Засгийн газар цалин, тэтгэврээс бусад дансаа хаасан

Хуучирсан мэдээ: 2015.09.30-нд нийтлэгдсэн

Засгийн газар цалин, тэтгэврээс бусад дансаа хаасан

Үйлдвэрчний эвлэл муйхраар санал тавьж байна гэж харахгүй байгаа.

 

“Энэ онд цалин нэмэхээр төлөвлөсөн ч ирэх жилийн төсөвт шилжүүлэхээс аргагүй байна. Үйлдвэрчний эвлэл, Ажил олгогч эздийн холбоо таатай хүлээж авахгүй байх. Гэхдээ цалин буулгахгүйгээр асуудлаа шийдэх гарц хайж байхад нэмэх талаар яриад байж таарахгүй.

 

Үйлдвэрчний эвлэл, Ажил олгогч эздийн холбоотой гурван талт хэлэлцээр хийхийг Хөдөлмөрийн сайд Г.Баярсайханд үүрэг болгож, нөхцөл байдлаа зөв танил-цуулж, харилцан ойлголцох учиртайг анхааруулж байна” хэмээн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Шийдлийн цаг” уулзалтын үеэр мэдэгдсэн.

 

Энэ талаар Хөдөлмөрийн сайд Г.Баярсайханаас дараах зүйлийг тодрууллаа.

 

-Гурван талт хэлэлцээрийг хэзээ хийхээр товлосон бэ?

 

-Энэ оны нэгдүгээр сард байгуулсан Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээрт нэмэлт оруулах гэрээ хэлэлцээрийг ойрын хугацаанд хийхээр төлөвлөж байгаа. Яг төдийд гэж тодорхой хугацаа заасан зүйл одоохондоо алга байна. Энэ хэлэлцээрийг Засгийн газрыг төлөөлж Хөдөлмөрийн яам, Үйлдвэрчний эвлэл, Ажил олгогч эздийн холбоотой хамтран байгуулсан.

 

Гэрээнд гурван талын үүргийгтодорхой заасан байгаа. Тухайлбал, Засгийн газар төрийн албан хаагчдын цалинг 2015 оны тавдугаар сараас эхлэн үе шаттайгаар нэмэх үүрэг хүлээсэн. Гэвч өнөөдрийн байдлаар гэрээнд заасны дагуу цалин нэмж чадаагүй байна.

 

Шийдлийн Засгийн газрын зургаан сайдыг томилсны дараа Үйлдвэрчний эвлэлээс жагсаал зохион байгуулж, гэрээнд заасны дагуу аравдугаар сарын 1-нээс төрийн албаныхны цалинг нэмэх ёстой гэсэн шаардлагыг ирүүлсэн. Үйлдвэрчний эвлэлийг би энэхүү шаардлагыг муйхраар тавьж байна гэж харахгүй байгаа.

 

Уул уурхайн түүхий эдийн үнэ дэлхиин зах зээл дээр унаж, улсын төсвийн орлого сох дутлаа
Уг нь өнгөрсөн хавар шийдлийн Засгийн газар өөдрөг төсөөлөлтэй байсан. Гэвч уул уурхайн түүхий эдийн үнэ  дэлхиин зах зээл дээр унаж, улсын төсвийн орлого сох дутлаа. Үүнийг ч ард түмэн ойлгож байгаа байх. Тиймээс Засгийн газрын нэрийн өмнөөс уг шаардлагыг хүлээж авсны дараа гурван талт уулзалтуудыг хийж, Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар бодит мэдээллийг танилцуулсан.

 

Уулзалтын үр дүнд эдийн засгийн хүнд нөхцөл байдлыг хамтын хүчээр даван туулах ойлголцолд хүрч чадсан. Засгийн газар хэцүү нөхцөл байдалд ажиллаж байгааг ч талууд ойлгосон. Тиймээс бид нийгэмд хандсан уриалга гаргахаар болсон. Ажил олгогч эздийг аж-лын байрыг хэвээр хадгалах замаар ажилтнуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхгүй байх, тогтоосон журмын дагуу цалин урамшууллыг олгож хүнд нөхцөл байдлыг хохирол багатайгаар хамтдаа даван туулахыг уриална.

 

-Ер нь та цалин нэмэх асуудалд ямар байр суурьтай байгаа вэ. Зарим нь төрийн албан хаагчдын цалинг нэмэх нь хувийн хэвшлийг хөлдөө чирдэг гээд дуртай биш байдаг?

 

-Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээрээр хүлээсэн үүргээ Засгийн газар биелүүлэх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Анх Үйлдвэрчний эвлэлээс зохион байгуулсан цалин, тэтгэврийг нэмэхийг шаардсан жагсаалын үеэр би уг шаардлагыг хүлээж аваад Засгийн газарт танилцуулсан.

 

Тухайн үед Засгийн газар цалинг нэмэх байтугай хямралыг давахын тулд тодорхой хувиар бууруулах санал ярьж байсан юм. Миний хувьд үүнийг эрс эсэргүүцэж “Ийм санал байж болохгүй, цалинг нэмж чаддаггүй юм гэхэд одоо байгаа хэмжээнд нь хадгалаад явах ёстой” гэсэн байр сууриа илэрхийлсэн.

 

-Тэр байр сууриа та одоо ч хадгалж байгаа юу?

 

-Гэхдээ улс орны эдийн засгийн нөхцөл байдал хүнд байна. Төсөөлж байсан орлого орж ирэх боломжгүй болсон энэ нөхцөлд Засгийн газар цалин, тэтгэврээс бусад дансаа хаасан. Ийм нөхцөлд бусад оронд байдаг жишгийн дагуу улс төрийн өндөр албан тушаалтнууд нийгэмд үлгэр дууриал үзүүлэх үүднээс цалингаа тодорхой хувиар бууруулах саналыг Засгийн газраас гаргасан. Ингэснээр тодорхой хэмжээний мөнгө хэмнэх боломж бий. Гэхдээ улс төрийн өндөр албан тушаалтнуудын цалинг тодорхой хувиар бууруулснаар улс орны эдийн засаг сайжрахгүй.

 

-Энд онд цалин нэмэхээргүй боллоо. Ирэх онд нэмж чадах болов уу?

 

-Энэ асуудлаар Сангийн сайд Б.Болортой уулзсан. Хэдийгээр эдийн засгийн нөхцөл хүнд байгаа ч ирэх онд цалинг тодорхой хувиар нэмэх ёстой байр суурийг илэрхийлсэн. Энэ талаар ойлголцолд хүрсэн гэж бодож байна. Ерөнхий сайдтай ч санал солилцсон. Ирэх онд тодорхой хувиар цалин нэмнэ гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Гэхдээ хэдэн хувиар гэдгийг одоо хэлэх боломжгүй.

 

-Үйлдвэрчний эвлэл цалин нэмэх ёстой гэсэн хатуу байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. Хэрэв гурван талт хэлэлцээр амжилтгүй болвол Засгийн газар ямар арга хэмжээ авах вэ?

 

-Үйлдвэрчний эвлэл болон Ажил олгогч эздийн холбоог ажил хэрэгч түнш гэж ойлгодог. Тэд ч гэсэн Монгол Улсын хөгжлийн төлөө зүтгэж байгаа хүмүүс. Улс орны эдийн засгийн нөхцөл байдал хүндхэн байгаа үед нийгэмд сөрөг уур амьсгал бүрдүүлэхээр асуудалд хандахгүй байх. Гурван талт хэлэлцээр зөвхөн цалин нэмэх асуудлаар хязгаарлагдахгүй. Зарим хууль болон журамд өөрчлөлт оруулахад хамтарч ажиллана. Мөн гурван талт хэлэлцээрээр өмнө хийсэн ажлуудыг дүгнэнэ.

 

Эх сурвалж: "ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ" сонин

 

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж