Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Улаанбаатар хотод энэ жилээс шахмал түлш хэрэглэх болсон. Гэвч үүнээс болж олон иргэн угаартаж нас барсан харамсалтай мэдээ ар араасаа гарсан юм. Угаарын хийн хордлогоос иргэдээ хамгаалахын тулд Засгийн газар мэргэн санаа олсон нь айл бүрт утаа мэдрэгч суурилуулах байлаа. Ном ёсоор өнгөрсөн арваннэгдүгээр сараас айлууд гэртээ утаа мэдрэгч тавьчихаад айх аюулгүй шахмал түлшээ түлээд суух байсан. Ийм үүргийг Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханд өгсөн. Гэвч иргэд одоог хүртэл галаа түлэхдээ айдастай байна. Утаа мэдрэгчийн сураг ч алга.
Уг нь Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын даргын хэвлэлд тав хоногийн өмнө өгсөн яриагаар өнгөрсөн Даваа гаригаас /2019.12.09/ гэр хорооллын иргэдэд 200 мянган ширхэг угаарын хий мэдрэгч төхөөрөмж суурилуулж эхэлсэн байх ёстой байлаа. Гэтэл энэ мэдээлэл бодит байдал дээр ахиад л биелсэнгүй. Бид энэ талаар тодруулахаар Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газартай холбогдоход,
“Нийт 170 мянган ширхэг утаа мэдрэгч БНХАУ-д захиалан хийлгэж байна. Нийт өртөг нь 3,5 тэрбум төгрөг. Одоогийн байдлаар эхний ээлжинд 50 мянган ширхэг утаа мэдрэгч урд хөршөөс ирж яваа. Гаалиар орж ирсэн үгүйг мэдэхгүй байна” гэсэн хариу өглөө.
Харин Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга Ч.Гантулга “Манай үндэсний хорооноос санхүүжилт гаргаж, Нийслэл дээр худалдан авах ажиллагаа зохион байгуулагдаж байна. Миний сонссоноор БНХАУ-ын талтай нийт 200 мянган ширхэг утаа мэдрэгч захиалах гэрээ хийсэн. Эхний ээлжинд 20 мянган ширхэг утаа мэдрэгч энэ долоо хоногт багтаад ирнэ. Бид хурдан ирүүлж, тараалгах тал дээр шаардлага хүргүүлж байна. Уг нь өнгөрсөн арваннэгдүгээр сард багтааж тараах ёстой байсан. Гэтэл захиалга авсан компани Монголын нөхцөлд таарсан утаа мэдрэгч хийхийн тулд судалгаан дээр цаг алдсан зүйл бий.
Ажиллагааны хувьд угаарын хий 50 микро граммаас хэтэрвэл утаа мэдрэгч дуугарч эхэлнэ. Ингэснээр айлууд угаарын хий алдаж буйг мэдэх боломжтой. Утаа мэдрэгч ирсний дараа Нийслэлийн Засаг даргын Тамгын газар дүүрэг, хороодоор жигд хуваарилж эхлэх байх. Гэхдээ ирсний дараа шууд тараахгүй. Эхлээд иргэдэд яаж хэрэглэх заавар зөвлөгөө хүргүүлнэ” гэсэн хариу өглөө.
Утаа мэдрэгч яг хэдийд ирэх талаар илүү нарийн мэдээлэл авахаар Нийслэлийн хэвлэл мэдээлэлтэй холбогдоход “Урьдчилгаа тооцоо, төлбөр хийчихсэн. Урдаас ачигдаад ирж яваа” гэсэн товчхон хариу өгөв. Гэхдээ хэдэн ширхэг ирж буй нь тодорхой бус. Албаны хүмүүс 20 болон 50 мянга гэсэн зөрүүтэй мэдээлэл өгч байна. Мөн захиалсан нийт тоо ч зөрөв. Юутай ч удаан хүлээсэн утаа мэдрэгч урд хөршөөс Улаанбаатарыг чиглээд ирж яваа аж.
Холбоотой мэдээ