Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Батзаяа удаа дараа шүүхэд ялж, ажилдаа орох ёстой ч Засгийн газар давж заалдах гомдлыг гаргаснаар энэ асуудал сунжирч буй мэдээлэл тархаад байгаа. Үүнтэй холбоотойгоор бид Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяагаас дараах тодруулгыг хийлээ.
-Шүүхийн шийдвэр гарсан ч таныг Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилохгүй байгаа гэх мэдээлэл гараад байна. Энэ үнэн үү. Таныг хэний шийдвэрээр, ямар үндэслэлээр анх чөлөөлсөн юм бэ. Өчигдөр шүүх хурал болох байсан ч хойшлогдсон юм уу?
-Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн асан Н.Алтанхуяг удаа дараа хариуцлага алдсан гэх үндэслэлээр жил гаруйн өмнө намайг Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаас чөлөөлж байсан. Н.Алтанхуяг гэдэг хүн явуулахыг хүссэн болоод л тэр болов уу. Халсан шийдвэр нь үндэслэл муутай байсан учраас би хүлээн зөвшөөрөхгүй гэж үзээд шүүхэд хандсан. Хоёр ч шатны шүүхээс Б.Батзаяа нь хариуцлага алдсан гэх үндэслэл нотлогдохгүй байна гэдэг шийдвэр гарсан. Асуудал явсаар өчигдөр Улсын Дээд Шүүхээр хэлэлцэгдэх байсан ч Засгийн газар талаас гаргасан хүсэлтээр хойшилсон. Би тэр шүүх хуралд очоогүй, өмгөөлөгч маань очсон.
-Засгийн газар таныг Төрийн нарийн бичгийн даргаар нь томилуулах сонирхолгүй байна гэх юм. Танд мэдэж буй юм байна уу?
-Эцсийн шатны шийдвэр гартал харъя гэж бодож байх шиг байна. Тэгэхээр Улсын Дээд Шүүхээс гомдлыг яаж шийдэх нь, тэрийг л хаа, хаанаа хүлээх болж байна.
Г.ДАРЬ