Чуулган: Өмгөөллийн тухай хуульд тавьсан хоригийг хүлээж авсангүй
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Өмгөөллийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан зарим хуульд хоригийг хэлэлцэж, олонхын саналаар хоригийг хүлээж авахгүй гэв.
Ерөнхийлөгчийн зүгээс Монголын Хуульчдын холбооны эрх зүйн байдлыг дордуулах, хуульчдад татвар, үйлчилгээний болон захиргааны дарамт нэмэх, давхардмал чиг үүрэгтэй Өмгөөлөгчдийн холбоог хуулиар дахин байгуулах шаардлагагүй хэмээн үзэж, Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн Өмгөөллийн тухай хуулийн Өмгөөлөгчдийн холбоо байгуулахтай холбогдсон 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэг, 7, 8, 9, 10, 11, 12 дугаар зүйл, 14 дүгээр зүйлийн 14.1.14, 14.1.15 дахь заалт, 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсэг, 17, 18, 19 дүгээр зүйл, 24 дүгээр зүйл, 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэг, 29 дүгээр зүйлийн 29.2, 29.4 дэх хэсэг, 30 дугаар зүйлийн 30.3 дахь хэсэг, 31 дүгээр зүйлийн 31.5 дахь хэсэг, 32, 33, 34, 35, 36, 37 дугаар зүйл, Зургадугаар бүлэг, Долдугаар бүлэгт хэсэгчлэн, Өмгөөллийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай болон Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим бүлэг хүчингүй болсонд тооцох тухай хуульд тус тус бүхэлд нь хориг тавьсан юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт, тодруулга авлаа. Тухайлбал,
УИХ-ын гишүүн Н.Учрал:
-Хоригийг хүлээж аваад хуулийг эргэж харах нь зүйтэй. Өнөөдөр 21800 төрийн бус байгууллага бүртгэлтэй ажиллаж байна. Эдгээрийг цэгцлэх ёстой. Хэрэв хууль оруулж ирээд холбоог нь хуульчлаад байвал бүх хуульд холбоодыг хуульчлах хэрэгтэй. Энэ нь төрөөсөө том эрх мэдэлтэй хуультай холбоод бий болгох гээд байна. Өмгөөллийн хууль хэрэгжээд эхлэхэд эцэс төгсгөлгүй маргаан үүсгэхээр байна. Ерөнхийлөгчийн хоригт Мэргэжлийн холбооны хууль гаргаач гэж байгаа. Миний санаачилсан хуулийн анхны хэлэлцүүлгийг хурдан хиймээр байна. манай холбоо том гэж ярьж суухын оронд Мэргэжлийн холбооны хуулиараа ажилламаар байна.
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:
-Мэргэжлийн холбоодын хуулийг гаргаж болно. Тус тусдаа үйл ажиллагаа явуулдаг байгууллагыг нэг тогтолцоонд оруулж хуульчилж болохгүй. Энэ бол хэдэн өмгөөлөгчдийг эрхлүүлээд байгаа хууль биш. Өмгөөлөгчдөөр дамжуулж хүний эрхийг хамгаалах гээд байгаа юм.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:
-Одоо батлагдаж байгаа хуулиар Өмгөөлөгчдийн холбоо дотроо бүхнээ шийддэг болж байгаа. Прокурор шүүгчид чинь хуульчдын холбооны аижлд оролцохоо болиод удсан нь үнэн. Албан тушаалтайгаа байхын тулд янз бүрийн хүнийг холбоонд ажиллуулж байгааг үгүйсгэхгүй. Оролцох ёсгүй. Өмнө нь Ерөнхийлөгч өмгөөлөгчдийг хүлээж аваад хуультай болохыг дэмжинэ гэж байсан. Гэтэл хориг тавьсныг би гайхаад байна. МАН-ын мөрийн хөтөлбөрт өмгөөлөгчдийг хүний эрхийн төлөө явдаг болгох хуультай болгон гэж байсан.
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:
-Хоригийг хүлээж авахгүй гэсэн байр суурьтай байгаа. Өмгөөлөгчдийн мэргэжлийн холбоо байх шаардлагатайг НҮБ-ын дүрэмд заасан байдаг. Хуульчдын холбоо гэдэг нэг ангийнхныг эрхлүүлдэг, жилдээ 1.3 тэрбум төгрөг зарцуулдаг байгууллага байж болохгүй. Хүний эрх ярихад олдоггүй. Би 90 жилийн түүхтэй өмгөөллийн байгууллага бие даасан байдалтай ажиллахыг дэмждэг.
Ингээд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хоригийг хүлээж авах боломжгүй гэж үзлээ.
Чуулган: НДШ-ийг нэмэхийг эсэргүүцсэн хоригийг хүлээж авлаа
УИХ-ын чуулганы өнөөдөр /2019.12.12/-ийн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Өргөн нэвтрүүлгийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Засгийн газраас 2016 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн. Хуулийн төсөлд Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ нь радио, телевизийн газрын дамжуулах үйлчилгээ, олон суваг дамжуулах үйлчилгээ, олон нийтийн радио, телевизийн үйлчилгээ, арилжааны радио, телевизийн үйлчилгээ гэсэн төрөлтэй байхаар тусгаж, түүний үйл ажиллагааны онцлог зохицуулалт болох хэт төвлөрөл үүсэхээс сэргийлэх, эзэмшлийн ил тод байдлыг хангах, үндэсний нэвтрүүлэг хөгжүүлэх сангийн зохицуулалт, өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид, радио, телевизийн газрын дамжуулах үйлчилгээ эрхлэгчид, хөтөлбөрт тавигдах ерөнхий шаардлага болон зар сурталчилгаа, архив, олон сувгийн дамжуулах үйлчилгээ эрхлэгчид тавигдах шаардлага зэрэг зохицуулалтуудыг тусгаад байгаа юм.
Ингээд байнгын хорооны зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж дууссан дараа хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, баталлаа.
Чуулганы хуралдаан үргэлжилж байгаа бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ. Ингээд УИХ-ын чуулганы хуралдаанаар НДШ-ийг нэмэгдлийг эргэж харах хоригийг хүлээж авсан бөгөөд бусад хоригийг хүлээж авах боломжгүй гэж үзлээ. Ерөнхийлөгчийн хоригийн гуравдугаар зүйлийг хүлээж авсан учраас УИХ яаралтай хуульд өөрчлөлт оруулахаар болж, Б.Жавхлангаар ахлуулсан ажлын хэсэг байгуулахаар боллоо.
Чуулганы хуралдаанаар Өмгөөлөгчийн тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг үдээс хойш 15.00 цагт үргэлжлүүлэн хэлэлцэхээр түр завсарлалаа.
Ерөнхийлөгч чуулганы хуралдаанд хаалттай горимоор мэдээлэл хийнэ
Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд Монгол Улсын 2020 оны төсөв, Өмгөөллийн тухай хуульд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг, Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл багтжээ. Мөн хуралдаанаар Инновацийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын 2019-2024 оны “Стратегийн төлөвлөгөөг батлах тухай”, Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд багтжээ.
Мөн Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Далай ашиглах тухай, Орон сууцны тухай, Ерөнхийлөгчийн болон Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хаалттай горимоор мэдээлэл хийхээс гадна УИХ-ын гишүүн Шадар сайдад хандан тавьсан “Өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын талаар” асуулгын хариуг сонсох юм.
Холбоотой мэдээ