"Жагсаал, цуглааныг хэн санхүүжүүлж байгааг хуулиар зохицуулах ёстой"

Хуучирсан мэдээ: 2019.12.10-нд нийтлэгдсэн

"Жагсаал, цуглааныг хэн санхүүжүүлж байгааг хуулиар зохицуулах ёстой"

"Жагсаал, цуглааныг хэн санхүүжүүлж байгааг хуулиар зохицуулах ёстой"

2020 оны сонгууль долоохон сарын дараа болно. УИХ-аар ч Сонгуулийн тухай хуулийн төсөл хэлэлцэж эхлэх гэж байна. Энэ цаг үед улс төрийн намын санхүүжилтийн асуудал хурцаар хөндөгдөж буй. Энэ талаар судлаач Ч.Сосормаагаас тодрууллаа.


-Улс төрийн намын санхүүжилтийг ил тод, хяналттай, хариуцлагатай болгох, үүнийг дагаж буй авлигыг бууруулах асуудлыг бид олон жил ярьж буй. Улс төрийн намын санхүүжилтийн асуудлыг өөрчилж, хууль эрх зүйн шинэчлэл хийе гэвэл бид хамгийн бодитойгоор ямар өөрчлөлтүүд хийх ёстой вэ?

-Улс төрийн санхүүжилтийг ярихдаа энэ тэндээс нь хэсэглэх бус тогтолцооны уялдаа, сууриар нь сайжруулах шаардлагатай юм. Өөрөөр хэлбэл, Улс төрийн намын тухай, Сонгуулийн тухай хуулийн төдийгүй төрийн хяналтын байгууллагын хараат бус байдлыг сайжруулах, чадавхижуулах асуудлыг зэрэг харж ажиллах ёстой болов уу. Ер цаашдаа Улс төрийн санхүүжилтийн бие даасан хуультай болох шаардлага тулгарч байна гэж харж байна. Ингэснээр улс төрийн намын санхүүжилт, сонгуулийн санхүүжилтийг нэг бодлого, нэгдсэн зохицуулалтаар хангаж, уялдуулж чадна. Өөрөөр хэлбэл нэг цонхны бодлогоор зангидна гэсэн үг. Түүнчлэн улс төрийн үйл ажиллагааны тухайлбал улс төрийн жагсаал цуглааны санхүүжилтийг ч энэ хуулиар зохицуулах боломж нээгдэнэ. Олон нийтийн жагсаал цуглааныг хэн санхүүжүүлж байна. Хэдэн төгрөгийн хандив, мөнгө ард нь зарцуулагдаж байгааг иргэд мэдэх эрхтэй биз дээ.

Нөгөө талаар энэ бол үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал. Ялангуяа олон нийтийг турхирсан, үймээн самуунд уруу татсан жагсаал цуглааныг гадны хэн нэгэн санхүүжүүлэх эрсдэл байгаа юм биш биз. Тиймээс улс төрийн жагсаал цуглааны санхүүжилт ил тод байх ёстой байдаг.

-Улс төрийн намын санхүүжилтийг хянадаг Аудитын байгууллага байгаа ч тэд тайлангаа сонгуулийн дараа гаргадаг. Мөн тийм ч нээлттэй бус байдаг?

Улс төрийн санхүүжилтийн ил тод нээлттэй байдал нь нэг талаас нам ба нэр дэвшигчид санхүүжилтээ тайлагнах, нөгөө талаас сонгогчдын мэдээлэл авах эрх, түүнчлэн хяналт тавих хөндлөнгийн байгууллагууд тэдний хараат бус байдал, хариуцлагын тогтолцооны иж бүрдэл дунд хэрэгждэг. Жишээ аваад үзье! Улс төрийн намын тухай хуулийн 20.3-т нам жил бүр аудитын байгууллагаар санхүүжилтээ хянуулж олон нийтэд ил тод мэдээлнэ гэж заасан байдаг ч намууд (ХҮН-ыг эс тооцвол) олон нийтэд мэдээлж байсан удаагүй. Шалтгаан нь мэдээлээгүй бол хэн хянахыг зааж өгөөгүйд байгаа юм. Түүнчлэн мэдээлээгүй бол хүлээх хариуцлага байхгүй байна. Сонгуулийн тухай хуулиар ҮАГ нэр дэвшигч ба намуудын зардлын тайланг хянах үүрэгтэй болсон. Гэтэл улс төрийн намын санхүүжилтийг ҮАГ хянадаггүй. Өмнөх 4 жилийн тайланг мэдэхгүй бол сонгуулийн үеийн тайланг бүрэн хянаж чадахгүй нь ойлгомжтой. Тэгээд ч сонгуулийн зардлын тайланг ирүүлсэн цаасан тайлангийн хүрээнд л хянадаг болохоос бие даасан аудит хийх үүрэггүй байна.

Иргэдийг төөрөгдүүлэх улс төрчдийн зальжин гэмээр заалтууд цөөнгүй байна. Тухайлбал Сонгуулийн тухай хуулиар сонгуульд нэр дэвшигчдийн зардлыг хянаж, нийтэд мэдээлэх зохицуулалт  байхгүй байна.

Хэдийгээр Сонгуулийн тухай хуульд төрийн аудитын байгууллага зардлын тайланг хянаж, хүлээн авсан өдрөөс хойш 90 хоногийн дотор дүнг нийтэд мэдээлнэ гэж заасан бий. Өнгөц харахад ил тод байдлыг хангаж нийтэд мэдээлэх заалт хэдий ч “дүн” гэж тодотгосон тул ҮАГ хяналтын тайлангийн дүн болох 2 хуудас хүрэхгүй тайлан нийтэд мэдээлдэг. Хэт ерөнхий, дүгнэлтээс хэн ч хангалттай мэдээлэл авч чадахгүй нь ойлгомжтой.  2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр мониторинг хийж байсан ТББ-ууд  тухайн нам, нэр дэвшигчийн сонгуулийн зардлын тайланг олж үзэх оролдлого олон удаа хийж байсан. Нам ба нэр дэвшигч зардлын тайлангаа Сонгуулийн ерөнхий хороонд өгнө. СЕХ цааш ҮАГ-т дамжуулдаг. Зардлын тайланг бүрэн эхээр олж үзэх гэсэн ТББ-ын хүсэлтэд Сонгуулийн ерөнхий хороо ч тэр, Үндэсний аудитын газар ч тэр татгалзсан хариу өгч хоёр биен рүүгээ чихэж байсан. Иймд цаашид хяналтын байгууллагын үүргийг маш тодорхой болгож, хоорондын уялдааг хангаж, давхардал, хийдлийг арилгах шаардлагатай байгаа юм.

-Улс төрийн намуудын санхүүжилт ярихаар төрөөс дэмжлэг авах ёстой, төсвийн дэмжлэгийг нь нэмэгдүүлбэл намууд авлигаас ангижирна гэж үздэг. Төрөөс санхүүжүүлэх нь зөв үү?

-Улс төрийн намын тухай хуульд төсвийн санхүүжилтийг нэмэгдүүлэх асуудал яригдаж байна. Төсвийн дэмжлэгээр санхүүжих бол олон улсын нийтлэг туршлага. Манайд ч гэсэн УИХ-д суудалтай намууд жил бүр суудал бүртээ 10 сая төгрөг авдаг. Цаашид ч нэмэгдэх чиг хандлагатай байна.

Төсвийн дэмжлэг авахдаа намын гишүүдийн татвар, хандивтай харгалзуулах арга бий. Герман улсад гэхэд дүйцүүлэх сангийн зарчмаар төсвөөс санхүүжүүлдэг.

Тодруулбал, тухайн нам нь гишүүдийн татвар, хандиваар өгсөн 1 евро бүртээ төсвөөс 50 центийн урамшуулал авдаг. Өөрөөр хэлбэл төсвийн дэмжлэгийг зүгээр олгодоггүй. Эхлээд намынхаа гишүүдээс татвараа хураагаад сурчих тэгсэн цагтаа төсвийн дэмжлэг аваарай гэсэн шаардлагатай тулгарч байгаа хэрэг. Гишүүдийнхээ татварыг цуглуулж чадахгүй байгаа намуудыг татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжүүлэх нь шударга бус биз дээ. Гишүүдийнхээ итгэлийг авч чадахгүй байж яаж иргэдийн итгэлийг даах вэ дээ.  Намуудыг гишүүдээсээ хамаарах хамаарлыг нэмэгдүүлж өгөхгүй бол гишүүдтэйгээ ажиллах сонирхолгүй төсвөөс угжуулсан бүлэг этгээдийн байгууллага болоод хувирчих биз. Тэгээд ч нам байгаа болохоор гишүүд байгаа юм биш. Харин иргэд үзэл бодлоороо эвлэлдэн нэгдэж намыг байгуулдаг.

-Улс төрийн намууд санхүүжилт босгох, ялангуяа сонгуулийн өмнө зардлаа олох шаардлага гардаг. Үүний нэг жишээ бол 60 тэрбум гээд буй. Тэгэхээр ийм асуудлыг зохицуулах, хариуцлага тооцох механизмыг хэрхэн зохицуулах боломжтой вэ?

-Улс төрийн намд мөнгө босгох зорилгоор, улс төрийн албан тушаалтан авлигын асуудалд холбогдвол тухайн нам нь хариуцлага хүлээдэг байх зохицуулалтыг оруулах шаардлагатай. Яагаад гэвэл улс төрийн нам бол хамтын удирдлагатай, хамтын хариуцлагатай байгууллага. Хамтын хариуцлага тооцоод эхэлбэл улс төрийн намууд гишүүддээ ёс зүйн ба улс төрийн хариуцлага тооцож, авлигын эрсдэлд орохоос урьдчилан сэргийлэх бодлого, хөтөлбөр хэрэгжүүлээд эхэлнэ.  Дотооддоо хяналтын байгууллага жинхэнэ утгаараа ажиллах болов уу. Адаглаад л дотоод сонгуулийн үеийн санал худалдан авах, авлигын асуудлыг хяналтын байгууллагадаа мэдээлдэг Мэдээллийн утастай болно. Мэдээллийн дагуу хяналт хийж, хариуцлага тооцоод эхэлвэл намд шударга ёс соёлж эхлэх байлгүй. Энэ мэт асуудлуудыг Сонгуулийн тухай хуулиар төслөөр зохицуулна гэж найдаж байна.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж