Г.Зориг: Бид ХАА-н салбарт дижитал платформ хийх боломжтой | News.MN

Г.Зориг: Бид ХАА-н салбарт дижитал платформ хийх боломжтой

Г.Зориг: Бид ХАА-н салбарт дижитал платформ хийх боломжтой

Г.Зориг: Бид ХАА-н салбарт дижитал платформ хийх боломжтой

Сүүлийн үед дэлхий дахинаа бүх салбарт дижитал хувьслын талаар ярих боллоо. Үүнийг дагаад дижитал эдийн засгийн тухай ихээр хөндөж байна. Тиймээс бид энэ талаар Нээлттэй, насан туршийн боловсролын олон улсын Технологийн захирал, доктор Г.Зоригтой ярилцлаа. Тэрбээр 30 гаруй жил Монгол-Японы зах зээлд болон олон улсыг хамарсан томоохон мэдээллийн систем байгуулсан туршлагатай. Одоо тэр Монгол улсад боловсрол, хөдөө аж ахуй, ухаалаг хотын дижитал шилжилт хийх төслүүд дээр ажиллаж байна. 


-Бид оюун ухаанд суурилсан хөгжлийн эрэн зуунд амьдарч байна. Энэ хэрээр шинжлэх ухаан, техник, технологи асар хурдацтай хөгжиж байна. Салбар бүрт ярих болсон дижитал эдийн засаг гэж юуг хэлээд байна вэ?

-Дижитал гэдэг үгийг зарим хүмүүс тоон эсвэл цахим гэж орчуулдаг. Гэтэл энэ хоёроос шал өөр. Энэ нь сүүлийн үеийн мэдээллийн технологийн арга хэрэгслүүдийг хэрхэн үр ашигтай ашиглах талаарх ойлголт. Эдийн засгийг технологийн хүчээр огт өөр үр өгөөжтэй эдийн засаг болгож хувиргахыг хэлж байгаа юм. Тухайлбал, дэлхий нийтийг холбож буй Facebook компани байна. Энэ компани гэхэд “United AirLines” гээд хэдэн мянган онгоцтой, олон улсад салбартай компанитай харьцуулахад зах зээлийн үнэлгээ маш өндөр байдаг. Учир нь Facebook компани асар олон салбар, хүмүүсийн датад үндэслээд өөртөө дижитал үнэ цэнийг бий болгож чадаж байгаа юм. Ийм төрлийн эдийн засгийг ерөнхийдөө дижитал эдийн засаг гэдэг. Дижитал эдийн засгийн үндсийг бүрдүүлж байгаа компаниудын зах зээлийн үнэлгээ триллион доллар давж байна. Бид одоо Оюутолгой гээд газрын баялаг яриад байна шүү дээ. Оюу толгойг ажиллуулж байгаа Рио Тинтогийн зах зээлийн үнэлгээ 95 тэрбум доллар байх. Тэгэхээр газрын баялгаас илүү дижитал баялагтаа анхаарлаа хандуулах цаг болжээ. Үүнийг сонгосон улс л ирээдүйд хөгжих болно. Базаад хэлбэл дижитал шилжилт хийгдсэний үр дүнд бий болсон эдийн засаг бизнесийн үйл ажиллагаа, дата, технологи, тогтолцоог бүхэлд нь дижитал эдийн засаг гэдэг.

-Дижитал эдийн засагт шилжихийн тулд тухайн улс орон юунаас яаж эхлэх ёстой вэ?

-Ерөөсөө өмнө хийж байсан уламжлалт аргаасаа татгалзах огт өөрөөр хийхийг зорих ёстой. Тэгэхээр бизнесийн загвар, худалдан авагч нь өөрчлөгдөнө. Одоо нийт хүн ам, дата, ухаалаг төхөөрөмжүүд бүхэлдээ сүлжээгээр холбогдож байна. Мэдээлэл нь цаг хугацаа, орон зайн ямар ч ялгаагүй болчихсон. Худалдаа, үйлчилгээ, боловсрол, эмнэлэг гэх мэт бүх салбар  технологид суурилсан. Үүнийг илүү үр ашигтай болгох нь дижитал эдийн засаг юм. Өөрөөр хэлбэл, дижитал эдийн засгийг бүх салбар бүрдүүлнэ.

-Цахим ертөнц ганцхан мэдээлэл солилцох хэрэгсэл байхаа больж, харин эдийн засгийн хязгааргүй талбар болсон гэж ойлголоо. Үүнтэй зэрэгцээд дижитал шилжилт хийх тухай яригдах болжээ?

-Дижитал шилжилт гэдэг бол цахим үйлчилгээ биш. Хүмүүс төрийн цахим үйлчилгээг дижитал шилжилттэй андуураад байна. Өмнө нь хийж байсан үйлчилгээгээ цахимаар хийдэг болсон гэсэн үг. Харин дижитал шилжилт бол өмнөхөөс огт өөрөөр хийнэ. Шинээр бий болсон суурь технологиуд, мэдээллийн технологийн хөгжил, нийт хүн ардын сэтгэлгээ, хэрэглээний өөрчлөлт зэрэг орчны эрс өөрчлөлтөнд зохицон бий болж байгаа шинэ төрлийн дижитал бизнес,  үйл ажиллагааны шинэ загвар, эрс өөр бүтэц, шинэ мэргэжил мэдлэг чадваруудыг бий болгох цогц үйл явцыг дижитал шилжилт гэж нэрлэдэг.

Товчоор бол загвараа бүрэн өөрчлөх юм. Бүх салбарууд хоорондоо холбогдох ёстой. Архитектор хот төлөвлөлт гээд байдаг шүү дээ. Үүнтэй адил мэдээллийн архитектор нь өөр болно гэсэн үг.

Ингэхээр түүн дээр ажиллах бүх зүйл өөрчлөгдөх ёстой. Жишээлбэл, крипто валют гарч ирснээр мөнгө, доллар, банк гэдэг ойлголт өөрчлөгдөж эхэлсэн. Банкаар дамжуулж мөнгө шилжүүлэх, хэвлэх гэсэн ойлголт үгүй болох жишээтэй.

-Монголд жишээлбэл дижитал шилжилт хэр тархаж байна вэ?

-Дижитал шилжилт олон түвшинд хийгддэг. Улс орны түвшинд холион бантан болсон ойлголтын зөрүү байгаагаас шилжилт хийх бодлогын нэгдсэн ойлголт алга байна. Дижитал, цахимжуулалт, аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал гэж ярьсан хүмүүс олон байгаа боловч дутуу ойлгосон, эдгээр нь хоорондоо ямар ялгаатайг мэдэх хүн цөөн байна. Гэхдээ бизнес, байгууллагуудын дотор зарим оролдлого хийгдэж байна, Тухайлбал Сонгдо эмнэлэгийн хиймэл оюунд тулгуурласан Watson систем, Bolorsoft-ийн CHIMEGE, LEND.MN, UB Car гэх мэт шийдэл санаачлагууд эхэлж байна л даа. Гэхдээ энэ нийтдээ тархаж байна уу гэвэл үгүй. Монголчуудын ихэнх нь одоо "Facebook"-ээр хоорондоо холбоотой болчихлоо. Гар утаснаасаа интернет орж байна. Үүнийг л манай бизнесийн салбарынхан ашиглах ёстой, гэхдээ ухаалгаар. Юу гэсэн үг вэ гэхээр, бизнес хийхдээ тус тусдаа бус дундын нэгдсэн үйлчилгээг явуулах тухай юм. Ингэснээр зардал багасч, үйлчилгээний чанар ч сайжирна. Одоо бүх их, дээд сургууль, ерөнхий боловсролын сургуулиуд нийлж ажиллах ёстой. Хамгийн сайн багш хаана байна түүний хичээлийг бүгд үздэг ч юм уу. Жишээлбэл, танай www.news.mn сайт хамгийн чадвартай сэтгүүлчдээ бусад сайттай холбож, илүү нээлттэй сүлжээ байгуулах юм. Ингэж байж дэлхий нийтээр яриад байгаа дижитал шилжилт, дижитал эдийн засаг гэдэг чинь гарч ирнэ. Үүний үр дүнд үйлчилгээ хурд, төрөл, чанар нэмэгдэнэ, соёл сайжирна, зарлага багасна гээд маш олон давуу талтай.

-Боловсролын салбарт та жишээ дурьдаад өнгөрлөө. Үүнийг илүү тодруулбал, сургууль дижитал шилжилтийг бий болгохын тулд яаж дундын нэгдсэн үйлчилгээг бий болгох ёстой юм бэ?

-Дэлхийд нэг жишээ бий. Massive Open Online Course – MOOC буюу монголоор бол нийтийн нээлттэй насан туршийн боловсрол гэж байдаг. Тэнд зааж буй Стэнфордын Их сургуулийн Нобелийн шагналт, химийн багшийн лекцийг монголын сумын хүүхэд үзэх боломжтой болоод байна.

Дижитал эдийн засгийн нэг давуу тал нь хүн бүр өөр гэдгийг мэдрүүлдэг.

Одоогийн боловсролын систем бол бүх хүнд адилхан заадаг. Гэтэл хүн бүр өөрийн гэсэн онцлог, авьяас, чадвартай. Аливаа зүйлийг ойлгож, хүлээж авах нь өөр байдаг гэдгийг дижитал шилжилт ойлгуулж, түүнд тохирсон байдлаар өөрөө хичээлээ судлах боломжтой болох юм. Одоо монголд зарим хүүхдүүд гэртээ суугаад л хичээлээ үзчихэж байна. Тэгээд дэлхийн том сургуулиудын шалгалтыг маш сайн өгч байна. Ер нь яваандаа сургалтын систем өөрөө бие дааж сурах байдал руу л орно. Харин тэр чадварыг нь суулгах ёстой. Яг энэ зармчыг бусад салбарт хэрэгжүүлэх хэрэгтэй. Үүнээс гадна удахгүй одоогийн нийт ажил үйлчилгээний 40-50 хувийг хиймэл оюун ухаан хийж гүйцэтгэнэ.

-Хиймэл оюун ухаан хүний хөдөлмөрийг орлохоос гадна бүх зүйл онлайн болоод эхлэхээр ажлын байрны хомсдол бий болж, ажилгүйдлийн түвшин огцом нэмэгдэх сул талтай юм биш үү?

-Үүнийг дагаад бий болох ажилгүйдэл бол дэлхийн нийтийн тулгамдсан асуудал болох хандлагатай байна. Тиймээс аль хэдий нь янз бүрийн шийдэл хайгаад эхэлсэн. Тодорхой дүрэм журам стандартын дагуу хийдэг, зааж болдог бүх ажлуудыг хиймэл оюун ухаан гүйцэтгээд эхэллээ. Технологийн ажилгүйдэл бий болохыг үгүйсгэхгүй. Үүний эсрэг зарим улс орнууд янз бүрийн туршилтууд хийгээд эхэлж байна. Нэг хот, тосгон сонгож аваад ажлаас халагдсан мянган хүнд Universal Basic Income буюу нэгдсэн суурь орлого өгнө. Энэ нь сарын 1000 ам.доллар. Тэгээд ямар ч ажил хийхгүй, энэ мөнгөөр амьдарна гэсэн үг. Уг туршилт Энэтхэг, Канад, АНУ зэрэг янз бүрийн улсад хийгдэж байна. Туршилтын үр дүн ч өөр байна. Зарим тохиолдолд хүмүүс багадаа хүсч мөрөөдөж байсан авьяас, чадвараа хөгжүүлэх болжээ. Тухайлбал, Канадын нэг банкны 800 ажилтны нэг ажилгүйдлийн цалингаа аваад гэртээ суухдаа өөрийн авьяас, чадвараа хөгжүүлсээр байгаад одоо зураач болсон байна. Өмнө нь бол мөнгө олж гэр бүлээ тэжээх үүрэгтэй. Үүний тулд ажил хийх ёстой гэсэн сэтгэлээр ханддаг байж. Хэрвээ тэр хүн энэ чигээрээ явсан бол насан туршдаа амьдралд юу хүсч буйгаа мэдэхгүй, өөрийгөө ч олохгүй дуусах л байж шүү дээ. Тэгэхээр дижитал шилжилтийн туршилтын давуу тал энэ болж байгаа юм. Хүмүүс юу хийхээ мэдэхгүй зовж байгаа тохиолдол ч олон байна.

-Гэтэл манай улсын хувьд төр иргэдийнхээ тэтгэвэрийг ч өгч чадахгүй байна шүү дээ. Тэгэхээр ийм хэмжээний мөнгийг шууд өгөх боломжгүй юм биш үү?

-Аль ч улсын төр ийм цалин өгөх боломж муутай байгаа. Тиймээс дижитал татвар, роботыг цалинжуулж түүнийг хүнд шилжүүлэх, технологийн компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд шийдэх гэх мэт арга замуудыг хайж байна.

-Одоо яригдаад байгаа цахимжуулалт, дижитал Монгол хөтөлбөр энэ зүгт явж байгаа юм биш үү?

-Дижитал шилжилт гэхээр нэг зүйлийг сайн ойлгох ёстой. Дижитал шилжилт гэдэг нь цахимжуулалт биш. Өмнө байснаас огт өөрөөр ажиллана гэсэн үг. Өөрөөр хэлбэл өмнө байсан, одоо байгаа нөхцөл байдал хоорондоо огт өөр болох юм. Одоогийн нөхцөлд тааруулаад өмнөх бүх бүтцээ байхгүй болгоно. Төрийн удирдлагын хувьд газар, хэлтсүүдээ татан буулгаад хүмүүсээ холиод нэгдэж нийлүүлнэ. Хуучин систем сайжруулж, цахимжуулж, хуучин бүтэц хандлагаар ажиллаад амжилтанд хүрэхгүй. Шинэ тогтолцоо, бүтцээ бий болгосны дараа цогцоор нь платформ хэлбэрээр цахимжуулах ёстой.

Цахимжуулалт гэдэг бол 10-20 жилийн өмнөх ойлголт. Өөрөөр хэлбэл хуучин үйл ажиллагаагаа мэдээллийн систем болон интернет ашиглан илүү хурдан хялбар явуулах арга. Дижитал шилжилт бол огт өөр үйл явц гэдгийг дахин хэлье.

Энэ хоёр өөр ойлголтыг хольж хутган буруу ойлгох нь их ажиглагдаж байна

-Дижитал шилжилтийг хийхэд боловсон хүчин чухал уу?

-Чухал байлгүй яах вэ. Одоо манайхан программ зохиогч их хэрэгтэй гэж ярьдаг. Харин би бол архитектор гэж хүн хэрэгтэй гэж хэлнэ. Нийтийг хамарсан систем хийхийн тулд бүх салбарыг томоор харж, төр хувийн хэвшлийг хооронд нь холбоход мэдээллийн системийн архитектор чухал үүрэг гүйцэтгэх юм. Бүтэц, загвар, үйл ажиллагаа системийн холболтыг хот төлөвлөлт шиг гаргана гэсэн үг. Дижитал шилжилтийг төлөвлөлгүй хийвэл одоогийн түгжрэл шиг юм болно. Хэзээ ч ашгаа өгөхгүй. Тэгэхээр ямар чухал мэргэжил болох нь ойлгомжтой. Талх чихэр, АПУ гэх мэт компаниуд, төрийн албатай нийлээд нэгдсэн хүргэлтийн үйлчилгээг сонговол хэдэн арав дахин хямд зардалаар хямд үйлчилгээ хүргэх болно.

-Таны ярьж буйг сонсохоор нэг л төсөөлөгдөхгүй, хол санагдаад байх юм. Энэ шилжилтийг хийхийн тулд манай улс ялангуяа төрийн хэмжээнд юунаас яаж эхлэх ёстой вэ?

-Миний дээр хэлсэнчлэн төр нэн түрүүнд мэдээллийн технологийн архитектор гэх хүмүүсийг бий болгох ёстой. Эдгээр хүмүүс баг болоод ажиллана. Аливаа зүйл заавал төлөвлөж байж явдаг жамтай. Тэд төр, хувийн хэвшлийг холбох загвар дээр ажиллах юм. Жишээлбэл, Хятадын Wechat байна.  Эхлээд хүмүүсийг хооронд нь холбосон. Тэрбум хүнийг нэгтгэж чадсан. Үүний дараа төлбөрийн системийг оруулж ирсэн байгаа юм. Харин одоо болохоор мини программууд гээд төлбөрийн үйлчилгээ, боловсрол, эрүүл мэнд, харилцаа холбоо, худалдаа, үйлчилгээ гээд бүх салбараа холбоход хүмүүс нь хамрагдахад их амархан болчихож байна.

Тэгэхээр монголд эхний ээлжинд бүгдийг холбосон хэрэглээг бий болгох ёстой.

Манай улс уг нь дэлхийн хөгжлөөс хоцрохгүйг хичээж байна. Харамсалтай нь хамгийн сүүлийн үеийн гар утас, комьютер гээд зөвхөн тоног төхөөрөмжинд л анхаараад байна. Гэтэл эдгээр төхөөрөмж дотор байгаа интернетээр дамжсан үйл ажиллагаа чухал болоод байна.

-Дэлхий нийтээр хөгжлийн шинэ гарц, шийдэл, сонголтыг бий болгож байхад Монгол Улс өнөөдөр Оюутолгой, Тавантолгой гээд байгалийн баялгаа тойроод л яриад, хэрэлдээд сууж байдаг?

-Дэлхийтэй бид хөрөнгөөр ч, хүн хүчээр ч өрсөлдөж чадахгүй. Тиймээс бид юугаар өрсөлдөж болох вэ гэдгээ эхлээд тодорхойлох ёстой. Тэгэхээр би хувьдаа хөдөө аж ахуйн дижитал платформ бий болгох нь зүйтэй гэж үздэг. Энэ бол дэлхийн ховор, онгон, эко орчин. Ингэснээр аль малчны хэчнээн мал хаана бэлчиж, ямар өвс ногоогоор хооллосон гэх мэт бүх мэдээлэл ил тод, тодорхой бүртгэлтэй, хяналттай болоод ирнэ. Учир нь хүнсний салбар хүн бүхэнд хамаатай. Бид дэлхийд энэ салбараар дамжуулан үлгэр жишээ дижитал платформ шилжилтийг хийх боломжтой. Үүгээр Шинэ Зеланд, Австрали зэрэг улсуудтай өрсөлдөх юм. Ингэхдээ өөрийн малын махны онцлогийг гаргаж өгнө. Идэж буй өвс ургамал, ундны ус, арчилгаа маллагаанаас шалтгаалж давуу тал үүсгэж болно шүү дээ. Энэ салбараар дамжуулаад аялал жуулчлалын салбар ч хөгжих боломжтой. Нэг ёсондоо бидний нүүдэлчин соёл, эко орчин, онгон байгал гэдгээрээ дижитал платформ дээр гарч ирэх юм. Тэрнээс Увс аймаг хэдэн сая малтай гээд бүртгэчихээд суух асуудал биш. Мөн боловсрол, эрүүл мэнд, аялал жуулчлалын онцлог дижитал тогтолцоог бүрдүүлж болох юм. Гэхдээ дэлхий нийтээр хэрэглэж эхэлсэн систем, технологиудыг нэн яаралтай хэрэглэж эхлэх шаардлагатай.

-Энэ салбарт өөрчлөлт хийхийн тулд автоматжуулалт, мэргэжлийн баг чухал байх?

-Малчид мянган мэргэжлийг эзэмшсэн байдаг гэдэг шиг одоо ч бүх ажлыг гараараа л хийж байгаа. Тэгэхэд Шинэ Зеландад бол эмгэн, өвгөн хоёр юу ч хийхгүй суучихна. Мал хяргах болоход захиалга өгчихнө. Тэр дор нь багажаа барьсан хэдэн залуус хүрээд ирдэг. Эмгэн, өвгөн хоёрын арван өдөр хийх ажлыг тэд хоёр, гуравхан цагийн дотор хийчихнэ. Мал нядлах бол бас л хүмүүс дуудчихна гэх мэт комьютерийн ард платформ үүсгээд сууж байдаг. Мэдээж үүнийг бодоход манай цаг агаар, бэлчээрийн нөхцөл байдал өөр л дөө. Гэхдээ бүх ажлыг ингээд автомат болгочихоор Шинэ Зеланд манай адил хэмжээний малыг цөөн хүний хүчээр маллаж болж байгаа юм. Би хөдөө аж ахуйн салбарын хүн биш. Гэхдээ ийм боломж байна шүү гэдгийг жишээгээр хэлж байгаа юм. Юутай ч манай улсад салбар бүрт дижитал шилжилт хийх цаг үе нь ирсэн байна. Бид орчин үеийн нөхцөл байдлыг ер ашиглахгүй байна.

Дижитал шилжилт хийхийн тулд одоо өрөөнөөсөө гарч, огт өөрөөр сэтгэх хэрэгтэй.

-Энэ шилжилтийг хийснээр Монгол Улсын хөгжилд яаж нөлөөлөх вэ, бодит хөрсөн дээр буух боломжтой юу?

-Та бодоод үз дээ. Нэг оёдолчин бүх дээлийг ганцаараа оёдог. Өдөрт хоёр дээл оёдог гэж үзье. 20 оёдолчин авбал нийт 40 дээл хийдэг байж болно. Ингэхгүйгээр товч, шилбэ, зах, ханцуйг нь тус тусад нь хамгийн сайн хийдгийг нь оноогоод өгчихвөл нэг өдөр 40 биш 100 дээл хийх боломжтой. Хамгийн гол нь чанартай. Үүн шиг дижитал шилжилт хийснээр бүх хүн хамгийн сайн чаддаг зүйлээ хийнэ. Ингэснээр хамтын үр шимийг хүртэх дижитал эдийн засаг бий болж, Монгол Улс маш хурдацтай хөгжих боломжтой юм.

-Сонирхолтой яриа өрнүүлсэнд баярлалаа!

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

baagii 2019-12-10 71.194.255.133

ene mundag hun baina. Yum hiih geheer manaihan bas l tsamiin togoodood baigaa baihaa daa. yaltai bil ?????

Avatar

Зочин 2019-12-10 66.181.161.65

Энэ харах царайны худлаа үл бүтэх этгээд байна.

Avatar

Зочин 2019-12-10 66.181.161.38

chinii tsaraig harya.

Avatar

Зочин 2019-12-10 37.193.63.76

30-аад жилийн хугацаанд Г. Зориг багшийн бүтээсэн мэдээллийн системүүд 100 айл дахь Иргэний бүртгэл мэдээллийн төвийн ХААТР-аас эхлээд Монголын Цагдаагийн мэдээлийн сан, Гаалийн мэдээллийн систем, … Иргэний нисэх, цахилгаан холбоо компани гээд тоочвол маш урт жагсаалт гарна. Сүхбаатарын талбай дээр зогсоод 360 градус эргэхэд төрийн байгууллагуудад ямар нэгэн систем нь ашиглагдаж байгаа. Төв шуудан, Хөрөнгийн бирж, Хангарьд ордон, Засгийн газрын ордон, 60 гаруй их, дээд сургуулиуд гээд л яваад

Avatar

Дорж 2019-12-10 122.201.22.106

Мундаг хүн шүү

Avatar

Шила 2019-12-10 66.181.185.98

Монголчууд бид Мал аж ахуй, Байгалийн мэдлэгийг эс тооцвол манай улс бүх юмны хэрэглэгч улс. Үүнээс ялгарч байгаа ганц салбар бол ICT салбар тэд л дэлхийтэй өрсөлдөх гэж үзэж байна. Бид Байгал, Мал аж ахуй руу чиглэсэн систем хийвэл хол явах байх гэж би хардаг.

Мэдлэг, Манлайлал: Ихэнх хүмүүс хэрэглэгч байдаг. Бидний дундаас ганц нэг ялгарч байгаа улсаа дэмжих хэрэгтэй. Та бидний регистрийн дугаарын системийг анх зохиож систем нэрвүүлж байсан хүн.

Avatar

Зочин 2019-12-10 192.82.68.11

Tsahim hotolbor ondor hogjihoor zaaval tanil talaa harj gee bishee medehgui ee

Avatar

содов 2019-12-10 182.160.33.42

Г.Зориг таныг ойлгох гээд чадсангүй Бодит байдал ямар байхыг жишээн дээр харуулах хэрэгтэй байна 30-д жилийн өмнө персонал компьютер гарч ирэх үед нэг л хэсэг хүн өөрсдөө сайн ойлгоогүй байж мэдэмхийрч хүмүүсийг их төөрөгдүүлж билээ.Саяхан нано гэгчийг бас л худлаа мэдэмхийрцгээж бүр сургалт хүртэл нээчихээд юу заахаа мэдэхгүй,заваарч өгсөн. Тэр нь хамгийн энгийн зүй тогтол буюу аливаа биет жижигрэх тусмаа чанар нь өөрчлөгддөг гэсэн үг байж. Жишээ нь цемент.

Avatar

baagii 2019-12-10 71.194.255.133

Ene hun yamar ch basain Digital transformation-ii undsiig oilgoson hun yum shig sanagdlaa. Gehdee jishee ni arai l avtsaldaagui bolchij. Suuliin jishee gehed Tsahim uilchilgeeg l tailbarlchlaa. Manaid duudlagaar honi hyargaj ogdog humuus baigaa sh dee. Gehdee "Digital Architect"-iig mention hiisen baina gedeg chin tom yum shuu dee. Uneheer ter chigleliin mergejilten Mongol-d mash ih heregtei bolno. Oiriin ireeduid shuu.

Avatar

Энэбиш 2019-12-10 37.193.63.76

30-аад жилийн хугацаанд Г. Зориг багшийн бүтээсэн мэдээллийн системүүд 100 айл дахь Иргэний бүртгэл мэдээллийн төвийн ХААТР-аас эхлээд Монголын Цагдаагийн мэдээлийн сан, Гаалийн мэдээллийн систем, … Иргэний нисэх, цахилгаан холбоо компани гээд тоочвол маш урт жагсаалт гарна. Сүхбаатарын талбай дээр зогсоод 360 градус эргэхэд төрийн байгууллагуудад ямар нэгэн систем нь ашиглагдаж байгаа. Төв шуудан, Хөрөнгийн бирж, Хангарьд ордон, Засгийн газрын ордон, 60 гаруй их, дээд сургуулиуд гээд л яваад

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж