Алиалагч Р.Мандах-Оргил: Жокер шиг мэдрэмж төрдөг | News.MN

Алиалагч Р.Мандах-Оргил: Жокер шиг мэдрэмж төрдөг

Алиалагч Р.Мандах-Оргил: Жокер шиг мэдрэмж төрдөг

Алиалагч Р.Мандах-Оргил: Жокер шиг мэдрэмж төрдөг

Шинэ жил гэхээр бидний санаанд өвлийн өвгөн, цасан охин бас алиалагч буудаг. Сургуулийн багт наадмаар алиалагч урт дурангаа сунгаад хэн энэ жил онц, муу сурсан байна гээд хүүхдүүдийг инээлгэдэг байж билээ. Энэ дүрийг эрж явсаар “Кон-Арт” орчин үеийн урлагийн төвийн захирал Р.Мандах-Оргилтой уулзсан юм. Тэрбээр өөрийн бүхий л амьдралаа алиалах урлагт зориулжээ. Ялангуяа циркийн тайзыг түүнээс салгаж ойлгохын аргагүй. Тэр пантомимо буюу үггүй жүжиглэх урлагийн үндэс суурийг Монголд анх тавьжээ. 

-АЛИАЛАГЧ АМАР МЭРГЭЖИЛ БИШ-

Хүн инээлгэх хамгийн хэцүү гэдэг. Алиалагч болсон түүхээс тань яриагаа эхэлье?

-Алиалагч болно гэж би ерөөсөө бодож, мөрөөдөж байгаагүй. Гэхдээ багаасаа циркт их дуртай байлаа. Монголын циркийг үндэслэгч Л.Нацаг, Д.Гомбо гэж хүмүүс 1970-аад онд Дарханд ирээд байхдаа хүүхдүүд шалгаруулж авсан юм. Тэдний нэг нь би болж, Отгон багшийнхаа шавь болж байлаа. Нэг зүйлийг онцолж хэлэхэд, одоо хүртэл Монголын цирк Н.Отгон багшийн үзүүлбэрийг хийж чадаагүй байна. Ийм л мундаг хүмүүсээр чиглүүлүүлж, би циркийн урлагт есөн настайдаа хөл тавьж байв. Ингэж явсаар нэг удаа хамгийн анх шинэ жилээр торхтой инээдмийн үзүүлбэр хийх даалгавар өглөө. Дөрвөн торх эгнүүлж тавиад, дээр нь үсрээд явдаг. Инээдмээс гадна их хүнд үзүүлбэр. Чадал тэнхээ, авхаалж их шаардана. Тэр үед циркийн найруулагч Э.Бадар-Ууган агсан байсан. Тэгээд ямар ч байсан үзүүлбэрээ амжилттай хийж гүйцэтгэлээ. Удалгүй тавдугаар сард олон улсын циркийн тоглолт боллоо. Тоглолтын үеэр Цэеэ ах бэртэл авч, оронд нь тоглох хүн хэрэгтэй болоход уран сайхны удирдаач байсан Ардын жүжигчин Ё.Норовсүрэн гуай Д.Батсүх бид хоёрыг гарч тоглох үүрэг өглөө. Тэгээд бид хоёр тайзны ард бэлтгэл хийж байгаад шууд тайз руу гарч билээ. Миний албан ёсоор алиалагч болсон тайз гэвэл энэ. Их сандарч, айж байв. Нүүрээ будчихсан хэрнээ л миний хацар улайгаад байсан. Уг нь би циркийг их том гэж боддог байв. Гэтэл тэр өдөр надад яг л молоконы лааз шиг бүгчим, халуун санагдаж байсан.

-Алиалагч болно гэж огт бодож, төсөөлж байгаагүй хүн ажилдаа хэдийнээс дурлаж эхлэв?

-Тэрийг мэдэртэл цаг хугацаа орно шүү дээ. Мэргэжилдээ нэлээн сайн дадаад ирсний дараа алиалагчаар явбал болох юм байна гэсэн бодол төрж эхэлсэн. Тэр үед Ж.Данзан, Б.Содном, Д.Энхээ, Цэеэ ах, Т.Латиф, Батсүх гээд маш сайн алиалагч байв. Мэргэжилдээ дуртай болоход минь тэд бас их нөлөөлсөн. Харамсалтай нь, чадалтай алиалагчид маань эрт яваад өгсөн дөө. Циркийн урлаг хэцүү. Ялангуяа алиалагчид үзүүлбэр үзүүлэхээс гадна хүн инээлгэнэ. Бэртэж, гэмтэхээс эхлээд сэтгэл зүйн хувьд байнгын өөрчлөлтөд орно. Хаана ч явсан хүн инээлгэх талаар бодож явах. Э.Бадар-Ууган агсан анх намайг алиалагч болоход мянган онигоо цээжлэх үүрэг өгч байлаа. Өөрөө онигоо их сайн ярьдаг хүн шүү дээ. Мянгаас би талыг нь цээжилсэн байх. Алтны хажууд гууль шарлана гэгчээр ийм сайхан хүмүүстэй ажиллаад эхлэхээр өөрийн эрхгүй ажилдаа дурлах болсон. Тэгээд үзэгчдийн инээж буйгаас кайф авах ямар сайхан гэдгийг мэдэрч эхлэх тусам улам гоё үзүүлбэр хийхийг хүсэж эхэлдэг юм байна. 1998 онд циркээс би нэг хэсэг тусдаа гарсан. Учир нь би өөрөө ярихгүй үзүүлдэг пантомимо урлагт их дуртай байсан. Тэгээд энэ урлагыг Монголд хөгжүүлэх гэж тусдаа сургууль нээсэн юм. Арван алиалагч бэлдэж, инээдмийн тоглолтууд хийдэг байв. Олон улсын уралдаан, наадамд их оролцож байлаа. Монголын пантомимо муу биш. Азидаа Япон, Солонгос хоёртой эн зэрэгцдэг. 13 улсын театр оролцсон олон улсын уралдаанаас бид таван шагнал авч байв. Уран бүтээлийн гуравдугаар байр, шилдэг эрэгтэй жүжигчин, гурван тусгай байрыг нь эзэлж байлаа.

-ЖОКЕР ШИГ МЭДРЭМЖ ТӨРДӨГ-

-Та сэтгэл зүйн өөрчлөлтөд их ордог гэлээ. Алиалагчийг бид дандаа инээдэм гэж хардаг. Гэтэл нөгөө талдаа энэ чинь хүн. Хэдий хүмүүсийг инээлгэж явдаг ч сэтгэл рүү нь бид тэр бүр өнгийдөггүй?

-Юутай ч хүмүүсийг инээлгэх ёстой, тийм ээ. Гэхдээ утга учиргүй инээлгэх биш тодорхой зорилго байх ёстой. Алиалагч хүн гэдэг нэг ёсондоо тухайн хүн, нийгмийнхээ тусгал байдаг. Хүний дотоод сэтгэл баяр гуниг, зовлон жаргал, эсвэл нийгмийн болж бүтэхгүй асуудлыг өөрийн үзүүлбэрээр инээдэм хэлбэрээр хүмүүст хүргэдэг. Тухайлбал, бид социализмын үед Эвлэлийн хорооны шинэ жилд уригдаад, дарга нарын өмнө тоглохдоо тухайн үеийн нийгмийг шүүмжилж л байлаа.

-Зоригтой байж шүү. Таныг ингээд ярихаар Жокер кино санаанд орчихлоо. Та тэр киног үзсэн үү?

-Сонссон, үзэж амжаагүй.

-Нийгмийн асуудал, хүн хоорондын харилцаа, дотоод мөн чанарыг алиалагчийн мэдрэмжээр илэрхийлж гаргасан бүтээл. Үзсэн бол таны сэтгэгдлийг сонсохыг хүссэн юм?

-Наад асуудал чинь бидэнд байдаг. Тийм мэдрэмж төрдөг. Алиалагч хүн их өндөр мэдрэмжтэй. Тухайн цаг үеийн давалгаа, нийгмийн үзэгдлийг бид мэдэрч “халуухан” тоглолтууд хийдэг л байсан. Хуучин нийгэмд галивлет гэж байхад ч бид нийгмийн байдлыг шүүмжилдэг байв. Яг л ийм зөрчил алиалагчийн сэтгэл дотор байдаг учир магадгүй эрт өөд болдог байх талтай. Маш олон чадвар шаарддаг мэргэжил. Бие бялдрын хувьд хүчтэй байхаас гадна сэтгэл зүйгээр мөн хүчтэй байх хэрэгтэй болдог. Тэгсэн мөртлөө цалин их бага. Насаараа энэ урлагт зүтгэчихээд тэтгэвэр хамгийн доод хэмжээгээр аваад сууж байна шүү дээ. Үүнээс болоод олон хүн циркээ орхиж, биеэ дааж эхэлсэн. Батсүх хүртэл хошин урлаг руу орсон. Цирк энэ хүнийг алдана гэдэг том гарз байхгүй юу. Би тэгэхэд ганцаараа үлдсэн. Үлдэх шалтгаан ч байсан.

-Ямар шалтгаан байсан бэ?

-Циркт уяатай байхаас өөр аргагүй төрөл сонгочихсон байсан. Энэ бол амьтадтай үзүүлбэр. Муур, нохой, гахай, илжигтэй алиалагчийн үзүүлбэр. Энэ хэдийгээ би хаяад явж болохгүй. Тэд бол миний амьдралын анд нөхөд. Тэднийг сургах гэж би багагүй хугацаа зарцуулсан. Тэр үед Оросын Ю.ДКуклачёв гээд дэлхийн анхны мууртай алиалагч байсан. Тэр хүн 35 мууртай 5 маллагчтай. Гэтэл би хоёр мууртай дээр нь хоёр гахай, илжиг, нохойтой байсан. Ганцаараа маллана, өөрөө бүгдийг нь хийнэ. Хүмүүс илжиг хамгийн тэнэг амьтан гэдэг. Гэтэл илжиг айхтар ухаантай мөртлөө зөрүүд амьтан байхгүй юу. Гахай ч гэсэн. Бохир заваан амьтан л гэдэг. Үнэндээ гахай хамгийн цэвэрч амьтан. Муур, нохой бас л их ухаантай амьтад.

-Алдар нэр, амжилтын алинд ч хамтдаа байсан эдгээр амьтдаа үгүй болоход танд хэцүү байсан байх даа?

-Тэгэлгүй яах вэ. Гэр бүлийн гишүүдээ алдсан юм шиг л санагдана. Эднийгээ сургах гэж би хоёр жил болсон. Эхэндээ яаж сургах эвээ олоогүй. Энд тэнд хүмүүсээс их зөвлөгөө авна. Тэгээд л тууштай хөдөлмөрлөнө дөө. Илжиг маань зөрүүд амьтан, сурч өгөхгүй. Нэг удаа сургуулилж байгаад чихэн дээр нь үртэс наалдчисан байхаар нь үлээтэл чихээ хөдөлгөж байна шүү. Дахиад нөгөөх чих рүү нь үлээлээ, бас хөдөлж байна. Дундуур нь үлээлээ, хоёр чихээ хөдөлгөж байдаг шүү. Тэгээд л шууд үзүүлбэр болгож байгаа юм. Манай илжиг их ухаантай амьтан, хүний хэл ойлгоно. Ойлгохоороо чихээ хөдөлгөнө, тийм биз дээ гээд чих рүү үлээчихнэ. Хөдөлгөж үзүүлнэ, хүүхдүүд инээлдэнэ. Ер нь циркийн тоглолтын хамгийн үнэнч үзэгчид бол хүүхдүүд. Тэдний инээж буй нь хүртэл үнэн сэтгэлийн, цагаахан байдаг. Тэдний үг, үйлдлээс бид эргээд үзүүлбэрийн санаа авна. Өнгөрсөн хугацаанд бид зүгээр суусангүй. Монголд байгаа хүүхдийн бүх эмнэлгээр явж үнэгүй тоглож үзүүлсэн. Халдвартай, тусгаарлагдсан хүүхдүүд дээр хүртэл очиж тоглож байв. Янз бүрийн хавдартай хүүхдүүд ч байна. Цусны хүнд өвчтэй ч гэсэн хэсэг хугацаанд зовлонгоо мартаад инээнэ. Мэдээж хүчтэй инээж чадахгүй ч гэсэн инээмсэглэнэ.

-ХҮҮХЭД БОЛ ХАМГИЙН ҮНЭНЧ ҮЗЭГЧ-

-Өнгөрсөн долоо хоногт цирк өвөл цагийн тоглолтын нээлтээ хийлээ. Хүмүүс хэр их үзэв, ялангуяа бяцхан үзэгчиддээ ямар үзүүлбэр сонирхуулав?

-Хүмүүс битүү байлаа. Үзэгчид биднийг үнэхээр сайхан хүлээж авсан. Амралтын өдөр гэр бүлээрээ ирж үзэж байна. Одоо хүмүүс нэг үеэ бодвол циркийг эргээд сонирхдог болж. Бид хэдий алиалж, инээдэм наргиа үзүүлж байгаа ч хүүхдийг давхар хүмүүжүүлж байдаг. Тиймээс үзүүлбэртээ их ач холбогдол өгдөг. Хүүхэд инээгээд сууж байхдаа ядаж аргалыг араг савраар түүдэг юм байна гэдэг монгол уламжлалаа мэдэж аваг л дээ. Ийм байдлаар ахуй амьдралтай ойртуулахыг хичээдэг. Утга учиргүй инээдэм хэнд ч хэрэггүй. Сая нээлтээр хүүхдүүдэд хөөстэй үзүүлбэр үзүүлсэн. Хөөс дотор хүн орчихоор хүүхдүүд яаж орсон юм бол гээд их сонирхож байна лээ. Хөөс барихаар хагараад байдаг алиалагч барихаар хагардаггүй. Тэгэхээр нь хагалахгүйг хичээж байх жишээтэй. Юмны учир олох гээд байна шүү дээ. Инээдээр дамжуулаад танин мэдүүлж болж байна. Хүүхэд хөдөлгөөнтэй байж, аливаад хүсэл эрмэлзэлтэй болно. Ичимхий, уйламхай, зожиг хүүхдүүд хүртэл циркт ирээд хөөс хагалах гээд олон хүний өмнө гараад гүйж байна. Айж, бишүүрхэхээ больчихсон байдаг.

-Нэг хэсэг монголчууд цирк үзэхээ байгаад хошин урлаг руу их хошуурсан. Одоо үүнээс залхаад комеди үзэж байна. Та ингэхэд шинэ үеийн эдгээр залуусын хошин яриа, “юмор”-ыг юу гэж боддог вэ?

-Үгүйсгэхгүй. Анх энэ залуучуудыг гарч ирэхэд би харж байсан. Онигоо ярьсан хүүхдүүд байсан шүү дээ. Гэхдээ аливаа юм хэмжээ, хязгаартай байх ёстой. Алиа, хошин яриа хэмжээнээсээ халивал утгаа алдаж эхэлнэ. Үзэж буй хүмүүсээ инээдмийнхээ шууд дүр болгож болох уу, үгүй юу. Ер нь залуус маань гадаад үг, этгээд хэллэг яриандаа оруулаад л түүнийг нь хүмүүс дэвэргэж яриад байна л даа. Хайран монгол хэл минь. Иймэрхүү инээдэм, ханиадам нийгэмд ач холбогдол багатай. Харин халаас зузаарах байх. Хошин урлагийн жүжигчид маань гэхдээ нийгэмд бас санаа хэлэх гээд байдаг. Сайн жүжигчид байна. Үүний үндэс суурь манай циркийн тайзан дээр тавигдаж байсан юм шүү. Хошин шогийн нэлээн олон жүжигчнийг би циркт тоглуулж байлаа. Гарын таван хурууд тоглодог Лхасүрэн багшийн ангийн хүүхдүүд болох жүжигчин Өлзийхүү, Хүрэлхүү, Сарантуяа гэх мэт. Эд нар онолоо сайн үзчихсэн болохоор хүний хэлсэн үгийг маш хурдан тусгаж авна. Дөрөвдүгээр сарын 1-нд бид 30 хоног тоглоход битүү үзэгчтэй байсаар хааж байлаа. Тэр үед Хүрэлхүү надад “Мандах ах аа, энд ирээд би их юм мэдэрлээ. Хойшоо хараад ч хүмүүсийг инээлгэж болдог юм байна” гэж байсан. Дараа нь Онон, Одончимэг ирж байв. Цэргийн дэглэлтийг хошигносон маягаар үзүүлсэн. Одоо үүнийг хошин шогийнхон санаа аваад сайн хийгээд байгаа биз. Түүнийг бид анх циркт тавьж байсан юм. Одоо гэтэл циркт тоглох хүн цөөрчихөөд байна. Аргагүй шүү дээ. Сонирхож үзэх нь бага байна. Өнгөрсөн жил би циркийн шилдэг алиалагч болоод ичиж билээ.

-Яагаад?

-Би одоо нас нэлээн явчихлаа. Уг нь би биш залуучууд энэ шагналыг авах ёстой юм. Гэтэл авах залуусаа бид бэлдээгүй байна. Ялангуяа энэ бурууг би өөрөөсөө хайж байгаа юм. Өмнөх үеийнхээ гайхалтай хүмүүсийн уламжлалыг авч үлдсэн би үргэлжлүүлэх залаа халаагаа алдчихсан байна. Үүндээ харамссан хэрэг. 2009 онд би Монголын алиалагч нарын анхдугаар наадам гэж хийсэн. Тэгэхэд 33 алиалагч ирсэн. Хатанбаатар бол алиалагч байсан. Тэр хүн бэлдсэн байна, сайн. Гэтэл тэр хүмүүс наадамд орж байгаа боловч гараад өөр төрөл рүү яваад өгч байгаа юм. Хэрэгцээгээ хангаад явчихаж байгаа байхгүй юу. 2011 онд хоёрдугаар наадам зохион байгуулахад 20 гаруй хүн болсон. Ингээд л улам багасаад байна.

-Үүний шалтгаан юу гэж харж байна вэ?

-Нэгдүгээрт, бид бэлдээгүй. Хоёрдугаарт, хүн үзэхгүй байна. Гуравдугаарт, энэ хэцүү төрлийг сонгох хүн алга. Сонголоо ч ирээдүй, амьдралаа бодоод өөр тийш нь явчихаж байна. Сэтгэлээ зориулж тууштай явах хүн байхгүй. Одоо намайг дагаад пантомимо төрлөөр явж буй Идэрбат гээд залуу байна. Сая бид хоёр хөдөөгүүр тоглож явлаа. Би өөрөө болох юм байна гэж бодсон. Сайн болтлоо тодорхой хугацаа хэрэгтэй. Тэгээд гадагшаа зах зээлд гармаар байна. Тэр хооронд асар их тэвчээр, хатуужил хэрэгтэй. Цирк оршин тогтнож байгаа цагт алиалагч байх ёстой.

-ГАВЬЯАГҮЙ ГАВЬЯАТ-

-Хувь тавилангаар та алиалагч мэргэжлийг эзэмшиж, өөрийн амьдралын нэг хэсэг болгож явна. Эргээд харахад энэ урлаг танд юу өгөв?

-Би ханиа барагтай бол уурлуулдаггүй. Уурлуулсан ч амархан аргалчихдаг байхгүй юу. Үүнд л их хэрэг болж байна даа, миний мэргэжил (инээв). Өөр бас нэг сонин юм ярья л даа. Алиалагч хүн их мэдрэмжтэй болчихдог гэж хэлсэн дээ. Нэг удаа Батсүх бид хоёр олон улсын циркийн тоглолтод оролцож байлаа. Тэгэхэд хүмүүс тайзаа засаж байсан. Тэр үед тайз үзэгчийг заагласан дугуй хашлагаар явж байгаад яагаад ч юм доошоо суусан. Тэгтэл дээгүүр урт үзүүртэй дэгээ маягийн төмөр хажуугаар сүнгэнээд зөрсөн. Хэрэв би доошоо суугаагүй бол үхэж мэдэхээр байсан. Яаж доошоо суусан юм, би өөрөө ч гайхсан. Алиалагч хүний мэдрэхүй тэгж хөгждөг байх нь. Гудамжинд явж байгаад ойчихоор бол биеэ суллаад зөөлхөн унадаг. Гэтэл хүмүүс огцом унаад гэмтээд байдаг. Унах хүртэл хараад, бодоод амжина. Шил, чулуу, төмөр байна уу, за нуруугаараа уначихъя гээд л. Энэ бол мэргэжлийн рефлекс буюу онцлог байхгүй юу. Энэ мэт алиалагчийн мэргэжил надад олон сайхан зүйл өгсөн. Олон улсад явж уралдаан тэмцээнд их оролцож байлаа. Сайхан найз нөхөдтэй ч боллоо.

-Та гэр бүлээ танилцуулахгүй юу, удам залгасан урлагийн хүүхэд бий юу?

-Манай гэр бүлийн хүн эмч. Гэхдээ урлагийн биднийг их сайн ойлгоно. Манайх хоёр охинтой. Хоёулаа урлагийн хүмүүс. Том охин маань ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр Ярослав хотод хүүхэлдэйн жүжигчин мэргэжлээр амжилттай сурч төгссөн. Багаасаа пантомимо төрлөөр жүжиглэдэг байсан. Монголоос анх удаа дэлхийн хүүхэлдэйн уралдаанд орсон хүн. Бага охин маань Японд амьдарч байна. Тэнд дизайны сургууль төгссөн, зураач хүүхэд байгаа.

-Аливаа байгууллагын арга хэмжээ, шинэ жилийн цэнгүүнийг харж байхад алиалагчгүй бол нэг л юм дутуу санагдаад байдаг. Танд тэгж санагддаг уу?

-Бид дасчихсан байхгүй юу. Өвлийн охин, цасан охин байгаа газар алиалагч гацуурын чимэглэл шиг байх л ёстой. Тэгж байж тэр баярын уур амьсгал бүрдэнэ. Алиалагч бол шинэ жилийн цэнгүүний нэг дүр шүү дээ. Хүмүүст инээд бэлэглэж, уур амьсгалыг улам сайхан болгож чадна. Гэтэл одоо албан байгууллага ч тэр аливаа баяр цэнгүүнд алиалагч харагдахаа больж дээ. Нөгөө л төсөв мөнгөтэй холбоотой байх. Яагаад шинэ жилээр алиалагчгүй болчихсон гэхээр алиалдаг хүн алга. Тэгэхээр түүний ач холбогдлыг хүмүүс мэдэхгүй байна. Уг нь алиалагчийн дурангаар одоо нийгмээ нэг дурандаад үзчихмээр л байгаа юм даа.

-Цаг зав гаргасанд баярлалаа!

Алиалагч Р.Мандах-Оргил циркийн урлагт насаараа зүтгэж яваа эрхэм. ОХУ, БНХАУ, Дани, Солонгос, Польш, Чех, Унгар зэрэг улсад урилгаар очиж тоглолт хийж, сургалт явуулж байсан. Монголд урлагийн шинэ төрлийг хөгжүүлэхийн төлөө одоо ч зүтгэсээр буй юм. Түүний нөр их хөдөлмөрийг төр үнэлж, 1998 онд Соёлын тэргүүний ажилтан цолоор шагнажээ. Үүнээс өөрөөр төр түүнийг үнэлээгүй. Гэсэн ч тэр алиалах урлагтаа үнэнч хэвээр.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-12-12 122.201.21.41

Нээрээ л Цээеэ, Латиф, Батсүх, Мандах-Оргил гэсэн 4 алиалагчийг 80-аад онд үзэж өссөн дөө. Олон хүүхдэд инээд хөөр бэлэглэсэн ГАВЬЯАТАЙ хүн дээ.

Avatar

зочин 2019-12-12 192.82.72.230

Хүүхэд насны сайхан дурсамж сэргээсэн сайхан алиалагч ахдаа баярлалаа. Цээеэ, Латиф, Батсүх, Мандах гээд манежэнд гарахаараа циркийг буцалгадаг ах нар байсан шүү. Манежанд гүйгээд гараад ирэхэд л болоо. Явдал, өмд хувцас энэ тэр гэж марзан тэгээд л бөөн инээд. Насаараа цирк гэж явсан энэ ахад УГЖ-ийг нь өглөө гээд ер буруудахгүй. Мэргэжилдээ үнэнч байдал нь бусдад үлгэр жишээ болог.

Avatar

Tiimee 2019-12-12 59.153.114.14

Yostoi sonsoochgui hun bna yu ch hiij yavsiin tetgeveree avaad yavbal boloo

Avatar

зочин 2019-12-12 192.82.72.230

хэн ч биш амьтанд мэдэгдэх албагүй. 10-тийн задгай дэвсгэртийн үнэгүй юмнууд газраа олж шүлсээ үсчүүл.

Avatar

Зочин 2019-12-12 122.201.24.161

Мандах-Оргилыг мэдэхгүй бол чамтай юу ч ярихав дээ.80-аад оноос 90-өөд оны сүүл хүртэл Циркд тоголж байсан алиалагч.Чи өөрөө хэдэн оны пацаан бэ?Эсвэл аль аймгаас хотод нүүж ирсэн бэ?Чамд заавал сонсогдож байх албагүй!

Avatar

Зочин 2019-12-12 153.137.47.181

Teneg mal yum medehguige gaihuulaad
Tsirk ch orj uzeegui ork bj

Avatar

Orcuud uheesei 2019-12-12 202.131.229.146

haha goe chaalaa andaa

Avatar

Монгол хүн 2019-12-12 202.126.88.227

Гавьяат өгөөсэй дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж