Р.Сэддорж: Эх орноо хохироож, эх оронч дүрд тоглож болохгүй

Хуучирсан мэдээ: 2019.12.10-нд нийтлэгдсэн

Р.Сэддорж: Эх орноо хохироож, эх оронч дүрд тоглож болохгүй

Р.Сэддорж: Эх орноо хохироож, эх оронч дүрд тоглож болохгүй

ТавантолгойХКийн гүйцэтгэх  захирал Р.Сэддоржтой тус компанитай холбоотой мэдээллийн талаар ярилцлаа.


-Сайхан өвөлжиж байна уу, говийн хүү говьдоо ажилласаар байна уу?

-Сайхан өвөлжиж байна аа. Манай говь нутгаар энэ жил налгар сайхан намар боллоо. Зуншлага тааруу байсан ч намаржаа сайхан байлаа. Өнтэй сайхан өвөл болох шинжтэй байна. Миний хувьд говь нутгаасаа холдож үзсэнгүй. Эмээ, өвөө дээрээ өссөн говь нутгийн хүүхэд өнөөдрийг хүртэл говь нутагтаа ажиллаж амьдарч байна. Эх орон гэдэг эх нутгаас эхлэлтэй гэж би боддог. Миний аав насаараа хилийн цэргийн албанд ажилласан, Өмнөговь аймгийнхаа урд хилийг манасан эгэл сайхан буурай байдаг. Миний ээж бол мөн л тухайн үеийн Халдвар судлалын станц, одоогийнхоор бол Мэргэжлийн хяналтын  эрүүл ахуйч, байцаагч, даргыг нь хүртэл хийж явсан хүн байсан. Ийм болохоор би эх оронч, эх орныхоо төлөө шударгаар ажилладаг гэр бүлд өссөн хүн. Хүн болгон эх орныхоо тухай боддог байх, гэхдээ миний хувьд эх орны хамгийн чухал салбар болох хилээ манасан эр хүн, хүн амынхаа эрүүл мэндийн төлөө ажиллаж явсан эх хүний хажууд өссөн болохоор эх орны тухай ойлголт минь илүү их сэтгэлд минь ойр байдаг. Миний аав, ээж хоёр Гашуунсухайтын боомтыг анх ашиглалтад орж байхад хоёр талаасаа ирж ажиллаж, гал голомтоо асааж байсан хүмүүс. Миний ээж Шивээхүрэнгийн боомтыг ажиллаж эхлэх үеэс байнга тийшээ очиж ажилладаг хүн байлаа. Тэгэхээр миний хувьд эх орон, байгалийн баялаг гэдэг юу болохыг  бага наснаасаа эхлэн мэдэхийн дээдээр мэдэх хүн. Миний уугуул үзэл бодол ч эх орон, эх нутаг минь. Ийм үзэл бодолтой болохоор өсч төрсөн говь нутагтаа өнөөдрийг хүртэл ажиллаж амьдарч байна даа. Хүн болгон л нутаг усандаа зорьж ажиллахыг боддог байх. Ялангуяа миний төрсөн нутаг Өмнөговьд маань ажиллаж буй уул уурхайн компаниуд улсын төсвийн 70 хувийг бүрдүүлдэг гэсэн эдийн засагчдын тооцоо байдаг. Тэгэхээр энэ сайхан нутагтаа ажиллаж амьдрах нь миний зорилго байсан. Компанийхаа дэд захирлаар ажиллаж байхдаа компанийхаа зардлаар АНУ-д мэргэжил дээшлүүлсэн. Ирээд нутгаа л зорьсон. Ерөөсөө л нутаг амьтай хүн шиг байгаа юм. Монгол Улсын зах хязгаар, аймаг бүр өөртөө хөгжлийг бий болговол заавал нийслэл  хотдоо бөөгнөрч, нийслэлээс хөгжил хүлээхгүй,  өөрөө өөрсдийгөө аваад явчихдаг  болчихвол Монгол орны маань хөгжилд ч тустай.

-Таны удирдаж буй “Тавантолгой” ХК энэ жил хэр үр бүтээлтэй ажиллав, тун удахгүй шилдгүүдээ тодруулах мөч ойртож байна?

-2019 оны хувьд  уул уурхайн бүтээгдэхүүн өндөр байлаа. Гэхдээ харамсалтай нь манай үйл ажиллагааг сар гаруй хугацаанд зогсоосны улмаас  ашиг орлого тэр хэрээр буурсан. Хэдийгээр 45 хоног зогсоосон ч  буцаад хэвийн үйл ажиллагаандаа орохын тулд багагүй хугацаа шаарддаг. Бүх худалдан авагчаа энэ хугацаанд алдсан. Хөрс хуулалтын асар их хоцрогдол үүссэн. Энэ бүх ажлуудаа нөхөх гээд нэлээд ажиллалаа. Гэсэн хэдий боловч бид төлөвлөсөн ажлаа хийж чадаагүй. 2,2 сая тонн нүүрсийг гадаад, дотоодын зах зээлд гаргалаа. 40-50 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллахаар урьдчилсан байдлаар тооцоолж байна. Бид хэдийгээр бага нүүрс гаргасан ч улс орны өмнө хүлээсэн үүргээ өндөр хариуцлагатайгаар биелүүлсэн. Мөн үүний зэрэгцээ компанийхаа ажиллагсдын нийгмийн  асуудлыг шийдвэрлэхийн тулд ТУЗ-өөс удаа дараа шийдвэр гаргаж,  ажилтнуудынхаа цалин хөлс,  бусад хангамж үйлчилгээг байнга нэмж байдаг. Саяхан хуралдсан  ТУЗ-ийн шийдвэрээр  ажилтнуудынхаа цалинг 30 хувиар нэмэгдүүллээ. Дундаж цалин дэлхийн уул уурхайн томоохон компаниудын хэмжээнд очлоо. Нийтдээ сүүлийн жилүүдэд шат дараалан нэмсээр  85 хувиар нэмж байгаадаа бид их баяртай байгаа. Ажилчид маань ч бидэнд их талархаж байгаа.

Сүүлийн хоёр жилийн турш танай компанитай холбоотой олон нийтийн анхаарлыг татаад байгаа нүүрсний хулгай гэх асуудлаар та өнөөдрийг хүртэл ямар нэгэн байр сууриа илэрхийлсэнгүй?

-Энэ асуудлыг тайлбарлахаас өмнө “Тавантолгой” ХК, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн түүхийг сөхөх хэрэгтэй болно. Орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК 53 жилийн түүхтэй, өмнийн говь төдийгүй эх орныхоо хэд хэдэн аймгийн Дулааны цахилгаан станц, олон арван сумд болон айл өрхийн дулааны хэрэгцээг хангах зорилгоор илчээ түгээж байгаа компани. Тавантолгойн  нүүрсний орд газар маань  нийтдээ 11350 га талбайг хамардаг. Үүнээс Тавантолгой ХК нь ердөө 276,9  га талбайг  Ашиглалтын тусгай зөвшөөрлөөр  эзэмшдэг. Харин 2010 онд анх байгуулагдсан “Эрдэнэс Тавантолгой” ХК нь үлдсэн хэсгийг буюу 11573 орчим га, түүнээс их талбайг тусгай зөвшөөрлөөр эзэмшиж байна. Тавантолгой ХК-ийн эзэмшиж байгаа лиценз бүхий талбай нь Эрдэнэс тавантолгой ХК-ийн лицензийн талбайгаар бүрэн хүрээлэгдэн ордын төв хэсэгт байрладаг. Тэгэхээр бид хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж явуулахын тулд тус компанийн хил рүү нэвтэрч орохоос өөр арга байхгүй. “Эрдэнэс Таван­толгой” ХК-ийн хувьд ч мөн адил манай эзэмшил талбай руу ашиглалтын технологийн хувьд нэвтэрч орох зайлшгүй шаард­лагатай болдог. Жишээ нь уурхайн хүнд даацын, өндөр хүчин чадал бүхий техник тоног төхөөрөмж ажил­луулахад тухайн техникт зориулсан ажлын талбай, технологийн зам, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангасан орон зай зайлшгүй байх шаардлагатай болдог.   Нүүрсний лицензийн хил гэдэг маань  улсын хил шиг хашаалчихсан биш болохоор яалт ч үгүй ингэж ашиглалтын технологийн хувьд хоёр талбай руугаа хэн хэн нь нэвтэрч орох болдог. Гэхдээ энэ асуудлыг хоёр компани хөрш уурхайн хувьд аль болох харилцан ойлголцож тухайн бүрт нь шийдвэрлэж ажиллаж ирсэн.  Жишээ нь, манай уурхайн олборлолтын явцад лицензийн хил орчмын нүүрс нээгдэж удаан хугацаагаар нүүрс нь ил  байснаас шатах, исэлдэж чанараа алдаж улмаар элэгдэж нурах гэх мэт эрсдэлүүд бий болдог. “Эрдэнэс Тавантолгой”-н хувьд ч мөн адил.Гэхдээ хэдийгээр дээр дурьдсанчлан өндөр эрсдэл дагуулдаг асуудал ч лицензийн хил заагт нээгдсэн нүүрсийг хаялтай биш, хоёр талын геологи маркшейдерийн баг хамтарсан хэмжилт тооцоолол хийж баримтжуулан акт үйлдэж ажилладаг. Тэгэхээр энэ бол нүүрсний хулгай огт биш юм. Олборлолтын явцад байнга гардаг асуудлуудын нэг болохоос нууж хаагаад, улсын хилээр хулгайгаар гаргачихсан асуудал огт биш ээ. Ер нь энэ бол зөвхөн Тавантолгойн орд газарт үүсээд байгаа асуудал биш, олон хөрш уурхайн лицензийн хил залгаа дээр үүсдэг бөгөөд үүнийг уул уурхайн нарийн мэргэжлийн хүмүүс сайн мэддэг. Манай компанийн хувьд уурхайн ам нөхцөлөөр бүх татвар орсон үнээр худалдан авагч нартайгаа гэрээ байгуулан нүүрсээ борлуулдаг. Худалдан авагч нар маань нүүрсээ уурхайн аман дээрээс худалдаж авахдаа бүх төлбөр тооцоогоо урьдчилан хийчихсэн байдаг. Өөрөөр хэлбэл борлогдсон нүүрс. “Тавантолгой транс” ХХК нь манай компаниас нүүрс худалдан авдаг олон компаниудын л нэг бөгөөд бусдын л адилаар  манай компанийн хяналтын пүүгээр шалгагдаж нүүрс авдаг.  Тэгэхээр “Тавантолгой” ХК-ийн уурхайгаас нүүрс хулгайлна гэдэг асуудал угаасаа байхгүй. Ингээд хяналтын пүүгээр орж хэмжилтээ хийлгэж, лацдуулсан машинууд Цагаан хадны гаалийн хяналтын талбайд буудаг.  Эндээсээ дахин ачилт хийж хил, гаалийн хяналтаар орж богины тээврээр урд хил рүү гарна. Тэгэхээр уурхайн амнаас ачсан нүүрс нь шууд  худалдан авагчийн өмчлөлд шилжиж бүх эрсдэл, зардал бусад зүйл нь манай компанид огт хамааралгүй болдог. Өөрөөр хэлбэл, уурхайгаас гарсан нүүрс нь тухайн худалдан авагч компанийн мэдлийнх болсон гэсэн үг.

Тэгээд ямар учир шалтгаанаас нүүрсний хулгай гэх асуудал гарч ирэх болов оо?

-Тавантолгойн нүүрсний орд газар нь бүхэлдээ “Тавантолгой” ХК-ийн эзэмшилд байсныг 1997 онд хэсэгчлэн төрийн мэдэлд буцаан өгсөн байдаг. Улмаар 2010 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК байгуулагдаж манай компанийн уурхайг дөрвөн талаас нь хашсан маягаар лиценз нь олгогдсон. Энэхүү шийдвэр нь уурхайн үйл ажиллагааг дагаж үүсгэсэн дэд бүтцийн байгууламжуудтай бүрэн хэмжээнд давхцуулж олго­сон, мөн уурхайн цаашдын хэтийн төлөв­лөгөө, хөгжлийг урьдчилан тооцоолоогүй нь өнөөдрийн энэ эрсдлүүдийг үүсгэх нэг нөхцөл болоод байгаа. Өөрөөр хэлбэл ууган Тавантолгойд хэт бага талбай өгч бусдыг нь төр мэдэлдээ авсан. Үүний тод жишээ нь лицензийн хил орчим дахь маргаантай асуудлууд юм. Хоёр компани 2015 онд лицензийн хил заагаа газар дээр нь баталгаажуулж, Техник, эдийн засгийн үндэслэлээ шинэчлэх ажлыг эхлүүлсэн. Ингэхэд хил заагийг нарийвчилж гаргахаас өмнөх уурхайн ашиглалтын технологийн явцад үүссэн хил орчмын асуудал хөндөгдсөн.

Тухайн асуудал дээр хоёр компаниас геологи маркшейдерийн ажлын хэсэг байгуулан 10 гаруй инженер техникийн ажилтнуудын бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж эхэлсэн. Ажлын хэсгийн хүрээнд олон удаагийн хэмжилт, нүүрсний чанар тогтоох дээжлэлт хийсний үндсэн дээр олборлолтын явцад 268 мянган тонн нүүрс хил заагийн хэсэгт өртсөнийг баталгаажуулсан боловч энэхүү нүүрсийг 1997 оноос хойш хэзээ, хэдэн онд хэдий хэмжээтэйгээр өртсөнийг тогтоогоогүй. Энэ нь зөвхөн хоёр уурхайн инженерүүд ч биш нарийн мэргэжлийн шинжээчид ч нөхөн тогтоох боломжгүй асуудал юм билээ. Гэхдээ энэ нүүрс нь тэр чигээрээ сайн чанарын нүүрс байгаагүй 204.8 мянган тонн нь хөө сааж, исэлдсэн нүүрс, 63.5 мянган тонн нь коксжсон нүүрс болохыг дээжлэлтэд хийсэн шинжилгээний үр дүнгээр тогтоосон. Хөрш уурхайнуудын хил заагийн орчмын олборлолт ашиглалттай холбоотой асуудлуудыг түргэн шуурхай, хэн хэндээ хүндрэл чирэгдэлгүйгээр шийдвэрлэн ажиллахын тулд “Хамтран ажиллах” гэрээ байгуулагдсан. Манай хоёр компанийн хувьд ингэж ойлголцож ажиллахаас өөр арга зам байхгүй. Цаашид ч энэ харилцаагаа улам бэхжүүлж ажиллана гэдэгт итгэлтэй байна. Нэг нэгнийхээ үйл ажиллагааны явцад хэзээ хөрс, нүүрс өртөнө, тэр үед заавал хэмжилт хийж акт үйлддэг.

Та бүхнийг хил заагаа тогтоож, асуудлаа шийдчихсэн байхад энэ асуудлыг УИХын гишүүн Л.Энхболд сөхөж гаргасан гэсэн үг үү. Түүний яриагаар бол 340 мянган тонн нүүрс алдагдсан гэж яриад байгаа?

-Манай компани болон ”Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьд уул уурхайн салбартаа тэргүүлэх шилдэг инженер, техникийн ажилчид ажилладаг. Өнгөрсөн хугацаанд Монгол улсын геодези зураг зүйн газраар баталгаажуулсан мэргэжлийн багаж хэрэгслийг ашиглаж хоёр компанийн геологи, маркшейдерийн баг хамтарсан хэмжилт хийж тооцоолон 268 мянган тонн үйлдвэрлэлийн нөөц олборлолтын явцад өртсөн гэдгийг тогтоосон. Л.Энхболд гишүүний яриад байгаа 340 мянган тонн нүүрсний хэмжээг Мэргэжлийн хяналтын Ерөнхий газраас дроноор хэмжээд тогтоосон байдаг. Гэхдээ энэ нь үйлдвэрлэлийн нөөц эсэх нь огт тодорхойгүй бөгөөд газар дээр нь нүдээрээ харж хэмжилт хийж тооцоолол гаргасан инженерийн багийн бодит дүнтэй зөрөх нь ойлгомжтой. Угаасаа ашиглалтын явцад технологийн хаягдал бохирдолт зайлшгүй үүсдэг. Үүнийг тооцохгүйгээр үйлдвэрлэлийн нөөцийг тогтоох боломжгүй юм. Энэ тооцооллыг хийхийн тулд тухайн ордын онцлог, нүүрсний үеийн зузаан, уналын өнцөг, хагарал, ан цав, өгөршил, исэлдэл, олборлолтын технологи гэх мэт гол үзүүлэлтүүдийг нарийвчлан тооцох шаардлагатай байдаг.

Л.Энхболд гишүүний хэлснээр бүр улсын хилээр гараад явчихсан шүү дээ?

-Улсын хилээр хичнээн тонн нүүрс гарч байна гэдэг нь хил, гааль, тагнуул, мэргэжлийн хяналтын байгууллагын хариуцах асуудал. Өөрөөр хэлбэл хилээс 260 км зайд алслагдсан манай компанид улсын хилээр хоосон машин гарна уу, ачаатай машин гарна уу гэдэг ямар ч хамааралгүй юм.  Манай компанийн уурхайгаас нүүрс ачигдаад, хяналтын пүүгээр орж лацдагдаад гарсан бол худалдан авагч компанийн мэдэлд очиж байгаа юм. Ингээд борлогдсон нүүрс Гашуунсухайтын замаар тээвэрлэгдэж, Цагаан хадны гаалийн хяналтын талбайд очиж гаалийн мэдэлд ордог. Гаалийн хяналтын талбайгаас ачигдаад цаашаа хилийн болон мэргэжлийн хяналтын газраар хянагдаж хилээр нэвтэрдэг. Монгол Улсын хилээр орж гарах бүх тээврийн хэрэгсэлд дээр дурьдсан Тагнуул, Гааль, Хилийн мэргэжлийн хяналт гэх мэт төрийн байгууллагууд нарийн хяналт шалгалт хийж нэвтрүүлэхээс гадна БНХАУ-ын тал давхар хянаж байгааг хүн бүхэн мэднэ шүү дээ.  Гэтэл ийм мэдээжийн зүйлийг ямар зорилгоор УИХ-ын гишүүн Л.Энхболд албан тушаалаа ашиглан хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа ярьж, манай компанийн нэр хүндэд халдаад байгаад үнэхээр их гайхаж байгаа. Энэ асуудлаар бид хууль хяналтын байгууллагаар нэр төрөө сэргээлгэх, алдагдсан ашиг орлогоо нэхэмжлэх, ажилчдынхаа сэтгэл санааны хохирлыг барагдуулахын төлөө цаашдаа явна аа. Л.Энхболдын хувьд Өмнөговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн. Уул уурхайн салбар улсын төсвийг хэрхэн бүрдүүлж байгаа, манай улс уул уурхайн салбараасаа хэрхэн хамааралтай байгааг мэдэхийн дээдээр мэдэж байгаа хүн. Манай компанийн хувьд гурван газар татвар төлдөг. Цогтцэций сумынхаа төсвийн 90 хувийг, аймагтаа мөн улсад татвар төлдөг, өмнөговьчууддаа хамгийн үр ашигтай, өгөөжтэй, нутгийнхаа мэдлийн ганц компани руугаа улстөрийн зорилгоор дайрч давшилж байгааг нь гайхаад л байна. Иймд түүний энэ удаа дараагийн увайгүй үйлдэлд иргэн хүнийхээ хувьд ч, компанийн захирлын хувьд ч, говийн хүний хувьд ч маш ихээр дургүйцэж байна.

Өнгөрсөн жил түүний хариуцлагагүй мэдэгдлийн улмаас улсын төсөвт нэлээд хохирол учирсан байсан?

-УИХ-ын гишүүн Л.Энхболдын хүсэлт мэдэгдлээр өнгөрсөн жил компанийн санхүү, үйл ажиллагаа, олборлолт гээд бүх зүйлд мэргэжлийн байгууллагуудын шалгалт орсон. Үүнээс болж сар гаруйн хугацаанд манай компанийн үйл ажиллагааг зогсоосон. Улмаар компани болон улс орны эдийн засагт тодорхой хохирол учирч улсад төвлөрүүлэх байсан 36 тэрбум төгрөг, аймагт очих ногдол ашиг буурсан гэх мэт хохирлоос гадна манай компанийн хувьцааны үнэ энэ хариуцлагагүй мэдэгдэл хийх бүрт унаж 14-15 мянган төгрөгийн ханштай байсан хувьцаа маань өнөөдөр 6-7 мянган төгрөг болж 50 хувиар буурсан. Эх орноо хохироож, эх орончийн дүрд тоглож болохгүй ээ. Үүнээс гадна сар гаруй уурхайн үйл ажиллагаа зогсчихоор тээвэрлэлт болон нүүрсний худалдан авалт хийж байсан компаниуд маань өөр компаниуд руу шилжсэн. Өөрөөр хэлбэл Худалдан авагч нар өөрийнхөө ашиг орлогоо олохын тулд дараагийн боломжит харилцагчтайгаа хамтраад явах нь зах зээлийн хууль юм. Мөн манай компанийн ажилтнууд сэтгэл зүйн дарамтанд орж, ажилдаа хандах хандлага, гаргах үр дүн, ажлын бүтээмжинд нь муугаар нөлөөлсөөр байна. Энэхүү худал мэдэгдлээс болж компанийн удирдлага, санхүү, нягтлан бодогч, инженер техникийн ажилтнуудыг маань сүүлийн хоёр жилийн турш хууль хүчний байгууллагаас шалгалаа. Манай компани улстөрийн үйл ажиллагаа эрхэлдэггүй, баялаг бүтээдэг хамт олон шүү дээ. Нөгөөтэйгүүр УИХ-ын гишүүн Л.Энхболд нь батлагдаж нотлогдоогүй зүйлийг УИХ-ын индэр дээрээс удаа дараа хариуцлагагүй мэдэгдэж байгаад компанийн нийт хувьцаа эзэмшигчид маань дургүйцэж байгаа. Тэд “Байнга ашигтай ажилладаг, ногдол ашгаа яг цагтаа шударгаар хуваарилж өгдөг энэ компаниа бид хамгаална аа, бид өөрсдөө тэмцэнэ ээ” хэмээн өөрсдийн байр сууриа илэрхийлсэн. Мөн компанийн 51 хувийн хувьцааг эзэмшдэг Өмнөговь аймгийн нийт иргэд маань хамгаалах нь гарцаагүй. Шаардлагатай бол тэмцэхэд ч бэлэн гэдгээ илэрхийлсэн ч бидний зүгээс хууль хяналтын байгууллагын эцсийн шийдвэрийг хүндэтгэн хүлээх ёстой гэдгийг хэлж байгаа.

Одоогоор энэ асуудал хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байгаа. Хууль хяналтын шалгаж байгаа асуудалд Л.Энхболд гишүүн удаа дараа эрх мэдлээ хэтрүүлэн гүтгэсээр байгаа. Харин та бүхэн яагаад чимээгүй байгаад байна вэ, энэ нь эргээд танай компанийг буруутай юм шиг харагдуулаад байна?

-Хууль хяналтын байгууллагаас шалгагдаж буй асуудалтай холбоотойгоор хэвлэл мэдээлэл, олон нийтэд ямар нэгэн мэдээлэл ярьж болохгүй талаарх хууль сануулсан. Манай компани монгол төрөө дээдэлдэг, хуулиа баримталдгийн хувьд хууль хяналтын байгууллагаа хүндэтгэж, хоёр жилийн турш чимээгүй байсан. Гэтэл Л.Энхболд гишүүн удаа дараа 268 000 тонн, 340 000 тонн одоо бүр 938 000 тонн гэх мэтээр үндэслэлгүйгээр нэмэгдүүлэн ярьсаар байгаа бөгөөд түүний энэ ёс зүйгүй хууль зөрчсөн үйлдлийг хуулийн байгууллагууд ч зогсоохгүй байгаа нь харамсалтай. Төрийн хууль Монгол Улсын иргэн бүрт адилхан үйлчилдэг гэж бодож байна. Компанийн нэр хүндэд халдаж, удаа дараа зохисгүй худал мэдээлэл тарааж байгаа учраас үнэн бодит тайлбарыг ярих цаг нь болсон гэж манай хамт олон үзэж байгаа юм. Өмнөговь аймгаас сонгогдсон Л.Энхболд гишүүн маань улс болон аймаг, сумын төсөвт өндөр татвар, ногдол ашиг төлдөг, орон нутгийн өмчийн оролцоотой ганц компани руугаа ингэж халдаж буй нь компанийн ажилчдын төдийгүй нутаг усныхаа ард иргэдийн дургүйцлийг хүргэж байна.

Та энэ асуудал болсны дараа Л.Энхболд гишүүнтэй нүүр тулж уулзав уу. Магадгүй, нүүрс хулгайд алдагдсан гэгдээд байгаа мөргөцөг дээрээ урьж, өөрийн биеэр энэ байдалтай танилцахыг хүсч байсан уу?

-Компанийн Гүйцэтгэх захирлын хувьд уулзаж нөхцөл байдлыг тодруулахыг хүссэн. Гэвч намайг эрхэлж буй ажил албан тушаалаасаа үндэслэлгүйгээр чөлөөлөгдөхийг шаарддаг. Миний бие Тавантолгой ХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн хамтын шийдвэрээр томилогддог. Улмаар жил бүрийн ажлын тайлангаа танилцуулж, ажлын үр дүнгээ хянуулан ажиллаж байгаа.

Тус ажил албан тушаалаас УИХ-ын гишүүн шууд өөрчлөх, чөлөөлөх хууль зүйн ямар ч үндэслэл байхгүй. Тэрээр Өмнөговь аймагтаа ирэхдээ эрх бүхий сайд дарга нартай ирдэг ч тэдэнд  нөхцөл байдлыг газар дээр нь ирж тайлбарлан танилцуулдаггүй буцаад явчихдаг.  Ер нь манай компани дээр ирж, нарийн тодорхой танилцаагүй. Манай хамт олонтой огт уулзаагүй.

-“ТавантолгойХКиас санаачланНутгийн илчхөтөлбөрийг Өмнөговь аймагтаа хэрэгжүүлж байгаа. Байгалийн баялгаа ард түмэн нь шударгаар хүртэж болох жишгийг танай компаниас анхлан санаачилж гаргалаа. Гэтэл үүнийг хүртэл сонгууль дөхсөнтэй холбоотойгоор улстөржүүлж байна?

-Тавантолгой” ХК нийгмийн хариуцлагын хүрээнд аж ахуйн нэгж болон айл өрхийн өвлийн хэрэгцээнд нь зориулан байнга алдагдалтай үнээр нүүрсээ борлуулж ирсэн. 2019 оны “Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр аймгийнхаа иргэдийн өвөлжилтийн бэлтгэл ажилд зориулж, Өмнөговь аймгийн өрх тус бүрт 3 тн нүүрсийг үнэ төлбөргүй өгөх “Нутгийн илч” хөтөлбөрийг зарласан. Тус ажлын хүрээнд Өмнөговь аймгийн нийт 22500 өрх хамрагдаж байна. Энэ шийдвэрийг нутгийн иргэд маань тун талархалтай хүлээн авсан. Ингээд иргэддээ 3 тонн нүүрс авах эрх бүхий талон тарааж өгсөн байгаа. Бид байгалийн баялгаа тухайн нутгийн хүмүүс нь хүртэж байгаасай гэсэндээ иргэдээ ялгаварлалгүй орон сууцанд амьдардаг иргэддээ ч  мөн талоноо өгсөн. Өмнөговь аймагт байгаа уурхайнуудаас манай компани дангаараа орон нутгийн өмчийн оролцоотой компани юм. Харамсалтай нь бидний хийж буй энэ сайхан ажлыг улстөржүүлэх явдал гарч байна. Уг нь болж л өгвөл бусад уул уурхайн компаниуд өөрийн нийгмийн хариуцлагаа ухамсарлаад нутгийн иргэддээ, ард түмэндээ байгалийн баялгийн хишгээ илүү даацтай хүртээж байвал сайхан байна.

Мөн танай компаниас санаачлан нэгэн том бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн гэж сонслоо. Энэ талаараа сонирхуулна уу?

– Сүүлийн жилүүдэд 2009, 2010 оноос хойш “Эрдэнэс-Тавантолгой” ХК болон ”Энержи ресурс” ХХК-иуд нь Тавантолгойн бүлэг ордод эрчимтэй үйл ажиллагаа явуулж байгаа нь уурхайн олборлолтын хүнд даацын тоног төхөөрмжүүд,тэсэлгээ, нүүрс тээвэр гэх мэт бусад шалтгаанаар маш их тоосжилт үүсгэж байна. Үүнээс үүдэлтэй нарийн ширхэгт тоосонцор ихээр дэгдэж, үзэгдэх орчин хязгаарлагдаж, хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөө үүсэх болсон. Сүүлийн үед зүрхний ховдол цоорхой гэх мэт эмгэгтэй хүүхдүүд төрөх болсныг эмч нар маань агаарын бохирдлын нөлөө гэж үзэж байгаа. Манай компанийн хувьд 1966 оноос эхлэн ажиллаж, амьдарч байгаа уурхайн тосгоноо яаралтай нүүлгэх шаардлагатай болоод байгаа. Иймд Цогтцэций сумын ерөнхий төлөвлөгөөний дагуу Цогтцэций сумаас баруун хойшоо 6 км зайд  155 га газрыг аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулаад шинэ суурьшлын бүсийн шаваа саяхан тавьсан. Шинээр барьж байгуулж байгаа учир орчин үеийн хөгжил дэвшлийг харуулсан эко, ногоон, смарт хотхон /smart сity/ болгохоор зорьж байгаа. Шав тавина гэдэг маань аливаа ажлын том эхлэл байдаг юм байна. Цогтцэций сумын шинэ суурьшлын бүсийн шав тавьсны дараа “Эрдэнэс-Тавантолгой” ХК болон “Тавантолгой төмөр зам” компаниуд ирэх жилийнхээ үйл ажиллагаа, төсөв төлөвлөгөөндөө шинэ суурьшлын бүсийн талаар оруулж, бүтээн байгуулалтыг хийж, өөрсдийнхөө ажилчдыг оруулах орон сууц барих зэрэг ажлуудыг санаачилж эхэлж байгаад тун баяртай байна.  Эхний ээлжинд 15000 хүн амьдрахаар төлөвлөж байна. Ирэх хавраас барилга байшингийн бүтээн байгуулалтууд эхэлж, тоос шорооноос холдож, орчин үеийн эко ногоон байгууламжтай хотод амьдрахыг бүгдээрээ зорьж байна. Хийх ажил бидэнд маш их байна.  Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хурлаас ерөнхий төлөвлөгөөг “Тавантолгой” ХК, дэд бүтцийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, Усны их үүсвэрээр хангахыг “Энержи ресурс” ХХК хариуцахыг тус тус даалгаж үүрэгжүүлсэн байгаа. Бид энэ хариуцсан үүргүүдээ биелүүлэх ёстой. Энэ бол нийгмийн хариуцлага.

Орон нутагт утаагүй түлш хийх төсөл хэрэгжүүлж байгаа талаараа сонирхуулна уу?

-Эрчим хүчний салбарын хэрэглээг хангана гэдэг нь уул уурхайн олборлолтын чухал ажлын байдаг. Гэвч дэлхий дахинд өнөөдөр агаарын бохирдолын асуудал хамгийн том сэдэв болоод байна. Нүүрсний утааг яаж бууруулах вэ, яаж агаарын бохирдлыг бууруулах вэ, утаагүй түлш хэрхэн хийх вэ гэдэг дээр манай компанийхан сүүлийн  жилүүдэд судалгааны ажил хийлээ. Энэ ажлын үр дүнд нүүрсний нэмэгдэл бүтээгдэхүүнийг БНСУ-аас оруулж ирж туршилт хийлээ. Тус бодис нь  утааг 80-90 хувь хүртэл бууруулдаг төдийгүй Орос, Хятад, Солонгос улсад их хэрэглэгдэг, олон улсын стандартад нийцсэн технологийн дэвшил бүхий эко бүтээгдэхүүн юм. Нүүрсийг энэ бодистой хольсноор утаа 80 хувь буурах төдийгүй шаталт нь сайжирч, үнс нь багасдаг. Энэхүү туршилт нь амжилттай хэрэгжүүлж, цаашид аймгийн төв рүү борлуулах нүүрсэндээ хэрэглэх зорилготой. Өвлийн улиралд Өмнөговь аймгийн төвийн утааны хэмжээ буурч, агаарын бохирдол багасч, айл өрхүүд нь дулаан өвөлжих давуу талтай. Цаашлаад улсын хэмжээнд агаарын бохирдолт бууруулах шинэ боломж ч байж болох юм. Үүнээс гадна уурхайгаа түшиглэн шахмал түлш үйлдвэрлэх, ингэхдээ ямар нэг химийн бодис холихгүй эко бүтээгдэхүүн үйлдвэрлэх гэсэн зорилготой судалгааны ажил хийгдэж байна.

-Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж