С.Нинжин: Би Ардын жүжигчин Д.Самбуугийн охин гэдгээ хэлээгүй

Хуучирсан мэдээ: 2019.12.10-нд нийтлэгдсэн

С.Нинжин: Би Ардын жүжигчин Д.Самбуугийн охин гэдгээ хэлээгүй

С.Нинжин: Би Ардын жүжигчин Д.Самбуугийн охин гэдгээ хэлээгүй

 “Үйлсийн сайхан Улаанбаатар” дууг аавтайгаа хамтран дуулж, анхны клипээ “өлгийдөн” аваад буй дуучин С.Нинжинтэй ярилцлаа.


“УРЛАГТ АРЫН ХААЛГА БАЙДАГГҮЙ ЮМ”

-Олон хүний хөдөлмөр шингэсэн сайхан бүтээл болжээ. Монгол хүн бүрийн чихэнд хоногшсон “Үйлсийн сайхан Улаанбаатар” дууг клипжүүлэн дуулснаас тань эхлээд ярилцъя?

-Баярлалаа. Аавтайгаа хамтран дуулсан дуу, анхны минь клип. “Үйлсийн сайхан Улаанбаатар” дуу 43 дахь жилдээ эгшиглэж байна. Дөнгөж оюутан болоод нийтийн дууны дуучид болон аавтайгаа энэ дууны хоёр фразыг хамт дуулж байсан. Энэ удаа нийслэлийнхээ төв талбай дээр Үндэсний урлагийн их театрын бүрэн бүрэлдэхүүнтэй, найрал дуучид, үндэсний их найрал хөгжимчдийг оролцуулан, аавтайгаа Төрийн ордныхоо өмнө дуулж, клипээ хийлээ. Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, МҮОНТ-ийн нэвтрүүлэгч, Г.Чулуунбат, Г.Отгон эгч хоёрын хоолойг бид багаасаа радиогоор сонсож өссөн. Яруу найрагч Н.Баянмөнхөөр “Үйлсийн сайхан Улаанбаатар” дуунд зориулсан шүлэг бичүүлээд, клипнийхээ эхлэл хэсэгт энэ хоёр мундаг хүнээр уншуулсан. Энэ гайхамшигтай дууны клипийг “Малчин” телевизийн захирал, миний ах хийсэн. Тэгэхээр аав, ах, охин гурвын бүтээл гэсэн үг. Юмны тохироо бүрдэнэ гэж байдаг юм шиг байна. Би оюутан байхдаа олон яруу найрагч, ая зохиогчтой уулзаж, дуу хийх гэж маш их оролддог байсан. Яагаад ч юм цаанаасаа болж өгдөггүй, бүтэхгүй тохиолдол олон байсан. Сая дахиад дуулахад бүх юм цаанаасаа маш хурдан бүтсэн. Энэ дууг аавтайгаа, үндэсний их найрал хөгжимтэй дуулсан нь миний хувьд нэр төрийн хэрэг, маш том хүндлэл, үгээр илэрхийлэхийн аргагүй бахархууштай явдал. Энэ дууг бас ингэж дуулах хувь зохиолтой байжээ гэж бодож байна.

-Хүмүүс өөрийг чинь Ардын жүжигчин Д.Самбуугийн охин гэж тэр бүр мэдэхгүй болов уу. Таны аав дуучин болох хүсэл мөрөөдөлд чинь хэр их нөлөөлсөн бэ?

-Нөлөөлөлгүй яах вэ. Нэгдүгээр ангид байхад манай ангийн багш “Та нар яг одоо цаасан дээр ирээдүйд ямар мэргэжилтэй болохоо бич. 10 жилээ төгсөхөд чинь тэр мэргэжлээ эзэмших нь үү, үгүй юү гэдгийг харъя” гэж хэлж байсан. Тэр үед би яагаад ч юм бэ, нэг их хүсээд мөрөөдөөд байдаггүй байсан хэрнээ “Дуучин болно” л гэж бичсэн байсан. Ээж маань “Анагаахын сургуульд оруулна, бид хоёр нас өндөр гарч байна, чамаар дусал тариагаа хийлгэж баймаар байна” гээд, нэг хэсэг “шахаа”-нд орсон л доо (инээв.сурв). Тэгээд аавдаа “Би урлагийн хүн болмоор байна” гэж хэлсэн.

-Яаж хүлээж авсан бэ?

-Намайг дэмжээгүй. Гэхдээ надад, би чамайг мэргэжлийн багшид шалгуулъя. Тэр багш чамайг хараад, хоолойг чинь сонсоод, цаашдаа болох юм байна гэвэл өөрөө бэлдээд, өөрөө шалгалтаа өгөөд ор. Тэгж чадахгүй бол би чамайг хөтөлж дагуулж орж чадахгүй. Урлагт арын хаалга байдаггүй юм гэж хэлсэн. Тэгээд Ерөө багш дээрээ яг арванхоёрдугаар сард очиж шалгуулсан. Метс хоолойтой юм байна гээд тагнай шалгаж “Болох юм байна аа. Би өөрөө бэлдээд, шалгалтад оруулъя” гэсэн. Тэр үед СУИС-д маш олон хүүхэд элсэлтийн шалгалт өгсөн. Нэгдүгээр шатандаа эхний хоёрт, хоёрдугаар шатандаа эхний дөрөвт жагсаж, СУИС-ийн дуурийн дуулаачийн ангийг аваад, сургуульдаа элсэн орж байлаа.

-Дуучин болох хүсэл мөрөөдлийг чинь юу илүү ихээр өдөөсөн бэ? Аавынхаа ажил дээр байнга очдог, урлагийнхан үргэлж танайд зочилдог энэ бүхэн нөлөөлсөн үү?

-Би багаасаа чуулга дээр аавын найзууд болох Гавъяат жүжигчин Хоролсүрэн, Даваахүү гээд тэр үеийн мундаг томчуудын дэргэд байж, дууг нь сонсож, хажуунаас нь харж өссөн. Тэгэхээр ерөөсөө энэ мэргэжилд хайргүй, дургүй байхын аргагүй.

-СУИС-ийг хэн багшийн удирдлага дор, ямар мэргэжлээр суралцаж төгссөн бэ?

-Монгол Улсын гавьяат Ерөө багшийн удирдлага дор дуурийн дуулаачийн мэргэжлээр суралцаж төгсөөд, хоёр жилийн нүүр үзэх гэж байна. Үнэхээр миний хүсэж мөрөөдөж байсан сургууль мөн байсан. Автобусанд суугаад, Хүнсний нэгээс СУИС руу эргэх үед сургуулиа хараад “Жолооч оо, би энд буучихъя, тэгэх үү?” гэж хэлмээр, маш хурдан гүйгээд ормоор санагддаг байсан. Нэгдүгээр курстээ өөртөө их бардаж байсан. Аав надад “Дуулна гэдэг чинь ухааных шүү” гэж их хэлдэг. Би одоо тэр ухааныг нь олчихсон гэж хэлэхгүй. Тэр үед би аавыг тэгээд хэлэхээр “Аав одоо дуулна гэж ухааных гэж юу яриад байдаг юм бэ. Сайхан дуу сураад, дуулахад сүртэй ухаан гээд ярих юм гэж боддог байсан. Дуулаад, суралцаад, тайзан дээр гарах мэдрэмж аваад ирэхээр өөрийгөө голдог юм билээ. Би болоогүй юм байна аа гэж боддог юм байна.

ХӨДӨӨ ОРОН НУТАГТ САЙХАН АМЬДРАХ БОЛОМЖ БАЙНА

-Одоо ямар ажил эрхэлж байгаа вэ?

-Шинээр байгуулагдсан “Малчин бирж” телевизэд ажиллаж байна.

-Урлагийн хүн хэвлэл мэдээллийн салбарт хүч сорих хэцүү байна уу?

-Нэвтрүүлэг хөтлөх юмсан гэсэн багын мөрөөдөл байсан, өөрөө бас их дуртай. Энэ газраас маш олон зүйл сурч мэдэж авч байна. Хүн сургуульд нь сурахаасаа илүүтэй тухайн газар ороод, ажиллаад ирэхээр бүр илүү ихийг сурдаг юм байна. Анхны нэвтрүүлэг, анхны сандрал гээд анхны бүхэн энэ телевизийн салбартай салшгүй холбоотой. Сайхан шүү, телевизийн салбар. Өөрийн бодож сэтгэж буй, шинээр төрж буй санаа бүхнээ шингээж, зөв бурууг нь тунгааж, бүгдийг аль болох талаас нь харж ажиллахыг хичээдэг. Би аав, ээж хоёртойгоо амьдардаг. Сүүлийн үед үүрээр унтаж байхад нь гараад, унтаж байхад нь харьдаг болсон. Хөдөө орон нутагт шинэ төслийн нэвтрүүлгийн зураг авалтад явж байна. Мөн уран бүтээл хийх, хүмүүстэй уулзах гээд маш завгүй ажилтай.

-“Хөдөө орон нутагт амьдрах боломж хангалттай байна” гэж олон хүн хэлж ярьдаг болжээ. Малчдын амьдрал хэр байна вэ?

-Малын хулгай зэлгий гээд малчдын амьдралд хүндрэлтэй тусдаг асуудал байна. Шинэ хууль өргөн баригдсан, батлагдаад хэрэгжээд эхэлбэл малчдын ахуй амьдрал дээшлээд, санаа зовохгүй амьдрах байх. Хөдөө орон нутагт сайхан амьдрал байна гэдгийг би нэвтрүүлэг бэлдэх бүрдээ харж мэдэрч байна. Нэг зүйлийг боддог юм. Архангай аймгийн Чулуут суманд хурга, хонины арьс элддэг хоёр жижиг машинтай, хоёр хүн ажиллуулдаг үйлдвэр байна. Сумаас нь есөн сая төгрөг өгөөд дэмжиж байна. Би тэрийг хараад бодсон. Манай нутаг орон бүр өөр өөрийн онцлогтой. Жишээлбэл, Архангайн Чулуутад сарлаг голдуу байдаг. Өмнөговь, Дундговь тэмээтэй, тэмээний сайхан хоормог байна. Сэлэнгэ рүү зөгийн бал бий. 21 аймагт тухайн орон нутгийн онцлогийг харуулсан жижиг дунд үйлдвэрүүд хөгжвөл маш сайхан, цаашлаад ажлын байр бий болно, орон нутгийн хөгжил цэцэглэлтэд тустай. Орон нутаг, аймаг сумдад сайхан амьдрал байна шүү гэдгийг залууст мэдрүүлэх хэрэгтэй гэж боддог.

-Залуусын гарт эх орны хөгжлийн түлхүүр бий гэж боддог. Та Монгол Улсын хөгжлийн талаар ямар бодолтой явна вэ?

-Хүмүүс болохгүй, бүтэхгүй байна гэж их ярьдаг. Тэр ч дэмжихгүй байна. Улс төр ингэж байна гээд бүхнийг бусад руу чихэж байна. Өөрөөс нь шалтгаалахгүй, хөндлөнгийн хүмүүсээс шалтгаалаад амьдрал нь муу байгаа юм шиг ярьдаг. Манай залуучууд дунд маш өндөр чадвар, мэдлэг боловсролтой мундаг залуус олон байна. Би үе тэнгийнхээ залууст маш их итгэж байгаа. Мэдлэг боловсролтой, гадаадын олон хэлтэй, үнэхээр сайн боловсон хүчнүүд байна. Энэ залуусынхаа мэдлэг, залуу хүний сэтгэлгээг ашиглавал Монгол Улс хөгжинө. Монгол Улс маань өдөр ирэх тусам сайхан болж байна. Алдаа дутагдалтай зүйл мэдээж бий. Цааш цаашдаа түүнийгээ засаад явбал болно. Тиймээс залуучууддаа маш их хөдөлмөрч, дайчин байгаарай, улс эх орноо хөгжүүлье гэсэн хүсэлтэй байгаарай гэж уриалмаар байна.

МИНИЙ ААВ ИХ ЗӨӨЛӨН ХҮН

-Амжилттай яваа эр хүний ард маш мундаг эмэгтэй байдаг гэдэг. Д.Самбуу дуучны гэргий, таны ээжийн талаар хүмүүс сайн мэдэхгүй. Та ээжийнхээ талаар ярьж өгөхгүй юу?

-Миний ээж ХААИС-ийг төгссөн, мал зүйч мэргэжилтэй ганган эмэгтэй байгаа. Одоо тэтгэвэрт гарсан, хувийн жижиг үйлдвэр ажиллуулдаг. Түүнийхээ хажуугаар аав, бид хоёрын ар талын бүх ажлыг зохицуулдаг. Бүх юмны наад цаадхыг олж харж, бүх юманд наанатай цаанатай ханддаг. Хүнтэй сайхан мэндтэй, хоолтой цайтай, хэнийг ч гэрээсээ алгыг нь тэнийлгээд үдчихдэг, ханиа хайрын дээдээр хайрлаж халамжилдаг. Аавын минь алдар цолыг дааж явдаг мундаг эмэгтэй бий. Залуудаа Чойрын төмөр замын ажилтанаас дарга хүртэл хийж явсан.

-Алдар нэртэй хүний хүүхэд байна гэдэг бас их хариуцлага. Энэ утгаар юуг эрхэмлэж явдаг вэ?

-СУИС төгсөхөд манай ихэнх багш, ажилтнууд дуучин Самбуугийн хүүхэд гэдгийг минь мэдээгүй. Аав нэг удаа надад “Чи яагаад Самбуугийн хүүхэд гээд хэлчхэж болдоггүй юм бэ. Надаас арай ичдэггүй байлгүй дээ” гэж хэлж байсан. Би юм болгон дээр аавынхаа нэрийг бариад, нэрийг нь гаргаад явах дургүй. Өөрийнхөө зам мөрийг өөрөө бүтээх бодолтой. Дандаа өөрийнхөө урдах замыг ааваараа засуулаад, юм болгон дээр ааваараа яриулаад, аавынхаа нэрийг барьж очоод байхыг хүсдэггүй. Энэ ч утгаараа СУИС төгсөх алдад манай сургуулийн багш нар миний фейсбүүк хуудсаас зураг хараад мэдсэн. Тэрнээс би хэнд ч “Би Ардын жүжигчин Самбуугийн хүүхэд гэж хэлдэггүй байсан. Хүссэндээ хүрсний дараа “Би Самбуугийн хүүхэд шүү дээ” гээд гараад ирвэл сэтгэл дүүрэн байх юм шиг санагддаг.

-Ажаад байхад яриа, төрх чинь яг Самбуу дуучныг санагдуулж байна шүү. Аав чинь ер нь загнадаг уу?

-Үгүй шүү дээ (инээв.сурв). Зарим хүн ааваас айгаад, эмээгээд байдаг гэдэг. Аав маань хүн болгоныг загнаад, зандраад байдаггүй. Гэртээ ч ялгаагүй. Ааваас хүмүүс их сүрддэг юм шиг байгаа юм.

-Төрх нь ширүүн л дээ?

-Тийм, төрхөөс нь сүрддэг байх. Гэхдээ миний аав их зөөлөн хүн. Бид хоёр чинь кино үзэж сууж байгаад хоёулаа уйлчихна (инээв.сурв).

-Та “Талархал” нэртэй нэвтрүүлэг хөтөлдөг. Энэ нэвтрүүлгээрээ хүмүүст юу өгөхийг зорьдог вэ?  

-Нэвтрүүлгийн маань найм дахь дугаар гарч байна. Энэ дугаарт Монгол Улсын Дархан аварга Г.Өсөхбаяр оролцсон. Өмнө нь АЖ Мягмарнаран, УГЖ Өлзийхүү, Батцэцэг гээд мундаг зочид оролцсон. Энэ нэвтрүүлгээ их гэгээлэг байлгахыг хүсдэг. Дээрээс нь тэр хүний сэтгэл зүй, дотор бодлыг өөрийн чадлаараа ярилцаж гаргахыг гол зорилгоо болгодог. Тэр зочны яриаг ганцхан цаг гаргаад, шимтээд сонсчхоосой гэж маш их хүсдэг. Өсөхбаяр аварга ярилцлагын үеэр “Ах нь эхнэртэйгээ өдий хүртэл нэг ч удаа чанга дуугарч, ам мурийж үзээгүй” гэж хэлсэн. Ямар гоё юм бэ, ерөөсөө хэрэлддэггүй юм байна шүү дээ гэж хүн ойлгоно. Гэхдээ энэний цаана асар их хүндлэл, нэг нэгнээ хайрлах хайр, урт удаан сайхан аз жаргалтайгаар амьдарч байгаагийн нууц оршиж байгаа. Энэ мэтчилэн үзэгчид маань нэвтрүүлэг бүрээс нэгийг ойлгоод авчхаасай гэж хүсдэг. Би мэргэжлийн нэвтрүүлэгч биш, гэхдээ цааш цаашдаа улам чанаржуулж сайхан нэвтрүүлэг хийх бодолтой ажиллаж байна. Өөрийн бүх нөөц бололцоогоо ашиглаж, чадахаараа энэ улс эх орныхоо төлөө зүтгэнэ дээ. Эзэн хичээвэл заяа хичээнэ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
38
ЗөвЗөв
5
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж