Шинэ музей 2021 онд баригдаж дуусах ч хийх компани шалгараагүй

Хуучирсан мэдээ: 2019.12.10-нд нийтлэгдсэн

Шинэ музей 2021 онд баригдаж дуусах ч хийх компани шалгараагүй

Шинэ музей 2021 онд баригдаж дуусах ч хийх компани шалгараагүй

Засгийн газраас Байгалийн түүхийн музейг нурааж, Их тэнгэрийн аманд барих, суурин дээр нь Чингис хааны музейг байгуулах шийдвэр гаргасан  билээ.

Байгалийн түүхийг музейг барилгыг өнгөрсөн сарын 13-ны өдрөөс хойш сэм, сэмхэн нураасаар энэ сарын 6-ны шөнө бүтнээр нь нурааж дуусгасан. Олон нийтийн дунд нураасан музейн газрыг өөр зорилгоор ашиглах вий гэсэн  хардлага бий.  Учир нь, Байгалийн түүхийн музей нь Төрийн ордны баруун хойно буюу хотын төвийн А бүсэд баригдсан байсан учраас энэ газрыг бизнесийн чиглэлээр сонирхон, сонжиж буй хүмүүс ч бий.

Өнөөдрийн байдлаар нураагдсан музейн барилгын суурин дээр Чингис хааны музейг байгуулах тухай Засгийн газрын шийдвэр хүчин төгөлдөр хэвээр байгаа юм. Гэхдээ Байгалийн түүхийн музейн барилгыг нураахад  компаниудын дунд тендер шалгаруулснаас бус одоогоор шинээр сүндэрлэх музейн барилгын бүтээн байгуулалтын ажлыг ямар компани хариуцах нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл, Чингис хааны музейн барилгын ажлыг гардаж авах компани тендерээр шалгараагүй, одоогоор тодорхойгүй байна гэх мэдээллийг  Боловсрол соёл шинжлэх спортын яамнаас өгч байгаа юм.

Барилгыг барих компанийнх нь нэр ч тодроогүй байхад урьтаж газрыг нь чөлөөлсний учир нь хөрөнгө оруулалт, мөнгө санхүүтэй шууд холбоотой гэнэ. Тодруулбал, Байгалийн түүхийн музейг нураахад шаардлагатай хөрөнгө оруулалт нь төвлөрсөн байсан тул 400 гаруй сая төгрөгийн өртгийг нураах ажилд зориулжээ.

Засгийн газрын 2019 оны наймдугаар сарын 14-ны өдрийн 326 дугаар тогтоолын дагуу 400 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэсэн нь энэ юм. Буулгалтын ажлыг 383.9 сая төгрөгөөр “Аяа” ХХК 2019 оны оны аравдугаар сарын 15-ны өдөр гэрээ байгуулж, хариуцан ажиллажээ. Харин одоогоор шинэ музейн барилга барих тендерийн санхүүжилт байхгүй гэнэ. Товчхондоо, нураах болон бүтээн байгуулалтад зарцуулах төсөв хөрөнгө нь тусдаа шийдэгддэг гэж албаны хүн хэлж байв.

Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яамнаас энэ оны наймдугаар сарын 29-нд Байгалийн түүхийн музейн хуучин барилгыг нураах тендер зарлаж, улмаар “Аяа” ХХК шалгарч, дээрх ажлыг гүйцэтгэжээ. Тус компанийн зүгээс тендерт олон компанитай өрсөлдсөний эцэст сонгогдсон, барилгын салбарт өөрсдийн байр суурийг олсон тул хууль журмын дагуу сонгогдсон гэх мэдээллийг өгсөн юм.

Тендерт шалгарсан гэх “Аяа” ХХК нь барилгын салбарт 26 жил үйл ажиллагаа явуулжээ. Тус компанийн өмнө нь оролцсон тендерүүдийн жагсаалтыг танилцуулъя.

ЧИНГИС ХААНЫ МУЗЕЙН БАРИЛГЫН АЖЛЫГ 2020 ОНД ЭХЛҮҮЛНЭ

Чингис хааны музейн барилгыг  нийт 70×40 метрийн хэмжээтэй талбайд газар доор нэг давхар, газрын дээр есөн давхар бүхий хамгийн сүүлийн  үеийн музейн зориулалт, стандартаар барихаар төлөвлөсөн. Музейн архитектурыг олон жилийн туршлагатай "Baldan’s" ХХК-ийн хамт олон гүйцэтгэж байгаа аж. Тус музей нь цагаан, алт, зэсэн өнгөтэй байхын дээр гол хаалганы дээд хэсэгт Чингис хааны их нүүдлийн аж байдлыг харуулсан дүрслэл зурагтай, оройн хэсгийг сумны зэв бүхий, монгол цэргийн дуулганы хэлбэртэй байхаар төлөвлөжээ.

Тус музейг  Байгалийн түүхийн музейн хуучин барилгын суурин дээр байгуулахаар  Засгийн газрын 2019 оны долдугаар сарын 3-ны өдрийн 280 тоот тогтоол гарсан байдаг. Энэ дагуу 2020 оны улсын төсөвт 53 тэрбум 66.5 сая төгрөгийг баталжээ.

Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яамны Үйлдвэрлэлийн хэлтсийн мэргэжилтэн Т.Амартөвшиний мэдээлснээр 2020 онд  Чингис хаан музейн  санхүүжилтэд 48 тэрбум 779.700.000 төгрөг батлагдсан гэх мэдээллийг өгөв. Музейн барилгын ажил 2021 онд бүрэн дуусч, ашиглалтад орохоор төлөвлөөд байгаа аж.

БСШУСЯ-ны Соёл урлагийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Ц.ДАВААЦЭРЭН: 

Бид эхний ээлжид газрыг чөлөөлж дууслаа. Ирэх 2020 онд барилга угсралтын ихэнх ажлыг гүйцэтгэж, 2021 онд үзүүлэн дэглэлт зохион байгуулалтын ажлыг хийж Ардын хувьсгалын 100 жилийн ойн өмнө музейг нээхээр төлөвлөсөн. Энэ хүрээнд маш олон ажлуудыг зэрэг эхлүүлээд байна. 2014 онд зурагдсан  музейн зураг төсөлд засвар хийх байдлаар гүйцэтгэж байгаа. Өмнөх Засгийн газрын үед гүйцэтгэж байсан музейн зураг төслийг одоогийн Засгийн газар үргэлжлүүлж байна гэж ойлгож болно. Ийм тохиолдолд зураг төсөлд тендер зарлахгүйгээр зохиогчтой харилцан тохиролцож, нэмэлт өөрчлөлт хийдэг зарчимтай. Мөн ирэх онд “Их тэнгэр”-ийн аманд баригдсан байгууламжийн барилга угсралтын ажлыг 2020 оноос эхлүүлж, цаашид Байгалийн түүхийн музейн зориулалтаар ашиглах бүтээн байгуулалт үргэлжилнэ. Том байгууламж учраас ойрын хоёр жилд ашиглалтад орно гэж бодохгүй байна. Үзүүлэн дэглэлтийг зохион байгуулахад л нэг жилийн хугацаа шаардагдана.

         БАЙГАЛИЙН ТҮҮХИЙН МУЗЕЙН ШИНЭ БАРИЛГА ӨМНӨ НЬ 2015 ОНД ЦАРЦЖЭЭ

Их тэнгэрийн аманд баригдах Байгалийн түүхийн музейн шинэ барилгын төсөвт өртгийг 94.4 тэрбум, 2020 онд санхүүжих дүнг 96.9 тэрбум гэж Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яамнаас тооцоолжээ. Музейн нийт хамрах талбай нь 74,000 м.кв бөгөөд одоогийн Байгалийн түүхийн музейн эзэмшиж буй газраас 75 дахин том талбай юм.

Үндсэн музейн барилга 39,000 м.кв талбайг хамрах бөгөөд газар дээр гурван давхар, газрын доор нэг давхар нийт дөрвөн давхар барилга босохоор зураг төслийг нь гаргасан. Нийт 250 машины зогсоолтой. Музейн шинэ барилга Сүхбаатарын талбайгаас 1.8 км-ийн зайтай, Маршаллын гүүрнээс холгүй байрлах юм. Музейн зураг төслийг  Хатанбаатар компани хариуцан ажиллаж буй.  Тус компани нь 2006 оноос хойш барилгын зураг төслийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй бөгөөд Улсын бүртгэлийн ерөнхий газарт 2006 оны хоёрдугаар сарын 8-ны өдөр бүртгэгджээ. Захирлаар нь  Магсаржавын Батбаяр гэж 2013 оны гуравдугаар 18-ны өдөр бүртгүүлсэн байна. Тэрбээр  Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн шийдвэрээр Чингис хаан музейн захирлаар томилогдоод буй юм. Ингээд тус компанийн талаарх мэдээллийг хүргэе.

Харин одоогийн музейн суурь, үндсэн карказ  болох 140 метрийн урттай, 56 метрийн өргөнтэй барилгын ажлыг өмнө нь “Шинэхэн групп” ХХК өөрсдийн хөрөнгөөр нийт 25 тэрбумын өртгөөр гүйцэтгэжээ. Тус компани өмнө нь уг барилгын ажлыг Үндэсний хурлын танхим, зочид буудлын цогцолборын зориулалттай барихаар төлөвлөж, эхлүүлсэн байдаг. Тодруулбал, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн Засгийн газрын 2015 оны зургадугаар сарын 2-ны өдрийн тогтоолоор Ази Европын дээд төвшний арваннэгдүгээр уулзалтыг зохион байгуулах “Үндэсний хурлын танхим, зочид буудлын цогцолбор барих “Шинэхэн групп” ХХК-ийн саналыг дэмжиж зохих журмын дагуу “Их тэнгэр”-ийн аманд газар ашиглуулах гэрээ байгуулан, хамтарч ажиллахыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Хурц нарт даалгасугай хэмээжээ.

 “Шинэхэн групп” нь 2015 оноос бизнесийн зөвлөгөө өгөх, гадаад худалдаа, үл хөдлөх хөрөнгийн жуучлал, аялал жуулчлал, газар тариалан эрхлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байжээ. Тус компани нь Улсын бүртгэлийн ерөнхий газарт 2015 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр бүртгэгдсэн ба гүйцэтгэх захирлаар  иргэн Д.Очирхуяг нь 2016 оны гуравдугаар сарын 18-ны өдөр бүртгэгдсэн байгаа юм.

Тус компани өмнө нь Үндэсний хурлын танхим, зочид буудлын цогцолборын суурь болон нийт 250 машины зогсоолын бүтээн байгуулалтын ажилд өөрсдийн хөрөнгө оруулалтаар 25 тэрбумыг зарцуулжээ.  Уг зардлын мөнгөө өмнөх Засгийн газраас нэхэмжилсэн ч авч чадаагүй тул Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газраас нэхэмжилж буй. Харин Засгийн газраас уг барилгын суурь болон машины зогсоол бүхий барилгын ажилд нийт 16 тэрбум зарцуулсан гэх тооцоог гаргасан тул өнөөдрийг хүртэл маргаантай хэвээр байгаа аж.

БАЙГАЛИЙН ТҮҮХИЙН МУЗЕЙН 12 МЯНГАН ҮЗМЭР САН ХӨМРӨГТӨӨ  ХАДГАЛАГДАЖ БАЙНА

Чоно борооноор гэдэг шиг Байгалийн түүхийн музейн хуучин барилгын ажлыг нураах явцад үзмэр хулгайд алдагдах, эвдэрч сүйдсэн байхыг үгүйсгэхгүй гэх хардлага иргэдийн дунд бий. Музейн бүтээн байгуулалтын ажлын хажуугаар Байгалийн түүхийн музейн хуучин барилгыг нураах үеэр сан хөмрөгт буй 12 мянган үзмэрийг хаана хадгалж байна вэ гэдэг асуудал ч бас олны анхаарлыг татаад буй.

Байгалийн түүхийн музейн  12 мянган үзмэр өнөөдрийн байдлаар  музейн сан хөмрөгийн зориулалтын байрны  гурав, дөрөвдүгээр давхарт  хадгалагдаж байна.

Музейн барилгыг нураах үеэр эд өлгийн зүйлс эвдэрч сүйдээгүй, хулгайд алдагдаагүй аюулгүй газарт өндөр хамгаалалт дор хадгалагдаж байсныг тус музейн ажилтнууд хэлсэн юм. Харин сан хөмрөгт буй эдгээр 12 мянган үзмэрүүдийг өөр тийш нь нүүлгэн шилжүүлэх тохиолдолд эвдэрч сэргээн засах боломжгүй болох өндөр эрсдэлтэй аж.

Тус музейн үзмэрүүдийн 10 мянга орчим нь доргилт даахгүй маш эмзэг аж. Гэхдээ Засгийн газрын 281 дүгээр тогтоолын дагуу Үлэг гүрвэлийн музейг татан буулгаж Байгалийн түүхийн музей нэртэйгээр түр үйл ажиллагаа явуулж байгаа юм. Энэ хүрээнд Байгалийн түүхийн музейн сан хөмрөгт буй үзмэрүүдийн дээж болох 300 орчим үзмэрийг хуучнаар Үлэг гүрвэлийн төв музейд дэглэж үзэгчдийн хүртээл болгохоор төлөвлөсөн байна.

САН ХӨМРӨГТ БУЙ ҮЗМЭРҮҮД МАШ ЭМЗЭГ, ХЭВРЭГ БОЛСОН ТУЛ ЗӨӨВӨРЛӨХ  "БОЛОМЖГҮЙ"

Байгалийн түүхийн музейн Захиргаа, аж ахуй хэлтсийн дарга Т.ДАШБАТ: 

-Манай музей А, Б, В гэсэн гурван блок байрнаас бүтдэг. Үүнийг хүмүүс ойлгох хэрэгтэй. Байгалийн түүхийн музей нурсан гэдэг нь тэр чигтээ нурсан асуудал биш, зөвхөн А, Б блокийг буулгалаа. Мэргэжлийн байгууллагууд дүгнэлт гаргасны үндсэн дээр Байгалийн түүхийн музейн хоёр блокийг буулгасныг та бүхэн мэдэх байх. Суурин дээр нь шинэ барилга барих Засгийн газрын тогтоол гарсан байдаг. Өнөөдрийн байдлаар музейн В блокт бид үйл ажиллагаагаа явуулж, сан хөмрөгт буй үзмэрүүдийнхээ аюулгүй байдлыг хангаж байна. Музейн В блок бол Монгол Улсад байгаа цор ганц сан хөмрөгийн зориулалтаар барьсан барилга. Үзмэр хадгалах зориулалтаар 1989 онд барьсан дөрвөн давхар бүхий барилга юм. Бид нэг давхарт нь оффисоо байрлуулж, хоёр, гурав, дөрөвдүгээр давхарт Байгалийн түүхийн музейн үзмэрүүд хадгалагдаж байна. 2013 онд Байгалийн түүхийн музейн нийтэд үйлчлэх үйлчилгээг зогсооход бид үзмэрээ зориулалтын модон хайрцагт савлаж, сан хөмрөгийнхөө байранд өнөөдрийг хүртэл зургаан жилийн хугацаанд хадгалж байна.

Одоогоор музейн сан хөмрөгт 12 мянга 35 үзмэр байна. Эдгээр үзмэрүүдийг хариуцсан сан хөмрөгийн хэлтэс ажилладаг. Ажилчид үзмэрүүдийн өдөр тутмын хадгалалт хамгаалалтад хяналт тавих үүрэгтэй. Үзмэрүүдийн 10 мянга орчим нь маш эмзэг болсон. Жишээ нь, эрвээхий гэхэд л доргилтын улмаас дахин сэргээн засах боломжгүйгээр гэмтэх эрсдэлтэй. Амьтны чихмэлүүд 1970, 1980 онд эрчимтэй хийгдэж байсан учраас хуучны технологиор маш хүнд жинтэй. Зөөвөрлөх явцад хүний буруутай үйлдлийн улмаас даахгүй унагахад л дахин засах боломжгүй.

Ер нь аль болох шинэ музейн барилга руу нүүж ортлоо үзмэрүүдийг олон дахин нүүлгэн шилжүүлэх, зөөвөрлөхгүй байх нь л чухал. Монголчуудын хэлдгээр олон нүүдлийн дараа юу ч үгүй болно гэдэг шиг үзмэрүүдийг олон дахин нүүлгэх тусам л эвдэрч, устах эрсдэл нь өндөр.  Гэхдээ Засгийн газрын 281 дүгээр тогтоолоор Үлэг гүрвэлийн төв музейтэй нэгдэж цаашид ажиллахаар болсон тул сан хөмрөгт буй үзмэрүүдийнхээ дээжээс 325 м/кб талбайд үзүүлэх төлөвлөгөө гарч, үзэгчдэдээ хүргэх төлөвлөгөөтэйгөөр ажиллаж байна. Ирэх оны нэгдүгээр улиралд багтаан үзэгчдийн хүртээл болгоно гэлээ.

Байгалийн түүхийн музейн хуучин барилгыг суурин дээр Чингис хааны музейг байгуулах уу эсвэл үйлчилгээний зориулалттай шилэн барилга сүндэрлэх үү  гэдгийг харах л үлдлээ.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Н.БАТМӨНХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж