МХБХ-оос зохион байгуулдаг Идэрчүүдийн лигийн тэмцээнийг энэ жил "Тэнгис" кино театр ивээн тэтгэж байгаа бөгөөд энэхүү лигийн тэмцээн өндөрлөж, нас насны медалийн эзэд тодроход ердөө хоёрхон хоног үлдлээ. “Тэнгис" идэрчүүдийн лигийн тэмцээн 15, 17 гэсэн хоёр насны ангилалд нийт 12 багийн дунд явагдаж байгаа юм.
Энэ удаагийн тэмцээний 15 хүртэлх насны ангилалд 3 хожил 1 тэнцээ байгуулсан "Чингэлтэй" дүүргийн баг одоогоор тэргүүн байрт бичигдэж байгаа бол тэдэнтэй мөн ижил хожилтой ч нэг хожигдлыг амсаад байгаа “Монголын тэмүүлэл” баг удаалж, 3-р байрт "Хараацай" долоон оноогоор бичигдэж байна.
Харин 17 хүртэлх насны "Тэнгис" идэрчүүдийн лигийн тэмцээнийг "Арвис" 10 оноотой хошуучилж байгаа бол "Дэрэн" 8 оноотой, "Хоромхон" клуб 7 оноотойгоор эхний 3 байрыг эзлэхээр байна.
Өнөөдөр "Арвис" болон "Дэрэн" багууд өрсөлдөж, тоглолтын үндсэн цаг 3:3 харьцаатай, тэнцээгээр өндөрлөлөө. Харин "Хоромхон" клуб "Улаанбаатарын унаганууд" багийн тамирчдыг 8:3 харьцаатай буулган авснаар ерөнхийдөө шагналын тавцанд зогсох болзлоо хангаад байна. Яг одоо "Монголын тэмүүлэл" болон "Шинэ яармаг" багууд МХБХ-ны талбайд өрсөлдөж байна.
Тэмцээний хаалтын үйл ажиллагаа баасан гаригт буюу 10 дугаар сарын 2-ны өдрийн 15:00 цагаас болно.
Эх сурвалж: www.the-mff.mn