Монголчууд бид өнөөдөр эмийг хоол шиг идэж, сайн гэсэн болгоныг нь өндөр үнэтэй байсан ч хамаагүй авч хэрэглэж хэвшсэн гэхэд хилсдэхгүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр, ялангуяа зурагтаар элдэв өвчин эмгэгт сайн, ханиад томууг анагаана гээд янз бүрийн эм сурталчилж, мэдлэг, мэдээлэл хомс иргэдийг татах болсон.
Уг нь Эмийн тухай хуульд “Худалдан борлуулах зорилгоор эм сурталчлахыг хориглоно” гэж заасан ч орой бүр ямар нэг эм сурталчилж буйг хүн бүр хардаг. Нэг монгол хүн жилдээ хичнээн хэмжээний эм хэрэглэдэг вэ. Ийм судалгаа Монголд байдаггүй. Гэхдээ Монгол Улсын хувьд эмийн худалдаа хамгийн эрэлттэй, орлоготой бизнес болсныг захын эмийн санд ороод харж болно.
Монгол Улсын эмийн бүртгэлд 4000-5000 гаруй эм бүртгэгдсэний талыг нь импортолдог эм эзэлдэг бөгөөд ихэнх нь ОХУ, БНХАУ, Словак, Энэтхэг, Герман зэрэг орноос оруулж ирдэг гэж холбогдох албаныхан мэдээлжээ.
Өнгөрсөн Баасан /2019.12.06/ гаригт УИХ-ын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлэх Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталсан.
Энэ үеэр гишүүд судалгаанаас харахад 27422 өрх эрүүл мэндийн гэнэтийн зардлаас болоод ядуурсан байгаагаас гадна эмзэг давхаргынхан хөнгөлөлттэй эм авахад орлогынхоо 95 хувийг зарцуулж байгааг тодотгов.
Монгол Улсын эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд “Эмийн үндэсний бодлого нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг хангах нэгдмэл бодлогын салшгүй хэсэг” гэж заажээ. Гэтэл хуулийн энэхүү заалт өдөр тутам бидний амьдрал дээр зөрчигдөж, толгой өвдлөө, бөөр өвдлөө, нойр хүрдэггүй, ядарч байна гэж дур мэдэн өөрсдийгөө оношлоод, шууд эмийн сангаас эм авч уудаг.
Нөгөө талдаа эм гэгч нь химийн аргаар гарган авсан хүчтэй элемент, молекулын нэгдэл бөгөөд тухайн үедээ тархины мэдрэхүйд үйлчлэх замаар өвчнийг намдаадаг аж. Гэтэл одоо эмийн хэрэглээ зах замбараагаа алдаад зогсохгүй томоохон бизнесийн сүлжээ болсон гэдэг. Эдүгээ монголчууд бид эмийг ямар ч замбараагүй, яг л “хоол” шиг идэж байна.
ХЭН НЭГЭНД ЯМАР НЭГЭН ЭМИЙГ ЗӨВЛӨХӨӨР ШИЙДСЭН БОЛ ЯГ ОДОО ЗОГС
УНТЭ-ийн Эмнэл зүйн сургалтын албаны дарга Д.Цэцэгээгээс эмийн зохистой хэрэглээний талаар тодрууллаа.
-Эмийн зохистой хэрэглээний талаар яриагаа эхлэх үү?
–Эмийн зохистой хэрэглээ гэдэг нь тухайн хүний нас, биеийн онцлог, өвчинд тохирох эмийг зохих тун хэмжээгээр тодорхой хугацаагаар хэрэглэхийг хэлдэг. Иргэн эмийн сангаас дур мэдэн эм аваад, өөрийгөө эмчилдэг энэ бол зохисгүй хэрэглээ. Эмчийн жорын дагуу тогтсон хугацаанд бүрэн тунгаар хэрэглэснээр өвчнөөс ангижирч чадна гэж ойлгож болно. Ер нь зөв эмийг, зөв тунгаар, зөв цагт, зөв хэрэглэж байж л хүссэн үр дүнд хүрнэ.
–Эмийг зохистой хэрэглэх нь яагаад чухал вэ?
-Эмийг хэрэглэх зааврыг баримтлахгүй, өвчний шинж тэмдэг, зовиур нь гайгүй болмогц хэрэглэхээ больдог сөрөг хандлага иргэдийн дунд түгээмэл ажиглагддаг. Гэтэл энэ нь өвчнийг хүндрүүлж, архагших, эмэнд дасалтай болох зэргээр эмчилгээний үр дүнд муугаар нөлөөлдөг болохыг мэддэггүй. Эмийг зохисгүй хэрэглэвэл үр дүн нь буурч, эмчилгээний зардал ихэсдэг. Тиймээс ч өөрийн эрүүл мэнд болоод эдийн засгийн хувьд алдагдалд орохгүйн тулд эмийг зохистой хэрэглэх нь чухал.
-Иргэд нэг нэгэндээ эм бэлдмэл хэрэглэхийг зөвлөдөг. Энэ нь сүүлийн үед интернет орчинд ихээхэн газар авах хандлагатай байна. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Хэн нэгэнд ямар нэгэн эм зөвлөхөөр шийдсэн бол яг одоо зогс. Учир нь эм гэдэг бол эмчийн зааврын дагуу хэрэглэх ёстой онцгой бүтээгдэхүүн. Та сайн санаж эм зөвлөлөө ч тухайн хүнийхээ эрүүл мэндийг эрсдэлд оруулах аюултай. Нэг ёсондоо тус биш болно. Ажиглаад байхад ээжүүд, эмэгтэйчүүд ихээр байдаг группэд туслаач, зөвлөөч гэж бусаддаа хандаж байгаа байдаг. Үүнийхээ оронд эрүүл мэндийн лавлах, өрхийн эмч үгүй бүр чадахгүй бол эмийн сангийн эмч зүйчээс эмийнхээ талаар асуу.
Эрүүл мэндийн асуудал байгаа бол эхлээд эмчид ханд, эмчийн заавраар эмчилгээ хийгдэх ёстой. Ялангуяа хүүхдээ өвдсөн тохиолдолд эмч бус интернетийн найзаасаа асуугаад эмчилнэ гэдэг байж боломгүй зүйл.
-Өвчин, эм бүтээгдэхүүний тал дээр үргэлж баттай найдвартай эх сурвалж, үйлчилгээ, бүтээгдэхүүн сонгох нь аминд өлзийтэй. За бүр хамгийн их анхаарал татсан асуудал бол антибиотикийг дураараа хэрэглэх явдал. Антибиотикийг дураараа хэрэглээд байвал түүнд тэсвэртэй нян үүсч, тухайн өвчнийг эмчлэхэд хүндрэлтэй болж эхэлнэ.
-Иргэддээ хандан зөвлөгөө өгөхгүй юү?
-Эмчийн жороор эм хэрэглэ, гэр орондоо эмээ зөв буюу хүүхдийн гараас хол хадгал. Эмч нар стандарт жорын маягтын дагуу жороо бичих, эм зүйч эмийн жорын зааврын дагуу үйлчил. Энэ бүхэн эмийн зохистой хэрэглээ юм. Эмийн санд жоргүй очиж байгаа иргэн, жоргүй үйлчилж байгаа эмийн санч хоёулаа хуулиа зөрчиж байна гэдгээ сана. Дурын хэн нэгний зөвлөсний дагуу эм битгий уу.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ