Австралийн зарим мужид дэгдээд буй ойн түймрийг унтраах, хохирлыг барагдуулахад сэтгэл санаа, санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор Монгол Улсаас Австрали Улсад суугаа Элчин сайдын яамны ажилтнууд, тэнд сурч ажиллаж амьдарч буй монгол иргэд болон Австрали дахь Монголчуудын холбоо богино хугацаанд 5000 ам.долларын хандив цуглуулжээ. Энэхүү хандиваа 2019 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдөр Шинэ Өмнөд Уэльс мужийн Улаан загалмайн нийгэмлэгт хүлээлгэн өгсөн байна.
Австралийн Улаан загалмайн олон нийттэй харилцах албаны захирал Белинда Димовски “Энэхүү хандивыг зохион байгуулсан монголчуудад талархал илэрхийлж байна. Та бүхний өгч буй хандив зөвхөн өнөөдрийн тусламж биш, байгаль дэлхийг эргэн сэргээхэд оруулж буй үнэтэй хувь нэмэр” хэмээн онцолжээ.
Б.ЖАРГАЛ