"SUSI хөтөлбөр амьдралд минь шинэ боломж нээж өгсөн"

Хуучирсан мэдээ: 2019.12.11-нд нийтлэгдсэн

"SUSI хөтөлбөр амьдралд минь шинэ боломж нээж өгсөн"

"SUSI хөтөлбөр амьдралд минь шинэ боломж нээж өгсөн"

АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас оюутан залуус, багш судлаачдад зориулсан боловсрол, соёлын солилцооны олон тооны, урт, богино хугацааны хөтөлбөрийг зарлаж, тэднийг АНУ-д суралцах боломжоор хангадаг билээ. Эдгээрээс багш, судлаачдад зориулсан SUSI (Study of the U.S. Institutes) for Scholars хөтөлбөр одоо зарлагдаад байгаа юм. Энэ  хөтөлбөрийн талаар тодорхой ойлголт өгөх үүднээс 2019 оны зун тус хөтөлбөрт хамрагдаад ирсэн оролцогчтой ярилцсанаа хүргэж байна.


 -Юуны өмнө, News.mn сайтын уншигчдад та өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг В.Сайнбаяр гэдэг. Багш мэргэжилтэй. Ховд их сургуульд Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байна. ОХУ болон Япон улсад магистр, докторын зэрэг тус тус хамгаалсан.

-АНУ-ын Элчин сайдын яамнаас зарласан SUSI хөтөлбөрт энэ зун хамрагдсан юм байна. Хөтөлбөрийн талаар залуучуудад дэлгэрэнгүй танилцуулаач?

 –Энэ хөтөлбөр нь академик болон судалгааны аялал гэсэн үндсэн хоёр хэсэгтэй байсан. Бидний тухайд эхний дөрвөн долоо хоногийг Сиэтл их сургууль дээр АНУ-ын боловсролын философи, сургалтын арга барилыг судлах мөн өөрийн судалгааны ажлыг тус сургуулийн баазад тулгуурлан сайжруулахад төвлөрч өнгөрүүлсэн. Эдгээр агуулгыг олон сонирхолтой зочид, эрдэмтэд лекц, семинар, хэлэлцүүлэг өрнүүлэх болон талбарын айлчлалуудыг зохион байгуулснаар олгож байсан.

 Үлдсэн хоёр долоо хоногт академик сургалтын хөтөлбөрийг баяжуулах, бататгах зорилгоор судалгааны болон соёлын аяллуудыг зохион байгуулж байв. Аяллын хүрээнд Сан Франциско, Бэркели, Лос Анжелес, Вашингтон зэрэг хотуудад байрлах их сургуулиуд, музей, галерей, урлагийн томоохон төвүүд болон түүхэн дурсгалын газруудаар зочилсон. Тухайлбал, Вашингтон хотын төвд Потомак голын эрэг дагуу байрлах АНУ-ын 16 дахь ерөнхийлөгч Авраам Линкольнд зориулж босгосон, эрх чөлөөг бэлэгдсэн “Линкольны Мемориал”, хүн төрөлхтний 470 хэлээр хэвлэгдсэн 33 сая 12 мянга 750 ширхэг ном, хэвлэл, баримт бичиг хадгалагддаг дэлхийн хамгийн том номын сан болох “АНУ-ын Конгрессийн номын сан”,  “АНУ-ын урлагийн үндэсний галерей“, орчин үеийн барилгын өвөрмөц шийдэлтэй 36 мянган үзмэрийг байршуулсан “Африк-Америкийн түүхийн музей” зэрэг газрууд мартагдашгүй дурсамжийг үлдээж чадсан.

-SUSI хөтөлбөрт ямар чиглэлээр хамрагдсан бэ?

Миний тухайд “АНУ-ын орчин цагийн уран зохиол” чиглэлээр АНУ-ын Сиэтл их сургуульд зургаан долоо хоногийн хугацаатай, бүрэн тэтгэлэгт, солилцооны хөтөлбөрт бусад 16 орноос ирсэн багш, судлаачдын хамт хамрагдаад ирсэн.

 -Энэ хөтөлбөрийн оролцогчдын нэг болсноор олж авсан хамгийн чухал зүйл юу байв?

 –Энэ хөтөлбөрт хамрагдан өөрийн нүдээр АНУ-ыг нээж, тус улсын нийгмийг өөрийнхөөрөө таньж, цаашлаад АНУ-ын орчин цагийн уран зохиол, олон ургальч үзэл, шашин, соёл, хөгжилд нь нэвтэрч суралцсан нь маш чухал байлаа. Мөн дэлхийн удирдагчдыг бэлтгэдэг томоохон их сургуулиудын эрдэмтэн, судлаачдаас шинэ мэдлэг, туршлагыг хуримтлуулж, ертөнцийг үзэх үзэл, түүх, хэл, соёлын мэдлэгээ дээшлүүлж, 17 орны мэргэжил нэгт анд нөхдийн холбоог бий болгосон нь үнэ цэнэтэй байлаа. Энэхүү боломжийг олгосон АНУ-ын Элчин сайдын яам, Төрийн департментад талархлаа илэрхийлье.

 –Бусад хамтран суралцагчдынхаа тухай бидэнд танилцуулбал?  

 –Нийт 17 оролцогч Мексик, Бразил, Того, Камерун, Алжир, Тунис, Ливан, Турк, Португал, Франц, Беларус, Финлянд, Узбекистан, Тажикистан, Энэтхэг, Непал, Хятад, Монгол зэрэг орноос ирсэн байв. Тэдэн дунд Бразилын уран зохиолын орчуулагч, Мексикийн их сургуулийн утга зохиол шүүмжлэгч, АНУ-ын зохиолч Тони Моррисоныг 32 жил тасралтгүй судалсан Францаас ирсэн судлаач зэрэг хүмүүс байсан. Тэдэнтэй хамт суралцах нь нэр төрийн хэрэг байлаа. Мөн манай хөтөлбөрийг хариуцсан багш Сиэтл их сургуулийн профессор Чарльз Таныг онцлон дурдмаар байна. Хөтөлбөрийн бүхий л үйл явцыг маш сайн зохион байгуулж, бидэнд үлгэрлэж чадсан. Оролцогчид хоорондоо найзалж нөхөрлөх, цаашдаа хамтарч ажиллах өргөн боломжийг нээж өгсөн.

 –Буцаж ирээд өөрийн ажил болон амьдралдаа хэрэгжүүлэхээр төлөвлөсөн зүйлс юу байна вэ?

Миний хувьд сурсан, мэдсэн зүйлээ орон нутагтаа хуваалцахыг нэн тэргүүнд зорьсон. Одоогоор “АНУ-д суралцах боломжууд: SUSI хөтөлбөрийн тухай” сэдэвт уулзалт хэлэлцүүлгийг Ховд аймагт байрладаг АНУ-ын соел, мэдээллийн төвтэй хамтран олон нийтийн дунд зохион байгуулаад байна. Тус хөтөлбөртэй холбоотой мэдээлэл авахыг хүссэн хүн бүхэнд мэдээллийг онлайнаар болон биечлэн хуваалцаж байгаа. Мөн өөрийн хувь нэмрийг нийгэмдээ оруулах, боловсролын салбарт тодорхой өөрчлөлт, шинэчлэлийг бий болгохоор ажиллаж байна. Энэ хүрээнд одоогоор Ховд их сургуулийн түвшинд Америкийн уран зохиол хичээлийн хөтөлбөрийн шинэчлэл, заах аргын асуудалд анхааран ажиллаж байна. Түүх соёлын асуудлыг уран зохиолтой хамтатган судлах нь суралцагчдад сонирхолтой, практик ач холбогдолтой болохыг хөтөлбөрт хамрагдаж байхдаа олж мэдсэн юм. Түүнчлэн Ховд аймгийн Америкийн соёл мэдээллийн төвтэй хамтран англи хэлний уншлагын клубийг ажиллуулахаар болоод байна. Энэ клубийн үйл ажиллагаа нь Америкийн уран зохиолоор дамжуулан англи хэлээ сайжруулах хүсэлтэй хэн бүхэнд нас харгалзахгүйгээр, нээлттэй явагдах юм.

-АНУ-ын солилцооны хөтөлбөрт хамрагдаж ирснээр өөр ямар боломжууд гарч ирж байна вэ?

АНУ-ын Засгийн газрын хөтөлбөрт хамрагдсанаар Америкт төгсөгчдийн холбоо MASA–д гишүүнээр элсэж, зохион байгуулж буй үйл ажиллагаануудад оролцон харилцаа, холбоогоо өргөжүүлэх, шинэ мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүлээж авах, нийгэмдээ эерэг өөрчлөлтийг бий болгоход бодит дэмжлэгүүд авах зэрэг боломжууд бий болж байна. Түүнчлэн Америкт төгсөгчдийн олон улсын сүлжээнд нэгдэж, дээрх боломжуудыг илүү өргөн түвшинд ашиглах нөхцөл бүрдсэн.

-Хөтөлбөрийн талаар сонирхож буй хүмүүст хандаж хэлэх үг байна уу?

-Жил бүр олон зуун судлаачид, багш нар, эрдэмтэд энэхүү тэтгэлэгт хамрагдахаар дэлхийн өнцөг булан бүрээс материалаа илгээдэг, ихээхэн өрсөлдөөнтэй, нэр хүндтэй хөтөлбөр гэдгийг өргөдөл өгөхөөсөө өмнө сонсож байсан. Миний тухайд алслагдсан хөдөө орон нутгаас хүсэлт гаргаж байгаа тул хүлээн зөвшөөрүүлнэ гэдэгт эргэлзээтэй л байсан. Гэвч дэлхийд шалгарсан хүмүүстэй хамтдаа сурчих юмсан гэсэн хүсэл, зорилгодоо хөтлөгдөөд, шаардлагатай материалуудаа бэлэн болгосон. Цөөхөн үгэнд багтааж тэтгэлэг хүссэн өргөдөл буюу эссэнд өөрийгөө таниулаад, зорилгоо ойлгуулах зэргээр бүгдийг бичихэд амаргүй байсан болохоор ихээхэн болгоомжтой, хичээнгүй хандсан. Ингээд л шат шатны шалгаруулалтын дүнгүүд ирсээр, 2019 оны дөрөвдүгээр сард SUSI хөтөлбөрийн оролцогчоор шалгарсан. Иймд та л өөрөө өөртөө боломжийг бий болгоно, оролдоод, хичээгээд үзээрэй гэж хэлмээр байна.

SUSI for Scholars хөтөлбөр нь ерөнхий долоон чиглэлээр зарлагддаг бөгөөд манай улсаас жилдээ дунджаар дөрвөөс зургаан багш, судлаач хамрагддаг. 2019 онд улс төр, соёл ба нийгэм, сэтгүүл зүй зэрэг чиглэлээр  таван хүн оролцоод ирсэн. Энэ жилийн тухайд 2019 оны арванхоёрдугаар сарын 16 хүртэл материал хүлээн авах аж. Хөтөлбөрийн талаарх мэдээллийг дараах холбоосоос үзнэ үү. https://mn.usembassy.gov/mn/education-culture-mn/scholarships-mn/susi-scholars/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж