд амьдардаг байжээ. Биднийг очиход түүний амьдарч байсан өрөө цоожтой байсан юм. Хөршийнх нь мэдээлснээр “Б ихэнхдээ ганцаараа амьдардаг байсан. Хүүхэд нь хааяа хамт байж харагддаг. Одоо гэрийнхэн нь Б-г сахихаар хот руу явсан сурагтай байсан. Хүүхэд нь Борнуурт байгаа болов уу. Эднийх хүнгүй байгаа” гэв. Хэрэг болохын урд өдөр бүсгүй хуралд сууж байжээ. Гэтэл Б.Ханбаатар нар Б рүү хурлын дундуур байн байн залгаж, “Айлын үхэр үхээд байна, хурдан явах хэрэгтэй байна” гэж байжээ. Ингээд бүсгүйг дагуулан сумаас холгүй, цагдаагийн “Сүүж” амралтад дагуулан очсон гэв.

Б.Ханбаатар тэргүүтэй сэжигтнүүдийн хувьд Төв аймгийн Баянчандмань суманд өссөн, унаган хүүхдүүд хэмээн нутгийнхан нь хэлж байв. Тамгын газрын дарга Г.Ариунболдын хувьд энэ албан тушаалд томилогдоод хоёр сар болсон, харин Засаг даргын орлогч Б.Ханбаатарын хувьд дөрвөн жил орчим хугацаанд ажилласан хэмээн эх сурвалж дурьдав.

Харин Г.Ариунболдын хувьд батлан даалтанд гарсан, өдгөө Тамгын газартаа ажлаа хийж байгаа аж. Түүнтэй уулзахаар Тамгын газарт очсон ч ажлаар хөдөө явсан гэх тайлбарыг өгч байсан юм.

Сумын дотуур байр. Хохирогч Б энд амьдардаг байжээ.

Сумын дотуур байр. Хохирогч Б энд амьдардаг байжээ.

Баянчандмань сумын Засаг даргын тамгын газрын байр.

БЭЛТГЭСЭН. Б.ЗАЯА, Ц.АРИУНБОЛД

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж