Дэлхий нийтээр уур амьсгалын өөрчлөлтөд хүчээ нэгтгэх, ногоон технологи ашиглах, нэвтрүүлэхийг уриалж байна. Манай улсын хувьд энэ чиглэлээр хэд хэдэн арга хэмжээ зохион байгуулж байгаа бөгөөд түүний нэг нь байгальд ээлтэй ногоон технологийг хэрэглээнд нэвтрүүлбэл гаалийн татвар болон орлогын албан татвараас чөлөөлөх зэрэг хөнгөлөлт үзүүлж байна. Түүнчлэн ногоон үйл ажиллагаа эрхлэх, шинэ техник технологи нэвтрүүлэх аж ахуйн нэгжид ногоон зээл олгож эхэлсэн. Ингээд ногоон технологийн талаарх ойлголт болон ногоон бүтээн байгуулалт зэрэг асуудлаар БОАЖЯ–ны Цэвэр технологи, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Ц.Уранчимэгтэй ярилцсанаа хүргэе.
-Ногоон технологи гэж иргэд ихэвчлэн ногоон байгууламжийн л ойлголттой байна. Тиймээс юун түрүүнд ногоон технологийн ойлголтын талаар тодорхойлж өгнө үү?
-Ногоон технологи гэж байгаль орчинд ээлтэй дэвшилтэт техник технологийг ойлгож болно. Энэ ойлголтын тухай ярихын тулд ногоон эдийн засгийн талаар ярих ёстой. Манай улс байгаль орчны тогтвортой хөгжил, ногоон хөгжлийн асуудлыг хангахад олон улсад хэрэгжүүлж байгаа стандарт, байгаль орчинд ээлтэй эдийн засгийн асуудлыг шийдсэн технологийн дэвшлийг нэвтрүүлэх, шинэ инновац шингэсэн технологиудыг бүтээх шаардлага хэрэгцээ бий. Тухайлбал, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, эдийн засагт хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй, эрүүл аюулгүй орчинд ажиллах нөхцөлөөр хангагдсан ногоон ажлын байрыг бий болгох, бүтээгдэхүүн үйлчилгээндээ дэвшилтэт технологийг нэвтрүүлэх шаардлага гарч ирж байна. Тиймээс дэвшилтэт техник технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх нь тэргүүний арга хэмжээ юм.
Дэлхийд 2012 онд ногоон эдийн засгийн тухай онцолж байсан бол одоо хаягдалгүй эдийн засгийн талаар ярьж байна. Энэ нь байгалийн нөөцийг зөв зохистой ашиглах, бүтээгдэхүүн бий болгохдоо байгаль орчинд ээлтэй, хэмнэлттэй, нийгмийн асуудлаа шийдсэн, хамгийн гол нь хаягдал бүтээгдэхүүнээ дахин ашиглах эдийн засгийн ойлголт юм. Манай улсын хувьд 2014 онд ногоон хөгжлийн бодлогоо баталсан байдаг. Мөн 2016 онд тогтвортой хөгжлийн үзэл баримтлал түүнийг дагаж гарах стандартыг баталсан. Өөрөөр хэлбэл, хууль эрх зүйн орчин нь хангалттай бүрдсэн. Одоо төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулж, дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх чухал байна. Мөн байгаль орчинд ээлтэй, ногоон техник технологийг нэвтрүүлж байгаа аж ахуйн нэгжийг гаалийн татвар, НӨАТ-ын албан татвараас чөлөөлөх Засгийн газрын 303 дугаар тогтоол байдаг. Мөн байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулдаг албан байгууллагад ногоон гэрчилгээ, энэ чиглэлээр шинэ инновац, техник технологийг нэвтрүүлбэл эко тэмдэг олгодог. Ингэснээр ногоон эдийн засгийг дэмжих, санхүүжилт оновчтой хөшүүргийг нэвтрүүлж тогтвортой үйлдвэрлэл хэрэглээний дадлыг төлөвшүүлэх юм.
-Одоогийн байдлаар хэчнээн аж ахуйн нэгж ногоон зээлд хамрагдаад байна вэ?
-Ногоон зээлд Засгийн газраас 8-9 хувийн хүүгийн хөнгөлөлтийг үзүүлж байгаа. БОАЖЯ-нд дэвшилтэт технологийн мэдээллийн санд бүртгэлтэй 50 гаруй аж ахуйн нэгж байдаг. Үүнээс 10 гаруй аж ахуйн нэгж хамрагдсан байна. Мөн өнгөрсөн аравдугаар сард иргэдэд ногоон технологи, ногоон зээлийн талаарх ойлголт өгөх, сурталчлах зорилгоор арга хэмжээ зохион байгуулсан. Тухайлбал, иргэд ямар технологийг сонгож авах боломжтой болон дараах банкуудаас сонгон гэрээ хийж, өөрийн эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэх, агаар, хөрсний бохирдлын асуудлыг шийдэх боломж бий болсон. Нөгөөтэйгүүр, аж ахуйн нэгжүүдэд хууль эрх зүйн орчин нь байна. Та дараах техник технологийг оруулж ирэн хөнгөлөлт эдлэх боломжтой талаар таницуулсан юм. Гааль, НӨАТ-ын татвараас чөлөөлнө гэдэг нь иргэнд хямд очих ёстой гэсэн зарчмын дагуу эдлүүлж байгаа хөнгөлөлт юм.
-Ирэх онд ногоон зээлд хэчнээн төгрөг төсөвлөсөн бэ. Ногоон технологи оруулж ирсэн аж ахуйн нэгжийн үр дүн ямар байна вэ?
-Ирэх оны төсөв хараахан тодорхой болоогүй байна. Ногоон зээлийн эрэлт хэрэгцээнээс хамааран дараагийн санхүүжилт хэд байх нь хамаарна. Ямартай ч уг зээл үргэлжлэх ёстой гэж харж байгаа. Гэхдээ иргэдийн хувьд тодорхой шалгуур үзүүлэлтийг хангаж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл, шинэ зүйлд бэлэн биш байна гэж харж байна. Мөн зээлийн хүүг хөнгөлөх шаардлага тавьж байна. Уг нь энэ нь байж болох хамгийн бага хүү шүү дээ.
-Ногоон сургууль, цэцэрлэгийн жишиг барилгыг барина гэсэн. Бүтээн байгуулалт хэзээ эхлэх вэ?
-Ногоон барилгын жишиг барилга ногоон сургууль, цэцэрлэгийн зургийг зуруулж батлуулаад байна. Азийн хөгжлийн банкны төслөөр 122 дугаар сургуулийн өргөтгөл, 25 дугаар цэцэрлэгийг барих юм. Тендер нь шалгарчихсан. Барилгын ажил ирэх хавар эхэлнэ.
Бид аливаа зүйлийг харж, мэдэрч, үзэж байж болох юм байна, хэрэглэж үзье гэдэг. Яг үүнтэй адил 21 сургууль, цэцэрлэг нүүрс хэрэглэдэг байсныг цахилгаан халаагууртай болгосон. Тухайлбал 16 цэцэрлэг, сургуулийг цахилгаан халаагуур, дөрвөн цэцэрлэг сургуулийг газаар, нэг сургуулийн цогцолборыг газрын гүний дулаанаар халааж байна. Технологийг нэвтрүүлэхийн тулд заавал туршиж үзэх ёстой байдаг. Тиймээс цахилгаан, газаар халааж туршиж байна. Хамгийн гол нь иргэдэд энэ талаарх ойлголт бага байгаа нь ажиглагдсан. Цахилгаанаар халаана гэхээр дааж давшгүй өрөнд орох гэж байгаа юм шиг ойлголттой байсан учраас уулзалт их зохион байгуулж байж тендер шалгаруулсан. Туршилтаа хийгээд ирэх оны есдүгээр сард ямар хэмнэлт гарсан, агаарын бохирдолд ямар нөлөө үзүүлсэн талаар тайлан гаргана.
-Дээр дурдсанчлан цахилгаанаар халаана гэхээр иргэд хамгийн түрүүнд түлш хэрэглэх зардлаас ямар байх талаар их сонирхоно. Тэгэхээр зардлын хувьд ямар байх бол. Урьдчилсан тооцоо судалгаа хийсэн үү?
-Тухайлбал, тухайн байгууллагын төсөвт сард 150 сая төгрөгийг нүүрсэнд зарцуулна гэж тусгасан бол газ хэрэглэсэн ч зардал нь ижил хэмжээтэй байна. Хэрэв төсөвлөсөн мөнгөнөөс өндөр өртөгтэй гарвал тендерт шалгараад хэрэгжүүлж байгаа компани зардлаа хариуцна. Ийм гэрээгээр уг төхөөрөмжийг туршиж байгаа юм. Цахилгааны хувьд ч ялгаагүй. Халаалтад зориулж суулгасан нүүрсний үнэтэй л үнийн дүн нь тэнцэх ёстой гэсэн зарчим баримталж байгаа. Өөрөөр хэлбэл, улсын төсөвт дарамт учруулахгүйгээр шинэ технологи туршиж байгаа гэсэн үг. Хамгийн гол нь компанийн хувьд ч гэсэн нийлүүлж байгаа бүтээгдэхүүн нь чанартай, хэмнэлттэй гэж батлахын тулд тендерт оролцож байгаа шүү дээ. Энэ мэт гэрээ хэлэлцээрийг нарийн хийж байгаа гэж ойлгож болно.
-Ногоон сургууль, цэцэрлэгийн давуу тал нь юу юм бэ. Зардлын хувьд ямар байх вэ?
-Ногоон барилга гэж нэрлэж байгаа. Өөрөөр хэлбэл, эрчим хүчний хэмнэлттэй барилга гэсэн үг. Барилгын дулаан алдагдлыг бууруулах, байгалийн гэрлийг ашиглах юм. Тухайлбал, европын орнуудын ногоон барилга нь байгалийн гэрлийг өдрийн нөхцөлд хэрэглэх боломжтой нөхцөлийг хангасан байдаг. Гэтэл манай улс үүдний өрөөгөө цахилгаанаар гэрэлтүүлж байна шүү дээ. Мөн ногоон барилгын гол онцлог нь барилгыг нураахад дахин ашиглах боломжтой байдаг. Зардлын хувьд өндөр ч гэсэн эдэлгээ сайтай, урт удаан ашиглагдах боломжтой, стандартын шаардлага хангасан, чанартай байх юм. Энгийн сургуулиудад жил бүр тодорхой хэмжээний урсгал засвар хийдэг шүү дээ.
Ногоон барилга урт удаан насжилттай учраас жил бүр урсгал засварын ажил шаардахгүй. Өндөр өртөгөөр баригдах ч дараа нь гарах үр дагавар нь энгийн сургуулиас хэмнэлттэй байх учраас дараа дараагийн баригдах сургууль, цэцэрлэгийн бүтээн байгуулалтыг ногоон барилга болгох асуудал бий.
ЭХ СУРВАЛЖ: БОАЖЯ