Уул уурхайн яамнаас өнөөдөр "Ил тод уул уурхай" хэвлэлийн хурлыг зохион байгуулж, тус салбарын өнгөрсөн наймдугаар сарын статистик мэдээллийг танилцууллаа.
Шатахуун жижиглэнгийн үнэ литр тутамд 60 төгрөгөөр хямдарчээ
Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ сүүлийн нэг жил гаруй хугацаанд уналттай хэвээр буй. Шатахуун үйлдвэрлэх түүхий эдийн үнэ нь буурчихаад байхад Монгол Улсын нефть импортлогчид шатахууны үнээ буулгахгүй байна гэсэн шүүмжлэл нийгэмд байсаар байна. Тэгвэл Уул уурхайн яамнаас өнөөдөр шатахууны бөөний үнэ 300 гаруй төгрөгөөр буурсан тухай мэдэгдлээ. Ингэхдээ Өрсөлдөөний тухай хуулинд зааснаар аж ахуй нэгжийн борлуулж буй бүтээгдэхүүний үнэ тогтоох ажиллагаанд салбарын яам оролцох боломж хязгаарлагдмал байдаг. Гэхдээ газрын тосны бүтээгдэхүүний агуулахаас иргэн, аж ахуй нэгжүүд шатахууныг бөөнөөр авахаар болвол литр тутмыг нь 1390 орчим төгрөгөөр худалдан авах боломжтойг онцлов. Товчхондоо өмнө нэг литр шатахууны бөөний үнэ нь 1690 төгрөг байсныг 300 төгрөгөөр хямдруулсан байна. Мөн есдүгээр сараас эхлэн хотын зах дүүрэг, Дархан, Эрдэнэт, Төв аймгийн зарим сумдаас эхлэн жижиглэнгээр борлуулж буй шатахууны үнэ литр тутамдаа дунджаар 60 төгрөгөөр буурсан гэж Уул уурхайн сайд Р.Жигжид мэдэгдэв.
Мөн алслагдсан аймаг, орон нутгаар импортлогдон орж ирдэг шатахууны онцгой татварыг чөлөөлснөөр 2015 оны эхнээс баруун бүсийн аймгуудад жижиглэнгээр борлуулах шатахууны үнэ дунджаар 150 төгрөгөөр буурсан аж. Монгол Улс 2013 оны тавдугаар сараас эхлэн түүхий газрын тосны дэлхийн зах зээлийн үнэтэй уялдуулсан аргачалаар тооцсон үнээр шатахуунаа импортлож буйг салбарын яам нь тодотгов. Ингэснээр газрын тосны үнийн бууралттай уялдан импортлогдсон шатахууны хилийн үнэ өнгөрсөн оны наймдугаар сард тонн тутамд 1011 ам.доллараас энэ оны хоёрдугаар сар хүртэл буюу таван сарын хугацаанд 517 ам.доллар болон буурчээ. Цаашид орон нутаг дахь шатахууны үнийг бууруулах боломж нь гааль, нэмэгдсэн өртөгийн албан татвар, онцгой албан татвараар зохицуулах хэлбэрээр хязгаарлагдана гэдгийг Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн мэдэгдлээ. Тэрбээр "Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ байнга хэлбэлзэж байгаа. Энэ үед шатахууны жижиглэнгийн үнийг компаниуд тогтмол бууруулаад байх боломжгүй" гэж тайлбарлав.
Хууль бусаар алт олборлосон нэг иргэн шороонд дарагджээ
Гацууртын ордын тухайд УИХ-ын тогтоол гарч стратегийн ордод хамааруулсан. Харин төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох асуудлыг нэгдсэн чуулганаар хэлэлцсэн боловч дэмжлэг аваагүй учир үйл ажиллагаа нь зогсонги байдалд байна. Энэ сарын 10-ны өдөр Түүх археологийн болон Газар зүй, геологийн цэвдэг судлалын хүрээлэнгийн мэргэжлийн хүмүүсийн хамт Уул уурхайн сайд Р.Жигжид Гацууртын ордтой танилцжээ. Холбогдох мэргэжлийн хүмүүс энэ үеэр түүх соёлын дурсгалт зүйлс, цэвдэгийн судалгааг дахин нягталж үзсэн байна. Гацууртын ордод энэ сарын 10-11-нд шилжих шөнө 300 гаруй хууль бус ашигт малтмал олборлогч “нинжа” дайран орсон тухай салбар яамнаас нь мэдээллээ. Энэ үеэр нэг хүн шороон дарагдаж эмнэлгийн тусламж авчээ. Сэлэнгэ аймгийн Мандал сумын цагдаагийн бие бүрэлдэхүүн, байгаль хамгаалагчид хамтран “нинжа” нарыг тухайн орд газраас албадан гаргах ажлыг зохион байгуулсаар байгааг Уул уурхайн сайд Р.Жигжид тодотгов.
Эрдэс баялгийн бирж байгуулна
Засгийн газар 2014 оны зургадугаар сарын 28-ны өдөр Эрдэс баялгийн бирж байгуулах тухай 211 тоот тогтоол батлан гаргасан. Үүнтэй холбоотойгоор хуулийн төслийн үзэл баримтлалыг Засгийн газрын хуралдаанаар батлуулсан.
Батлагдсан үзэл баримтлалд үндэслэн долоон бүлэг 28 зүйлтэй хуулийн төслийг боловсруулж байна. Энэхүү хууль батлагдснаар Монгол Улсад Эрдэс баялгийн бирж байгуулах, үйл ажиллагааг нь зохицуулах эрх зүйн орчин бүрдэж нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлах боломжтой болно. Түүнчлэн эрдэс баялгийн бүтээгдэхүүний нийлүүлэгч, худалдан авагчдыг холбох найдвартай тогтолцоо бий болж, зах зээлийн бодитой ханш тогтох, арилжааны болон ханшийн мэдээлэл олон улсын зах зээлд нээлттэй зарлагдсанаар хөрөнгө оруулагчид найдвартай мэдээллээр хангагдах, улмаар Монгол Улсын эрдэс баялгийн бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар нэмэгдэх юм.
Бүтээгдэхүүний үнэ, борлуулалтын хэмжээ ил тод болсноор арилжаанаас тооцох татвар хураамжийг үндэслэлтэй тогтоох нөхцөл бүрдэж улсын төсвийн орлогын эх үүсвэр нэмэгдэнэ. Мөн эрдэс баялгийн бүтээгдэхүүнийг нийлүүлэх гэрээний үүргийн хэрэгжилт баталгаатай болсноор арилжаанд оролцогчдын эрсдлийг бууруулах учраас хөрөнгө оруулагчдын хувьд таатай нөхцөл бүрдэх болно.
Уул уурхайн сайдын багцын нийт орлого 146.1 тэрбум төгрөг байна
Энэ оны эхний 8 сарын байдлаар Ашигт малтмалын газар нийт 27.8 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн. Үүнээс ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр 21.5 тэрбум төгрөг, улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордын нөхөн төлбөр 2.1 тэрбум төгрөг, бусад орлого 4.2 тэрбум төгрөг байна.
Газрын тосны газар нийт 118.3 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн. Үүнээс газрын тосны орлого 116.9 тэрбум төгрөг,бусад орлого 1.4 тэрбум төгрөг байна.Уул уурхайн сайдын багцын орлого нийт 146.1 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрсөн байна.
15.2 сая тонн нүүрс экспортложээ
Энэ оны эхний 8 сарын байдлаар нүүрс 15.2 сая тонн, алт 7.2 тн, газрын тос 766.9 мянган тонныг тус тус олборлоод байна. Хайлуур жоншны баяжмал 145.8 мянган тонн, зэсийн хүдрийн баяжмал 820.3 мянган тонн, төмрийн хүдрийн баяжмал 3.7 сая тонн, цайрын баяжмал 61.1 мянган тонныг тус тус үйлдвэрлээд байна.
Энэ оны эхний 8 сард 930.0 мянган тонн зэсийн баяжмал, төмрийн хүдрийн тухайд 3.1 сая тонны, алт 7.0 тн, нүүрс 9.6 сая тонн, газрын тос 708.5 мянган тонныг тус тус экспортлосон байна.
Шатахууны ердийн хэрэглээний 43 хоногийн нөөцтэй байна
Энэ сарын 29-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд ердийн хэрэглээний 43 хоногийн нөөцтэй байна. Үүнд: А-80 автобензин 58, Аи-92 автобензин 49, дизелийн түлш 36, ТС-1 28 хоногийн нөөцтэй байна.
Д.УЛАМБАЯР
Зураглаач Н.БАТМӨНХ