Шинэ Зеландын өмнөд хэсэгт байрлах Цагаан арал дахь Вакари идэвхтэй галт уул 2019 оны арванхоёрдугаар сарын есөнд нутгийн цагаар 14:15, 15:45 цагт давтан дэлбэрсэн билээ. Галт уул дэлбэрэх үед Цагаан арал дээр болон ойр орчимд нь нарийвчлан бүртгээгүй 100 орчим хүн байсан хэмээн Шинэ Зеландын ерөнхий сайд Жакинда Ардерн хэлсэн.
Харин хиймэл дагуулаас авсан зургаас харахад галт уул дэлбэрэхээс хэдхэн минутын өмнө буюу 14:10 цагт арал дээр буюу галт уулын тогоонд хэд хэдэн жуулчид байгаа нь харагдаж байсан ба зургийг харсан аврах анги даруй арал руу очиж, аврах ажиллагаа үргэлжилсээр байна. Аврагчид камерын тусламжтайгаар 10 минут тутамд шинэ зураг хүлээн авч, түүний дагуу аврах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Одоогийн байдлаар Шинэ Зеландын цагдаагийн газрын өгсөн мэдээллээс үзвэл таван хүн амь үрэгдэж, найман хүн сураггүй алга болоод байна. Мөн 34 хүн амжиж галт уулаас холдсон бөгөөд тэдний 31 нь эмнэлгийн тусламж авч байгаа гэнэ. Эмнэлгийн тусламж авч байгаа жуулчдын хоёр нь Английн иргэн тул онцгой анхаарч өгнө үү хэмээн Английн комиссар Лаура Кларк Шинэ Зеландын засгийн газраас хүссэн байна. Нас барсан таван хүний гурав нь Австралийн иргэн байж болзошгүй хэмээн Австралийн ерөнхий сайд Скотт Моррисон таамаглаж байгаа ажээ. Учир нь Цагаан арлыг үзэхээр 24 Австрали жуулчин явсан бөгөөд тэдний 13 нь өдгөө эмнэлгийн тусламж авч байгаа, бусад 11 нь хаана байгаа нь тодорхойгүй байгаа хэмээн ноён Моррисон мэдээлжээ. Шархадсан хүмүүсийн дунд АНУ, БНХАУ, Малайз, Шинэ Зеландын иргэд ч бий гэнэ.
Амьд үлдэгчдийг аюулгүй газар луу нисдэг тэрэг болон усан онгоцоор зөөж байгаа бөгөөд галт уулаас одоо хэр нь утаа, үнс гарч байгаа учир аврах ажиллагаа хүндэрч, газар дээр нь эмнэлгийн тусламж үзүүлэх боломжгүй байгаа гэнэ.
Галт уулын дэлбэрэлтийн аюулын түвшинг дөрөв хэмээн тогтоож байгаа бөгөөд энэ нь хамгийн аюултайгаасаа хоёрт эрэмбэлэгддэг түвшин гэнэ.
Б.АМАРБАЯСГАЛАН
Эх сурвалж: bbc.com
Холбоотой мэдээ