Өдгөөгөөс 20 жилийн өмнөх Шинэ жилийн баярын өдөр буюу 1999 оны арванхоёрдугаар сарын 31-нд Улсын аюулаас хамгаалах хорооны /КГБ/ ажилтан байсан Владимир Путин гэх залуу гэнэт л Орос улсыг удирдахаар болсон нь маш олон хүний хувьд гэнэтийн мэдээ байв. Гайхалтай нь тэр одоо ч тус улсыг удирдсаар байна. Түүний энэ олон жилийн "ноёрхол" эсвэл "манлайлал"-ыг хүн бүр өөр өөрийнхөөрөө дүгнэж байна.
КГБ-ЭЭС КРЕМЛЬ ХҮРТЭЛ
1989 онд Берлины ханыг нураах үед Путин зүүн Германы Дрезден хотод дунд түвшний тагнуулын ажилтан байв. Үүнээс хэдхэн долоо хоногийн дараа ЗХУ задран унахын өмнөхөн Москвад олныг хамарсан үймээн самуун дэгдэж, Путин ч эх орон руугаа буцжээ. Тэрбээр Орост ирээд эхлээд тухайн үед Санкт-Петербург хотын дарга байсан Анатолий Собчакын ойрын туслахаар ажиллах болж, дараа нь Москвад ирж Ерөнхийлөгч Борис Ельцинтэй ойр дотно харилцах болжээ.
Ингээд Ельцин 1998 онд Путиныг ФСБ буюу Холбооны аюулаас хамгаалах байгууллагын даргаар томилох хүртэл түүнийг дэлхийд битгий хэл Орост ч бараг таних хүн байдаггүй байв. Үүнээс ердөө жилийн дараа тэр Ерөнхий сайд болж, дөрвөн сарын дараа Ельцин өөрийн залгамжлагчаар нэрлэсэн юм.
ПУТИНИЗМЫГ БИЙ БОЛГОСОН НЬ
Инэнх хүмүүс түүнийг үндсэн гурван зорилгодоо хүрсэн гэж үздэг. Хүчирхэг Орос орныг бүтээх, Орос улсыг дахин дэлхийн тэргүүлэгчдийн эгнээнд оруулах, өөртөө дахин давтагдашгүй алдар хүндийг авчрах гэсэн гурван үндсэн зорилго түүнд байсан гэж үзжээ. Тийм ээ түүнд өөртөө итгэлтэй байх шалтгаан бий. Түүнийг Ерөнхийлөгч болсноос хойш таван жилийн хугацаанд газрын тосны үнэ нэг дахин өсөв. Тасралтгүй өссөөр ирсэн. Тухайн үед ОХУ ДНБ-ээрээ дэлхийд 12-т эрэмбэлэгддэг байсан бол Путиныг Ерөнхийлөгчийн суудалд суусны дараагаар наймдугаар байр хүртэл урагшилжээ. ДНБ-ний хэмжээ 6,5 хувиар нэмэгдэж, гадаад өрийн хэмжээ нь ДНБ-ны 50 хувь байсан бол 30 хувь болжээ. Өөрийн гэсэн улс төрийн имижийг ч тэр бүтээж чадсан. Баруунд ч түүний нэр нөлөө түгж, АНУ тэргүүтэй Барууны улс орнуудтай харилцаагаа гүнзгийрүүлж эхэлсэн. Ерөнхийдөө Путин дэлхийн газрын зураг дээр Орос улсыг дахин хүчирхэг гүрний хувиар тамгалж чадсан гэж хэлж болно. Ингээд тэр хэсэг хугацаанд амралтаа авч, Медведевийг Ерөнхийлөгч болгож, Ерөнхий сайдын хувиар бүхнийг хөшигний араас удирдаж байв.
ТОГТВОРТОЙ БАЙДЛААС ТОДОРХОЙГҮЙ БАЙДАЛ РУУ ШИЛЖСЭН НЬ
Гэхдээ Путин Оросыг тийм ч баян, эрх чөлөөтэй, ялангуяа аз жаргалтай болгоогүй. Тэр Орос улсад тогтвортой байдлыг бий болгож өөрийн ур чадвар, хүч чадлаараа үүнийг 20 жилийн турш хадгалсаар ирсэн. Одоо түүний нэр хүнд эргээд унаж, хүмүүс түүнд эргэлзэж эхэлж байна. Өөрөө ч үүнийг мэдэрч байгаа. Шинэ үеийн залуус түүнийг “дарангуйлагч” гэж харж байна. Оросыг дэлхий нийтийн интернет сүлжээнээс салгах хууль, цахим сүлжээнд хяналт тавих хууль залууст таалагдсангүй.
Мөн тэр ЛГБТ хүмүүс, дүрвэгч цагаачдын талаар “Либералчлал нь хүнд ямар ч хариуцлага хүлээлгэхгүй зөвхөн эрхээ эдлэх ёстой гэсэн үзэл санааг суулгадаг. Тиймээс тэдгээр дүрвэгчид бид хүн алж болно, хулгай дээрэм хийж болно, хүчирхийлэл үйлдэж болно, хэн ч биднийг шийтгэх ёсгүй, биднийг зөвхөн хамгаалах л ёстой гэсэн хандлагатай байдаг. Орос улс бол бэлгийн чиг хандлагаар нь гадуурхагч биш. Гэхдээ барууны орнуудын хэт либерал үзэл энэ бүхнийг бүр дэвэргэж байна. Миний бодлоор сая сая хүмүүсийн уламжлалт үнэт зүйл нь либералчлалаас илүү чухал, илүү тогтвортой байх ёстой. Хүн бүр өөрийнхөөрөө аз жаргалтай амьдрах эрхтэй ч удаан хугацааны түүхэн соёл, уламжлалт гэр бүлийн харилцааны үнэ цэнийг сүйтгэхийг хүлээн зөвшөөрч болохгүй” хэмээн хэлсэн нь мөн л маргаан дагуулсан юм.
ӨРНӨД ТҮҮНЭЭС НҮҮРЭЭ БУРУУЛСАН Ч ТЭР ГАНЦААРДСАНГҮЙ
Крымыг авснаас хойш Барууны улсуудтай харилцаа тавгүйрхэж эхлэв. Энэ байдал одоог хүртэл үргэлжилж, Барууны ихэнх улсууд Орос улсаас харилцаагаа хөндийрүүлж байна. Энэ үед тэр өөрийн хамгийн том хөршөө мартсангүй. Орос, Хятадын харилцаа шинэ түвшинд хүрч байгааг саяхан болсон “Сибирийн хүч” хоолойн нээлтээс харж болно. Барууныханд гадуурхагдсанд Оросуудын хувьд тэдэнтэй адилхан байдалд байгаа Бээжин хамгийн хүчирхэг түнш гэдэг нь ойлгомжтой. Тэрбээр энэ талаар “Бидэнд хангалттай их өндөг байна. Харин эдгээр өндгийг хийх сагс бидэнд хангалттай олон байхгүй байна шүү дээ” хэмээн ярьжээ.
ТЭР ҮНЭХЭЭР ҮҮРД ҮЛДЭХИЙГ ХҮСЧ БАЙНА УУ?
Путины бүрэн эрхийн хугацаа 2024 онд дуусна. Гэвч тэр энэ их алдар хүндийн оргил дээрээс буухаас "айж" байгаа учир өөрийн эрх мэдлийг насан туршдаа хадгалах зохицуулалтыг үндсэн хуульдаа оруулах гэж байна гэсэн яриа гараад эхэлжээ.
Тэр өөрийн эрх мэдлийг насан туршдаа хадгалахын тулд дараах хоёр аргыг ашиглана гэж учир мэдэх хүмүүс үзэж байгаа юм. Нэгдүгээрт тэр Крымыг өөртөө нэгтгэсний нэгэн адил Беларусийг Оростой нэгтгэж магадгүй. Хоёрдугаарт тэр Казакстаны Ерөнхийлөгч асан Нурсултан Назарбаевын арга барилаар бүрэн эрхийнхээ хугацааг дуусмагц өөрөө Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг удирдана. Энэ хоёр бол зүгээр л таамаглал төдий зүйл боловч магадлалын хувьд маш өндөр таамаглал юм. Беларусийн хувьд тэр аль хэдий нь тус улсын Ерөнхийлөгч Лукашенкотой Холбооны улс байгуулах талаар ярилцаад эхэлчихсэн. Гэхдээ хэн ч ирээдүйг зөгнөн харах боломжгүй учир нь зөвхөн цаг хугацаа л бүхнийг харуулна.
Холбоотой мэдээ