-Нийслэл хотын албан татварын хуулийг энэ долоо хоногоос хэрэгжүүлэх гэж байна. Тиймээс NEWS агентлаг "ХОТЫН ТАТВАР"-ын асуудлыг энэ долоо хоногт онцолж байна.
Өнгөрсөн зургадугаар сарын 19 -ны өдөр Улсын их хурлаар баталсан "Нийслэл хотын албан татвар"-ын хууль маргааш буюу аравдугаар сарын 1-нээс албан ёсоор хэрэгжиж эхэлнэ. Өчигдөр нийслэлийн Иргэдийн төлөөлөгчид /НИТХ/ хуралдаж, хуулийг ямар хүрээнд, хэрхэн яаж хэрэгжүүлэх вэ гэдгийг тодорхойлох журмыг баталсан. Товчхондоо илүү хэрэгцээний хоёр бараа, дөрвөн төрлийн үйлчилгээнээс авах татварын хэмжээг нэг хувь байхаар баталсан юм. Тэгвэл өнөөдөр НИТХ дахь Монгол ардын намын бүлэг /МАН/ "Нийслэл хотын албан татвар"-ыг эсэргүүцэж буйгаа илэрхийлж, Ардчилсан намын эрх баригчид эдийн засаг хямарсан энэ үед илүү хэрэгцээт бараа, үйлчилгээ хэрэглэсэн нэрийдлээр иргэдэд нэмэлт ачаа үүрүүлж байна. Одоохондоо "Хотын албан татвар"-ын хувь хэмжээг 0 хувь байлгах ёстой гэж мэдэгдэв.
"Нийслэл хотын албан татвар"-ын хувь, хэмжээг байршил, хүн амын төвлөрлийг харгалзан, 0-1.0 хувийн хязгаарт багтаан НИТХ батална гэж Улсын их хурал хуульчилж өгсөн. Гэвч нийслэлийн удирдлага болон Ардчилсан намын төлөөлөгчид хэт нэг талыг баримталж, татварын хэмжээг тогтоолоо гэж МАН-ын төлөөлөгчид тайлбарлав. Мөн татвар суутгагчийг бүртгэх, бүртгэлээс хасах, мэдээлэл солилцох журмыг НИТХ батлахдаа "Ахмадын зориулалттай амралт, сувилалын газар"-ыг татвар суутгагчаас хасаагүй. Энэ нь ахмадуудаас татвар авна гэсэн шийдвэр гэв.
Бараа бүтээгдэхүүн борлуулсан, үйлчилгээ үзүүлсэн иргэн, хуулийн этгээдэд НӨАТ, Онцгой албан татвар, ААН-ийн орлогын албан татвар, Нийслэл хотын татвар ногдуулдаг. Мөн иргэд хуулийн этгээд амралтын газар, зочид буудал, ресторан, баар эрхлэх тусгай зөвшөөрөл авахад олон сая төгрөг төлж, хахууль өгдөг гаж жишиг байсаар байтал Нийслэлчүүдийн нуруунд үүрүүлэх татвар маргаашнаас дахин нэгээр нэмэгдэх нь гэв.
Д.УЛАМБАЯР
Зураглаач Н.БАТМӨНХ