Сонгуулийн оноо цуглуулах У.Хүрэлсүхийн хямдхан тактик

Хуучирсан мэдээ: 2019.12.10-нд нийтлэгдсэн

Сонгуулийн оноо цуглуулах У.Хүрэлсүхийн хямдхан тактик

Сонгуулийн оноо цуглуулах У.Хүрэлсүхийн хямдхан тактик

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр /2019.12.09/ Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханыг дуудаж “донгодов”. Өөрийнх нь эзгүйд Нийслэлийн авто зам ашигласны төлбөрийг тав дахин нэмсэн асуудлыг эргэж харах ёстой хэмээн зэмлэжээ. Энэхүү шийдвэрийг НИТХ-аар хэлэлцсэн эцсийн шийд гарч хууль эрх зүйн хувьд албажиж гараагүй байсан юм. Тиймээс ч Ерөнхий сайд Хотын даргыг "шийдвэрээ эргэж хар, 536 мянган автомашинтай нийслэлийн 1,5 сая иргэний орлогод “гар дүрэх” гэлээ" хэмээн зэмлэсэн нь энэ.

Угтаа бол Хотын даргын энэ шийдвэр замын түгжрэлийг бууруулах зорилготой. Гэхдээ сонгууль хаяанд ирсэн энэ үед МАН-д хасах оноо авах шийдвэр байсан. Тиймдээ ч МАН-ын дарга эзгүй хойгуур нь ийм шийдвэр гаргалаа хэмээн сануулга өгсөн биз.

Үнэн хэрэгтээ Ерөнхий сайдын энэ үйлдэл анхных биш ээ.

Өмнө нь Хотын захиргаанаас Авто тээврийн тухай хуулийн хүрээнд хууль бусаар дуудлагын такси үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийн, илэрсэн зөрчилд Зөрчлийн тухай хууль болон холбогдох хууль, тогтоомжийн дагуу торгох арга хэмжээ авч эхэлсэн тухай Нийслэлийн тээврийн газраас мэдээлж байв. Гэвч энэ нь олон нийтийн дунд төдийгүй сошиал орчинд шуугиан тарьж, МАН-ынхныг харааж байсан учраас Засгийн газрын хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэж, хувиараа дуудлагын такси үйлчилгээ үзүүлж буй  иргэдийг 100 мянган төгрөгөөр торгохыг зогсоож байв. Ингэхдээ мөн л хөөрхий ард түмний минь халаас руу гараа дүрэх гэлээ хэмээн Ерөнхий сайд шийдвэр гаргаж байв.

Ер нь У.Хүрэлсүх даргатай МАН-ын Засгийн газар ард түмнээсээ их “айдаг”. Аливаа шийдвэр, шийдлийг нь олон нийт эсэргүүцэж, шүүмжлээд эхэлбэл гаргасан шийдвэрээсээ буцдаг, залруулдаг шударга ёс тогтоогчийн имиж бүрдүүлээд удаж буй. Монголын Засгийн газрын ОУВС-тай хоёр жилийн өмнө тохиролцсон хөтөлбөрийн дагуу НДШ-ийг шатлалтайгаар нэмэгдүүлж байгаа бөгөөд ирэх 2020 оны нэгдүгээр сараас дахин хоёр хувь нэмэгдэнэ. Гэвч бас л олон нийтэд таалагдахгүй, масс санал нийлэхгүй байгаа учраас Ерөнхийлөгчөөр хориг тавиулж, түүнийгээ засахаар болсноо өчигдөр МАН-ын бүлэг зарлав. Бас л ард түмний халааснаас авах гэж байна, ард түмнээ бодоогүй шийдвэр хэмээн зэмлүүлэх болсон учраас хоригийг хэсэгчлэн буюу зөвхөн НДШ-ийн асуудлыг нь хүлээж авч байна гэсэн үг. Уг нь НДШ-тэй холбоотой заалтаас илүүтэй 2020 оны сонгуулийн дүнгээр гарч ирэх парламент, Засгийн газрын хийж гүйцэтгэх хөрөнгө оруулалтын зардалд тавьсан хоригийг МАН хүлээн авсан нь жинхэнэ шударга ёс байсан юм.

Энэ мэтчилэн цаад утгаараа эдийн засагт хэрэгтэй шийдвэр гаргах бүрт Засгийн газар нь эсэргүүцэж, Ерөнхий сайд нь сайн хүний дүр эсгэж байгаа нь сонгууль ойртсоны, сонгуульд зориулсан нэмэх оноог цуглуулах тактик, хямдхан пиар гэлтэй.

Угтаа бол парламент, Засгийн газар, Улаанбаатар хот гээд Монгол төрийн эрхийг дангаар барьж буй МАН-ын зорилго нь нэг, бодлого нь нэг байх учиртай. Гэвч У.Хүрэлсүхийн ганцаарчилсан тоглолтыг харахад үгүй бололтой. Түүний хувьд масст таалагдаж, ирэх оны сонгуулийн оноо цуглуулах л ганц зорилго байна. Энэ богино зайн улс төр түүнд л хэрэгтэй болохоос улсдаа битгий хэл намдаа ч хэрэггүй. Зах зээлд шилжсэн 20 гаруй жилийн түүхийг эргэн харахад эрсдэлтэй ч гэсэн улс орондоо хэрэгтэй шийдвэр гаргах зориг зүрх МАН-д угаасаа байгаагүй л дээ.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
12
ТэнэглэлТэнэглэл
6
ХахаХаха
5
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж