Умардаас Өмнөдөд дүрвэн ирсэн “бузар” эмэгтэйчүүд

Хуучирсан мэдээ: 2019.12.12-нд нийтлэгдсэн

Умардаас Өмнөдөд дүрвэн ирсэн “бузар” эмэгтэйчүүд

Умардаас Өмнөдөд дүрвэн ирсэн “бузар” эмэгтэйчүүд

Өмнөд Солонгосын тагнуулын хоёр ажилтныг Хойд Солонгосын дүрвэгч эмэгтэйчүүдийг хүчирхийлдэг байсан хэмээн буруутгаж, албан тушаалаас нь чөлөөлөн, хэргийг мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлээд байгаа тухай мэдээлэл энэ сарын эхээр гарсан.

Тэдний нэг нь хохирогч бүсгүйг хэдэн арван удаа хүчирхийлж, тэр ч бүү хэл хоёр ч удаа үр хөндүүлсэн байна. Харин нөгөө этгээд нь нэг удаа архидан согтуурсан үедээ эмэгтэйг хүчирхийлжээ.

Тус улсын Батлан ​​хамгаалах яамны тагнуулын алба нь Хойд Солонгосын дүрвэгчдийг илрүүлэн шалгаж, тагнуулын мэдээлэл цуглуулах үүрэгтэй. Энэ оны эхээр дээрх хоёр сэжигтнийг дүрвэгч эмэгтэйчүүдийн асуудал хариуцсан газарт томилсон байна.

Өмнөд Солонгост Хойд Солонгосоос дүрвэн ирсэн 33 мянга орчим хүн байгаагаас 72 орчим хувь нь эмэгтэйчүүд юм.

Хойд Солонгосоос ирсэн дүрвэгч эмэгтэйчүүдэд зөвлөгөө өгдөг хүний ​​эрхийн төлөө тэмцэгч ВВС-д ярихдаа "Хойд Солонгосын олон зуун дүрвэгч эмэгтэй Өмнөдөд ирэхээсээ өмнө Хятадад бэлгийн хүчирхийлэлд өртдөг. Тэд үүнийг тэсвэрлэн амьд гарсныхаа төлөө Өмнөдөд ирээд “бузар” гэх тодотголтой болж, дахиад л хүчирхийлэгчдийн золиос болдог” гэжээ.

Харгислал, дарангуйлал, ядуурал, өлсгөлөн нүүрлэсэн эх орноосоо арай гэж мултран олон шат дамжлага бүхий хүчирхийллийг тэсэн, ахан дүүс дээрээ ирлээ гэж бодтол Өмнөдийн ах дүүс нь дахиад л тэднийг хүчирхийлдэг гаслантай хувь заяа хүлээж байна гэж огт төсөөлөөгүй нь мэдээж.

Эрсдэлтэй боловч хамгийн боломжтой хувилбар нь Хятад

Ер нь Хойд Солонгосоос гарах хамгийн боломжтой хувилбар нь Хятадын хил. Гэвч энэ бол маш том эрсдэл. Хэрэв тэд Хятадын хилийн харуулуудад баригдвал тэднийг хүчээр нутаг буцаана. Нутагтаа очоод эх орноосоо урвасан хэрэгт унаж сайнаар бодоход насаараа цалин хөлсгүй албадан хөдөлмөр эрхлэнэ. Цаашлаад цаазаар авхуулна. Зарим нь Хятадын хил орчим байдаг хууль бусаар хил давуулдаг гэх хүмүүст итгэн, удаан хугацаанд хурааж хуримтлуулсан мөнгөө өгч хилээр гардаг ч тэднийг Хятадад бэлгийн мөлжлөг, хүний наймаа, танихгүй хүнтэй хүчээр гэр бүл болох зэрэг эрсдэл хүлээж байдаг.

Угтаа тэдний зорилго бол хамгийн ойр орших Өмнөд Солонгосын элчин сайдын яаманд очих. Эхлэх цэгийг Хятадын Дандонг боомт гэж үзвэл хамгийн багадаа 250 гаруй километр цаашлаад 5000 гаруй километр зам туулах шаардлагатай болдог.

Тэд эх орондоо ч мөн л хүчирхийлэлд өртдөг аж. Эмэгтэйчүүдийг хүчирхийлсэн Хойд Солонгосын албан тушаалтнууд бараг ял шийтгэлгүй үлддэг байна. Тэднийг төрийн албан хаагчид, цагдаа нар, шоронгийн харуулууд, байцаагчид, цэргүүд гээд бүгд хүчирхийлдэг боловч амьд үлдэхийн тулд хүчирхийллийг нь тэвчихээс өөр аргагүй болдог байна.

Өмнөд Солонгосын “Korea Future Initiative” байгууллагын судалгаанаас харахад Хятадад тэднийг яг л эд материал шиг зарж борлуулдаг маш нарийн сүлжээ үүссэн байдаг ба үүнээс жилд багадаа 105 сая ам.долларын ашиг олдог байна. Тэднийг эрж хайж асууж сураглах хэн ч байхгүй нь хүний наймаачдын олз болдог.

Тэднийг ердөө 30 юаниар биеийг нь үнэлүүлж, хятад эрчүүд 1000 юаниар эхнэрээ болгон авдаг байна. Үүнээс гадна тэднийг онлайнаар бусад улс орнууд руу худалдаалдаг болохыг олж тогтоожээ. Тэдний ихэнх нь 12-29 насны охид эмэгтэйчүүд байдаг ба мөн л дийлэнх хувь нь нэгээс олон удаа зарагдаж, дор хаяж нэг удаа хүчирхийлүүлсэн байдаг аж.

Охид эмэгтэйчүүдийг цахимаар зарах, биеийг нь үнэлүүлэх хэлбэр нь цар хүрээ нь арай бага боловч бас л өргөжин тэлж байгаа хүний наймааны хэлбэр юм. Бараг 10 нас ч хүрээгүй охидыг камерын өмнө хүчээр эротик бүжиг бүжиглүүлж, хувцсыг нь тайчуулж буй бичлэгээ онлайн орчинд шууд дамжуулдаг бөгөөд үүнийг нь дэлхийн өнцөг булан бүрээс олон мянган хүн мөнгө төлөн үздэг байна.

Албадан гэрлэлт энэ бизнесийн гол цөм гэж хэлж болно. Хятад эрчүүд Хойд Солонгосын дүрвэгч эмэгтэйчүүдийг эхнэрээ болгон худалдаж аваад, бэлгийн болон бие махбодын хувьд байнга хүчирхийлж, боол шиг харьцдаг аж. Тэдний ихэнх нь хятад нөхрийнхөө зодуурыг даалгүй амиа алдаж, зарим нь өөрийн амиа егүүтгэдэг байна.

Харамсалтай нь, хүний эрхийн төлөө гэсэн уриа лоозонтой олон улсын томоохон байгууллагууд энэ асуудлыг төдийлөн ойшоодоггүй, эсвэл мэдсэн ч мэдээгүй мэт өнгөрдөг байна.

Өмнөдөд дүрвэн ирсэн эх, хүү хоёр өлбөрч үхсэн хэрэг гарав

Тус улсад 1998 оноос хойш Умард Солонгосоос нийт 32,000 хүн дүрвэж ирсэн байдаг ба дүрвэж ирсэн хүн тус бүр найман сая воны нэг удаагийн тэтгэмж авдаг. Үүний дараа нэг гэр бүлд зургаан сарын турш сар бүр 870,000 воны тэтгэмж олгодог бөгөөд үүнээс хойш дүрвэгчид өөрсдөө ажил олж хийж амьдрах ёстой байдаг аж. Харамсалтай нь, уг тэтгэмж нь тус улсын амьдралын өртөгт хаанаа ч хүрэлцдэггүй, дүрвэгчид ур чадвар мэргэжил мэдлэггүйгээс ажил олддоггүй зэрэг олон асуудал тулгардаг байна. Зарим нь бичиг баримт дутуу гэсэн шалтгаанаар тэтгэмжээс хасагддаг ажээ.

Үүнээс гадна ажил эрхлэлт, цалин мөнгөний хувьд ч дүрвэгчид Өмнөд Солонгосын жирийн иргэдээс харьцангуй бага цалинтай, ажилгүйдлийн түвшин өндөр байдаг байна.

Өнгөрсөн есдүгээр сард Сөүл хотын нэгэн нийтийн орон сууцнаас 42 настай Хан Сун Ок, түүний хүү зургаан настай Ким Дон Жин нар өлбөрч үхсэн байдалтай олдож, тухайн үедээ нийгмийг цочроож байв. Байрны түрээсээ олон сар төлөөгүй учир байцаагч шалгахаар ирэхэд эх, хүү хоёрын муудаж өмхийрсөн цогцос угтсан байна. Гэрт нь шалгалт хийхэд нэг ч идэх зүйл байхгүй, цогцос нь хэт ялзарч муудсан учир задлан шинжилгээ хийх ч аргагүй байсан учир өлбөрч нас барсан гэх дүгнэлтэд хүрчээ.

Талийгаач эмэгтэй анх 2007 онд Хойд Солонгосоос Хятад руу зарагдаж Хятадад иржээ. Хэсэг хугацааны дараа тэр нөхөртэйгөө хамт Сөүлд ирж амьдрах болсон байна. 2015 онд нөхөр нь ажлаасаа цомхотголоор халагдаж, тэд дахин Хятад руу явж ажиллахаар шийджээ. Тэндээ ажиллаж байгаад өнгөрсөн жил нөхрөөсөө салсан бүсгүй хүүтэйгээ эргээд Сөүлд ирсэн ч хүү нь хөгжлийн бэрхшээлтэй учир ажил хийх боломжгүй байжээ.

Бичиг баримт дутуу учир ээж, хүү хоёрт Өмнөд Солонгосын Засгийн газраас дүрвэгсдэд олгодог тэтгэмж олдоогүй байна. Тухайн үед Өмнөд Солонгосын олон зуун иргэн эх, хүү хоёрын дурсгалыг хүндэтгэн, дүрвэгчдийн асуудалд анхаарал хандуулахыг уриалан, Засгийн газрын ордныхоо өмнө жагссан юм.

Эх сурвалж: BBC, SCMP, INDEPENDENT

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
37
ХарамсалтайХарамсалтай
5
ХахаХаха
5
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж