Зам ашигласны төлбөрийг нэмсэн нь зөв үү?

Хуучирсан мэдээ: 2019.12.11-нд нийтлэгдсэн

VS

Зам ашигласны төлбөрийг нэмсэн нь зөв үү?

Авто зам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлэх шийдвэрийг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралдаан/НИТХ/-аас гаргасан нь олон нийтийн дунд маргаан дэгдээгээд буй.

Иргэдийн нэг хэсэг нь “Авто машины түгжрэлийг сааруулах, агаарын бохирдлыг бууруулах талаасаа зөв шийдвэр. Замаа ч арчилж, тордох боломж бүрдэнэ” гэж үзэж буй бол зарим нь “Амьжиргааны төвшнийг нь дээшлүүлээгүй байж, замын төлбөрийг тав дахин нэмсэн нь буруу” гэж шүүмжилж буй.

Эл шийдвэр 2020 оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжих бөгөөд 1,000-2,000 см3 хүртэл хөдөлгүүрийн багтаамжтай машины авто зам ашигласны төлбөр 100 мянган төгрөг, 4,500-аас дээш хөдөлгүүрийн багтаамжтай машины авто зам ашигласны төлбөр 350 мянган төгрөг болсон юм. Иймээс энэ долоо хоногийн VS буландаа НИТХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ц.Баатархүү, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Индра нарын байр суурийг онцоллоо.

Ц.Баатархүү

Төлбөр хураамжийг нэмэхээсээ өмнө иргэдээсээ асуудаг хуультай. Гэтэл асуугаагүй. Мөн яагаад тав дахин нэмсэн бэ гэдэг үндэслэл тодорхойгүй байгаа. Гэнэт л төсвийг хэлэлцэх үеэр баталчихсан. Нэмсэн шалтгаанаа НИТХ дээр “автомашины түгжрэлийг бууруулах, авто замын дэд бүтцийг сайжруулах зорилготой” гэж тайлбарласан. Түгжрэлийг бууруулахын тулд эхлээд нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах шаардлагатай. Өнгөрсөн гурван жил нийтийн тээврийн салбарыг анхааралгүй хаячихсан. Гэтэл өнөөдөр нийслэлийн иргэдийн зовлон нь нийтийн тээвэр болчхоод байна. Нийтийн тээврийн салбараа хөгжүүлэхгүйгээр автомашины түгжрэл саарна гэж байхгүй. Автомашин унадаг хүн бүр баян биш. Тэр тусмаа зам ашигласны төлбөрийг хавтгайруулан нэмсэн нь маш буруу.

Иргэд энэ шийдвэрээ эргэж харахыг шаардсан маш олон санал гомдлыг НИТХ-д ирүүлж байна. Тиймээс НИТХ-аар дахин хэлэлцэх болов уу. Иргэд дэмжихгүй байна шүү дээ.

Б.Индра

Татвар нэмсэн юм биш, энэ бол хураамж. Хураамжийг Замын санд төвлөрүүлж, зам засвар, арчлалтад зарцуулдаг. Улаанбаатар хот 1000 гаруй км авто замтай. Насжилтаар нь авч үзвэл 60-65 хувь нь өндөр насжилттай буюу 10-аас дээш жилийн насжилттай байна. Өндөр насжилттай авто замуудад нийслэлийн Авто замын хөгжлийн газраас жил бүр засвар шинэчлэл хийдэг ч жилд төвлөрдөг төсөв нь хүрдэггүй. Хураамж нь нэмэгдсэнээр Замын сангийн хөрөнгө ч нэмэгдэж, авто замын хагарлыг нөхөх биш, эвдрэлд орсон замуудад хэсэгчилж урсгал засвар хийж, өргөтгөж шинэчлэх боломжтой болно. Ус зайлуулах шугам хоолойг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ.

Мөн нийтийн тээврийн шинэчлэл хийх, авто зогсоолыг цэгцэлнэ. Авто зам ашигласны төлбөрийг нэмэгдүүлсний үр дүнд агаарын бохирдол, замын түгжрэлийг бууруулах гээд олон боломж бий болно.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж