ШУТИС олон улсын хурлын танхимтай боллоо

Хуучирсан мэдээ: 2019.12.11-нд нийтлэгдсэн

ШУТИС олон улсын хурлын танхимтай боллоо

ШУТИС олон улсын хурлын танхимтай боллоо

Шинжлэх ухаан технологийн их сургууль /ШУТИС/ 60 жилийн ойгоо тохиолдуулан өнөөдөр /2019.12.11/ тус сургуулийн хичээлийн наймдугаар байр буюу Эрдэм шинжилгээ, инновацийн төвд олон улсын эрдэм шинжилгээний хурлын их танхимыг албан ёсоор нээлээ. Уг хурлын танхим нь олон улсын стандартад нийцсэн, орчин үеийн аудио, видео бүх тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдан, А зэрэглэлийн танхим аж.

Тухайлбал, “Эрдэнэт” үйлдвэр ТӨҮГ нь олон улсын эрдэм шинжилгээний хурлын танхимыг хамтын ажиллагааны хүрээнд бүрэн тохижуулж сургуулийн удирдлагуудад хүлээлгэн өглөө. Энэхүү арга хэмжээнд “Эрдэнэт” үйлдвэр ТӨҮГ-ийн Ерөнхий захирал Техникийн шинжлэх ухааны доктор Х.Бадамсүрэн, үйлдвэрийн удирдлагууд болон ШУТИС-ийн захирал Б.Очирбат, тус сургуулийн удирдлагууд багш нар оролцлоо. Энэ үеэр “Эрдэнэт” үйлдвэр болон ШУТИС-ийн хамтын ажиллагааны гэрээг сунгах ёслолын ажиллагаа боллоо. Мөн ШУТИС-ийн Геологи уул уурхайн сургуулийн профессор багш нарын хамтын бүтээл болох “Уул уурхайн технологи эдийн засаг, экологи цуврал долоон боть номыг “Эрдэнэт” үйлдвэрийн дэмжлэгээр хэвлүүлсэн бөгөөд номын нээлтийг энэ үеэр хийлээ.

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД ОЛОН УЛСЫН ХУРЛЫН ТАНХИМЫГ НЭЭЛЭЭ

“Эрдэнэт” үйлдвэр ТӨҮГ-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн “ШУТИС, “Эрдэнэт” үйлдвэр олон жил хамтран ажиллаж байна. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд тус сургуульд олон улсын хурлын танхимыг нээлээ. Үйлдвэрлэлийг инженерүүд авч явдаг. ШУТИС бол инженерүүдийг бэлтгэдэг ууган сургууль. Тус сургууль 60 жилийнхээ түүхэнд мундаг, чадвартай инженерүүдийг бэлтгэсэн. Өнөөдөр улс орны үйлдвэрлэл бүтээн байгуулалт амжилттай сайн ахицтай байгаа. Уг танхимыг цаашид үйлдвэрлэл хөгжүүлэх, шинэ техник технологи гаргах, инновацад суурилсан бүтээлийг туурвих олон улсын тулгамдсан асуудлыг хэлэлцэж, оновчтой сайн шийдэл гарах байх гэсэн үүднээс хамтран барьж байгуулан ашиглалтад оруулж байгаа юм. Монгол Улсын хөгжил дэвшил цаашдаа үйлдвэрлэлд суурилагдан явагдах ёстой” гэлээ.

МАНАЙ УЛСЫН ХУВЬД ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН ТАНХИМ ГЭДГЭЭРЭЭ ОНЦЛОГ

ШУТИС-ийн захирал Б.Очирбат “ШУТИС-д өнөөдөр түүхэн үйл явдал болж байна. 2019 он ШУТИС-ийн үүсч байгуулагдсаны 60 жилийн ой тохиож байна. Энэ түүхт ойг манай хамт олон бүтээлч ажлаар угтсан. Бидний байгуулсан их сургуулийн эрдэм шинжилгээ инновацын төв энэ оны намар ашиглалтад орсон. Энэ байранд ШУТИС-ийн тэргүүлэх лабораториуд гарааны компаниуд, ШУТИС-ийн ахисан түвшний материаллаг баазууд ашиглалтад орсон. Үүнтэй уялдаад бид тус танхимд “Эрдэнэт” үйлдвэр, ШУТИС-ийн олон жилийн хамтын ажиллагааны үр дүнд олон улсын эрдэм шинжилгээний хурлын танхимыг анх удаа нээж байна. Уг танхим олон улсын хурлын танхимын стандартад бүрэн нийцсэн орчин үеийн аудио, видео бүх тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдан, А зэрэглэлийн хурлыг зохион байгуулах, үзэсгэлэнгийн нэмэлт талбайтай танхим байгаа. Энэ нь манай улсын хувьд олон улсын эрдэм шинжилгээний хурлын танхим гэдгээрээ анхных гэж хэлж болох байх.

Нөгөөтэйгүүр “Эрдэнэт” үйлдвэр ШУТИС-ийн хамтын ажиллагааны сүүлийн гурван жилийг  дүгнэж хэлэлцээд 2020-2023 онд дэлхий даяар хувьсан өөрчлөгдөж байгаа аж үйлдвэр шинжлэх ухааны хувьсал өөрчлөлт, аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын эрин зуунд манай хоёр байгууллага хэрхэн үр дүнтэй ажиллаж, энэ салбарын мэргэжилтнүүдийг өндөр түвшинд бэлтгэх мөн, уулын баяжуулах үйлдвэрт тулгамдаж байгаа техник технологи шинжлэх ухааны шинэ судалгааны асуудлыг хамтран шийдвэрлэх гэрээг байгуулж ажиллахаар болж байна.

Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэртэй ШУТИС 40 гаруй жилийн хугацаанд үр бүтээлтэй хамтран ажиллаж эхэлсэн. Бид дээрх хамтын ажиллагаагаар бахардаг. “Эрдэнэт” үйлдвэрийн 1000 гаруй инженер техникийн ажилтнууд ШУТИС-ийн төгсөгчид ажиллаж байна. “Эрдэнэт” үйлдвэрийн эрчим хүч барилга, уул уурхай эдийн засаг менежмент гээд олон салбарт ШУТИС-ийн эрдэмтэн судлаачид гэрээт захиалгат судалгааны төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Хамгийн сүүлийн жишээ гэхэд Барилга архитектурын салбарын багш нар нийт барилгын бүтээцэд барилгын насжилтын үнэлгээ судалгааг хийж өгч байна. Ингэснээр уг үйлдвэрийн барилгыг олон жил хэвийн ажиллах, боломжийг бүрдүүлэх, техник эдийн засгийн тооцоог хийж байна. “Эрдэнэт” үйлдвэр ШУТИС-ийн уул уурхайн салбарын эрдэмтэн судлаач багш нарын сүүлийн 50 гаруй жилийн хугацаанд судалж бий болгосон эрдэм шинжилгээ судалгааны ажлын долоон боть цуврал бүтээлийг анх удаа маш өндөр түвшинд орчин үеийн агуулгатайгаар шинэчлэн хэвлүүлэх ажлыг дэмжиж олны хүртээл болгож байна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж