БНСУ-ын жүжигчин, аялагч Чой Сунхутай ярилцлаа. Тэрбээр “Burning” киногоороо үзэгчдийн танил болсон, одоо Монголыг сурталчлан таниулахаар ном бичиж байна.
-Монголд 10 гаруй удаа ирсэн гэсэн. Ямар ажил бүтээхээр энэ удаад ирээд байна вэ. Монголын өвөл ямар байна?
-Өмнө нь Хөвсгөлд очиж, -40 хэмд аялсан болохоор одоо тийм ч хүйтэн санагдахгүй байна. Өмнө нь Монголын хөдөөгөөр их явсан бол энэ удаад Улаанбаатар хотын тухай илүү сайн мэдэхийн тулд ирсэн. Би Монголд их хайртай, Монголыг гэх сэтгэл надад бий. Монголд ирэх бүрд найзууд маань, Монгол хүмүүс найрсгаар хүлээж авдаг нь сайхан байдаг. Монголын хөдөөгүүр явахад таарсан хүн бүр нь сайхан сэтгэлтэй байсан.
-Монголын талаар ном бичиж байгаа гэсэн. Энэ талаар ярихгүй юу. Номоо ямар хэл дээр хэвлэх вэ. Мөн хэзээ уншигчдын гар дээр очих вэ?
-Монголд хийсэн аяллын туршлага дээрээ суурилан бас өөр хүмүүстэй хамтран Монголыг сурталчлан таниулах ном бичиж байгаа. Эхний ээлжид солонгос хэл дээр номоо хэвлэнэ. Дараа нь монгол хэл рүү хөрвүүлэн хэвлэх төлөвлөгөөтэй байгаа. Ирэх жил БНСУ болон Монгол Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохионо. Ойг тохиолдуулаад ирэх жилийн гуравдугаар сард номоо хэвлэх төлөвлөгөөтэй байна.
-Ирэх жилээс Монголд амьдарна гэсэн үү. Яагаад хөгжилтэй, амьдрахад ая тухтай орноос Монголд ирж амьдрахыг илүүд үзэж байна вэ?
-Би аялах дуртай. Аяллаар дамжуулан олон зүйлийг ухаардаг. Өөрийн аяллын нэг хэсэг болгон Монголд амьдрах гэж байгаа гэж хэлж болох юм. Өнгөрсөн есдүгээр сард багийнхантайгаа хамтран Монголд зургийн үзэсгэлэн гаргасан. Үзэсгэлэнд аяллаар очихдоо авсан үзэсгэлэнт газруудын зургийг дэлгэсэн. Тус үзэсгэлэнд ирсэн хүмүүс Монгол ямар үзэсгэлэнтэй орон болохыг мэдэрсэн байх. Яг үүн шиг Монголыг сурталчлан таниулахын тулд Монголд амьдрахаар ирнэ. Хэдэн жил Монголд амьдрахаа одоогоор хэлж мэдэхгүй байна.
-Үнэнийг хэлэхэд, Солонгост амьдарч буй монголчуудын талаар сөрөг мэдээлэл сонсогддог. Хамгийн сүүлд Үндсэн хуулийн Цэцийн дарга асан Д.Одбаяртай холбоотой асуудал үүссэн. Энэ бүхнээс солонгосчууд монголчуудыг тун таагүйгээр дүгнэдэг болов уу гэж бодож байна. Гэтэл та Монголыг сонирхоод ирж байгаа нь сонин байна?
-Үндсэн хуулийн Цэцийн даргын талаарх мэдээг сонссон. Гэхдээ энэ асуудлыг солонгосчууд нарийвчлан авч үзэхгүй байгаа. Солонгост амьдарч буй монголчуудтай уулзахад тухайн үед өөрсдөө буруу зүйл хийсэн юм шиг, санаа нь зовсон байдалтай байсан. Яг үнэндээ Солонгост амьдарч буй монгол хүмүүс тийм зүйл хийгээгүй шүү дээ. Ийм үйл явдал болсон нь тухайн хувь хүнтэй л холбоотой. Ийм зүйл аль ч улс үндэстэнд тохиолддог байх. Үүний нэг нь гэж харсан. Тийм зүйл болсноос хойш солонгосчууд монголчуудтай харилцах харилцаа өөрчлөгдөөгүй, урьдынх шигээ л байгаа.
-Улаанбаатарын захад амьдарч байгаа болон төвд амьдарч байгаа хүмүүсийн амьдрал асар ялгаатай байгааг та олж харсан уу. Үүнийг хараад танд ямар сэтгэгдэл төрсөн бэ?
-Хотын захад байгаа хүмүүс болон төвд амьдарч байгаа хүмүүсийн амьдралын ялгаатай байдлыг олж харсан. Гэр хороололд хүнд нөхцөлд амьдарч байгаа хүүхдүүдийг хараад харамсалтай санагдсан. Гэхдээ 1980 оны үед Солонгост ч ийм зүйл байсан. “Ид шидийн орон” төсөл нь улсын хийх ёстой ажлын нэг боловч нэг залуу санаачлага гаргаад бусад нь дэмжээд хүнд нөхцөлд амьдарч байгаа хүүхдүүд рүү чиглэсэн ажил зохион байгуулдаг нь надад таалагдсан.
Улаанбаатар хотын төв хэсэгт солонгосчуудаас ч илүү баян, тансаг амьдарч байгаа хүмүүс харагдсан. Яах аргагүй нийгмийн давхарга нь асар ялгаатай байгаа нь мэдрэгдсэн.
-Та одоогоор хэдэн кинонд тоглоод байна вэ. Таны тоглосон кинон дунд монголчуудын сайн мэдэх ямар кино байна вэ?
-Одоогоор 10 гаруй кинонд тоглоод байна. Монголчууд “Burning” киног мэдэж магадгүй. Кино маань 2018 онд үзэгчдэд хүрч байсан.
-Кинонд тоглох санал ирэхэд ямар шалгуур тавьж, сонголт хийдэг вэ. Монгол кинонд тоглох санал ирвэл хүлээн авах уу?
-Солонгост кинонд тоглох нь асар их өрсөлдөөнтэй байдаг ч сөрөг дүрд тоглох саналаас татгалздаг. Хэрэв Монгол кинонд тоглох санал ирвэл уриалгахан хүлээж авна.
-Монгол хэл сурч байгаа юм билээ. Ингэхэд монголоор хэдэн үг мэдэх вэ?
-Одоогоор 50 гаруй үг мэднэ.
-Таны ярилцлагыг уншиж буй охидод дараах асуултын хариулт сонирхолтой байж магадгүй. Та найз охинтой юу?
-Найз охингүй. Ганц бие.
-Солонгос кинон дээрээс харахад солонгос охид тун үзэсгэлэнтэй харагддаг. Бодит байдал дээр монгол охид, солонгос охидын аль нь царайлаг гэж та хэлэх вэ?
-Монгол кинонд ч үзэсгэлэнтэй охид нь тоглодог байх. Бодит байдал дээр гэвэл солонгос охид илүү үзэсгэлэнтэй гэж хэлнэ. Солонгос охид гоо сайхан, арьс арчилгаанд бүр багаасаа анхаардаг. Монгол охид ч гэсэн үзэсгэлэнтэй, өвөрмөц харагддаг.
-Ярилцсанд баярлалаа. Таны цаашдын уран бүтээлд өндөр амжилт хүсье?
Холбоотой мэдээ