УИХ-ын нэр бүхий 49 гишүүн Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан (ЖДҮХС)-гаас эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, олон тэрбумын зээл авсан хэрэгт холбогдон шалгагдсан. Тэдний дийлэнх нь нэг бус ББСБ эзэмшиж байсан нь тогтоогдож, авсан зээлийнхээ талаар тойрогтоо ажлын байр нэмэгдүүлэхийг зорьсон, тойргийн сонгогчдоо бодлогоор дэмжсэн гэх мэт тайлбар өгсөн байдаг. Дээрх 49 гишүүний 15 нь "цагаадсан" гэдэг.
Өнгөрсөн хоёрдугаар сард Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Засгийн газрын ээлжит хуралдаанаас Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Мал хамгаалах сан, ЖДҮ-г хөгжүүлэх сангуудыг нэгтгэн өөрчлөх шийдвэр гарсан талаар мэдээлсэн.
Энэ шийдвэрийн дараа дээрх 49 гишүүний зарим нь өөрсдийн хамаарал бүхий, өмнө нь мэдүүлж байсан ББСБ-уудаа хөрөнгө орлогын мэдүүлгээсээ “арчжээ”. Тухайлбал,
ЖДҮХС-гаас 700 сая төгрөгийн, гурван хувийн хүүтэй зээл авсан УИХ-ын гишүүн Б.Ундармаа ХОМ-тээ 2014-2017 оныг хүртэл “КАПИТАЛ ПРЕМИУМ" банк бус санхүүгийн байгууллагыг 100 хувь эзэмшдэг гэж бичжээ. Тус ББСБ-ын бизнесийн зээлийн сарын хүү дунджаар 3 хувь, жилийнх нь 36 хувьтай. 2018 онд хөрөнгө орлогын мэдүүлгээ өгөхдөө тэрбээр банк бус санхүүгийн байгууллагаа “нуужээ”. ЖДҮХС-г бусад сантай нийлүүлсний дараа түүнийг ББСБ-аа бусдад шилжүүлсэн гэх мэдээлэл байгаа юм.
ЖДҮХС-гаас 1.9 тэрбум төгрөгийн зээл авсан УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр "ГАЗАР КАПИТАЛ", "ГАЗАР ПАРТНЕРС" гэсэн банк бус санхүүгийн байгууллагатай. 2007 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй бөгөөд уян хатан нөхцөлтэй гэдэг. Тус ББСБ-аас сарын 2.5-3 хувь буюу жилийн 30-36 хувийн хүүтэй бизнесийн зээл олгодог. Тэрбээр 2014 онд “Газар партнерс” ББСБ, 2015-2018 онд “Газар Капитал Партнерс ББСБ" ХХК-ийг эзэмшдэг гэж мэдүүлжээ. Гэхдээ сүүлд түүнд холбогдох хэргийг хуулийн байгууллагаас хаасан гэж мэдээлсэн.
УИХ-ын гишүүн Л.Энхболд ЖДҮХС-гаас 950 сая төгрөгийн зээл авсан баримт дэлгэгдсэн. Тэрбээр “ИРЭЭДҮЙ ИНВЕСТ” банк бус санхүүгийн байгууллагын 50 хувийг эзэмшдэг талаар ХОМ-тээ дурджээ. Тус ББСБ-ын бизнесийн зээлийн хүү сарын 3-3,5 хувь. Сэлэнгэ, Сүхбаатар, Дархан-Уул, Өмнөговь аймагт салбартай. УИХ-ын гишүүн болохоосоо өмнө ББСБ-ынхаа захирлаар ажилладаг байсан.
УИХ-ын гишүүн Я.Содбаатар ЖДҮХС-гаар дамжуулан 2 тэрбум төгрөгийн зээл авсан. Тэрбээр өмнө нь 2014 онд “Хотол партнерс” ББСБ, 2017 онд “ТЭНҮҮН КАПИТАЛ” банк бус санхүүгийн байгууллагын хувьцааг эзэмшдэг талаараа ХОМ-тээ мэдүүлж байсан ч 2018 оны ХОМ-ээс нь энэ нэр “арчигджээ”. Тус байгууллагын бизнесийн зээлийн сарын хүү 2.6-3 хувь, жилийнх нь 31.2-36.
ЖДҮХС-гаас УИХ-ын гишүүн Н.Оюундарь “Рэд Стар Клуб”-ийнхээ нэр дээр 800 сая төгрөгийн зээл авсан. Тус компани нь дэргэдээ банк бус санхүүгийн байгууллагатай. Түүнийгээ өнгөрсөн онд өөр хүний нэр дээр шилжүүлсэн гэх мэдээлэл бий. Дээрх ББСБ 2014-2018 оны хооронд ХОМ-т нь огт байхгүй байна. Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн тавдугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг. Бизнесийн зээлийн хүү нь жилийн дунджаар 36 хувь. ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдийн баримт дэлгэгдсэний дараа ББСБ-аа өөр хүний нэр дээр шилжүүлсэн бололтой.
УИХ-ын гишүүн Н.Учралын аав Н.Ням-Осор ЖДҮХС-гаас 950 сая төгрөгийн зээл “Хүннү” групптээ авсан нь мөн тогтоогдсон. Баримт дэлгэгдсэн даруйд Н.Учрал гишүүн 950 сая төгрөгөө буцааж байгаагаа мэдэгдсэн. Түүний аавын “Хүннү” групп 2014 оноос “НЬЮ ХҮННҮ ФИНАНС” банк бус санхүүгийн байгууллага ажиллуулж иржээ. Тус ББСБ-ын бизнесийн зээлийн хүү дунджаар 2.6-3 хувь, жилийнх нь 31.2-36 хувь.
ЖДҮХС-ГААС ЗЭЭЛ АВСАН ХЭРЭГТ ХОЛБОГДСОН УИХ-ЫН 49 ГИШҮҮН
Холбоотой мэдээ