К-поп бол урлаг биш бизнес

Хуучирсан мэдээ: 2019.12.11-нд нийтлэгдсэн

К-поп бол урлаг биш бизнес

К-поп бол урлаг биш бизнес

Өмнөд Солонгосын “К-поп” гэж нэрлэгдэх дуу хөгжим дэлхий даяар алдаршиж, байлдан дагуулж байна. Тухайлбал, тэд АНУ-ын алдартай дуучидтай хамтарч, уран бүтээл хийж, олон улсад аялан тоглолт хийх болжээ. Өмнөд Солонгосын хамгийн алдартай “BTS” хамтлагийн амжилт нь Английн алдарт “Beatles” хамтлагтай эн зэрэгцэв. К-попын орлого өнгөрсөн 2018 онд 17.9 хувиар өсч, дэлхий даяар топ 10 хөгжмийн зах зээлийн зургадугаарт нэрлэгдэж байна. АНУ-ын “Hollywood Reporter” сэтгүүлд мэдээлснээр, “BTS” хамтлагийн жилийн орлого 4.65 тэрбум ам.долларт хүрсэн нь томоохон бизнесүүдтэй эн зэрэгцэж байгааг онцолжээ. Хамтлагийн олон улс дахь аялан тоглолтын орлого 170 сая ам.долларт хүрсэн байна. Зөвхөн BTS” хамтлаг л гэхэд Өмнөд Солонгосын эдийн засагт өнгөрсөн 2018 онд 3.8 тэрбум ам.долларын хувь нэмэр оруулжээ. Үүнээс харвал К-поп ямар том зах зээл гэдэг нь ойлгомжтой. К-поп оддын нөлөө Өмнөд Солонгосын залууст төдийгүй Ази тив даяар хүчтэй. Тэдний өмсч зүүсэн, хэрэглэсэн бүхэн залуусын дунд эрэлттэй байдгаас зар сурталчилгааны орлого ч үлэмж.

БООЛЫН ГЭРЭЭ

Телевизээр дандаа К-поп оддын гоё, сайхныг үзүүлдгээс охид, залуус од болох мөрөөдөлтэй байх нь элбэгшив. Гэвч хөшигний ард тэдгээр одод ямар золиос гаргаж, яаж их хөдөлмөрлөдөг, хэрхэн мөнгө олох хэрэгсэл болсныг тэр бүр мэддэггүй. 10-14 настай охид, хөвгүүд хөгжмийн энтертайнменттай 10-15 жилийн хугацаатай гэрээ байгуулж, шаргуу хөдөлмөрлөж, бэлтгэгдсэний дараа дебют хийж гарч ирдэг. Энэ хугацаанд тэдэнд хувийн амьдрал, эрх чөлөө гэж байхгүй. Эцэст нь тэд амжилтад хүрч, алдартай болсон ч “боолын гэрээ” нь яг л робот шиг мөнгөний төлөө ажиллуулсаар байх бөгөөд авч буй хөлс нь чамлалттай. Зарим алдаршиж чадаагүй хамтлагийн охид хоолгүй хонох нь энүүхэнд байдаг аж.

ЧИ ӨӨРИЙНХӨӨ ЭЗЭН БИШ

Гэрээ байгуулсан цагаас эхлэн охид, залуусыг тусгай дасгалжуулагч зааварчилж, загварын хэв маяг тэр бүү хэл амьдралын хэмнэлийг нь хүртэл заадаг. Охид нь “барби” шиг төгс галбиртай байхын тулд тогтмол хоолны дэглэм барьж, фитнесээр хичээллэх ёстой. Үүний хажуугаар байнгын бүжгийн бэлтгэл хийнэ.  Заримдаа тэднийг ивээн тэтгэгч эсвэл тохиролцоо гэх нэрийн дор биеийг нь үнэлүүлэх ч тохиолдол олон байдаг аж. К-поп бол кино ертөнцөд хөл тавих бас нэгэн том боломж. Гэвч “Korea Joongang Daily” сонинд 2010 онд мэдээлснээр жүжигчдийн 60 хувь нь телевизийн цувралд гол дүр авахын тулд бэлгийн харилцаанд ордог хэмээн мэдээлжээ. Үүний зэрэгцээ К-поп оддыг олон улсад биеэ үнэлэгчтэй андуурах тохиолдол ч гардаг аж. Тухайлбал, найман гишүүнтэй “Oh My Girl” хамтлагийн охид 2015 онд Лос-Анжелес хотын нисэх буудалд 15 цаг саатуулагджээ. Учир нь охидын хамтлагийн гишүүд өөрсдийгөө “эгч дүүс” гэж нэрлэж, цүнхэндээ дандаа секси хувцас авч явснаас болоод биеэ үнэлэгчид гэж андуурагдсан аж.

ГОО САЙХНЫ ХАГАЛГАА

“К-поп” хөгжмийн ертөнцийг дагаад Өмнөд Солонгосын гоо сайхны хагалгаа бараг “төгс” хэмжээнд хүрч, хөгжсөн. К-попын энтертайнментын захирлууд охид, хөвгүүдийг өөрсдийн үзэмжээр гоо сайхны хагалгаанд оруулах нь элбэг. Өдгөө Өмнөд Солонгост нүүрэндээ мэс хүргээгүй алдартан ховор. Үр дүнд нь К-попыг зарим одод хоорондоо маш төстэй харагдах болсон. Эмнэлгийн орон дээр дахин мэндэлсэн алдартнуудыг дуурайж, жирийн охид, залуус ч гоо сайхны хагалгаа хийлгэх нь элбэг. Өмнөд Солонгосын таван эмэгтэй тутмын нэг нь гоо сайхны хагалгаанд ордог гэсэн судалгаа байдаг.

“ҮЗЭН ЯДАГЧДЫН АРМИ” ЧАМАЙГ АЛЖ Ч ЧАДНА

К-попын оддын хамгийн том зовлон нь үзэн ядагчидтайгаа үргэлж сэтгэлзүйгээрээ тулалдах ёстой болдог. Үзэн ядагчид нь тэднийг байнга “үх” гэж хараан зүхэхийн дээр заримдаа биеийг нь гэмтээхийг ч оролддог байна. Чиний эсрэг үзэн ядагчдын бүхэл бүтэн арми ажиллаж, хувийн амьдралыг чинь байнга мөшгөж, алдаа бүрийг чинь нийтэд дэлгэнэ гэдэг хар дарсан зүүд л гэсэн үг. Сүүлийн үеийн жишээ гэвэл, жүжигчин, дуучин, модель Сулли өнгөрсөн аравдугаар сард амиа хорлосон ба хэдхэн хоногийн дараа түүний дотнын найз “Kara” хамтлагийн гишүүн асан, дуучин Гү Хара нас барсан. Мөн дуучин, жүжигчин Ча Ин Ха энэ арванхоёрдугаар сарын эхээр амиа хорлосон юм. Тэрбээр “Surprise U” гэх хамтлагийн гишүүн бөгөөд сүүлд  “Төгс биш хайр” гэх телевизийн шинэхэн цувралд туслах дүрийг бүтээж байсан юм. Тэдний амиа хорлосон шалтгааныг сэтгэлзүйн дарамт, нийгмийн сүлжээн дэх дайралт, доромжлол нөлөөлсөн гэж үзжээ.

ГАЛЗУУ ШҮТЭН БИШРЭГЧИД

Оддын бишрэн шүтэгчид ч зарим тохиолдолд үзэн ядагчдаас илүү галзуу үйлдэл гаргадаг байна. Тухайлбал, оддын гарын үсгийг нь авч, хамт зургаа даруулахын тулд олон арваараа дайрна, биед нь зөвшөөрөлгүй хүрнэ, гадуур байхад утасны яриаг нь нууцаар бичиж, нууц бичлэг хийнэ, тэр ч бүү хэл шөнө унтаж байхад нь гэрт нь дайрч орсон хэрэгч гарчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ХарамсалтайХарамсалтай
15
ТэнэглэлТэнэглэл
7
БурууБуруу
5
ХахаХаха
4
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж