Гэр хороололд үүдээ нээсэн анхны кофе шоп

Хуучирсан мэдээ: 2019.12.10-нд нийтлэгдсэн

Гэр хороололд үүдээ нээсэн анхны кофе шоп

Гэр хороололд үүдээ нээсэн анхны кофе шоп

Сэтгэл сэргэтэл сайхан кофе уумаар санагдав. Цүнхээ үүрч, аппаратаа аваад гараад давхичихлаа. Явсаар Улиастайн эцэст байрлах “Ид шидийн орон”-д ирлээ. Энд Монголын анхны гэр хороолол дунд байрлах “Шидэт кафе” бий. Бараг долоо хоногийн өмнө үүдээ нээж, орсон гарсан хэн бүхэнд ид шидийг тарааж буй.

Үүдээр ороход л биднийг бөөн хүүхэд угтлаа. Жинхэнэ ид шидийн “диваажин” гэж энэ л байх. Хүүхдийн инээд, жаргалтай харц, хэвлүүхэн яриа…

Хаа сайгүй хамтдаа тоглож, ном уншиж, хичээлээ хийсэн хүүхдүүд. Чөлөөтэй, эрх дураараа яг л гэртээ байгаа юм шиг. Гэр хороололд бүү хэл хотын төвд ч ийм газар үзэж байсангүй. Тохь тухтай, дулаахан бас өнгөлөг. Хаалгаар дөнгөж ормогц шинэ жилийн гацуур нүдэнд тусав. Гэхдээ гацуураа номоор чимжээ. Даруухан хэрнээ утга учиртай, сүрлэг харагдана. Хүүхдүүд гацуурын өмнө ээлж дараалан зургаа даруулж, энэ тэрийг сонирхож байв. Зарим нь шатар нүүж, дүрс эвлүүлж, шагай найрна. Нөгөө хэсэг нь оюун ухаанаа уралдуулж оньсон тоглоом нийлүүлнэ. Ном уншиж, хичээлээ хийх хүүхдүүд ч байна. Бүгд завгүй, бусдыг анхаарах сөхөө ч алга.

Эдгээр хүүхэд бол Нийслэлийн Ирээдүй цогцолбор сургуулийн дөрөвдүгээр ангийн сурагчид. Тэд эцэг эх, хамт олноороо “Ид шидийн орон”-той танилцаж, шидэт кафегаар үйлчлүүлэхээр хотын төвөөс зорьж иржээ. Ирэнгүүтээ хүүхдүүд яг л амттан харсан юм шиг гайхах, баярлах зэрэгцээд, уралдаад л гүйчихжээ.

Энэ тухай ангийн багш Д.Оюунчулуун ярихдаа “Бид их зөв газраа иржээ. Гаднаас даарч орж ирээд хананаас ид шидтэй сүү авч уулаа. Үнэгүй дайлж байна. Маш олон ном, тоглоом хараад хүүхдүүд маань уралдаад гүйчихлээ. Гэр хороолол дунд ингэж иж бүрэн тохижуулсан хүүхдийн орчинтой газар байх юм чинээ бодсонгүй.

Хотын төвд ч ийм газар байхгүй дээ. Түрүүнээс хойш зөндөө олон хүүхэд орж ирж үйлчлүүллээ. Халуун сүүгээ уугаад өөрсдийн дуртай зүйлээ хийгээд сууж байна. Энэ хавийн хүүхдүүд үнэхээр азтай юм.

Ийм сайхан газарт анги, хамт олноороо ирсэндээ бид баяртай байна. Нэг өдрийг дурсамж дүүрэн өнгөрүүлж байна даа” гэсэн юм.

Энэ бол зүгээр нэг кафе биш. Ид шидтэй кафе. Тиймээс хүүхдүүд хананаас дуртай өнгөө сонгоод ид шидтэй халуун сүү үнэгүй ууж болно. Зөгийн бал, чацарганатай гээд төрөл бүрийн амттай дархлаа дэмжих сүү. Хүүхдүүд ч уух дуртай.

Ид шидийн учир гэвэл, томчууд уг кафегаар үйлчлүүлээд гарахдаа цаасан дээр аяга сүүний тоо бичиж, үнийг нь төлөөд сэтгэлийн үгээ бичнэ. Ингэснээр хүүхэд уг сүүг үнэгүй авч уух боломжтой.

Тухайлбал, та гурван аяга сүү ид шидийн хананд үлдээхийг хүсвэл өнгийн цаасан дээр 3 ширхэг гэж бичээд, доор нь сэтгэлийн үгээ бичнэ. Үүний дараа кассанд 3 мянган төгрөг төлнө. Үүнийг гаднаас даарч орж ирсэн гурван хүүхэд үнэгүй авч ууна гэсэн үг юм. Ид шид ийм амархан. Ердөө сайхан сэтгэл байхад л болоо. Гэхдээ энд бага насны хүүхдэд кофегоор үйлчлэхгүй. 15-аас дээш насны хүүхдүүд кофе ууж болох бол түүнээс доош насны хүүхдүүд зөвхөн халуун сүү, цай уух юм.

Ид шидийн сүүгээр дайлуулсан охины ээж Б.Одонбаяр сэтгэгдэлээ хуваалцахдаа “Манай хүүхэд гэртээ сүү уудаггүй юм. Гэтэл энд ирээд өгсөн сүүг бүгдийг нь уучихлаа. Яасан гоё амттай юм бэ гээд баярлаад уусан. Дүү нь одоо хоёр настай. Дараа ирэхдээ дүүгээ дагуулж ирээд энэ сүүг уулгая гэсэн санал тавьж байна. Би ч саналыг нь дэмжиж, дараа гэр бүлээрээ ирэхээр шийдлээ. Үнэхээр сайхан орчинтой юм байна. Гэр хорооллын хүүхдүүд хөгжлөөс жаахан хоцрох гээд байдаг. Үүнийг бодолцож ийм том ажил хийж, ард нь гарч байгаа залуустаа хүүхдүүдийн өмнөөс баярлалаа гэж хэлмээр байна” гэв.

“Ид шидийн орон 2”-т байрлах “Шидэт кафе” бол гэр хорооллын хүүхдүүдэд зориулан нээсэн анхны кофе шоп юм.

Тиймээс хүүхдийг тал бүрээр хөгжүүлэхийг зорьжээ. Нэгдүгээр давхар буюу шидэт кафед хүүхдүүд халуун сүү, кофе уугаад хичээлээ хийх, ном унших, оюун ухаан тэлэх тоглоом тоглох гээд олон янзаар өөрийгөө хөгжүүлж болно. Харин хоёрдугаар давхарт сургалтын танхимууд бий. Энд шатарын дугуйлан, номын уулзалт, сонгодог хөгжмийн үдэш, илтгэл лекц гээд төрөл бүрийн сургалтууд явагдах аж. Энэ тухай “Ид шидийн орон 2” төслийн Ерөнхий менежер О.Ундраагаас тодрууллаа.

-Кафе биш, номын сан гээд хэлчихэд болохоор юм. Энд хэчнээн ном байгаа вэ?

-Энэ кафег нээх болоход ямар ч ном байсангүй. Тэгээд нээлт болохоос тав хоногийн өмнө бид нээлттэй өдөрлөг зарлаж, хүмүүсийг хамгийн нандин номоосоо хандивлахыг уриалсан. Өөрөөр хэлбэл хүүхдэд хэрэгтэй, өгөөжтэй, уншихад сонирхолтой ном гэсэн үг. Тэгээд тав хоногийн дотор нийтдээ 4800 гаруй ном цугларсан. Үүнээс хойш цугларсаар өнөөдөр манай номын сан 6000-аад номтой болсон байна. Хүмүүс үнэхээр сэтгэлээ гаргаж, үнэ цэнэтэй, нандин номуудаа авч ирсэн. Эрдэнэсийн сангийн цуврал боть, хуучны ховор зохиолууд гээд гайхалтай олон номтой боллоо. Бид цаашдаа гэрээр унших боломжтой, бүртгэлд орсон арван мянга гаруй номтой болох төлөвлөгөөтэй байна.

-Код, бүртгэлд оруулаад ирэхээр номын санчтай болно гэсэн үг үү, ер нь энэ кафед хэчнээн ажлын байр гарч байгаа вэ?

-Яг тийм. Номын санч хүүхдэд ном өгөхөөс гадна давхар гэрийн даалгавар хийлгэж, үндсэн суурь хичээлийн хоцрогдол арилгана. Ажлын байрны хувьд энд бариста, зөөгчөөр ажиллах хоёр л орон тоо гарч байгаа юм. Үүний хажуугаар бид оюутнуудыг бариста, зөөгчөөр сургаж, дадлагажуулахаар төлөвлөөд байна. Өнөөдрийн байдлаар манай сайн дурын ажилтан болох зургаан оюутан хичээлийнхээ хажуугаар дадлагажиж байна. Яваандаа үйл ажиллагаа жигдрээд эхлэхээр ойр орчмоосоо бариста болон кофе шопын соёлд суралцах сонирхолтой залуусыг дадлагажуулах юм. Эдгээр хүүхэд, залуус баристагаар мэргэшээд хотын төвийн кофе шопуудад ажиллах бүрэн боломжтой.

-Танай “Шидэт кафе”-г зорьж ирсэн хүүхдүүд ном уншихаас гадна өөрөөр яаж хөгжих боломжтой вэ? Гэртээ байгаа юм шиг тоглоод суух булан ч байх шиг байна?

-Бид хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тэгш оролцоог хангах үүднээс аудио номын буланг бас тохижуулсан байгаа. Харааны бэрхшээлтэй хүүхдүүд энд ирж, чихэвчээр номоо сонсох боломжтой. Мөн бага насны хүүхдүүдэд зориулж тоглоомын булан байна.

Хүүхэд тоглонгоо хөгжиж байдаг. Тиймээс угсардаг гэр, эвлүүлдэг дүрс, оньсон тоглоом, шагай, шатар гэд оюун ухаан хөгжүүлэх тоглоомуудыг түлхүү байрлуулсан байгаа.

Гадаа талбайд мөн оюун ухаан болоод бие бялдар хөгжүүлэх олон янзын тоглоомууд бий. Удахгүй манай кафед шатар, даамын дугуйлан хичээллэнэ. Мөн хоёрдугаар давхарт 80-аад хүүхдийн суудалтай сургалтын танхим бий. Тэнд хүүхдэд үлгэр дууриалал болох амжилтад хүрсэн хүмүүс илтгэл, лекц тавьж, сургалт, уулзалтууд зохион байгуулна. Үүнээс гадна балет, иог, бясалгалын олон үйлдэлт танхим байгаа. Бүлгийн болох хэсэгчилсэн уулзалтууд хийх болон сайн дурынхны хөгжлийн танхим гээд хоёр давхар тэр чигтээ хүүхдийн хөгжил рүү чиглэж байгаа.

-Кофе шопоор өдөрт хэчнээн хүүхэд үйлчлүүлж байна вэ, тэд хэр хүлээж авч байна?

-Өдөрт тогтмол 20-25 хүүхэд үйлчлүүлж байна. Одоохондоо манай кофе шопны тухай мэдээлэл энэ хавьдаа тарсан юм шиг байгаа юм. Хоёр, гурван хоногийн өмнөөс голын цаанаас хүүхдүүд ирдэг болоод байгаа. Тэр хүүхдүүд хаалганы цаана ирчихээд хараад зогсоод байсан л даа. Тэгээд орж болох юм уу гээд гайхаад байсан. Бололгүй яах вэ, миний дүү нар даарч байна уу гэсэн чинь бидэнд мөнгө байхгүй шүү дээ гэсэн. Тэгээд шидэт хананаас сүү үнэгүй өгөхөд баярлаж, энэ тэрүүгээр явж гайхаад л, нэлээн таалагдсан бололтой. Дараа дахиж ирнэ, зун болохоор байнга ирнэ ээ гээд явсан.

Ер нь иймэрхүү газар орохоор хүүхдүүд юм худалдаж авахгүй  бол хөөгдөх дээрээ тулдаг юм байна л даа. Гэтэл алив нааш суугаад сүү уу гээд дайлаад эхлэхээр итгэж ядсан байдалтай, баярлаад өдөр бүр ирэх янзтай.

Байнгын 30 үйлчлүүлэгч байна. Ах, эгч ээ гээд л ороод ирдэг юм. Энэ Шидэт кафе бол та нарынх. Та нарт зориулж барьсан юм гэхээр “Тэгвэл бид багаа бүрдүүлэх хэрэгтэй. Хүчирхэг жаалууд гэж нэрлэнэ” гэдэг юм.

-Танай үнэ ханшийн хувьд ямар байгаа вэ?

Манай үнэ ханшийн хувьд хотын төвөөс бага зэргийн үнэтэй байгаа. Учир нь кофе шопынхоо орлогыг бид “Ид шидийн орон 2” төслийнхөө бүтээн байгуулалтын ажилдаа нэмэрлэж байгаа. Тиймээс нэг төрлийн хандив гэдэг утгаараа үнийг бол нэмсэн. Гэхдээ энэ нь томчуудад хамаатай. Яагаад гэвэл хүүхдүүд маань томчуудын хананд үлдээсэн сүү, кекс, кофег үнэгүй ууж, идэх боломжтой. Өвлийн энэ хүйтэнд бид ханиад томуунаас сэргийлэх үүднээс  зөгийн балтай сүү, чацарганы шүүс, гаатай цай өгч байна. Нэг аяга сүү мянган төгрөг гэж байгаа. Энэ хананд наасан цаасан дээр манай хүүхдүүдийн уух сүүний хэмжээ байгаа юм. Тухайлбал, энэ цаасан дээр “таван ширхэг сүү хандивлалаа, дүү нар минь эрч хүч аваарай” гэж бичсэн байна. Үүнийг тухайн хүүхэд баристад өгөөд таван аяга сүү найзуудтайгаа үнэгүй ууна гэсэн үг. Манай ид шидтэй сүү маань гадаадаас хүртэл ирдэг. Гадаадад ажиллаж, амьдардаг монголчууд маань сар бүр 50, 100 аяга сүү өгч байхаар болсон. Манай төсөлд ер нь хувь хүн, албан байгууллагууд маш их тусалж байгаа. Одоогийн байдлаар 6000 хүн ид шидтэй ах, эгч болсон байна. Манай кофе шопоор үйлчлүүлэх гэж хотын төвөөс анги хамт олон, байгууллага, гэр бүлээрээ хүмүүс маш их ирж байна. Хүүхдээ дагуулж ирээд гурван цаг ном уншаад явдаг.

Хүүхдүүдтэй хамгийн ойр ажилладаг хүмүүс бол бариста буюу кофе чанадаг хүмүүс. Бас хүүхдүүдэд зориулж сүү, цай, шүүс хүртэл найруулна. Энд ажиллаж буй залуус бол Ид шидийн орон төсөл дээр ажиллаж байсан сайн дурын оюутнууд. Хичээлийнхээ хажуугаар энд ирж бариста болох дадлага хийж, цалингүй ажиллаж байгаа. Тэдний нэг бол Н.Анужин. Тэрбээр МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн 3-р курсын оюутан. Түүнтэй цөөн хором ярилцлаа.

-Энд хэдийнээс ажиллаж эхлэв, яагаад ажиллахаар шийдэв?

-Өмнө нь Ч.Ганжавхлан ахын цахим хуудсыг байнга дагадаг байсан. Тэр үед би Увсад байсан болохоор туслах сэтгэл байвч холоос яаж ч чаддаггүй байлаа. Тэгээд 2007 оны намар хотод оюутан болж ирээд “Ид шидийн орон 2” төсөл дээр оролцож эхэлсэн. Үргэлжлүүлээд одоо хичээлийнхээ завсар зайгаар энд бариста хийж байна.

-Хүүхдүүд хэр үйлчлүүлж байна, орж ирээд тэдний анхны сэтгэгдэл ямар байсан бэ?

-Хүүхдүүд анх орж ирээд энд тоглож болох уу, сууж болох уу, энэ номыг уншиж болох уу гээд маш олон асуулт тавьдаг байсан. Одоо бол шууд орж ирээд дуртай зүйлээ хийгээд суучихдаг болсон.

Хананаас шидэт сүү гардаг гэхээр бүр гайхаад л ид шид гэж байдаг юм уу, энэ хананаас яаж гарах вэ гээд асууна. Байлгүй яах вэ, чи сайн хүүхэд байсан учир чамд шидэт сүү үнэгүй өгье гэхээр баярлаад, үгээр хэлэхийн аргагүй нүдэнд нь оч гялалзаад ирдэг.

Өдөрт багадаа бид 300-500 аяга сүү гаргадаг. Тэр хэрээр буцаад ах, эгч нар сүү хандивладаг. Тиймээс шидэт сүү хүүхдүүдэд хүртээмжтэй байдаг. Тэд ямар амттай юм бэ, дахиад ууж болох уу гэдэг. Тэгэхээр нь бид “хүмүүсийн сайхан сэтгэл шингэсэн ид шидтэй сүү учир ийм амттай байдаг” гэж хэлдэг.

-15-аас дээш настай хүүхдүүд кофе уух эрхтэй болдог гэсэн. Анх удаа кофе ууж үзсэн хүүхэд байдаг болов уу?

-Ханын шидэт кофе байдаг. Бид тухайн хүүхдийн насыг нь асууж байж кофе өгдөг. Гэхдээ тийм тохиолдол бага байдаг л даа. Энэ хавьд амьдардаг ахлах ангийн нэг хүүхэд орж ирээд кофе амсаж үзмээр байна гэсэн. Тэгээд сүүг нь ахиухан хийж байгаад өгсөн юм. Тэр “Хүмүүсийн уугаад байдаг кофе ийм амттай байдаг юм уу, би сонсож байснаас ууж байсангүй. Хотын төвийн кофе шопт үнэтэй байдаг болохоор авдаггүй” гэж байсан. Энэ үед би хувьдаа маш их баярласан. “Шидэт кафегаар дамжуулаад гэр хорооллын хүүхдүүдэд соёлыг түгээж байна шүү дээ.

Шидэт кафе өглөө 10 цагаас орой 6-н цаг хүртэл ажилладаг. Хүүхдүүд энд байх их дуртай. Орой харанхуй болохоос нааш харина гэж үгүй. Анх биеэ барьж, бишүүрхэж байсан хүүхдүүд одоо байнгын үйлчлүүлэгч болж, сүүгээ уугаад даалгавраа хийгээд харьдаг болжээ. Эцэг, эхчүүд ажлаа тараад хүүхдээ эндээс аваад хамтдаа харина. Нэг бодлын өдөр өнжүүлэх, нөгөө талдаа номын сан эсвэл тоглоомын өрөө. Сүү, цай уухаараа кофе шоп. Дээд давхарт гарвал харин сургалтын танхим болчихно. Ид шидтэй биш гэж үү.

Ийм л ид шидийг мэдэрч, өдөр бүр үйлчлүүлэх болсон хүүхдийн нэг бол Н.Уянга. Тэрбээр Нийслэлийн 87-р сургуулийн 5-р ангид сурдаг. Н.Уянга “Шидэт кафе”-д дөрөв дахь удаагаа ирж байгаа. Хамгийн анх орж ирэхэд түүнд ном уншингаа тоглож болох нь их сонирхолтой санагджээ. Яг л гэртээ байгаа юм шиг хичээлээ хийгээд ядарвал янз бүрийн тоглоом тоглоод сэргэж болно. Бас зураг зурж, ном уншиж, найзуудтайгаа цагийг хөгжилтэй өнгөрөөнө. Н.Уянга ярихдаа “Би өглөө хичээлдээ яваад үдээс хойш энд ирдэг. Ээж маань намайг орой ирэх хүртэл наанаа даалгавраа хийж байгаарай гэдэг. Би энд сүүгээ уучихаад хичээлээ хийдэг. Ядраад байвал тоглоом тоглодог. Заримдаа сонирхолтой ном уншдаг. Би энд нийтдээ долоон ном уншсан. Номууд нь их сонирхолтой. Ийм сайхан боломж олгосон ид шидтэй ах эгч нартаа баярлалаа” гэв.

Эндээс гарахдаа бид шидэт сүүний хананд хоёр хүүхэд уух сүүг үлдээсэн юм. Ингэхдээ цаасан дээр “Хүүхэд бүр инээмсэглэж байг” гэж бичсэн. Энэ бол бидний хотын төвөөс энд ирж кофе уух болсон шалтгаан. Сэтгэл сэргээсэн сайхан кофе. Хамгийн өвөрмөц амттай, тансаг үнэртэй, хэзээ ч мартахааргүй байлаа.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Г.БИЛГҮҮН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
43
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж