2019 оны арванхоёрдугаар сарын 6-8-нд Берлин хотноо хуралдсан Германы Социал демократ намын (ГСДН) их хурал “Шинэ цаг үе рүү урагшаа” уриан дор болж өнгөрлөө. ГСДН нь өдгөө Ангела Меркелийн Христосын Ардчилсан холбоо намтай (ХАХН) эвсэл байгуулан засгийн эрхийг барьж байгаа.
ГСДН 2017 оны сонгуульд хүнд ялагдал хүлээснийхээ дараагаар тун ч дурамжхан байдалтайгаар ХАХН-тай хамтран дахин нэг их эвслийн газрын бүрэлдэхүүнд орон ажиллаж байна. ГСДН канцлер хатагтайн намтай их эвсэл байгуулан ажиллаж он жилүүд өнгөрөхийн хэрээр тус намын өөрийн гэсэн дүр төрх нь бүдгэрсээр байгаа билээ. ГСДН хэдийгээр цалингийн доод хэмжээг хуулиар тогтоох, суурь тэтгэвэр нэвтрүүлэх зэрэг нийгмийн чухал амлалтуудаа биелүүлсэн ч амлалтаа биелүүлснийх нь төлөө сонгуульд авсан санал нь нэмэгдэх байтугай хорогдсоор байна. Учир нь, ГСДН-ын эдгээр амжилтыг хүмүүс канцлер хатагтайн гавьяа гэж хардаг юм.
ГСДН 2019 оны тавдугаар сард болсон Европын сонгуульд тун урагш муутай оролцож нийт сонгогчдын 16 хувийн санал авсных нь дараагаар намын гишүүдийн урам хугарсан байдал намын болон бүлгийн дарга асан Андреа Наалсыг албан тушаалаа өгөхөд хүргэсэн юм. Гэтэл Андрей Наалс намын дарга, бүлгийн даргын албан тушаалаасаа өөрийн саналаар огцрох гэнэтийн шийдвэр гаргасан бөгөөд уг шийдвэрийг өргөн хүрээтэй шинэчлэлийн эхлэл болгон ашигласан билээ. Түүний энэ шийдвэрийн дараагаар ГСДН намын даргын сонгууль явуулах шинэ замуудыг эрэлхийлсэн. Намыг эрэгтэй, эмэгтэй хоёр хүн удирдана, гишүүд нь намын дарга болох эрэгтэй, эмэгтэй хоёр хүнийг сонгоно гэдэг шийдвэр гарсан юм. Эрэгтэй, эмэгтэй хоёр хүнээс бүрдсэн нийт долоон баг нэрээ дэвшүүлж бүсийн 23 хурал хуралдуулж багууд өөрсдийгөө танилцуулна. Эцэст нь багуудаас ГСДН засгийн эрхийг баригч эвслийн жижиг түнш болон ажиллаж буйд шүүмжлэлтэй хандаж, нам дотроо асар хүчирхэг залуучуудын холбооны дэмжлэгийг хүлээсэн баг сонгуульд ялалт байгуулсан юм. Холбооны буюу үндэсний төвшинд төдийлөн танигдаагүй байсан Бундестагийн гишүүн 58 настай Саскиа Эскен ба Нордрайн Бестьфален муж улсын Сангийн сайд асан 67 настай Норверт Вальтер-Боржеанс нарын багийн ялалтыг намын их хурлаар өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр баталгаажууллаа. Намын өнөөгийн удирдлагын дэмжиж байсан нэр дэвшигчид болох Дэд Канцлер, Сангийн сайд 61 настай Олаф Шольц, 43 настай Клара Гейвитц нарын баг дахин санал хураалтаар гайхмаар цөөхөн санал авсан.
Нам зөвхөн боловсон хүчний хувьд шинэчлэгдээд зогсохгүй бодлогын шийдвэр гаргахдаа холбооны Канцлер асан Герхард Шройдерын (1998-2005) цаг үеэс тогтсон хэв маягийг халж чадлаа. Нам нийгэм, экологийн чиглэлд тодорхой эргэлт хийж чадлаа. Намын бодлогын чиг баримжаа ийнхүү өөрчлөгдсөнөөр хуулиар тогтоодог цалингийн доод хэмжээ эрс нэмэгдэж, төсвийн тэнцлийг эрхэмлэсэн он жилүүдийн дараагаар дахин өр тавих замаар төсвийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, Герман орны цаг уурын өөрчлөлтөөс хамгаалах, СО2 хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад зарцуулах мөнгөн дүн ба хариуцлагыг өмнөх үеэс илүү нэмэгдүүлэхээр боллоо. Хариуцлагаа өөрөө хүлээхэд чиглэсэн нийгмийн баримжаат төрийн бодлого, эдийн засагт ээлтэй бодлогын эрин үе ийнхүү төгсөж байгаль орчинд илүү ээлтэй бодлогын шинэ эрин эхэлж байна. Намын шинэ дарга нар намын их хурлын төлөөлөгчдийн нижигнэсэн алга ташилтын дор намын бодлогын чиг баримжааг илүү зүүн тийш нь залах болно гэдгээ мэдэгдсэн юм. Зүүн төвийн бодлогын орон зайг эзэгнэх, эвслийн том түнш болох ХАХН-ын баруун төвийн бодлогын орон зай ба өөрийн намын бодлогын орон зайн дундуур зааглах шугам татах эрмэлзэл их байлаа. Ард түмний хоёр нам хэтэрхий удаан хугацаанд их эвслийн засгийн газар байгуулан ажилласны үр дүнд хоорондоо дэндүү адилхан болж хоцорчээ. (2005 оноос хойш тасралтгүй их эвсэл байгуулан ажилласан).
ХБНГУ-ын холбооны Засгийн газрын хувьд ГСДН-ын хурал өндөрлөсний дараах хэдэн долоо хоног дахин түгшүүртэй өнгөрлөө. Эскен, Вальтер-Боржеанс нар намын дотоод сонгуулийн үеэр Засгийн газрыг бүрдүүлэгч эвслийг ямар ч үнээр хамаагүй цаашид үргэлжлүүлэх шаардлагагүй гэж үзэж байгаагаа тодорхой хэлсэн юм. Харин намын их хурлыг хүртэл ажилласан намын удирдлагын хувьд эвслийн Засгийн газрыг үргэлжлүүлэхийн төлөө байна гэдгээ тодорхой илэрхийлсэн тул ингэснээрээ тэд Олаф Шолц болон намын удирдлагын багийн бодлогыг сөрж байлаа. Гэхдээ намын тухайн үеийн удирдлагын баг бууж өгөөгүй хэвээр байна. Ийнхүү ялалт байгуулаад байгаа багийн баримталж буй зарчмын зөрүүтэй байр суурь нь тэдэнд засгийн эрхийг баригч эвслийг цаашид үргэлжлүүлэх эсэх тухай шийдвэр гаргахад шаардагдах хүчийг намын удирдах зөвлөлд баталгаажуулах боломж бүрдүүлж өгсөн юм. Засгийн газрыг бүрдүүлэгч эвслийг нэн даруй цуцлах тухай өргөдөл гаргахыг намын их хурлын төлөөлөгчдийн дийлэнх нь сайшаагаагүй юм. Намын их хурлын нууц од, ГСДН-ын залуучуудын холбооны дарга 30 настай даргын намын их хурал дээр хэлсэн үг их төлөөлөгчдөд гүнзгий сэтгэгдэл төрүүлж, төлөөлөгчдийн сэтгэлийг татсан юм. Тэрбээр одоогоос нэг жилийн өмнө ГСДН Засгийн газрыг бүрдүүлэгч их эвслийн жижиг түнш болж ажиллахын эсрэг кампанит ажил өрнүүлж байсан ч Засгийн газар түр хугацаанд хэвээрээ байсан нь дээр хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн юм.
Эскен, Вальтер-Боржеанс нарт намын их хурлын шийдвэрүүдээс тодорхой хэсгийг нь Засгийн газрын үйл ажиллагаанд оруулан хэрэгжүүлэх үүрэг ногдож байна. Үүний төлөө тэд бүрэн эрхийн хугацааны тэн хагас нь өнгөрсөн бол эвслийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж болох тухай нэмэлт тайлбарыг ашиглах хэрэгтэй болоод байгаа юм. Нөгөө талд ХАХН-ын дарга Аннегрет Крамп-Карренбауер өөрийнхөө намын шахалтад ороод байгаа учраас эвслийн гэрээнд өөрчлөлт оруулахад тийм хялбар бус байх болно. Гадна талаас ХАХН-ыг дэмжих ард түмний дэмжлэг буурч байгаа, дээрээс нь өөрийнхөө нам дотор Ангела Меркелийн орыг залгамжлагч гэдгээр хүлээн зөвшөөрөгдөхгүй байгаа давхар дарамтад ороод байгаа юм. Их эвслийн Засгийн газар эвслийн жижиг түншийнхээ том амлалтуудыг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд түүний байр суурь улам сулрах болно.
Засгийн газар ямар шинэ төслүүдийг нэмж хэрэгжүүлэх вэ? Шинэ төслүүд хэрэгжихээр боллоо гэхэд ГСДН-д эдгээр нь хангалттай юу? Гараа нь тодорхой бус байгаа эдгээр асуулт ирэх долоо хоногуудад Германы улс төрийг доргиох болно. Цаашдаа Засгийн газрыг бүрдүүлэгч эвсэл доргиотой хэвээрээ үлдэх нь. 2021 онд болох ээлжит сонгуулиас өмнө шинэ сонгууль явуулах магадлал өндөр байна.
Эвслийн Засгийн газар хэр удаан тогтнохоос үл хамааран ГСДН-ын их хурал бодит байдал дээр түүхэн шинэ хуудас эргэлээ гэдгийг бодитойгоор харууллаа. Шройдерийн эрин үеийн бодлого хөтөлбөр, боловсон хүчин аль алинаас нь зөвхөн цөөхөн хэд нь л үлдэж хоцорлоо. Нам бодлогын жолоогоо илт зүүн тийш залснаар 1998 онд эхэлсэн неолибералимзмын ертөнцөөр хийсэн зугаалга төгсгөл боллоо. ГСДН-ын ирээдүй намын залуучуудын холбооны дарга Кевин Кюүнертийг тойрсон залуу үеийнхний гарт шилжлээ. Хамгийн оройтлоо гэхэд өнөөгийн Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа дуусмагц Германы социалдемократуудын хувьд нэгэн шинэ эрин эхлэх болно.
Др. Нийлс Хегеш, Фридрих-Эбертийн сангийн Монголыг хариуцсан суурин төлөөлөгч
Холбоотой мэдээ