МАН: 60 тэрбум, ЖДҮ-чдээ нэр дэвшүүлэхгүй

Хуучирсан мэдээ: 2019.12.10-нд нийтлэгдсэн

МАН: 60 тэрбум, ЖДҮ-чдээ нэр дэвшүүлэхгүй

МАН: 60 тэрбум, ЖДҮ-чдээ нэр дэвшүүлэхгүй

Сүүлийн хоёр ч сонгууль дамнаж байгаа МАН-ыг харлуулах сөрөг намуудын сонгуулийн шоу болсон сэдэв бол 60 тэрбум. Шүүх энэ хэргийн талаар ярьсан хүмүүст нь ч хариуцлага тооцсон бол албажуулсан хүмүүст нь ямар нэг хариуцлага тооцсонгүй. Тэгвэл МАН муухай дээрээ улцан гэдэг шиг 60 тэрбум дээр ЖДҮ-чин хэмээн автортой болсон. МАН-ын 49 гишүүн болон хамаарал бүхий этгээд нь  ЖДҮХС-аас зээл авсан асуудал хуулийн байгууллага дээр шалгагдаж байгаа. Тэдний гэм буруутай эсэхийг хуулийн байгууллага тогтоох ч эхний удаад энэ хэргийг “гардан” хийсэн ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг хэргээ хүлээж, ялаа багасгуулахаар хэрэг нь прокурорт буцаад буй.

Сонгууль хаяанд ирсэн энэ цагт намууд ямар хүн нэр дэвшүүлэх, хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдэг толгойны өвчин болдог. Ялангуяа эрх баригчдын хувьд 60 тэрбум дээр ЖДҮ-чидтэй болсон учраас 2020 оны сонгуулийн өмнө баахан “балбуулах” нь тодорхой. Тэгвэл МАН-ын стратеги академийн захирал Ц.Мөнхцэцэгийн хэлснээр МАН 2020 оны сонгуульд 60 тэрбум болон ЖДҮ-д холбогдсон хүмүүсээ нэр дэвшүүлэхгүй гэсэн мэдээллийг өчигдөр болсон Улс төрийн санхүүжилтийн ил тод байдлыг хангаж, авлигын эрсдэлээс сэргийлэх эрх зүйн орчинг бүрдүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэг дээр хэлэв. Тэрбээр, “МАН анх 1925 онд Хяналтын ерөнхий хороогоо байгуулж байжээ. Намын Хяналтын ерөнхий хороо дотоод үйл ажиллагаа болон санхүүжилт, намаас томилогдсон албан тушаалтнуудын ёс зүйн зөрчилд хяналт тавьж ажилладаг. Энгийн гишүүдийн зүгээс ч маш их хэмжээний өргөдөл гомдол ирдэг байгууллага бол Хяналтын ерөнхий хороо. Энэ бүтэц жил бүр гишүүдээс ирсэн өргөдөл гомдол, намын дүрмийн хэрэгжилт, ёс зүйн алдаа зөрчилд аудит хийн Бага хуралд, шаардлагатай үед Удирдах зөвлөлд мэдээлдэг. Тухайлбал, “60 тэрбум”-ын хэрэг, ЖДҮ-гийн асуудлаар тодорхой тогтоолууд гаргаж, түүнийгээ олон нийт болон Удирдах зөвлөлд мэдээлсэн. Улмаар 2017 онд хуралдсан намын XXVIII Их хурлын үеэр авлига, улстөрчдийн хариуцлагын асуудал өндөр түвшинд яригдсан. Үүнтэй холбогдуулан намын дүрэмд багагүй өөрчлөлтүүд оруулсан байгаа. Тухайлбал, Хяналтын ерөнхий хороо болон МАН-ын баримталж буй зарчим болох ямар нэг авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон этгээд буюу намын гишүүн улс төрийн дэмжлэг хүлээхгүй гэсэн заалт хэрэгжиж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, “60 тэрбум”-ын хэрэг, ЖДҮ-гийн асуудал, мөн бусад ёс зүйн асуудалд нэр холбогдсон. Тэр нь шүүхээс тогтоогдсон гишүүд  дараа дараагийн УИХ-ын болон бусад сонгуульд нэр дэвших боломжгүй болж байгаа. Намын 2019 онд хуралдсан III Бага хурлаар мөн дүрмийн өөрчлөлт хийсэн. Хариуцлага алдаж, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон гишүүдийг намаас түдгэлзүүлэх, намаас дэмжлэг үзүүлэхгүй байхаар буюу улс төрийн намд тавигддаг дээд хэмжээний сахилгын шийтгэл оноох бүрэн эрхийг Хяналтын ерөнхий хороонд өгсөн байгаа” гэдгийг тодотгов.

Түүний хэлсэн саналыг намын удирдлага нь хэрхэн хүлээж авахаас үл хамааран ирэх сонгуульд нэр дэвшихээр зүтгэгчид МАН-ын 60 тэрбум, ЖДҮ-чид дотор тоймгүй олон бий гэдгийг энд сануулах нь илүүц биз ээ.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж