“Жил бүр шинэ тамирчин амжилт гаргаж байгааг гадаадынхан гайхдаг”

Хуучирсан мэдээ: 2019.12.11-нд нийтлэгдсэн

“Жил бүр шинэ тамирчин амжилт гаргаж байгааг гадаадынхан гайхдаг”

“Жил бүр шинэ тамирчин амжилт гаргаж байгааг гадаадынхан гайхдаг”

Монгол залуус ой тогтоолтын спортод гайхалтай амжилт үзүүлж байна. Сүүлийн амжилтаас дурдвал, Олон улсын ой тогтоолтын холбооноос зохион байгуулсан Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн арваннэгдүгээр сарын 29-нөөс арванхоёрдугаар сарын 1-нд болж, Монголын баг тамирчид тэргүүн байр эзэлсэн. Мөн Дэлхийн ой тогтоолтын спортын холбооны тэмцээн арванхоёрдугаар сарын 3-8-нд болж, Монголын баг тамирчид Хойд Солонгосын дараа буюу хоёрдугаар байр эзэлсэн юм. Тус тэмцээнд амжилттай оролцсон тамирчдын нэг У.Солонготой гал гарсан тэмцээний талаар ярилцлаа.


-Сүүлд болсон хоёр тэмцээнд тун амжилттай оролцож, ой тогтоолтын спортын дээд цол болох олон улсын их мастер цол хүртсэнд нь баяр хүргэе. Ой тогтоолтын спортоор хичээллээд хэр удаж байна вэ?

-Маш их баярлалаа. Юуны өмнө танд болон нийт уншигчдадаа энэ өдрийн мэнд хүргэе . Ой тогтоолтын спортоор хичээллээд хоёр жил болж байна.

-Олон улсын тэмцээний үед бусад орны тамирчид Монголын тамирчдыг хэрхэн хүлээн авч байна вэ?

-Олон улсын тэмцээн уралдаануудад Монголоос жил бүр шинэ тамирчид оролцож, олон жил хичээллэж байгаа тамирчидтай өрсөлдөн, маш өндөр амжилт гаргаж байгааг хараад гайхаж хүлээж авдаг.

-Сүүлд болсон тэмцээнд Хойд Солонгосын баг нэгт, хоёрт Монгол, гуравт БНХАУ орсон. Үүнээс өмнө ой тогтоолтын спортын олон улсын тэмцээнд БНАСАУ-ын тамирчид оролцон амжилт үзүүлж байсныг санахгүй байна. БНАСАУ, БНХАУ-ын тамирчдын давуу тал нь юу байна вэ?

-Хойд Солонгос болон Хятад улсын тамирчдын хувьд тухайн улсынхаа дэмжлэгтэйгээр, урт хугацаанд олон цагийн бэлтгэлийг тогтмол хийж байсан нь тэдний давуу тал болсон.

-Энэ удаагийн тэмцээнээс олж харсан, анхаарвал зохилтой зүйл юу байв?

-Бидний хувьд энэ тэмцээнээс олж харсан, анхаарвал зохистой зүйл бол арга техникээ сайжруулж, бэлтгэлийн цагаа улам сунгах шаардлагатай байгааг ойлгосон.

-Төгсөх ангийн сурагчид хичээл ихтэй байдаг. Чиний хувьд тэмцээнд бэлтгэх, оролцоход цаг их зарцуулж, зарим талаараа хичээлээ орхигдуулах тохиолдол гардаг байх. Энэ асуудлыг яаж зохицуулж байна вэ?

-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохын тулд тамирчид өдөрт дунджаар 12 цаг бэлтгэл хийх шаардлагатай байдаг. Миний хувьд энэ тэмцээнд оролцохын тулд хичээлээсээ чөлөө авч, бэлтгэл хийсэн. Чөлөөлөгдсөн хугацаанд орсон бүх хичээлээ сурагчдын өвлийн амралт болон хичээлийн бус цагаар нөхөж хийх төлөвлөгөөтэй байгаа.

-Тус спортоор хичээллэснээр чиний амьдрал, сурлагад гарч буй өөрчлөлт, давуу талуудаас дурдахгүй юу. Ой тогтоолтын спортоор хичээллэхээс өмнө ямар сурдаг байсан бэ?

-Ой тогтоолтын спортоор хичээллэснээр юмыг хурдан, сонирхолтой байдлаар өөрт төвөггүйгээр цээжилж тогтоох чадвартай болсон. Боломжгүй зүйл гэж байдаггүй. Аргыг нь олбол бүх зүйл боломжтой гэдгийг ой тогтоолтын спортын ачаар мэдэж авсан. Ой тогтоолтын спортоор хичээллэхээс өмнө сайн сурдаг байсан. Харин одоо бол хичээлээ илүү хурдан ойлгох арга барилтай болсон.

-Одоо ямар амжилтад хүрэхийг зорьж байна вэ. Хэтийн болон ойрын зорилго, мөрөөдөл тань юу вэ?

-Миний хувьд ирэх 2020 он маш чухал жил. Ой тогтоолтын улсын аварга шалгаруулах тэмцээнд өөрийн дээд амжилтаа эвдэнэ. Мөн хүссэн их сургуульдаа орох зорилготой байна. Бас 2020 онд Дубайд зохион байгуулагдах Оюуны олимпод амжилттай оролцох зорилготой байна.

-Нууц биш бол ямар сургуульд элсэх зорилготой байна вэ?

-Бээжингийн их сургуульд элсч, санхүү эдийн засгийн чиглэлээр сурах бодолтой байгаа.

-Ярилцсанд баярлалаа. Сурлага, спортын өндөр амжилт хүсье. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
43
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж