Үнсэнд хордсон Улаанчулуутынхан

Хуучирсан мэдээ: 2019.12.12-нд нийтлэгдсэн

Үнсэнд хордсон Улаанчулуутынхан

Нийслэлийн гэр хорооллынхон энэ жил түүхий нүүрс түлэхгүй өвөлжиж байна. Сайжруулсан түлш шаталт сайтай ч, үнс ихтэй байгааг иргэд ярих болсон. Түлсэн түлшний үнсээ яах вэ гэдэг гэр хорооллынхны нэг толгойны өвчин болжээ. Зарим нь гудамжиндаа үнсээ шууд гаргаад асгачихаж. Харин зарим нь “Сайн түлш”-нийхээ уутанд амсрыг нь хальтал чихсэн үнсээ хогны машинд ачуулахаар хашааныхаа урд гаргаад тавьсан харагдав.

Өвөл ил задгай хаягдсан үнс агаарт дэгдэж, хавар нь нарийн ширхэгт тоосонцор амьсгалын замын бүхий л өвчин үүсгэгч болж байна. Утаанаас ялгаатай нь нүдэнд үл үзэгдэвч хүний биед асар их хор хөнөөлтэй. Үүний хор уршгийг нь Улаанчулуутын хогийн цэгээс амьдралаа залгуулж буй хүмүүс амсах болжээ. Учир нь, гэр хорооллын айл өрхүүдээс гарч буй хог хаягдлын дийлэнх нь үнс. Тэнд амьдарч буй хүмүүс үнсээр амьсгалж, үнс "идэж" байна гэхэд хилсдэхгүй. Манай сурвалжлах баг өчигдөр /2019.12.11/ Улаанчулуутын хогийн цэгийг зорьсон юм.

Нар шингэж, харанхуй болох дөхсөн ч амьсгалахад бэрх, өмхий нэвширсэн агаар, өвлийн хүйтнийг хүмүүс үл тоон ажиллаж байлаа. Хогны машин ирж явааг харангуутаа уралдаж очоод ачаан дээр нь гарч, өөрт хэрэгцээтэй эд зүйлсийг эрж хай, ухаж төнхөж харагдав. Улаанчулуутын хогийн цэгт өмнөх жилүүдээс ялгаатай нь улаан өнгийн уут энд тэндгүй. Хөх саарал үнс элдэв янзын хог шороотой холилдож, шороон дээр гэхээс илүү үнсэн дээр алхаж буй мэт санагдана. Өнөөх гэр хорооллын айл өрхүүдээс гарсан хог хаягдал болох “Сайн түлш”-ний савлагаатай үнс ил задгай хаягдсан нь энэ байв.

Үнс бужигнахгүй ч хар өнгийн хувцас сааралтаж, хөл дор тоос бужигнах. Энд ажиллаж буй хүмүүс амны хаалт хэрдээ л зүүж, зарим нь цамц, ороолтоор хамраа битүүлсэн, бээлий өмссөн байх боловч үнснээс болж биеийн ил гарсан хэсэг нь цус шүүрч, нүд нь харахын эцэсгүй өвдөх болсныг хэлж байна билээ.

Улаанчулуутын хогийн цэгт нуруугаа бөгтийтөл ажиллаж, эхнэр гурван хүүхдээ тэжээхээр амьдралаа залгуулж яваа 23 настай Т /нэрийг нь нууцлав/ улаан эрээн болсон бугуйгаа харуулж, үнснээс болсон гэдгийг тайлбарлаж байв. Нүд нь үргэлж өвдөж улайх нь энүүхэнд бөгөөд нүүр, гарандаа тос түрхэхгүй л бол арьс нь улайсандаа цус шүүрч, загатнаад, байж суухын эцэсгүй болдог аж.

Тэрбээр “Бид эхнэр, нялх хүүхдүүдээ тэжээхийн тулд өглөө бусдаас урьтаж ирдэг. Улаанчулуутаас амьжиргаагаа залгуулах хүмүүс өмнөх жилүүдээс олширсон. Тиймээс эрт ирэхгүй л бол мөнгө олохгүй. Би таван жил энд ажиллаж байна. Өмнө нь гэр хорооллын айл өрхүүдээс ирдэг байсан түүхий нүүрсний үнс хаягдал хор багатай байсан юм билээ. Бужигнадаг боловч биед ямар нэгэн хор нөлөөгүй. Гэтэл энэ жил манай гэрт нүдний дусаагуур, гар, нүүрний тосноос их зүйл байхгүй болсон. Түүхий нүүрс хориглож байна гэсэн. Шахмал түлшнээс ялгарсан үнсний тоос арьс загатнуулах нь юу ч биш. Биеийн ил гарсан хэсгээр улайж, цус шүүрэх болсон. Нүд тэсэхийн аргагүй өвддөг. Нүдэнд харагдахгүй ч үнсний хор нөлөөг биеэрээ мэдэрч байна. Хэдийгээр өөр ажил хийе гэсэн ч ажил олддоггүй, мэргэжилгүй гээд голдог, эсвэл цалингаа өгдөггүй. Энэ бүх шалтгаанаас болоод дахиад л Улаанчулуутдаа ирдэг. Цалингаа цагт нь өгдөггүй ажлаас энд ажилласан нь илүү ашигтай” гэлээ. Түүнээс насаар ах боловч адилхан л Улаанчулуутаас амьдралаа залгуулж буй эрэгтэй мөн л үнсний хог хаягдлаас болж багагүй “зовлон” туулдаг аж.

Өдгөө 57 настай Б /нэрийг нууцлав / Улаанчулуутын хогийн цэгт ажиллаад таван жил болжээ. Тэрбээр өмнө нь нэгэн хувийн компанид хог ачигчаар олон жил ажилласан байна. Айл өрхүүдийн хог хаягдлын дийлэнх нь үнс боловч биед нь ямар нэгэн нөлөө үзүүлдэггүй байсныг тэр  ярьсан юм.

Иргэн Б хэлэхдээ “Би олон жил хог ачигчаар ажилласан. Айл өрхүүдийн хог хаягдлыг ачиж явахдаа үнстэй зууралдаж л байсан. Гэхдээ бие өвдөж, зовиурлаж байсан удаагүй. Та нарын харж байгаа шиг утаа буурсан юм шиг боловч үнсний хор нөлөө биднийг хордуулж байна. Шахмал түлшнээс гарсан үнс энд ил задгай хаягдах болсноос эхлэн бие зовиурлах болсон. Арьс тэсэхийн аргагүй загатнаж, нүд хэдэн өдрөөр улайж өвддөг. Зүүгээр шивсэн юм шиг өвдөнө. Бодвол нарийн ширхэгт тоосонцрууд нь л нүд рүү ордог байх. Би ч яах вэ дээ, өнгөрсөн хүн. Ихдээ л арван жил амьдраад л яваад өгнө. Үлдэж байгаа залуус, хүүхдүүд л хайран санагдах юм” гэлээ.

Хөгшин эх, гурван нялх хүүхдээ тэжээхээр Улаанчулуутаас амьдралаа залгуулж буй 20 гаруй насны эмэгтэйд бас ийм зовиур илэрдэг гэнэ. Гэрт нь ханиадны эм, нүдний дусаагуур, тосноос их зүйлгүй гэв. Түүний хувьд арьс нь загатнаж, нүд улайж өвдөхөөөс илүүтэй ээж болон хүүхдүүддээ ханиад хүргэх вий гэхээс л эмээдэг аж. Иргэн А /нэрээ хэлэхийг хүсээгүй/ хэлэхдээ “Хог хаягдлын дийлэнх нь үнс байдаг шүү дээ. Энэ жил түүхий нүүрсийг хориглож, шахмал түлш хэрэглэх болсноор бид илүү их хордож байна. Ханиад хүрвэл эдгэхгүй. Биеэр улаан эрээн зүйл туурна. Тос түрхэж арга хэмжээ авахаас өөр аргагүй. Арьс загатнаж, улайхаас илүү ханиад хүрсэн бол эдгэдэггүй нь хэцүү. Одоо ханиадтай таван сар болж байна. Ээж, хүүхдүүдээ л өвтгөх вий гэж айх юм” хэмээв. Энэ мэтчилэн замд тааралдсан хүмүүс нэг л шалтгаантай адилхан зүйл ярьж байлаа.

Үнс нь хар тугалга, цагаан тугалга, мөнгөн ус, кадми зэрэг хүний эрүүл мэндэд хортой хүнд элементүүдийг өөртөө агуулдаг тул хүний эрүүл мэндэд ямар хор хөнөөлтэйг дээрх хүмүүс ч баталж буй. Харин Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас үнсэнд ямар нэгэн хяналт тавьдаггүй, ахуйн хог хаягдалтай хамт хогийн цэгт ил задгай хаягддаг, ямар нэгэн хор нөлөөгүй гэх тайлбар өгч байв.

Энэ талаар тус газрын Байгаль орчин, Геологи уул уурхайн хяналтын хэлтсийн дарга Ж.Ганзориг “Орон сууцны айл өрхүүдээс ялгарч буй хог хаягдлын дийлэнх хувийг цаас эзэлдэг бол гэр хорооллын айл өрхүүдийн хог хаягдлын 60 хувийг үнс эзэлж байна. Гэр хорооллоос гарч буй үнс нь ахуйн хог хаягдалтай хамт хогийн цэгт ил задгай хаягдаж байна. Хүний эрүүл мэндэд ноцтой аюул учруулахааргүй тул ахуйн хог хаягдалтай хамт ил задгай хаягдаж байгаа болов уу. Энэ асуудалд нарийвчлан манай байгууллагаас хяналт тавих чиг үүрэг байхгүй. Хэрэв үнэхээр хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө учруулсан гэх гомдол мэдээлэл ирвэл бид шалгана” гэв.

Гэр хорооллын айл өрхүүд үнсээ хаана хаяж буй талаар сонирхож үзэв. Ихэнх айл гудамж, хогийн савны дэргэд “сайн түлш”-ний уутанд үнсээ савлаж овоолсон дүр зураг харагдав.

ТҮҮХИЙ НҮҮРСНЭЭС ИЛҮҮ ИХ ҮНС ГАРЧ БАЙНА

ИРГЭН НАРАА:

-Шахмал түлшнээс үнс их гарч байна. Өмнө нь хоёр айл гал түлсэн ч үнс нь бага гардаг байсан. Одоо нэг айлаас гэхэд 20 гаруй шуудай үнс гарч байна шүү дээ. Ердөө 10 гаруй хоноод л үнс дүүрнэ. Манайх үнсээ шуудайлаад, хогийн машин ирэх дөхөхөөр үүдэндээ тавьдаг юм. Удахгүй ирж ачих байх. Ер нь энэ их үнсийг яах ёстойг сайн мэдэхгүй л байна. Манай хөршүүд ч бас их үнс гарч байна гэж байна билээ.

ИРГЭН Т.МӨНХБАТ:

-Түүхий нүүрстэй харьцуулахад шахмал түлшнээс их үнс гарч байна. Нэг хувин түлшээр гэрээ галлахад л яг тийм хэмжээний хувин үнс гарч байна. Хогийн поошиг хэд хоноод л дүүрнэ. Хогийн машин тэр бүр ирэхгүй. Заримыг нь савлаж үүдэндээ тавина. Болохгүй бол гудамжиндаа асгана. Ядаж л хүн халтирч унахгүй юм даа. Ер нь их үнс гардаг юм билээ.

ИРГЭН Л.БАТТӨМӨР:

-Үнс их гарч байна. Яагаад тийм их үнс гардгийг сайн мэдэхгүй юм. Шаталт өндөр болохоор их үнс гардаг ч байж болох юм. Айлууд ихэвчлэн түлшнийхээ уутанд савлаад л гаргаж байна. Манайх ч адилхан. Гэхдээ хүмүүст анхааруулж хэлэхэд үнсээ цогтой эсэхийг нь шалгаж бүрэн унтарсных нь дараа уутандаа савлаж айлын хашааны урд биш өөрийнхөө хашааны урд, эсвэл төмөр хашаа налуулж тавихгүй бол гал алдах аюултай байна. Манай хөрш ууттай үнсээ хашааг маань налуулж тавьснаас болж банз нь шатаж, гал алдах дөхсөн. Хэрэв би эрт ирээгүй бол манайхаас гадна хэдэн айл шатах байсныг хэлж мэдэхгүй шүү дээ. Үнсээ болгоомжтой гаргаж хаях хэрэгтэй гэлээ.

ШАХМАЛ ТҮЛШНЭЭС ЯЛГАРЧ БАЙГАА ҮНСЭЭР БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЖЭЭ

Хэдийгээр утаанаасаа салсан ч шахмал түлшээ үргэлжлүүлэн ашиглахад хавар гэхэд 170 мянган тонн үнс агаар хөрсний бохирдлыг нэмэгдүүлэх эрсдэлтэй. Тиймээс  айл өрхүүдээс гарч буй үнсийг  хогийн цэгүүдэд ил задгай хаях бус дахин боловсруулж эргэлтэд оруулснаар байгаль орчин, хүний эрүүл мэндэд учруулах эрсдлээс сэргийлж болно. Үнс нь хүний биед хортой хүнд элемэнтүүд агуулдаг ч хөнгөн цагаан, төмөр, цементийн элемент агуулдаг шохой зэргийг өөртөө агуулдгаараа бүтээгдэхүүн болгож үйлдвэрлэж болдгоороо давуу талтай. Саяхнаас Улаанбаатар хотын Захирагчын ажлын алба, Монголын Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо хамтран шахмал түлшнээс ялгарч буй үнсийг туршилтаар дахин боловсруулалтад оруулж явган хүний зам талбайн хавтан, боржур үйлдвэрлэжээ. Энэхүү туршилтыг цаашид хэрэгжүүлэх бүрэн боломжтой гэж албаны хүмүүс үзэж байгаа юм.

АЙЛ ӨРХҮҮДИЙН ҮНСИЙГ УЛААНЧУЛУУТ РУУ ХАЯХ БИШ БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭХ НЬ ЧУХАЛ

Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооны зөвлөх Д.ГАЛСАНБУЯН:

"Үнсэнд агуулагдаж буй нарийн ширхэгт тоосонцор хүний эрүүл мэндэд маш хортой. Энэ асуудлыг бид одоо л шийдэх нь зүйтэй. Айл өрхүүдээс гарч буй хог хаягдлын 70 хувийг эзэлж буй үнсийг Улаанчулуутын хогийн цэг дээр хаях биш дахин боловсруулах байдлаар бүтээгдэхүүн болгож үйлдвэрлэх нь чухал байгаа юм. Энэ жил анх удаа төр хувийн хэвшил хамтран үнсийг боловсруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэж туршлаа. Явган хүний зам талбайн хавтан, боржур үйлдвэрлэсэн. Тэр тусмаа явган хүний зам талбайн хавтан хамгийн их хэрэгцээтэй байгаа юм. Үнсээр бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд хагардаггүй давуу талтай.

Өмнө нь бид Налайхын замын бетонон цутгалтыг үнсээр хийсэн. Бид эхний удаа айлуудаас 5-10 мянган тонн үнс цуглуулж, бүтээгдэхүүн үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байна. Хамгийн гол нь айлуудаас ирж буй үнс нь бусад ахуйн хог хаягдалтай холилдоогүй байх ёстой. Ашигт малтмал ч гэсэн байгальд ээлтэй, дахин эргэлтэд орохгүй бол байгаль орчин, хотын өнгө үзэмж, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө учруулна. Тиймээс айл өрхүүдийн хог хаягдлын 70 хувийг эзэлж буй үнсийг дахин боловсруулж бүтээгдэхүүн болгож үйлдвэрлэх нь чухал байна" гэлээ.

Агаарын бохирдол гэдэгт зөвхөн нүдэнд харагдах утаа бус хөрсний бохирдол, үнснээс ялгарах нарийн ширхэгт тоосонцор хамаарна. Тэр тусмаа өвлийн улиралд гудамж талбай, хогийн цэгт ил задгай асгаж заншсан үнсээ дахин боловсруулалтад оруулах шаардлага зайлшгүй байна.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Н.БАТМӨНХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж