Сонгогчид биеэ үнэлбэл УИХ-д биеэ үнэлэгчид л гарч ирнэ

Хуучирсан мэдээ: 2019.12.12-нд нийтлэгдсэн

Сонгогчид биеэ үнэлбэл УИХ-д биеэ үнэлэгчид л гарч ирнэ

Сонгогчид биеэ үнэлбэл УИХ-д биеэ үнэлэгчид л гарч ирнэ

Сонгуулийн тухай хуулийг УИХ дээр ид хэлэлцэж байна. Ардын намын удирдлагуудын гаргасан 26:50 хувилбарыг АН-ын зөвлөл дэмжиж, эсрэгээрээ эрх баригч намын шинэ гишүүдийн дийлэнх нь дарга нарынхаа оруулж ирсэн саналтай санал нийлэхгүй гэжээ. Тэд хуучин системээр буюу жижиг тойргоор УИХ-ын 2020 оны сонгуулийг явуулах сонирхолтой байгаа. Зарим нэг улстөрч 26:50 хувилбар Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан нарын “захиалга” ч гэж хардаж буй.

Одоогийн УИХ-ын 75 гишүүний 40 нь анх удаа парламентад орж ирсэн. 35 нь хуучин гэвэл МАН-ын Удирдах зөвлөлийн шийдвэр УИХ-ын чуулганаар унах магадлал 50 хувь. Өөрөөр хэлбэл, МАН-ын дарга нарын дэвшүүлсэн холимог хувилбарыг УИХ дэмжих, дэмжихгүйг шинэ болон хуучин гишүүдийн кнопны тоо шийдэх юм. Хуулийн дагуу Г.Занданшатарын парламент сонгууль болохоос зургаан сарын өмнө Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэн батлах ёстой.

Сонгуулийг ямар ч тогтолцоогоор явуулахаар боллоо ч 2020 оны зургадугаар сард УИХ-ын сонгууль болох нь, сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн 1.9 сая хүн Үндсэн хуульд заасан эрхийнхээ дагуу саналаа өгөх үүрэгтэй нь үнэн.

Харин хэд нь саналаа өгөх, хэн хэнд өгөх нь хувь хүний сонголт. Мөн Үндсэн хуулиар хамгаалагдсан эрх нь. Гээд, энэ нь аяга шаазан, гутал хувцас, мөнгө төгрөгөөр саналаа худалдах эрхтэй гэсэн үг биш.

Хэдийгээр хуулиар хориглодог ч саналаа худалддаг, санал худалдаж авдаг үзэгдэл сонгууль болгоноор гардаг. 2017 онд болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр гэхэд л хоёр том нам аль, аль нь хууль зөрчин мөнгө тараасан, Говь-Алтай аймаг руу хоёр тэрбум төгрөг ачиж явсан “Милл Хаус” компанийн машин цагдаа нарт замдаа саатуулагдсан дуулиан сонгуулийн үеэр гарч байлаа. Тэр ч бүү хэл Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдвол бүх зээлийг тэглэнэ гэсэн амлалтад хууртсан хэчнээн сонгогч АН-ын нэр дэвшигчийг дугуйлсныг мэдэхгүй. Гэхдээ сонгогчдод энэ мэт молиго үмхүүлэхдээ манай улстөрчид улам төгөлдөршиж яваа нь Н.Энхбаярын ипотекийн зээлийг тэглэнэ, үнэгүй орон сууц бэлэглэнэ гэх үлгэрийн амлалт. Энэ амлалтад нь хэдэн арваараа итгээд Н.Энхбаярын МАХН-ын байрны өмнө дугаарлаад зогсож байгаа ард түмнийг “биеэ үнэлэгчид” биш гэх үү. Оросууд ийм амлалтыг “Вешать лапшу на ухо” гэдэг, монголчуудын хэлдгээр “Чихэн дээр цэцэг ургуулах” гэсэнтэй адилхан.

Сонгуулийн тогтолцоо, сонгогчдын боловсрол хоёр нэг тэрэгний хоёр дугуй гэсэн үг. Өнгөрсөн хугацаанд нэг дугуйгаа ярьж ирснээс нөгөө дугуйгаа огт мартчихсан. Энэ нь ч улстөрчдөд илүү сайн, сонгогчид муу, боловсролгүй байх тусмаа тэдэнд ашигтай байж ирсэн байх. Тиймээс “ард түмэн цагаан цаас” гэж доромжлоод суудаг байлгүй. Үнэндээ ч, арав таван цааснаас биеэ худалддаг сонгогчдыг цагаан цаас гэх нь харин ч гоёдно.

  Ямар ч сайн тогтолцоотой байлаа сонгогчид нь боловсролгүй бол мөнгөөр саналыг нь худалдаад авчихна. Сонгогчид нь боловсролтой, тогтолцоо нь гажигтай бол мөнөөх урлаг, спорт, уран сайханчид нь УИХ-д гарч ирнэ.

Тиймээс тогтолцоо ярьж байгаа бол сонгогчдын боловсролыг ч давхар хөндөх ёстой. Учир нь, таксины жолоочоос мэдээлэл авдаг сонгогчтой, таксины жолоочдод зориулсан тогтолцоотой бол УИХ-ын чадамж, нэр хүндийн асуудал үргэлж сөхөгдөнө гэсэн үг.

“Сант Марал”-ын судалгаанаас харахад Монголын нийт сонгогчдын 56.9 хувь нь аль нэг намыг дэмждэггүй хөвөгчид аж. Тэдэнтэй намууд тулж, тэдний саналыг худалдаж авахыг оролддог.

УИХ-ын 2016 оны сонгуулийн дараа Нийгмийн бодлого, хөгжил, судалгааны хүрээлэнгээс хийсэн сонирхолтой судалгаанд “Аль нам, хэнд саналаа өгөхөө хэзээ эцэслэн шийдсэн бэ” гэх асуултад 28 хувь зургадугаар сараас өмнө, 44 хувь нь сурталчилгааны үеэр, 11 хувь нь сонгуулийн байранд сонголтоо хийсэн гэж. Эндээс харвал Монголын нийт сонгогчдын 28 хувь нь хатуу үнэмшилтэй сонгогч, харин 11 хувь саналаа худалдагсад байх магадлал өндөр.

Сонгогчдын хувьд шийдвэр гаргахад хамгийн их нөлөөлдөг зүйл нь сурталчилгаа. Гэхдээ сурталчилгаа бол намуудын мөрийн хөтөлбөр биш. Намуудын мөрийн хөтөлбөр бодит ажил болно гэсэн үг биш. МАН гэхэд 2016 онд бүх төрлийн татвар нэмэхгүй, шинээр татвар бий болгохгүй гэж мөрийн хөтөлбөртөө тусгасан, одоо яаж байна, долоон төрлийн татвар нэмсэн. Үнийг тогтвортой байлгахаа амласан, гэтэл мах, гурил, сүү будаа, шатахуун гээд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ бүгд өссөн.

Дөрвөн жилийн өмнө ямар амлалт өгч байснаа эрх баригчид, МАН юу амлаж байсныг иргэд өдөр бүрийн сенсаац дуулиан дундаа өнөөдөр хэдийнэ мартчихсан.

МАН-ын жаран тэрбум, ЖДҮ-гийн хэрэг бол Монголын сонгогчдын боловсролгүйн  алдаа. Сонгогчид биеэ үнэлбэл УИХ-д биеэ үнэлэгчид л гарч ирнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж