Германы Дрезден хотноо машиндаа 70 кг хар тамхи тээвэрлэж яваад баригдсан, Монгол Улсаас Истанбул хотод суугаа Ерөнхий консул Б.Баттүшиг, жолооч С.Эрдэнэбаяр нарт холбогдох хэргийн ээлжит шүүх хурал энэ сарын 9-ны өдөр эхэлсэн талаар бид мэдээлсэн. Хэргийг сануулахад, тэднийг анх тавдугаар сарын 3-ны өдөр дипломат дугаартай "Мерседес бенз" маркийн автомашиндаа гурван сая еврогийн үнэ бүхий 70 кг хар тамхи тээвэрлэж явахад нь Германы цагдаа нар саатуулан баривчилсан юм. Шүүхийн анхны хэлэлцүүлэг Дрезден хотын тойргийн шүүхэд арваннэгдүгээр сарын 18-ны өдөр эхэлжээ.
Уг хэрэгт холбогдогч Б.Баттүшиг нь шүүх хурлын үеэр өөрийгөө Монгол Улсын тагнуулын байгууллагын ажилтан, гадаад улсад байгаа дипломатууд мансууруулах бодис, тамхины хэрэгт холбогдсон гэсэн мэдээллийн мөрөөр өөрийн биеэр дунд нь орж нууц ажиллагаа явуулж байгаад баригдсан гэх утгатай мэдүүлэг өгснийг Германы томоохон хэвлэлийн нэг “Bild” сэтгүүл нийтэлсэн билээ. Дээрх асуудлаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатараас тодрууллаа.
–Германы Дрезден хотод өнөөдөр Монголын хоёр дипломатч хар тамхи зөөвөрлөсөн хэргээр шүүгдэж байна. Шүүх хуралд Гадаад харилцааны яам ямар оролцоотой ажиллаж байгаа вэ. Тэнд шүүгдэж байгаа иргэдийн эрх ашиг яригдаж байна?
-Тэгэлгүй яах вэ. Манай консулын алба эхнээсээ тэр хүмүүст Монголын иргэн гэдэг утгаар нь үйлчилгээ үзүүлсээр ирсэн. Ялангуяа хууль, шүүх процесс нь өөрөө хуулийн дагуу явж байна уу. Тэр нь ямар нэгэн ялгаварлан гадуурхах эсвэл хуульд заагдаагүй, өөр зөрчил манай хүмүүсийн хэлэлцүүлэг гарч байна уу үгүй юу гэдэгт Консулын газраас анхаарал тавиад явж байна. Гадаад харилцааны яамнаас хамгийн гол анхаарч байгаа зүйл нь иймэрхүү дутагдлыг бид гаргахгүй байх, тэрийг цаашид бүрэн таслах чиглэлд илүү их анхаараад явж байна.
-Хэвлэлийн хуудаснаа хар тамхи зөөвөрлөсөн машины дугаар нь дипломат дугаар биш гэдэг мэдээлэл явж байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
-Одоо бид нар машины дугаарыг бүгдийг нь цэгцлээд явж байна. Өнөөдрийн байдлаар Европт байгаа бүх машинууд Улаанбаатарын төвд хянагдаж байгаа. Хаашаа явж байгаа, юу хийж байгаа нь. Урьд нь бол тийм зүйл байгаагүй. Бид ийм систем рүү шилжсэн. Бид үе шаттай арга хэмжээ авч цаашид үүнийг гишгэх газаргүй болгоно. Та бүхэн бодоод үз дээ. Урьд өмнө нь хэзээ ч тэгж байгаагүй. Европт байгаа Элчин сайдын яамдын бүх машинуудыг хэдэн цагт хаашаа явж байгааг нь энд хянаж байгаа. Өшөө цаашаа бидний хийж байгаа нарийн ажиллагаа бий.
-Шүүх хурлын явцад Б.Баттүшиг өөрийгөө тагнуулын ажилтан нууц үйл ажиллагаа явуулж байсан гэж мэдүүлсэн гэх?
-Энийг би мэдэхгүй. Тухайн хууль шүүхийн процесс явж байгаа тусгай байгууллагууд өөрсдөө хянаж мэдэж байгаа байх. Тусгай байгууллагын үйл ажиллагааг бид мэдэхгүй байхгүй юу.
Холбоотой мэдээ