ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Залгамжлагчийнхаа тухай өдөр шөнөгүй бодож байна” гэж Россия Сегодня агентлагийн ерөнхий захирал Дмитрий Киселев өнгөрсөн аравдугаар сард Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуулийн сэтгүүлзүйн факультетийн нэгдүгээр курсын оюутнуудад лекц унших үеэрээ ярьжээ. Энэ цаг мөчөөс хойш Владимир Путины залгамжлагч нь хэн байх вэ гэдэг асуудалд оросын хэвлэлээс гадна барууны хэвлэлүүд анхаарал хандуулж байна.
"Өөрийн залгамжлагчаа бэлддэггүй, зүгээр хаалгаа хаагаад явдаг улстөрч бол маш хариуцлагагүй гэж Путин үздэг. Өөрөөр хэлбэл, ямар ч улстөрч өөрийн залгамжлагчаа бэлдэх хариуцлага үүрэг хэрэгтэй гэсэн үг. Энэ нь дэлхийн нийтийн уламжлал болсон зүйл. Францын экс-ерөнхийлөгч Франсуа Оллан өөрийн залгамжлагч болох Эммануэль Макроныг дэмжиж, Ерөнхийлөгч болгосон. Мөн АНУ-ын 44 дэх ерөнхийлөгч Барак Обама Хиллари Клинтог залгамжлагчаараа тодруулсан боловч тэрбээр сонгуульд ялагдал хүлээсэн. Хариуцлагатай улстөрч залгамжлагчаа бэлддэг. Энэ бол хэвийн үзэгдэл. Харин америкчууд Хиллариг сонгоогүй, тэр азгүй залгамжлагч байсан. Мэдээж, бүхнийг ард түмэн шийднэ. Ельцин залгамжлагчаараа Путинг сонгосон. Ард түмэн ч түүнийг дэмжсэн" хэмээн Киселев тайбарлав.
Путин ч энэ тухай маш олон хэвлэлд тайлбар өгч байв. Тэрбээр “Залгамжлагчаа зарлахад эрт байна. Өнөөдөр олон улсын нөхцөл байдал маш ээдрээтэй байна. Бүрэн эрхийн хугацаа дуусахад дахиад таван жил байна. Мэдээж, хулчгар, зальтай хүн ерөнхийлөгч болоход зохимжгүй” гэж хэлж байсан.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль 2024 оны гуравдугаар сард болно. Хэдийгээр оросуудын хувьд шинэ Ерөнхийлөгчөө сонгоход таван жилийн хугацаа байгаа ч гэсэн тэд өнөөдөр нэр дэвшигчид буюу залгамжлагчдын рейтингийн тодруулаад эхэлжээ. Тэдний дотор Алексей Дюмин, Сергей Шойгу, Сергей Собянина мөн Дмитрий Медведев нар хамгийн өндөр чансаатай байна.
АЛЕКСЕЙ ДЮМИН
Алексей Дюмин бол Туль мужийн захирагч, нисгэгч-генерал цолтой нэгэн. Тэрбээр нэгэн цагт Батлан хамгаалах яамны дэд сайдаар ажиллаж байсан. Үүний зэрэгцээ, Дюмин Владимир Путины байгуулсан Шөнийн хоккейн лигийн итгэмжлэгдсэн зөвлөлийн төлөөлөгч. Тэрбээр лигт хэд хэдэн удаа хаалгачийн үүргийг гүйцэтгэж байсан бөгөөд 2015 онд ерөнхийлөгчийн төрсөн өдөрт зориулсан гала тоглолтод оролцож байсан. Тэрбээр Путин болон Сергей Шойгу болон бусад орны тэргүүн нартай байнга хоккей тоглодог ажээ.
Путины залгамжлагчдад нэр нь яригдаж буй хүмүүсийн чансааны гуравт Алексей Дюмин бичигдэж байна.
СЕРГЕЙ ШОЙГУ
Дараагийн хүн бол Сергей Шойгу. ОХУ-ын баатар, төрийн нэрт зүтгэлтэн, генерал Сергей Шойгу нь 1990 оноос хойш өнөөдрийг хүртэл ОХУ-ын Онцгой Байдлын алба болон Батлан Хамгаалах Яамыг удирдаж байгаа билээ. Тэрбээр улс төрийн бүхий л хямралын үед албан тушаал дээрээ олон жил тогтож буй цор ганц удирдагч ажээ. Тува гаралтай Сергей Шойгуг Оросын ард түмэн “Эх орны хүү” хэмээн нэрлэдэг.
Түүнийг дэлхий нийт бүгд мэднэ. Тэрбээр Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байгаа хугацаандаа цэргийн эмнэлгийг дахин сэргээж, тусгай ажиллагааны хүчнийг бий болгосон билээ. Үүний зэрэгцээ, Шойгу Путинтай их дотно. Путин Сибирийн Тайгад амралтаа өнгөрүүлэх тоолондоо Шойгуг дагуулж явдаг. Мөн хоккей ч хамт тоглодог. Сергей Шойгу Путинтай нас ойролцоо. Тэрбээр 2024 онд 69 нас хүрнэ.
СЕРГЕЙ СОБЯНИН
Москва хотын захирагч Сергей Собянин Путины залгамжлагчдад нэр дэвшиж буй эрхмүүдийн дунд чансаа нь өндөр байгаа билээ. Тэрбээр 2010 онд Москва хотын гуравдах захирагчаар сонгогдсон бөгөөд Единая Россия намын манлайлагчдын нэг. Мөн ОХУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар 2005-2008 оны хооронд ажиллаж байсан бөгөөд 2008 онд Дмитрий Медведевийн сонгуулийн штабыг удирдаж байсан туршлагатай улстөрч. Сергей Собянин бол Уралаас гаралтай Казах хүн.
ДМИТРИЙ МЕДВЕДЕВ
Сүүлийн хүн бол Дмитрий Медведев. Дмитрий Медведев бол өнөөдөр ОХУ-ын Ерөнхий сайдын албан тушаалыг хашиж байна. Владимир Путин түүнд итгэл үзүүлж, 2008-2012 оны хооронд ОХУ-ын Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байсан туршлагатай улстөрч. Гэхдээ түүний бүрэн эрхийн хугацаанд ямар нэгэн шинэчлэл хийгдээгүй билээ. Тэр бол Владимир Путины залгамжлагчдын дунд яригдаж буй эрхмүүдийн дунд номер нэг чансаатай явж байна.
Харин Оросын судлаачдын зүгээс өнөөдөр Путин шиг тус улсын удирдаад аваад явчих хүн байхгүй. Залгамжлагчид түүн шиг зоригтой алхам хийж чадахгүй хэмээн дүгнэж байгаа ажээ. Залгамжлагчид Оросыг бутаргаж ч мэднэ гэсэн саналуудыг эхнээсээ дэвшүүлж эхэлжээ.
Холбоотой мэдээ