Хөвсгөл аймгийн Их-Уул, Рашаант сумдыг заагласан Сэлэнгэ мөрний Сацын булангийн гүүр ашиглалтад оржээ. Нийт 253.3 метр урттай энэ төмөр бетон гүүр дан монгол инженер ажилтнуудын ур ухаан, хүч хөдөлмөрөөр бүтсэн Монголын хамгийн урт гүүр гэдгээрээ онцлог аж.
Уг гүүр ашиглалтад орсноор Хөвсгөлд аялал жуулчлалыг эрчимжүүлж, эдийн засгийн эргэлтийг сайжруулахад чухал ач холбогдолтой. Монголчууд том хэмжээний бүтээн байгуулалтыг өөрсдийн гараар бүтээж чаддаг болсон нь бахархал юм гэж УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан хэлж байна.
Сацын булангийн гүүр нь Монгол Улсын хэвтээ болон босоо тэнхлэгийн авто замуудтай шууд холбогдсоноороо аялагч жуулчид цаг мөнгөө хэмнэх боломж ч бүрджээ.
Гүүрийг “Эрдэнэт суварга” компани барьж ашиглалтад оруулсан байна. Хөгжлийн банкнаас 5.8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэжээ. Гүүрийг барьж байгуулахад 250 гаруй хүн оролцсоноос 80 гаруй нь орон нутгийн ажилчид байсан аж. Үр дүнд нь 3 тэрбум орчим төгрөг орон нутагтаа үлджээ.
Г.ДАРЬ