Ажлын байрны шаардлага хангахгүй байна

Хуучирсан мэдээ: 2015.09.30-нд нийтлэгдсэн

Ажлын байрны шаардлага хангахгүй байна

Намрын улирал бол хөдөлмөрийн зах зээлд хамгийн идэвхитэй үе байдаг. Их дээд сургууль, МСҮТ-ийн төгсөгчид ажилд зуучлагдахад бэлэн болж, ажилчин, албан хаагчдын амралт дуусч төлөвлөсөн ажилдаа шамдан ордог учраас намрын улирлыг ийнхүү тодорхойлдог. Тиймээс хөдөлмөрийн салбарынхан хамтарч “Хөдөлмөр – Хөгжлийн түлхүүр” үзэсгэлэн яармаг зохион байгуулж байна. Энэхүү яармагт нийслэлийн зургаан дүүргийн хөдөлмөрийн хэлтэс, 180 орчим ажил олгогч, 30 гаруй хөдөлмөрийн бирж хамтран оролцож байна. Идэвхитэй ажил хайж байгаа иргэд тус яармагт хүрэлцэн очиж, газар дээрээс нь ажилд зуучлагдах боломжтой юм.

Өнөөдрийн хөдөлмөрийн яармагт 2000 орчим ажлын байр эзнээ хүлээж байна.  “Хөдөлмөр – Хөгжлийн түлхүүр”  үзэсгэлэнг нээж үг хэлсэн Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан “Ажилтай Орлоготой Монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд таван том төсөл хэрэгжүүлж эдийн засгийн хямралыг хөдөлмөрлөж давах зорилготой ажиллаж байгаагаа онцоллоо. Түүнчлэн Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоод хамтран “Ажилгүйдлийг хамтдаа даван туулая” уриалга гаргасан байна. Энэхүү уриалгыг “Хөдөлмөр – Хөгжлийн түлхүүр” үзэсгэлэн яармагт оролцсон төлөөлөгчдөд мэдэгдсэн юм.

Жил бүрийн аравдугаар сарын 7-нд Дэлхийн зохистой хөдөлмөрийн өдөр тохиодог. Энэ өдрийг угтаж “Хөдөлмөр – Хөгжлийн түлхүүр”  үзэсгэлэн яармаг зохион байгуулсан байна. Энэхүү арга хэмжээнд ирсэн иргэд зөвхөн ажилд зуучлагдхаас гадна хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг үзэж сонирхох боломжтой хэлбэрээр зохион байгуулжээ.

Үзэсгэлэн яармагт оролцож байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэн С.Саранцэцэг ярихдаа: Би гэртээ суугаад чихрийн таваг, түлхүүрийн оосор, бүс, ээмэг зүүлт зэрэг 30 төрлийн гар урлалын бүтээл хийдэг. Үүнийгээ энд тэндхийн үзэсгэлэн яармагт оролцож борлуулдаг юм. Олсон орлогоо амьжиргаандаа нэмэрлэж сэтгэл хангалуун амьдарч байгаа тухайгаа ярьлаа. Тэрээр анх 1998 онд барилга дээрээс унаж хөгжлийн бэрхшээлтэй болсон ч зүгээр суухгүй гар урлалын сургалтанд хамрагдаж ажил хөдөлмөр эрхэлж байгаа нь залуу үеийнхэнд үлгэр жишээ болохуйц харагдаж байлаа.

Харин ногоочин С.Нармандахын хувьд 30 төрлийн хүнсний нарийн ногоогоор үзэсгэлэн яармагт оролцож байна. Тэрээр нэг га газарт ногоо тарьдаг. Үүнийгээ бага гэж голохгүй хөдөлмөрлөж үр шимийг нь хүртэж яваа нэгэн. Тарьсан ногоо нь өөрийн гэр бүлийн хүнсний хэрэгцээг хангаад зогсохгүй жилдээ арав орчим сая төгрөгийн ашиг олдог байна.

“Хөдөлмөр – Хөгжлийн түлхүүр” арга хэмжээг зохион байгуулагчид хэлэхдээ Монгол улсын хэмжээнд 40 мянга орчим ажил хайгч байгаа ч ажлын байр хоосон байна. Энэ нь нэг талаас ажил олгогч эздийн тавьсан шаардлагад нийцэх ажилтан хомс нөгөө талаас цалин хөлсний хэмжээ бага байгаа нь ажилгүйдлийг нэмэгдүүлэх шалтгаан болж байна.

Т.ДАВААНЯМ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж